Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 67

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, тоотод оршин суух хаягтай, Ш овогт Д.Ө /РД/-ийн  ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жнар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   ...миний бие 1967 онд төрсөн, улсад 20 жил 2 сар ажилласан. Үүнээс Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлийн хөдөө аж ахуйд 1989 оны 9 сарын 1-нээс 1994 оны 1 сарын 1-ний хооронд малчнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй байх тул ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ө нь  нь  ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Өын нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 1 сарын 17-ны өдрийн 08/71 дугаартай “Найрамдал нэгдэл”, “Найрамдал ББХК”, “Наран хөгцтий ХХК”, “Наран хөгцтий хоршоо”-ны талаархи хуулийн этгээдийн лавлагаа

-Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 1 сарын 16-ны өдрийн 02 дугаартай “Д.Өын 1987-1993 онуудын цалингийн баримтыг хуулбарлан хүргүүлэв” гэх тодорхойлолт, ажилтаны нэр-Өлзийжаргал гэх  1987-1993 онуудын цалингийн баримтын хуулбар /хэргийн 7, 18-35-р хуудас/

-Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлийн даргын 1987 оны 3 сарын 18-ны өдрийн 10 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал

-Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлээс 1990 оны 3 сарын 14-ний өдөр Д.Өд олгосон 1989-1990 онд хамаарах “ажилласан хоног, авсан хөлс”-ний бичилт бүхий; Дундговь аймгийн дэрэн сумын Найрамдал нэгдлээс 1992 оны 02 сарын 11 өдөр Д.Өд олгосон, 1991-1993 онуудад хамаарах “ажилласан хоног, авсан хөлс”-ний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 11-13-р хуудас/

-Гэрч Ж.Ичинхоролын  “...Д.Ө нь аймгаас Дэрэн сумын Батжаргал гэдэг хүнтэй суугаад тус суманд ирсэн. Д.Ө нь Дэрэн сумын Найрамдал нэгдлийн Саруул бригадад 1989-1994 он хүртэл төллөх мал маллаж байсан. Би тэр үед Найрамдал нэгдлийн түүхий эдийн няраваар ажиллаж байсан юм гэв...” гэх мэдүүлэг /хэргийн 37-р хуудас/

-Гэрч А.Таяагийн “ ...Д.Ө нь Сайнцагаан сумын харъяатай хүн байгаа юм. Дэрэн сумын Батжаргал гэдэг хүнтэй суугаад тус суманд очсон юм. Д.Ө нь 1988 билүү 1989 оноос эхэлж нэгдэлд тартал малчин байсан юм. Д.Ө нь бог мал маллаж байсан. Би намын үүрийн орлогч, засаг даргын орлогч ажилтай байсан юм...” гэх мэдүүлэг /хэргийн 38-р хуудас/

-Гэрч Д.Бүдээгийн “...Д.Ө нь 1989 оны 9 сарын 1-нээс 1994 оны 1 сарын 1-нийг хүртэл Дэрэн сумын Найрамдал нэгдлийн Саруул бригадад мал маллаж байсан. Д.Ө нь төллөх 400-500 тооны бог мал маллаж байсан...” гэх мэдүүлэг  /хэргийн 39-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д  зааснаар Ш овогт Д.Ө /РД/-ыг 1989 оны 09 сарын 1-ээс 1994 оны 1 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг  тогтоосугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.Б