| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2023/0125/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/130 |
| Огноо | 2023-07-25 |
| Зүйл хэсэг | 21.2.1., 24.5.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
улсын яллагч Б.Ариунтөр,
шүүгдэгч Д.А, Т.Г, Р.Д, тэдгээрийн өмгөөлөгч Э.Гомбо, Ж.Давааням,
шүүгдэгч Э.Э, Н.М, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх, 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М, Э.Э, Р.Д, Д.А, Т.Г нарт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: .М, Э.Э, Р.Д, Д.А, Т.Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Н.М, Э.Э нар нь бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэр Эргэлийн 3oo гэх газарт... улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийг унаж ховор амьтны жагсаалтад орсон 15 тооны "Хар сүүлтий” гэх зээрийг /54.000.000 төгрөгийн үнэ бүхий/ тусгай зөвшөөрөлгүйгээр буудан алсан,
шүүгдэгч Р.Д нь 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 4 дүгээр баг Эргэнэ ус газарт байх өөрийн оршин суух гэртээ ховор амьтны жагсаалтад орсон 15 тооны "Хар сүүлтий” гэх зээрийн түүхийг эдийг хадгалсан мөн 2022 оны 12 дугаар сард Дорноговь аймгийн менежментийн төлөвлөгөөнд агнахыг хориотой гэж тусгасан 3 ширхэг хярсыг/ 600.000 төгрөгийн үнэ бүхий/ хууль бусаар агнасан,
шүүгдэгч Д.А нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн нутаг дэвсгэр Зүүнбаян сумаас Сайншанд сум руу орох автомашины пост дээр ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны "Хар сүүлтий” гэх зээрийн түүхийг эдийг ... улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан,
шүүгдэгч Т.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн нутаг дэвсгэр Зүүнбаян сумаас Сайншанд сум руу орох автомашины пост дээр ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны "Хар сүүлтий” гэх зээрийн түүхийг эдийг тээвэрлэж явсан гэх хэргийн талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зориуд худал мэдүүлсэн хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...01 дүгээр сарын 14-ний өдөр ажиллаж байгаад амралтын долоо хоногоо аваад шанд руу ирсэн. Г манай компанид түлш аваачсан байсан. тэгээ түлшээ буулгачихаад наашаа буцах байсан. Тэгээд шанд руу явахад Э нэг шөлний юм авч идээч гээд малчин Дгийнд очсон. Тэднийхээс надад нэг зээр өгсөн. Тухайн үед би зээр юм бол яах юм, идэж ч мэдэхгүй гэсэн чинь аваад явчих гэсэн. Тэгээд Зүүнбаяны гарам дээр баригдсан. Этай 2022 оны 05 дугаар сараас хойш хамт ажиллаж байгаа. Тухайн нэг тооны хар сүүлт зээрийг бусдад зарж борлуулах зорилгоор өгөөгүй, авч яваад идчих гэсэн. Хар сүүлт зээрийг ховордсон амьтанд орсныг нарийн сайн мэдээгүй. Хатанбулагаас Сайншанд руу явахад тээврийн хэрэгсэл дотор Г хамт явсан. Зүүнбаянгийн пост дээр саатуулагдахад бор зээр тээвэрлэж явсныг Г мэдсэн. Тухайн тээврийн хэрэгсэл нь манай компанийн машин. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Г бид хоёр орой 9 цагт баригдаад очиж байцаалт өгчихөөд шөнөдөө цагдаагийн машинтай хөдөө айлынх руу явсан. Г миний машинд Унтаад л явсан. Би зээр хойноо хийснээ хэлээгүй...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Т.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед Улаанбаатараас дизель түлш Х ХХК-д хүлээлгэж өгөх гээд явж байсан. Манай нярав ачаа хүлээлгэж мэдэхгүй учраас хамт явж зааж өгөөч гэж хүсэлт тавихад нь хамт явсан. Тэгээд шөнөжин явж маргааш нь өдөржин ачааг хүлээлгэж өгөөд орой 5 цагийн үед А шанд руу явна гэхээр нь жижиг тэргэнд сууж явъя гээд сууж явсан. Шөнөжин өдөржин ажилласан учраас зам зуурт унтсан. Тэгээд аймгийн пост дээр шалгахад зээр ачсан байна гэж гарсан. Цагдаа ямар учиртай юм гэж мэдүүлэг авахад надад хэлэх үг олдоогүй. А шалгуулж байх үедээ олсон гэсэн болохоор нь олсон л юм байна гэж бодоод тэгж хэлсэн. Тэгээд байцаагч мэдүүлэг авчихаад бид хоёрыг машиныхаа ард суулгаж Ханги боомт руу явсан. Шөнөжин явж байгаад маргааш нь зээр хураагаад орой 10 цагийн үед эргээд Дорноговь аймагт ирсэн. Аймагт ирээд орой болсон байна маргааш ирж мэдүүлэг өг гэсэн. Би явж байх хоорондоо үйл явцыг ойлгосон учраас дараа мэдүүлэг өгөхдөө олсон гэж буруу юм ярьсан байна. Энэ талаар огт мэдээлэлгүй байсан гэсэн мэдүүлгийг хэлсэн. Тухайн үед байцаагч танд хамааралгүй юм байна гээд явуулсан. Сарын дараа прокурорт хэрэг очиж яллагдагчаар татагдлаа гэсэн. Тэрнээс хойш ингээд явж байна. Ямар гэм буруу хийснээ ойлгохгүй байгаа учраас цагаатгаж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Р.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би М, Э хоёрыг таньдаг. Тэгээд шөнө хэдэн зээр аваад ирлээ танайд байлгаж байгаад авъя гэхээр нь тэг тэг гэсэн. Тэгээд би машинд хийгээд энэ хэд шөнө явцгаасан. Тухайн хар сүүлт гэж амьтан нь хориотой амьтан гэж мэдээгүй. 3 ширхэг хярсыг хэрэг болохоос 7 хоногийн өмнө агнасан байсан. 3 хярс агнасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. 15 тооны хар сүүлт зээрийг хадгалсан гэх үйлдлээ хүлээн зөвшөөрнө. 3 хярсны 600,000 төгрөг төлсөн. Хар сүүлт гэх зээрээс нэгийг нь идсэн. Хууль бус зүйл хадгалж байснаа мэдлээ. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би Хатанбулаг сумын 4 дүгээр багт сумаас 80 км газарт мал малладаг. Эхнэр хүүхдийн хамт байдаг. 2014 оноос эхэлж баруун хөл өвдөж, мөн нэг нүд сохор гэж 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтаар группэд байдаг. Байнга эмнэлгийн хяналтад байдаг, үе үе хөл татаж суудаг. Хохирол төлбөр төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Э.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мыг хоёулаа анд явж хар сүүлт алж идье гэсэн нь үнэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй, гарсан хохирлыг төлж барагдуулна. Хууль бусаар ан агнах хориотой гэдгийг мэдэж байсан. Д гэж айлыг нутгийн хүмүүс гээд таньдаг байсан. Тэгээд гуйж орхисон. Би “Ханги прогресс” ХХК-д жолооч ажилтай. Хохирлыг төлж барагдуулаагүй. Гэм буруу дээрээ маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Прокуророос зүйлчилсэн зүйлчлэлийг зөвшөөрч байгаа. Үүнтэй холбоотой хохирол төлбөрийн асуудал яригдана. Төлж барагдуулна. Ангийн махыг зарсан зүйлгүй, харьж амарна гэхээр нь нэг мах авч явж ид л гэсэн...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Н.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Э ирээд хоёулаа зээрэнд явъя гээд явсан. Тэгээд эргэлийн зооноос хойш 30, 40 км газар явж 15 тооны зээр агнасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн 15 тооны хар сүүлтэй зээрийг 11 сарын дундуур агнасан. “Ханги прогресс” ХХК-ийн эзэмшлийн Фургонтой явсан. Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж болохгүй гэж мэдэж байсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан буу надад байсан юм. Уг бууг 2020 онд Нарантуул зах дээр явж байхдаа нэг хүнээс авсан ба ашиглаагүй, хадгалж л байсан...” гэсэн мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ганмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг Эргэлийн зоогийн бүс нутаг 60910 га талбай газрыг 1996 онд УИХ-ын 243 дугаартай тогтоолоор байгалийн нөөц газрын ангилалд хамруулан улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Тухайн бүс нутагт ховор болон нэн ховор болох аргаль, хар суулт, үнэг, хярс зэрэг ан амьтад нутаглан идээшилдэг... Учирсан хохирлын нөхөн төлбөрийг Хатанбулаг сумын нэр дээр төрийн сангийн ..тоот данс руу авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /1хх 26 ху/,
Гэрч Ө.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тодорхой цаг хугацааг нь бол мэдэхгүй 2022 онд 12 capд л байх нэг өдөр манайд зүс таних Бат гэж дууддаг 40 орчим насны хүн болон Бгэж дууддаг Э гэх 40 орчим насны 2 хүн цуг манайд шене ирээд гэрт орж ирээд хар сүүлт гэх амьтан авчирлаа гээд манай нөхөр яриад гараад явцгаасан...Би нэг гарч харсан тэгэхэд хар өнгийн, том машин л байсан тэрнээс өөрөөр яг ямар машин байсныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх 45-46 ху/,
Гэрч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..... улсын дугаартай Тоёота ланд круйзер 100 маркийн тээврийн хэрэгсэл нь Ж ББСБ-ын нэр дээр байдаг. Би тухайн машиныг анх 2022 оны 05 билүү 06 сард 28 орчим сая төгрөгөөр хамт Да хүрээ зах дээр машин зардаг Т /.../ гэх хүнээс худалдаж авч байсан. Худалдаж авснаас хойш 2 сар орчим өөрөө унаж, хэрэглэж байгаад 2022 оны 07-р сард зарсан. Худалдаж авсан хүн нь зах дээр машин үзэж байгаад надаас тухайн тээврийн хэрэгслийг 33 сая төгрөгөөр худалдаж авахаар болсон Тогтохбаяр гэж хүн байгаа. Тухайн хүн нь надад эхлээд 20 сая төгрөгийг бэлнээр өгөөд, 2 сарын дараа үлдсэн мөнгийг нь өгье гэж хэлсэн ба нэрээ шилжүүлэлгүй унаад авч явсан. Энэ явдлаас хойш 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Тогтохбаяр над дээр ирээд “миний мөнгө бүтсэнгүй, надад банк бусаар гаргаад өгөөч” гэж гуйсан. Учир нь орон нутгийн хаягтай хүнд зээл гарахгүй гэхээр нь би өөрийн нэр дээр Ж ББСБаас зээл авч үлдэгдэл мөнгөө гаргаж авсан...” гэсэн мэдүүлэг /1хх 71-72 ху/,
Шүүгдэгч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би өмнө өгсөн мэдүүлэгтээ худал мэдүүлсэн байна. Би өчигдөр өдөр 14 цагийн орчимд Ханги боомтод жолооч хийдэг Этай уулзаад би шанд явлаа гэхэд "Харьж хэд хоног амрах гэж байгаа бол мах авч яваад ид, хоёулаа хөдөө яваад ирье" гэхээр түүнийг суулгаад Хангийн төвөөс 30 орчим км газарт байх нэг хөдөө айлд очиж надад 1 ширхэг бүтэн гулууз хар сүүлт авч өгсөн. Тэгээд бид хоёр буцаад Хангийн төв орж Эыг буулгаад Т.Гыг аваад Шанд руу явж байгаад Зүүнбаяны пост дээр баригдсан... Би айлд орж цай амсаад машиндаа сууж байхад Э гэрийн эзний хамт гэрийнх нь арын амбаарыг тойрч гараад хар сүүлт авч ирээд миний машинд хийсэн... Тухайн үед надад хар сүүлт гаргаж өгөхөөр нь "авахаа больë" гэж хэлэхэд яав л гэж дээ, аваад л яваач, авч яваад идээч" гэхээр нь идэх зорилгоор авч яваад баригдсан...” гэсэн мэдүүлэг /1хх 34 ху/,
Шүүгдэгч Т.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... А Хөвсгөл сумын хойд талаас замын хажуугаас олсон гэхээр нь хамт явсан хүнээ баллаад яах вэ гээд түүний хэлснийг сонсоод Хөвсгөл сумын хойноос олсон гэж мэдүүлэг өгсөн. Тухайн мэдүүлэг өгөхийн өмнө бид хоёр үгсэн тохирсон асуудал байхгүй. Би худал мэдүүлэг өгсөндөө харамсаж байна. Тухайн үед надад хэлэх үг олдоогүй...” гэсэн мэдүүлэг /1хх 36 ху/,
Шүүгдэгч Р.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2022 оны 12 дугаар сарын дундуур байх яг хоног, өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Намайг эхнэртэйгээ хөдөө гэртээ унтаж байхад Э, Б нар хар өнгийн жийп машинтай ирээд "10 ширхэг хар суулт аваад ирлээ, энийг түр хадгалж байгаач, авах үедээ ирж авна" гээд үлдээхээр нь би гэрийнхээ ард байдаг явдаггүй, эвдэрхий Ниссан Террена маркийн хар өнгийн машины кабинд хийж дээгүүр нь юмаар хучсан...Тэд нар надад ах нэгийг нь аваарай гэхэд нь 1 хар сүүлтийг нь авч янзалж хүнсэндээ хэрэглээд дууссан...Би машиныг нь юу гэдэг машин бэ гэхэд "100" гэдэг машин гэсэн. Би унаж ирсэн машиных нь дугаарыг хараагүй...Би өөрөө хавх тавьж оны өмнө 3 ширхэг хярс агнасан...” гэсэн мэдүүлэг /1хх 39-42, 167-168 ху/,
Шүүгдэгч Э.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Дорноговь аймгийн Хатанбулаг сум Ханги мандлын хилийн боомтод 2021 оноос хойш ажиллаж амьдарч байгаа. Би найз Мын хамтаар 2022 оны 11 дүгээр сарын дундуур яг хэдний өдрийг нь мэдэхгүй байна. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвөөс баруун хойд зүгт байрлах Эргэлийн зоо гэх газраас хойш 20 орчим км газар руу ХХХК-ны эзэмшлийн... улсын дугаартай саарал өнгийн фургон машинтай явж Хар сүүлт гэх нэртэй зээрүүдийг шөнөөр буудаж агнасан ба агнасан газраа бүгдийнх гэдэс дотрыг нь гаргаж тэнд нь хаяад Ханги мандал хилийн боомтоос баруун тийш нутагладаг Д гэх танил айлд очиж "амьтан агнасан юмаа танайд тавьчихъя, тэгээд ганц нэгээр нь зөөж идэх гэсэн юмаа" гэхэд Д ах "ямар амьтан юм" гэхэд нь би "Цагаан зээр болон Хар сүүлт зээр" байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь Д ах "Ах нь болохгүй, хэл ам болно яахын бэ, ядарсан ах нь баларсан юм болно" гэж хэлэхэд нь би гуйгаад "ахаа танайд махаа үлдээчихье дүү нь нэг нэгээр нь зөөж авч явж идэх гэсэн юмаа" гэхэд "хурдан энийгээ дуусгаарай" гэхээр нь буулгаж үлдээсэн. Тухайн үед М хэдэн ширхэг буулгасныг мэдэж байж магадгүй. Тэр оройдоо Д ахын гэрт 7 тооны хар сүүлт зээрийн арьсыг нь хуулж янзалсан ба түүнээсээ 1 бүтэн махыг нь Ханги руу авч яваад фургон машинд байлгаж байгаад М бид хоёр идээд дуусгасан. Тэрнээс хойш очоогүй байж байгаад 5 хоногийн дараа үлдсэн махыг очиж аваад мөн машиндаа хадгалж байгаад идээд дуусгасан. Өчигдөр Аг Шанд руу явна гэж байхад нь надад борын ангийн мах байгаа авч яваад идэх үү? гэхэд “Болох юм уу баригдаж асуудал болох бий дээ” гэхээр нь “Гайгүй байлгүй дээ, уут саванд хийгээд авч яваад ид” гэхэд “За тэгвэл аваад явъя” гэхээр нь би түүнийг Д ахын гэрт дагуулж яваад 1 бүтэн арьстайгаа хар суулт өгсөн... Би хар сүүлт зээрийг агнахад хориотой амьтан гэдгийг мэднэ тийм ч учраас хол Д ахынд нууж үлдээсэн...” гэсэн мэдүүлэг /1хх 48-51, 151-152 ху/,
Шүүгдэгч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би найз Э.Эы хамт 2022 оны 11 дүгээр сарын дундуур орчимд байх аа би өдрийг нь санахгүй байна. Тухайн үед манай найз Э.Э "Хоёулаа зээрэнд явах уу гэхээр нь "Би яршиг, хол явах юм чинь дэмий байлгүй дээ" гээд байснаа явахаар болсон. Тухайн надад санал тавьсан өдрийнх нь орой бид хоёр Фургон маркийн... улсын дугаартай тээврийн хэрэгслээр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги боомтоос хойд зугт гараад ойролцоогоор 130-140 орчим км, Эргэлийн зоо гэх газраас хойш 30-40 орчим км газарт явж байхад зээр машины гэрэлд орж ирэхээр нь Э буудаж агнасан. Тухайн үед Э 15 ширхэг зээр буудаж унагасан. Тэгээд бид хоёр буцаад Ханги руу явсан ба явах замдаа айлд гуйж тавья гэж тохироод Хангиас 30 орчим км зайд байрлах Д гэх айлд очиж ангийн махаа гуйж хадгалуулсан. Тэгээд тэднийд агнасан 15 ширхэг зээрээ гэрийнх нь ард байрлах машины кузов дотор оруулж хадгалсан. Тухайн оройдоо Дгийн гэрт 6-7 ширхэг зээрийн махыг нь эвдэж аваад явсан. Би 6 билүү 7 бил үү, тоог нь сайн санахгүй байна. Тухайн авч явсан махаа бид 2 хоёулаа л нэг нэгээр идээд дуусгасан, тухайн ангийн махнаас хэн нэгэнд өгөөгүй идээд дуусгасан... Би өөрт байсан Дровинк бууг Эд өгч буудуулж ан хийсэн. Ан хийхэд би тухайн үед жолоо барьж явсан, Э хажууд сууж яваад буудсан. Тухайн ан хийсэн зэвсэг гэрчилгээгүй, би 2020 оны намар Улаанбаатар хотын Нарантуул ОУ-ын худалдааны өргөтгөл дээрээс үл таних хүнээс 100.000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед би юм авах гээд явж байхад нэг хүн буу байна шүү, зарна шүү гэхээр нь түүнийг нь сонирхож үзээд авсан. Надад буу зарсан хүн энэ буу бичиг баримт байхгүй хямд ав гэхээр нь 100.000 төгрөгөөр худалдан авсан...Бид хоёрын агнасан 15 тооны зээр нь хар сүүлтий зээр байсан. Тухайн үед хар сүүлтий таарахаар нь агнасан...” гэсэн мэдүүлэг /1хх 60-61, 159-160 ху/,
Дорноговь аймгийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль Орчин Аялал жуулчлалын газрын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “...Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т /Амьтны аймагт учруулсан хохирлын нехен төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно./ гэж заасны дагуу 10 бодгаль эр хар сүүлтий зээрийн нөхөн төлбөр 34.000.000 төгрөг, 5 бодгаль эм хар сүүлтий зээрийн нөхөн төлбөр 20.000.000 төгрөг, 3 бодгаль эр хярс үнэгний нөхөн төлбөр 600.000 төгрөг нийт 54.600.000 төгрөгийн хохирол учирсан байна...” гэсэн албан бичиг /1хх 117-188 ху/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №1001278 дугаартай “... Тоёота Ланд Круйзер-200 маркийн, ... улсын дугаартай, JTMHV05JX04183938 арлын дугаартай, хар өнгийн, 2015 онд үйлдвэрлэсэн, 2015 онд Монгол Улсад орж ирсэн, Инвескор ББСБ ХК-ийн эзэмшлийн автомашины зах зээлийн үнэлгээ 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 150,000,000 төгрөг ...” гэсэн хохирлын үнэлгээ, гэрэл зураг /1хх 86-89 ху/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №1001289 дугаартай “... Фургон маркийн,... улсын дугаартай, 80467484 арлын дугаартай, хар өнгийн, 2008 онд үйлдвэрлэсэн, 2008 онд Монгол Улсад орж ирсэн, С.Батбүрэнгийн эзэмшлийн автомашины зах зээлийн үнэлгээ 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 7,500,000 төгрөг ...” гэсэн хохирлын үнэлгээ, гэрэл зураг /1хх 107-110 ху/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 552 дугаартай дүгнэлт, гэрэл зураг /1хх 96-100 ху/,
Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 13 дугаартай албан бичгийн хавсралтад “Тоёота Ланд Круйзер маркийн, ... улсын дугаартай, JTMHV05JX04183938 арлын дугаартай, хар өнгийн, 2015 онд үйлдвэрлэсэн, 2015 онд Монгол Улсад орж ирсэн, автомашины эзэмшигч нь Инвескор ББСБ ХК ...” гэсэн тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 191-192 ху/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 4-14 ху/,
Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 15-17 ху/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 183-185 ху/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх 18-20 ху/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 93-94 ху/,
Шийтгэх тогтоолын хуулбар /2хх 18-37 ху/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 238, 243, 248, 2хх 4, 16 ху/ зэргийг шинжлэн судлав.
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
Шүүгдэгч Н.М, Э.Э нар нь бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэр Эргэлийн 3oo гэх газарт... улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийг ашиглан ховор амьтны жагсаалтад орсон 10 тооны эр бодгаль, 5 тооны эм бодгаль буюу нийт 15 тооны "Хар сүүлтий” гэх зээрийг /54.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий/ тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийг тээвэрлэсэн,
-шүүгдэгч Р.Д нь 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 4 дүгээр баг Эргэнэ ус газарт байх өөрийн оршин суух гэртээ ховор амьтны жагсаалтад орсон 15 тооны "Хар сүүлтий” гэх зээрийн түүхий эдийг хадгалсан, мөн 2022 оны 12 дугаар сард Дорноговь аймгийн менежментийн төлөвлөгөөнд агнахыг хориотой гэж тусгасан 3 ширхэг эр бодгаль хярс үнэгийг/ 600.000 төгрөгийн үнэ бүхий/ хууль бусаар агнасан, түүхий эдийг хадгалсан,
-шүүгдэгч Д.А нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 4 дүгээр баг Эргэнэ ус гэх газраас тус аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэр хүртэл ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны эр бодгаль болох "Хар сүүлтий” гэх зээрийн түүхий эдийг ... улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан тээвэрлэсэн,
- шүүгдэгч Т.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд Худал мэдүүлэг өгсөн буюу “...2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр эрүүгийн 2319000540094 дугаартай Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 4 дүгээр баг Эргэнэ ус гэх газраас тус аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэр хүртэл ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны эр бодгаль болох "Хар сүүлтий” гэх зээрийн түүхий эдийг ... улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан тээвэрлэсэн...” гэх хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Замдаа Хөвсгөл сумын цаахан талд жолооч зогсоод машины ар руу нэг зүйл авч хийсэн, тэгэхээр нь би юу юм гэж асуутал мах байна гэж байсан. Надад юуны мах гэдгийг хэлээгүй...” гэж хэргийн бодит нөхцөл байдлыг огт мэдэхгүй атлаа гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа мэдэхгүй зүйлээ мэдэж байгаа мэтээр зориуд худал мэдүүлэг өгсөн зэрэг нөхцөл байдлууд хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.
1.1 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан хууль бусаар ан агнах гэмт хэрэг нь байгаль орчин, байгаль хамгаалах болон амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбогдсон харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл юм.
Монгол Улсын Үндсэн хуульд “..ан амьтан төрийн өмч бөгөөд төрийн хамгаалалтад байна...” гэж, Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т "...ховор амьтан" гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг хэлнэ...” гэж заасан бөгөөд Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар батлагдсан Ховор амьтны жагсаалтад “Хар сүүлтий” багтсан байна.
Иймд шүүгдэгч Н.М, Э.Э нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийг тээвэрлэсэн...” гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Р.Дгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийг хадгалсан...” гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Д.Агийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Ховор амьтны гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн...” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ...”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ...” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсэж үйлддэг.
Шүүгдэгч Н.М, Э.Э нар нь “Хар сүүлтий” зээрийг агнах нь хууль бус гэдгийг мэдсээр байж агнасан, хамтран төхөөрч бэлтгэсэн, тээвэрлэсэн тул тэдний үйлдлийг бүлэглэсэн гэж шүүх үзсэн болно.
Монгол улсад ховор амьтныг агнах, судалгаа шинжилгээний зориулалтаар барих үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр тодорхой төлбөр, хураамжийг төлж байж явуулах хууль, эрх зүйн орчин үйлчилж байгаа бөгөөд энэ журмыг баримтлаагүй тохиолдолд хууль бус гэж үзэн Эрүүгийн хуулиараа хамгаалжээ.
Өөрөөр хэлбэл ховор амьтныг ахуйн хэрэгцээний зориулалтаар агнахыг хориглосон байна. Шүүгдэгч Н.М, Э.Э, Т.Д, Д.А нар нь ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүйгээр махыг хэрэглэх зорилгоор Хар сүүлтийг агнасан, түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн, хадгалсан тул тэдний үйлдлийг хууль бусаар ан агнах гэмт хэрэг гэж үзсэн болохыг тайлбарлах нь зүйтэй.
1.2 Шүүгдэгч Т.Гын өмгөөлөгч Э.Гомбо, Ж.Давааням нараас гаргасан “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг цагаатгаж өгнө үү” гэх хүсэлтийг дараах үндэслэлээр хангах боломжгүй байна. Учир нь:
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл гаргасан аливаа хүн, хуулийн этгээд нь өөрийн харсан, мэдсэн зүйлийг санаатайгаар худал мэдээлбэл, мөн хараагүй, үзээгүй, мэдэхгүй зүйлийнхээ талаар мэдэж байгаа мэтээр санаатай худал мэдүүлбэл хуульд заасан хариуцлагыг хүлээлгэхээр хуульчилсан журмыг мөрдөгч урьдчилан тайлбарлаж тэмдэглэлд тусган гарын үсэг зуруулж баталгаажуулдаг бөгөөд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “худал мэдүүлэх” гэмт хэрэгт тооцдог.
Гэтэл 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд Худал мэдүүлэг өгсөн буюу “...2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр эрүүгийн .... дугаартай Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 4 дүгээр баг Эргэнэ ус гэх газраас тус аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэр хүртэл ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны эр бодгаль болох "Хар сүүлтий” гэх зээрийн түүхий эдийг ... улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн...” гэх хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Замдаа Хөвсгөл сумын цаахан талд жолооч зогсоод машины ар руу нэг зүйл авч хийсэн гэж...” хэргийн бодит нөхцөл байдал, хэргийн талаар огт мэдэхгүй атлаа гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа мэдэхгүй зүйлээ мэдэж байгаа мэтээр зохиож зориуд худал мэдүүлэг өгсөн нь уг гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Хэрэгт авагдсан шүүгдэгч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би өмнө өгсөн мэдүүлэгтээ худал мэдүүлсэн байна. Би өчигдөр өдөр 14 цагийн орчимд Ханги боомтод жолооч хийдэг Этай уулзаад би шанд явлаа гэхэд "Харьж хэд хоног амрах гэж байгаа бол мах авч яваад ид, хоёулаа хөдөө яваад ирье" гэхээр түүнийг суулгаад Хангийн төвөөс 30 орчим км газарт байх нэг хөдөө айлд очиж надад 1 ширхэг бүтэн гулууз хар сүүлт авч өгсөн. Тэгээд бид хоёр буцаад Хангийн төв орж Эыг буулгаад Т.Гыг аваад Шанд руу явж байгаад Зүүнбаяны пост дээр баригдсан... Би айлд орж цай амсаад машиндаа сууж байхад Э гэрийн эзний хамт гэрийнх нь арын амбаарыг тойрч гараад хар сүүлт авч ирээд миний машинд хийсэн... Тухайн үед надад хар сүүлт гаргаж өгөхөөр нь “авахаа больë” гэж хэлэхэд “яав л гэж дээ, аваад л яваач, авч яваад идээч” гэхээр нь идэх зорилгоор авч яваад баригдсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Т.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...А Хөвсгөл сумын хойд талаас замын хажуугаас олсон гэхээр нь хамт явсан хүнээ баллаад яах вэ гээд түүний хэлснийг сонсоод Хөвсгөл сумын хойноос олсон...” гэж мэдүүлэг өгсөн. Тухайн мэдүүлэг өгөхийн өмнө бид хоёр үгсэн тохирсон асуудал байхгүй. Би худал мэдүүлэг өгсөндөө харамсаж байна. Тухайн үед надад хэлэх үг олдоогүй...” гэсэн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тус гэмт хэргийг Т.Г үйлдсэн болох нь давхар нотлогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Гын үйлдэл нь хангалттай тогтоогдсон, хэргийн үйл баримт, гэм буруугийн шинжид эргэлзэх үндэслэлийг нотлохуйц баримт хэрэгт авагдаагүй, үйл баримтыг шууд үгүйсгэх баримт байхгүй тул шүүгдэгч Т.Гын “Худал мэдүүлэх” гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлгүй байна.
Тийм учраас шүүгдэгч Э.Гын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн...” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “...Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасны дагуу шүүгдэгч Н.М, Э.Э нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийг тээвэрлэсэн...” гэмт хэргийг, шүүгдэгч Р.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийг хадгалсан...” гэмт хэргийг, шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Ховор амьтны гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн...” гэмт хэргийг, шүүгдэгч Э.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгон улсын яллагч, болон өмгөөлөгч нарын зүгээс гаргасан “...Торгох ял...” оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах...” нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...” гэж хуульчилжээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйл 2 дахь хэсэгт заасан “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ...” гэсэн ангилалд багтах гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нь өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө бодитоор илэрхийлсэн тохиолдолд тэнсэж, албадлагын арга хэмжээ авч болохоор шүүхэд эрх олгосон Эрүүгийн хуулийн зохицуулалт юм.
Шүүгдэгч Н.М, Э.Э, Т.Д, Д.А нарын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохоор шүүх үзсэн бөгөөд энэ гэмт хэрэг оногдуулах хорих ялын дээд хэмжээг 5 жилээр тогтоосон түүнчлэн шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, үйл баримт, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, учруулсан хохирлын талаар маргаан гаргаагүй тул хорих ял оногдуулахыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болон прокурор, өмгөөлөгчийн санал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.М, Э.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, шүүгдэгч Р.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 2 сарын хугацаагаар тэнсэх, шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ялаар, шүүгдэгч Т.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч Н.М, Э.Э нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, шүүгдэгч Р.Д, Д.А нарт оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
3. Хохирлын асуудлаар:
Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар “амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасан.
Засгийн газрын 2011 оны 23 дугаартай “Үнэлгээ, төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар баталсан Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээнд “хар сүүлтий, эр нь 1,700,000 төгрөг, эм нь 2.000.000 төгрөг” гэжээ.
Эдгээр актыг үндэслэн 10 тооны эр бодгаль Хар сүүлтий зээрийн нөхөн төлбөр 34,000,000, 5 тооны эм бодгаль Хар сүүлтий зээрийн нөхөн төлбөр 20,000,000 төгрөг, нийт 54,000,000 төгрөгийг шүүгдэгч Н.М, Э.Э нар төлөх үндэстэй байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Н.М, Э.Э нараас байгаль экологид учруулсан хохирол болох 54,000,000 төгрөгийг адил тэнцүү хувааж, шүүгдэгч Н.Маас 27,000,000 төгрөгийг, шүүгдэгч Э.Эгаас 27,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын тамгын газарт олгох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч Д.Агаас 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн ..тоот дансанд “...торгуулийн төлбөр” гэсэн гүйлгээний утгаас хийсэн 3.400.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан улсын орлогод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох иргэн Б.Цы эзэмшлийн Тоёота Ланд Круйзер-200 маркийн, ... улсын дугаартай, JTMHV05JX04183938 арлын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 150,000,000 төгрөгөөс Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн ..тоот дансанд тушаасан 3.400.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 146.600.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод, шүүгдэгч Н.М, Э.Э нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн “Ханги прогресс” ХХК-ний эзэмшлийн Фургон маркийн,... улсын дугаартай, 80467484 арлын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 7,500,000 төгрөгийг адил тэнцүү хувааж шүүгдэгч Н.Маас 3.750.000 төгрөгийг, шүүгдэгч Э.Эгаас 3.750.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод тус тус оруулахаар шийдвэрлэлээ.
4. Бусад асуудал:
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ОХУ-д үйлдвэрлэсэн Дробинк маркийн, 1192 гол төмрийн, замгийн 1192 дугаартай, онгоц мод хөх өнгийн лентээр ороосон галт зэвсгийг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан 7 тооны хар сүүлтий зээрийн махыг устгуулахаар Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх Орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Д, Д.А, Т.Г нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, шүүгдэгч Дулам овогт Нарангийн М, Шилдээд овогт Энэбишийн Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийг тээвэрлэсэн...” гэмт хэргийг,
шүүгдэгч Р.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийг хадгалсан...” гэмт хэргийг,
шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Ховор амьтны гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн...” гэмт хэргийг,
шүүгдэгч Э.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Н.М, Э.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Р.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 2 сарын хугацаагаар, шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч Н.М, Э.Э нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, шүүгдэгч Р.Д, Д.А нарт оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М, Э.Э, Р.Д, Д.А нар нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт анхааруулсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Э, Р.Д, Д.А нарт тэнссэн хугацаанд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, шүүгдэгч Н.Мад тэнссэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Н.М, Н.Э, Р.Д, Д.А нарт мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 60 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М, Э.Э нараас байгаль экологид учруулсан хохирол болох 54,000,000 төгрөгийг адил тэнцүү хувааж, шүүгдэгч Н.Маас 27,000,000 төгрөгийг, шүүгдэгч Э.Эгаас 27,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын тамгын газарт олгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн “Х ХХК-ны эзэмшлийн УАЗ Фургон маркийн,... улсын дугаартай, 80467484 арлын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 7,500,000 төгрөгийг адил тэнцүү хувааж, шүүгдэгч Н.Маас 3,750,000 төгрөгийг, шүүгдэгч Э.Эгаас 3,750,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод,
Шүүгдэгч Д.Агаас 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн ..тоот дансанд “...торгуулийн төлбөр” гэсэн гүйлгээний утгаар хийсэн 3.400.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан улсын орлогод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох иргэн Б.Цы эзэмшлийн Тоёота Ланд Круйзер-200 маркийн, ... улсын дугаартай, JTMHV05JX04183938 арлын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 150,000,000 төгрөгөөс Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн ..тоот дансанд тушаасан 3.400.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 146.600.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус оруулсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ОХУ-д үйлдвэрлэсэн Дробинк маркийн, 1192 гол төмрийн, замгийн 1192 дугаартай, онгоц мод хөх өнгийн лентээр ороосон галт зэвсгийг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан 7 тооны хар сүүлтий зээрийн махыг устгуулахаар Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх Орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн болохыг дурдсугай.
12. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Д, Д.А, Т.Г нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР