| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2023/0133/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/133 |
| Огноо | 2023-07-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
улсын яллагч Б.Дашням,
хохирогч М.Я,
хохирогчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Тт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Г.Т
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.Т нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 23 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минерал бааранд хохирогч М.Яыг ямар нэгэн шалтгаангүйгээр пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхины шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шөнийн 10 цагийн үед хоёр найзын хамт минерал бааранд орсон. Э 6 шил пиво авсан. Манай хоёр найз бүжиглэж байгаад талбай дээр байсан 3 хүнтэй муудсан юм шиг байсан. Тэгээд баар хаах гэж байхад муудсан гурван залуугийн нэг нь ирээд манай найзыг сандлаас нь өшиглөөд унагасан. Тэгээд муудацгаасан. 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр цагдаагийн газраас дуудсан гэсэн мэдүүлэг,
Хохирогч М.Яын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2023 оны 05 дугаар 09-ний өдөр ажил дээрээ байсан. Тухайн өдөр хүн цөөхөн байсан. 10 өнгөрч байхад Т хоёр найзтайгаа орж ирсэн. Тэгээд бүжгийн талбай дээр хэдэн хүмүүстэй муудсан. Тэрхэд зодолдож эхэлсэн. Очоод боль энд зодолдож болохгүй гэж хэлэхийн завдалгүй шил нүүр хүү орж ирсэн. Уг нь цагдаа дуудаж согтуурлыг нь шалгуулах гэсэн чинь тухайн ээлжийн цагдаа бүгдийг нь явуулсан байсан. Согтуурал нь тийм их гэж заагаагүй юм байна лээ. Одоо хагалгаанд орохгүй бол болохгүй гэсэн. Эмнэлгээ судалж үзсэн. Ганц Орбитал гэдэг эмнэлэг л хагалгаа хийх юм байна лээ. Цаашид нэг нүд долир, солир болох магадлалтай гэсэн гэсэн мэдүүлэг,
Хохирогч М.Яын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...10 дугаар ширээн дээр сууж байсан дунд зэргийн нуруутай залуу гадагш гарах гэж байсан 3 залуу руу пивоны шил шидэх гэж байгаад миний нүүр лүү шидсэн чинь миний зүүн нүдний доод талд онож цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх 6 ху/,
Гэрч Э.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 16:30 минутын үед ажлаасaa гараад хүүхдүүдээ сургууль цэцэрлэгээс нь аваад гэртээ хүргэж өгчхөөд гэрээсээ 20:00 цаг өнгөрч байхад гараад Т руу залгаад уулзахаар болоод бид 2 уулзаж байж байгаад би Э руу залгаад гараад ир ганц пиво ууя гээд дуудсан. Бид 3 Мандах наран хорооллын хажуу талын "Гэгээ" нэртэй дэлгүүрээс эхлээд 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво аваад уучхаад дараа нь дахиж 2 ширхэг 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво авчхаад мандах наран хорооллын хойд талд байдаг амбаарын хажуу талд суугаад ууж байгаад Э баар орох уу гээд бид 3 Сайншанд сумын 2 дугаар багийн нутагт байрлах Минерал бааранд 22:00 цаг өнгөрч байхад орсон. Э, Т бид 3 бааранд ороод тээкний урдаас харсан ширээн дээр сууж байгаад 6 ширхэг 0,5 литрийн Сэнгүр нэртэй пиво аваад ууж сууж байгаад бүжгийн талбай дээр гарч бүжиглэсэн.Бүжгийн талбай дээр бүжиглэж байсан чинь нэг танихгүй залуу намайг түлхээд цаашаагаа бүжиглэ бацаан минь гэхээр би өөдөөс нь хараад инээсэн чинь над руу дайраад ирэхээр нь Э, Т 2 миний голоо ороод нөгөө залууг цааш нь явуулсан. Тэгээд бид 3 буцаад ширээн дээр ирж суугаад байж байсан чинь бүжгийн талбай дээр над руу дайраад байсан цагаан цамцтай залуу гарахдаа Эгийн сууж байсан сандлыг өшиглөөд гарах гэсэн чинь Т босоод ирэхээр би дагаад боссон чинь цагаан цамцтай залуу миний ард зогсож байгаад намайг хойноос түлэх сэн би тэгээд иргээд харсан цагаан цамцтай залуу чи муу гээд над руу зааж байгаад миний зүүн хацар руу баруун зангидаж байгаад /хэдэн цохисныг нь санахгүй байна/ цохисон чинь голоор хар цамцтай залуу орж ирээд бид 2 салгах гэж байхад нь би баруун гараа зангидаж байгаад хар цамцтай залуугийн нурууг дагуулж байгаад 1 удаа зүүн шанаа хэсэгт нь 1 удаа цохисон, тэр хооронд би Э, Т 2-г харах сөхөө байгаагүй байсан. Тэгсэн чинь нөгөө цагаан цамцтай залуу над руу хараад энэ намайг цохичихлоо гээд хар цамцтай залуутай нийлж байгаад намайг зодсон би нүүрээ дараа газар сууж байсан чинь 1 танихгүй эмэгтэй голоор орж ирээд салгасан, тэгээд тэр эмэгтэй намайг дагуулаад өөр ширээн дээр суулгаад хориод явуулахгүй байсан. Намайг бүжиглэж байхад цагаан цамцтай залуу цаашаа бай бацаан минь гээд түлхсэн би инээгээд цаашаагаа болсон чинь намайг зодох гэж дайрсан чинь манай 2 найз Т, Э 2 салгасан, тэрнээс болж л бид 3-г зүгээр сууж байхад сандал ирж өшиглөөд зодоод болсон. Намайг цагаан цамцтай залуутай муудаад босох үед Т пивоны шил барьсан байсан, би бас пивоны шил барьж байсан чинь цагаан цамцтай залуу намайг түлхэх үед би пивоны шил унагаад хагалсан...” гэсэн мэдүүлэг /хх 8-9 ху/,
Гэрч Ө.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 17:00 цагт ажлаа тарчхаад гэртээ байж байхад 19:00 цаг өнгөрч байхад манай найз Ц миний гар утас руу залгаад Т бид 2 байна уулзаж ганц пиво ууя гэж байсан би тэгээд гэрээсээ гараад Ц, Т 2-н байгаа газар болох Сайншанд сумын 7 дугаар баг Мандахнаран хорооллын "Гэгээ" нэртэй дэлгүүр дээр уулзсан. Би 3 дэлгүүрээс 2,5 литрийн Сэрүүн нэртэй пиво 1 ширхгийг аваад Танктын овоон дээр сууж байгаад уусан. Дараа нь дахиад Сэрүүн нэртэй 2,5 литрийн пиво ширхгийг уугаад дууссаны дараа би Ц, Т 2-т хандаж баар орох уу гээд бид 3 Сайншанд сумын 2 дугаар багт уйл ажиллагаа явуулдаг Минерал бааранд орсон. Минерал бааранд 21:00 цаг өнгөрч байхад орсон, бид тээкний өөдөөс харсан ширээ нь дээр суугаад би тээкэн дээр очоод 0,5 литрийн сэрүүн нэртэй пиво 6 ширхгийг аваад бид 3 пиво ууж сууж байгаад бүжгийн талбай дээр гарч бүжиглэсэн. Бүжиглэж байсан чинь манай найз Цг нэг танихгүй залуу цааш нь түлэхээр нь Ц юм хэлээгүй инээгээд зогсож байхаар нь би голоор нь ороод Ц тэр танихгүй залуу 2-н голд нь ороод зогссон чинь нөгөө залуу намайг бас түлхсэн. Тэгэхээр бид 3 бүжиглэхээ болиод ширээ нь дээрээ ирээд сууж байсан чинь бүжгийн талбай дээрээс 4,5 залуу гадагшаа гарч явах гэж байгаад 1 залуу нь миний сууж байсан сандлыг тулэх сэн. Тэгсэн чинь манай найз Т яагаад байгаа юм бэ гээд сандлаасаа боссон чинь нөгөө танихгүй залуусын 1 залуу нь манай найз Тыг нүүр хэсэгт нь 1 удаа цохисон тэгээд л зодоон болсон яг юу болоод байгааг нь мэдээгүй бүг л хоорондоо зодолдоод байсан, тэгсэн чинь баарны хөгжим зогсоод гэрэл ассан чинь зодооныг хүмүүс болиулж байсан. Манай найз Ц бүжгийн талбай дээр нэг танихгүй эмэгтэй хүнтэй бүжиглэж байсан чинь тэр танихгүй залуу эмэгтэй нөхөр нь юм шиг байсан эхнэртэй ойрхон бүжиглэсэн гээд уурлаад түлхээд байсан тэгээд бид 3 ширээ нь дээр ирээд сууж байхад нөгөө залуу 4,5 найзтай гарах гэж байхдаа бид нарыг зориуд өдөж зодооныг өдөөсөн. Би Яыг хэн пивоны шилээр цохисныг нь хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх 11 ху/,
Гэрч О.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ажил дээрээс 22:30 минутын үед ресторанаас гараад гэр рүү харих үед манай манай баар хүнгүй байсан. Гэртээ очоод байж байхад 23:04 минутын үед манай дарга З залгаад бааранд зодоон болоод байна хурдан ирээрэй гэж хэлсэн. Би бааранд 23:27 минутын үед бааран дээр ирэхэд бааранд зодоон болоод дуусан байсан би яг цагдаатай зэрэгцээд орсон байсан. Манай байгууллагын үйл ажиллагаа цагийн хуваарийн дагуу дуусаж байсан учраас баарыг хаасан, уйл ажиллагаа доголсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 45-46 ху/,
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 11-ны өдөр 02/213 дугаартай шинжээчийн “...М.Яын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхины шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо... Дээрх зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхины шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /хх 17 ху/,
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн 02/274 дугаартай “...М.Яын биед учирсан зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтэлд нөхөн сэргээх мэс замлын эмчилгээ хийх нь өмнөх дүгнэлтэд тусгагдсан гэмтлийн зэрэг өөрчлөгдөх үндэслэл болохгүй..." гэсэн дүгнэлт /хх 55-56 ху/,
Эмнэлгийн баримтууд /хх 18-22 ху/,
Хохирлын баримт /хх 41-42 ху/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 35 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Т нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 23 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минерал бааранд хохирогч М.Яыг ямар нэгэн шалтгаангүйгээр пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхины шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Яын “...10 дугаар ширээн дээр сууж байсан дунд зэргийн нуруутай залуу гадагш гарах гэж байсан 3 залуу руу пивоны шил шидэх гэж байгаад миний нүүр лүү шидсэн чинь миний зүүн нүдний доод талд онож цус гарсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Ц, Ө.Э, О.Сгийн нарын мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 11-ны өдөр 02/213 дугаартай шинжээчийн дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн 02/274 дугаартай дүгнэлт, эмнэлгийн баримтууд, хохирлын баримт болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Тын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирогч М.Яын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь шүүхийн шатанд хохирол эмчилгээний зардал 316.000 төгрөг, цаашид гарах эмчилгээ, хагалгааны зардал 4.500.000 төгрөг, нийт 4.816.000 төгрөг нэхэмжилсэн боловч 316.000 төгрөгийн хохирлын баримтыг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Г.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2023 оны 05 дугаар сард 150.000 төгрөг, 2023 оны 06 дугаар сард 250.000 төгрөг, нийт 400.000 төгрөгийг төлсөн талаар мэдүүлсэн, хохирогч энэ талаар хүлээн зөвшөөрч, маргаагүй бөгөөд 2023 оны 06 дугаар сард төлсөн 250.000 төгрөг нь миний нэхэмжилсэн 316.000 төгрөгт багтаж байгаа гэсэн тул түүний зөрүү 66.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.
Хохирогчийн зүгээс цаашид гарах эмчилгээний зардалд буюу хагалгааны зардалд 4.500.000 төгрөгийг нэхэмжилж, уг нэхэмжлэлээ нотлох зорилгоор 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 08 дугаар тогтоолыг хавсралтын хамт ирүүлсэн.
Гэвч уг тогтоол нь эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах төлбөрийн хэмжээг тогтоосон тогтоол бөгөөд хохирогчид учирсан хохирол, хор уршигийн хэмжээг уг тогтоолыг үндэслэн урьдчилан тогтоох боломжгүй учир хагалгааны зардалд нэхэмжилсэн 4.500.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
Хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг хэлэлцэхгүй орхисноор түүний нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй болно.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжилсэн 316.000 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 250.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 66.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч М.Яд олгож, цаашид гарах эмчилгээний зардал 4.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс шүүгдэгч Г.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид 400.000 төгрөг төлсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г. Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Таас 66.000 /жаран зургаан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Я-д олгож, цаашид гарах эмчилгээний зардалд 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид 400.000 төгрөг төлсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР