Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 148

 

 

 

 

 

  

   2020            1              30                                       2020/ДШМ/148

 

Н.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Б.Уранцэцэг,  

          шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Д.Жамъяндагва, 

          нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,      

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 2019/ШЦТ/1822 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Мийн өмгөөлөгч Д.Жамъяндагвын гаргасан давж заалдах гомдлоор Н.Мт холбогдох 1906041952401 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Нямсүндэвийн Мөнгөнцэцэг, 1975 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 1 дүгээр гудамжны 6 тоотод орших суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 71А байрны 0 тоотод түр оршин суудаг, /РД:МБ75080206/,

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 2602 дугаартай шүүгчийн захирамжаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Н.М холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 801 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 /арван мянга/ нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

Н.М нь 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Ургах Наран” хотхоны урд байрлах мал худалдаалах цэг дээр ямаа зарж байсан иргэн А.Амарзаяагаас мөнгийг нь хотод очоод Мобайл банкаар шилжүүлнэ гэж худал хэлж, 1 тооны ямааг 100.000 төгрөгөөр бодон авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Нямсүндэвийн  Мөнгөнцэцэгийг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мийг 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Н.Мт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 801 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,           энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Мийн өмгөөлөгч Д.Жамъяндагва давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Н.М нь 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах мал худалдаалах цэгээс иргэн А.Амарзаяатай сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, 1 тооны бог мал болох ямааг 100.000 төгрөгөөр тооцож, мөнгийг нь дараа өгөхөөр аман хэлцэл хийж наймаа хийсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон гэрч, хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Н.М нь бусдыг залилах субъектив санаа зорилгогүй, өөрийн хайхрамжгүй, болгоомжгүй байдлаасаа болж иргэн А.Амарзаяад аман хэлцлийн дагуу мөнгийг нь шилжүүлэхгүй удаасан бөгөөд утсаа гээсэн учраас хохирогч А.Амарзаяатай утсаар холбогдож чадаагүй, дансны дугаар болон холбоо барих утсыг нь олж чадаагүйн улмаас шилжүүлээгүй гэдэг. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид төлөх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байна. Н.М нь бусдыг залилах гэмт хэрэг үйлдээгүй бөгөөд хэргийн зүйлчлэлийг буруу зүйлчилсэн. Н.Мийн үйлдэлд бусдын эд хөрөнгийг завшсан байдал харагддаг.

Шүүгдэгч Н.М нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байхад анхан шатны шүүх нь буруу дүгнэлт хийж, хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэхгүй, яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж, хорих ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 2019/ШЦТ/1822 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Мийг хорих ялаас чөлөөлж, түүний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хорих ялаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Уранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх, хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үнэлж, Н.Мт 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан залилах гэмт хэрэг биш, бусдын эд хөрөнгийг завших шинжтэй үйлдэл гэж байгаа  нь үндэслэлгүй. Учир нь, бусдын эд хөрөнгийг завших гэдэг ойлголт нь эд хөрөнгөө хариуцуулаад буцаагаад бүрэн бүтэн хүлээж авах нөхцөл байдлыг илэрхийлнэ гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Н.М нь 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Ургах Наран” хотхоны урд байрлах мал худалдаалах цэг дээр ямаа зарж байсан иргэн А.Амарзаяагаас 1 тооны ямааг 100.000 төгрөгөөр бодон авч, мөнгийг нь хотод очоод Мобайл банкаар шилжүүлнэ гэж худал хэлж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А.Амарзаяагийн “... Би 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар аймгаас өөрийн 15 тооны хонь, ямаатай Улаанбаатар хотод зарах гэж орж ирсэн. 10 хонио Налайх дүүрэгт зарчихаад, 5 ямаагаа Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах Наран хорооллын урд мал зардаг цэг дээр зарах гээд зогсож байтал үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирээд нэг ямаа авахаар болсон. Тэгээд 100.000 төгрөгөөр зарах болоод үл таних эмэгтэй нь дансаар шилжүүлчихье гээд шилжүүлээгүй одоог хүрч байна. ...” /хх-9-10/,

гэрч Б.Доржпаламын “...Би Н.Мийн хамт хүнсний дэлгүүр түрээслэн ажилладаг. ...Нэрийг мэдэхгүй залуугаас Н.М нэг ямаа худалдаж авч ирсэн. Би тухайн үед 5 хонио хараад байж байсан. ...Н.М энэ тухайгаа надад цагдаад дуудагдсаныхаа дараа буюу 2019 оны 10 дугаар сарын дундуур хэлсэн. Ямаагаа Н.М өөрийн хэрэгцээнд хэрэглэсэн байх. Дэлгүүртээ зарж борлуулаагүй. ...” /хх-15/,

Н.Мийн яллагдагчаар өгсөн “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр найз Доржпаламын хамт Баянзүрх дүүргийн Ургах Наран хорооллын урдаас зүс таних залуугаас 5 хонийг урьдчилгаа мөнгө өгч, бусад мөнгийг нь зээлээр аваад ямаа асуутал байхгүй гэж хариулсан. Тэгтэл хонь зарсан залуу ямаа зарж байгаа хүнийг зааж өгөөд би тэр залуугаас ямаа авахаар тохиролцсон. Энэ үед надад бэлэн мөнгө байхгүй байсан болохоор утасны мобайлаар шилжүүлэх гэтэл утасны цэнэг дууссан байхаар ямаа зарж байсан залууд “утсаа цэнэглэж байгаад явуулчихъя” гэж хэлээд тэр залуугийн утас болон дансны дугаарыг аваад өөрийнхөө 88638688 дугаар өгөөд явсан. ...Замд явж байхад ямаа зарсан залуу залгахаар нь “нэг дэх өдөр өгье” гэж хэлээд утсаа салгасан. ...Наадмын үеэр над руу хэд хэдэн удаа залгахаар нь мөнгөний боломжгүй байсан учраас утсыг нь аваагүй. Тэгээд өдийг хүртэлх хугацаанд ямааны мөнгийг өгч чадаагүй. ...Би ийм зүйл хийсэндээ харамсаж байна. ...” /хх-27-30/ гэх мэдүүлгүүд,

эд зүйлийн үнэлгээний тодорхойлолт /хх-22/, Н.Мийн эзэмшлийн 88638688 дугаартай утсанд ирсэн яриа, зурвасын лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-41/,  хохирол төлсөн баримт /хх-52/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүрэг бүхий субъектүүдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Н.Мийг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  зааснаар шүүгдэгч Н.Мийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна. Шүүгдэгч Н.Мийн өмгөөлөгч Д.Жамъяандагва “...Н.М нь бусдыг залилах гэмт хэрэг үйлдээгүй бөгөөд хэргийн зүйлчлэлийг буруу зүйлчилсэн. Н.Мийн бусдын эд хөрөнгийг завшсан үйлдэл харагддаг. Н.Мийг хорих ялаас чөлөөлж, түүний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, шүүгдэгч Н.М нь хохирогч А.Амарзаяагаас 1 тооны ямааг 100.000 төгрөгөөр бодон авч, мөнгийг нь хотод очоод Мобайл банкаар шилжүүлнэ гэж худал хэлж залилан авсан болох нь тогтоогдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Хөрөнгө завших” гэмт хэргийн субъект нь “аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж заасан байна.

Уг субъектийг аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд анхан шатны шүүх, шүүгдэгч Н.Мийг бусдыг хуурч 1 тооны ямааг  залилан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Шүүгдэгч Н.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг нөхөн төлсөн боловч анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан, 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.  

Шүүгдэгч Н.М нь удаа дараа залилах гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан нь хавтас хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбарууд, ял шалгах хуудас зэргээр тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 2019/ШЦТ/1822 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Мийн өмгөөлөгч Д.Жамъяандагвын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

 

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ