| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2023/0131/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/131 |
| Огноо | 2023-07-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
улсын яллагч Б.Дашням,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн .....дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Б.М
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.М 2022 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод байрлах Н.Аын эзэмшлийн гэрт хонохдоо хохирогч Н.А, Д.Н нарын эзэмшлийн 1.000.000 төгрөгийн үнэ бүхий "Redmi 8, Samsung А72" маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан, мөн 2022 оны 03 дугаар 26-ны өдрийн 07 цагийн үед хохирогч Б.Аийг Чингэлтэй дүүргийн 12 дугаар нутаг дэвсгэрт байрлах "Нарантуул-2" худалдааны төвд махны худалдаа явуулж байх үед нь "2 ширхэг, хонины гулууз махыг худалдан авна” хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, "10 цагийн үед банк онгойхоор мөнгийг чинь өгнө" хэмээн хуурч 464.950 төгрөгийн үнэлгээ бүхий 54.7 килограмм 2 ширхэг хонины гулууз махыг өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хэргийн хувьд маргахгүй. Би Аоос утсыг нь түр барьж байя гэж хэлсэн. Би хэлэлгүй авч явсан. Яаралтай хот орох ажил байсан. Мөнгөгүй болсон байсан болохоор Нын утсыг өгсөн. А гэдэг хүнээс 2 ширхэг хонины гулууз махыг авсан нь үнэн. Ат 465.000 төгрөг, Аод 1.000.000 төгрөг өгсөн. Бага насны 3 хүүхэдтэй. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Д.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2021 оны 08 дугаар сарын сүүлээр Дорноговь аймгийн Юнителийн салбараас "Samsung callaxy A72" маркийн гар утсыг лизингээр 1.560.000 төгрөгөөр авч байсан. Гар утас болон нөхөр Аын "Redmi-8" маркийн гар утастай хамт 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр рүү шилжих шөнө өөрийн гэрээсээ алдсан. Манай нөхөр Аын найз М тухайн үед манай гэрт хонох гээд ирсэн байсан. М нь нөхрийн гар утсаар фейсбүүк орон гэрт оролдож байсан. Манай гэрт гаднаас өөр хүн байгаагүй, нөхөр бид хоёрыг унтсан байх үед М бид хоёрын гар утсыг аван манай гэрээс явсан байсан гэсэн мэдүүлэг /хх 19-21 ху/,
-Хохирогч Н.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2022 оны 03 дугаар сарын сүүлээр манай найз Б.М нь надтай фейсбүүкээр холбогдоод найз нь эхнэр хүүхэдтэйгээ муудчихлаа танайд очиж 1 сар байж болох уу гэсэн. Би эхэндээ дургүй байсан сүүлдээ байнга гуйгаад байсан болохоор зөвшөөрсөн. Б.М манайд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр үүрийн 04 цагийн орчимд Улаанбаатар хотоос ирсэн. Маргааш өглөө нь би ажилдаа 07 цагийн орчимд явчихаад орой 17 цагийн орчимд гэртээ ирэхэд Б.М манай гэрт охин дүү 2-той хамт байсан. Б.М нь надад хандаж найзынхаа энэ барьж байгаа утсыг Сайншанд фейсбүүк гэсэн групптэй тавиад зараад өгчих гэсэн. Би тэгэхээр нь найз нь наад группт чинь байхгүй гэж хэлсэн. Орой 22 цагийн орчимд Б.М гэрээс гараад удалгүй орж ирэхдээ найз нь утсаа зарчихлаа гэж орж ирээд надаас найздаа утсаа өгч байгаач фейсбүүк ороод утасныхаа түгжээг гаргаад өгчих гэсэн. Би тэгээд утасныхаа түгжээг гаргаж өгчихөөд эхнэр бид 2 унтахаар 23 цагийн орчимд орондоо орсон гэсэн мэдүүлэг /хх 25 ху/,
-Хохирогч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Нарантуул-2 захын гадаа 02 дугаар павильонд мах зарж байхад 30 орчим насны хар үстэй, намхан нуруутай залуу ирээд хонины 25кг орчим, 2 ширхэг гулууз мах авмаар байна гэхээр нь 54,7 кг хонины мах өгсөн чинь тэр залуу "10 цагийн үед банк онгойхоор мөнгийг чинь өгнө" гэхээр нь ... дугаарын утсыг нь ... машины дугаарыг нь аваад үлдсэн. Тухайн үед мах аваад явсан машин нь мөнгөлөг өнгийн приус-20 маркийн машин байсан. Тэгээд 10 цаг 05 минутанд над руу залгаад мөнгийг чинь хийх гэж байна гэж хэлсэн. Үүнээс хойш надад махыг маань авчирч өгөөгүй, мөнгөө шилжүүлээгүй. 54,7кг хонины махыг 8.500 төгрөгөөр бодоод нийт 465.000 төгрөг болсон гэсэн мэдүүлэг /хх 83-84, 89-90 ху/,
-Гэрч Б.Шын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тухайн автомашин ББСБ-ын нэр дээр байдаг, манай ээж хэрэглээндээ унадаг машин байгаа юм. Би тухайн дугаарыг мэдэхгүй. Манай ээж 2022 оны 3 дугаар сарын сүүлээр над руу залгаад М миний машиныг унаад алга болчихлоо гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх 92-93 ху/,
-Гэрч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Энэ хүн намайг дугаар сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байх Нарантуул-2 худалдааны төвийн 02 дугаар павильон дээр буюу ажил дээр байхад өглөө 08 цагийн үед приус-20 маркийн автомашинтай ирээд надтай хамт ажилладаг А эгчээс 2 ширхэг хонины гулууз мах худалдаж авч байсан. Тэгээд А эгч надаас эгчийн дүү энэ махыг машинд нь ачаад өгөөч гэхээр нь би тухайн хоёр хонины махыг баталгаат жин дээр тавихад 50 гаран кг болж байсан ба приус-20 маркийн машины арын суудал дээр махыг тавьсан. ...Тэр залуу ганцаараа явж байсан. ... байсан санагдаж байна. Эсвэл ганц хоёр орон зөрж байж магадгүй. Уг машин мөнгөлөг саарал өнгийн Приус 20 маркийн машин байсан гэсэн мэдүүлэг /хх 95-96 ху/,
-Яллагдагч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...найз Аын гэрээс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны шөнийн 02 цагийн үед самсунг А72, рездми8 маркийн гар утаснуудыг хэлэлгүйгээр авч гаран, тухайн өдрийн 09 цагийн үед автобусанд суун Улаанбаатар хот явсан... Улаанбаатар хотын Теди төв дээр гар утсыг гар утас авдаг хүмүүсийн нэг болох эрэгтэй хүнд 660.000 төгрөгөөр зарсан ... 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 07 цагийн үед миний бие ганцаараа Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Нарантуул-2 худалдааны төв дээрээс 2 ширхэг хонины гулууз махыг А гэх эмэгтэйгээс 465.000 төгрөгөөр тохирч 54.7 кг махыг нь аваад банк 10 цагаас онгойхоор мөнгийг чинь шилжүүлье гэж хэлээд дансны дугаарыг нь аваад явсан. Тэгээд тухайн махыг нь би Жуков худалдааны төвийн хойно байрлах Уянгаа гэх эмэгтэйд аваачиж зарсан, тэгсэн Уянгаа гэгч нь мөнгө өгөхгүй байсаар өдийг хүргэсэн гэсэн мэдүүлэг /хх 69, 97-98, 100, 148 ху/,
-Хохирлын үнэлгээ /хх 31-32, 103-105 ху/,
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хх 109-116 ху/,
-Яллагдагчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 63-65, 71-73 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 141 ху/
-Хохирол төлсөн талаарх баримт /хх 142, 194 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.М 2022 оны 04 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод байрлах Н.Аын гэрт хонохдоо хохирогч Н.А, Д.Н нарын эзэмшлийн 1.000.000 төгрөгийн үнэ бүхий "Redmi 8, Samsung А72" маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан, мөн 2022 оны 03 дугаар 26-ны өдөр хохирогч Б.Аийг Чингэлтэй дүүргийн 12 дугаар нутаг дэвсгэрт байрлах "Нарантуул-2" худалдааны төвд махны худалдаа явуулж байх үед нь "2 ширхэг, хонины гулууз махыг худалдан авна, 10 цагийн үед банк онгойхоор мөнгийг чинь өгнө” хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч 464.950 төгрөгийн үнэ бүхий 54.7 килограмм 2 ширхэг хонины гулууз махыг өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Мын “...Би Аоос утсыг нь түр барьж байя гэж хэлсэн. Би хэлэлгүй авч явсан. Яаралтай хот орох ажил байсан. Мөнгөгүй болсон байсан болохоор Нын утсыг өгсөн. А гэдэг хүнээс 2 ширхэг хонины гулууз махыг авсан нь үнэн. Ат 465.000 төгрөг, Аод 1.000.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Нын “...Би 2021 оны 08 дугаар сарын сүүлээр Дорноговь аймгийн Юнителийн салбараас "Samsung callaxy A72" маркийн гар утсыг нөхөр Аын "Redmi-8" маркийн гар утастай хамт 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр рүү шилжих шөнө өөрийн гэрээсээ алдсан. Манай нөхөр болох Аын найз М тухайн үед манай гэрт хонох гээд ирсэн байсан. М нь нөхрийн гар утсаар фейсбүүк орон гэрт оролдож байсан. Манай гэрт гаднаас өөр хүн байгаагүй, нөхөр бид хоёрыг унтсан байх үед, М бид хоёрын гар утсыг аван манай гэрээс явсан байсан” гэсэн, хохирогч Н.Аын “...Орой 22 цагийн орчимд Б.М гэрээс гараад удалгүй орж ирэхдээ найз нь утсаа зарчихлаа гэж орж ирээд надаас найздаа утсаа өгч байгаач фейсбүүк ороод утасныхаа түгжээг гаргаад өгчих гэсэн. Би тэгээд утасныхаа түгжээг гаргаж өгчихөөд эхнэр бид 2 унтахаар 23 цагийн орчимд орондоо орсон” гэсэн, хохирогч Б.Аийн “Нарантуул-2 захын гадаа 02 дугаар павильонд мах зарж байхад 30 орчим насны хар үстэй, намхан нуруутай залуу ирээд хонины 25 кг орчим, 2 ширхэг гулууз мах авмаар байна гэхээр нь 54,7 кг хонины мах өгсөн чинь тэр залуу 10 цагийн үед банк онгойхоор мөнгийг чинь өгнө гэхээр нь ... дугаарын утсыг нь ... машины дугаарыг нь аваад үлдсэн. Тухайн үед мах аваад явсан машин нь мөнгөлөг өнгийн приус-20 маркийн машин байсан. Тэгээд 10 цаг 05 минутанд над руу залгаад мөнгийг чинь хийх гэж байна гэж хэлсэн. Үүнээс хойш надад махыг маань авчирч өгөөгүй, мөнгөө шилжүүлээгүй” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Ш, Н.Б нарын мэдүүлгүүд, хохирлын үнэлгээ, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.
Мөн хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлогтой.
Залилан мэхлэх гэмт хэргийн хувьд өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч, мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.
Түүнчлэн залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг. Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.
Шүүгдэгч Б.Мын дээрхи үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохиролтой шалтгаант холбоотой, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг, мөн бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Иймд гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, прокурор дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, энэ хугацаанд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “ Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Хохирлын хувьд хохирогч Н.А, Д.Н нарын эд хөрөнгөнд 1.000.000 төгрөгийн, хохирогч Б.Аийн эд хөрөнгөд 464.950 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Мын цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, энэ хугацаанд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА