Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0385/З |
Дугаар | 128/ШШ2022/0240 |
Огноо | 2022-03-30 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2022/0240
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч С.Ганбат, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “М” ХХК
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б, О.Ө, Х.Д
Хариуцагч: Ш газрын дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Ө, Э.Б
Гуравдагч этгээд: Н Прокурорын газрын хяналтын прокурор Д.Э
Маргааны төрөл: “М” ХХК-д оногдуулсан шийтгэлийн хуудсыг хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, О.Ө, Х.Д, гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.О, Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, Э.Б, иргэдийн төлөөлөгч Л.Г /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Ш газрын улсын ахлах байцаагч Ш.Ц-ыг Ш газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шилжүүлсэн, улсын байцаагч Д.О-ийг тус газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар төрийн албанаас түр чөлөөлсөн байх тул тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2104 дүгээр захирамжаар хариуцагч нарыг сольж, эрх залгамжлагчаар Ш газрын даргыг тогтоосон болно.
Гомдол гаргагч “М” ХХК-иас Ш газрын улсын ахлах байцаагч Ш.Ц, улсын байцаагч Д.О нарт холбогдуулан гаргасан “Ш газрын улсын ахлах байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 0005550 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
2. “М” ХХК нь дараа төлбөрт үйлчилгээний хуучин багцууд болох Signature, MobiZone, IPhone, MobiMix болон байгууллагад зориулсан Corporate Middle, Hybrid-1, Hybrid-2, Hybrid-3 багцуудыг 2019 оны 02 дугаар сарын 01-нээс зогсоох болсныг Өдрийн сонингийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 013 дугаарт мэдэгдэл гарган багцаа сольж амжаагүй хэрэглэгчдийн хувьд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 03-ны өдрүүдэд хуучин багцын хэрэглээтэй нь ойр дүнтэй багц руу шилжүүлэхийг анхааруулсан байна.
“М” ХХК нь багцын үйлчилгээг солихтой холбогдсон Хуучин багцтай хэрэглэгчдийг Миний Моби болон Хосолсон төлбөрт 9900, Хосолсон төлбөрт 19900 багцууд руу шилжүүлэх тухай 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2217 тоот тушаал, шийдвэрийг гаргасан байна.
Дээрх үйл ажиллагаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг шалган тогтоох зорилгоор Ш газрын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/03 дугаар хяналт шалгалтын удирдамжаар тус газрын улсын ахлах байцаагч Ш.Ц, улсын ахлах байцаагч И.Х, улсын байцаагч Д.О, улсын байцаагч Н.Б нарын бүрэлдэхүүнтэйгээр 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэн, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 7/01 дүгээр зөрчлийн хэрэг нээх тухай дүгнэлтийг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үр дүнд “хэрэглэгчийг бодит мэдээллээр хангаагүй, ажил үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан” гэх зөрчил үйлдсэн гэж дүгнэн Ш газрын улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 0005550 тоот шийтгэлийн хуудсаар “М” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
3. Ш газрын улсын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 0005550 дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Ш газрын даргад 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 12/1990 дүгээр албан бичгээр тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1/596 дугаар албан бичгээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гомдлоо шүүхэд гаргахаар байгаа тул уг гомдлыг хянах боломжгүй гэх хариуг ирүүлжээ.
Дээрх хариуг гомдол гаргагч эс зөвшөөрч тус шүүхэд 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гомдол гаргажээ.
4. Гомдол гаргагч “М” ХХК-иас гаргасан гомдлын үндэслэлдээ:
“1/ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно гэж заасныг зөрчсөн талаар.
Ш газрын улсын байцаагчид нь Зөрчлийн хэрэг нээсэн тогтоолын тогтоох хэсэгтээ “Шалгалтын явцад ажлын хэсэг компанийн холбогдох албан тушаалтан, захирлуудыг байлцуулан тухайн багц шилжүүлэх үйлчилгээнд хамаарал бүхий 10 хэрэглэгчийн дугаарыг түүврийн аргаар сонгож, гэрээнүүдийг хуулбарлан авсан болно, ...хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан байж болзошгүй нөхцөл байдал илэрч байгаа тул …” гээд тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Хэрэглэгчийг бодит мэдээллээр хангаагүй, ажил үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан гэх заалтыг зөрчсөн зөрчил үйлдсэн “М” ХХК-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсүгэй” гэжээ.
Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас харвал Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасныг мөн гэм буруутай нь тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй гэсэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмыг ноцтой зөрчиж, Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу хууль тогтоомж зөрчсөн нь зөрчлийн шинжтэй бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шалган зөрчил үйлдсэн, үйлдээгүй эсэхийг тогтоолгүй “...хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан гэх заалтыг зөрчсөн зөрчил үйлдсэн…” гэж хэрэглэгчийг бодит мэдээллээр хангаагүй, ажил үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан гэх асуудлын талаар урьдчилсан дүгнэлт, шийдвэр гаргаж, түүнийгээ батлах замаар ажиллаж байгааг хуульд заасан журам зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, интернет, вэб сайт гэх мэт мэдээллийн бүх сувгаар мэдээлсэн асуудлын талаарх мэдээллийг хэрэглэгч, олон нийт болон Харилцаа холбооны зохицуулах хороо, Ш газарт хүргэн ажиллаж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж, асуудлыг нарийвчлан шалгалгүйгээр “Хэрэглэгчийг хохироосон гэрээ байгуулсан” гэж үзэж шийтгэл оногдуулсан нь улсын байцаагч хяналт шалгалт хийхдээ гэм буруутай эсэх, хэрэглэгч яаж хохирсон талаар нотлоогүй, асуудалд бүх талаас нь бүрэн гүйцэт, бодитой үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд явуулалгүй шалгуулагч этгээдийг зөвхөн буруутгах байр сууринаас хандсан болохыг тодорхой харуулж байна.
Улсын байцаагчийн дүгнэлтэд эдгээр нөхцөлүүд хэрхэн хангагдаж байгааг хэрхэн тогтоосон талаар огт баримт нотолгоо байхгүй, зөвхөн өөрийн таамаг, урьдчилсан дүгнэлтэд үндэслэн үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.
2/ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, 52 дугаар зүйлийн 52.4 дүгээр заалтуудыг зөрчсөн талаар.
2019 оны 01 дүгээр сарын 24-ний 1/03 тоот Хяналт шалгалтын удирдамжийн дагуу хяналт шалгалт хийх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр тогтоожээ. Гэтэл энэ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51.3, 52.4-д заасныг зөрчсөн, мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу хяналт шалгалтын удирдамжид шалгалтын ямар төрлөөр хяналт шалгалт явуулж байгааг тусгаагүй зэргээс харахад манай байгууллага дээр төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн хяналт шалгалтын алийг явуулсан нь тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж байна. Энэ нь хяналт шалгалтын ажлыг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзэхээр байна.
3/ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн талаар.
Манай байгууллага нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 12/97 тоот “Мэдээлэл хүргэх тухай” албан бичгээр 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн мэдээллийн талаар 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ш газарт мэдэгдсэн.
Ийнхүү мэдэгдсэнээр Ш газар нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн мэдээллийг Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нийцэж байгаа эсэхийг 3 хоногийн дотор шалгаж, шийдвэр гаргах байсан.
Гэтэл Ш газар нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний 1/03 тоот Хяналт шалгалтын удирдамжийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр манай байгууллага дээр ирж зах зээлд нийлүүлж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт явуулан, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04 тоот тогтоолоор зөрчлийн хэрэг нээсэн.
Ш газрын улсын байцаагч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн мэдээллийн талаар мэдэгдсэнээс хойш 33 хоногийн дараа зөрчлийн хэрэг нээсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл болсон.
4/ Улсын байцаагчийн дээр дурдсан хууль бус үйл ажиллагааны үр дүнд нээсэн зөрчлийн хэрэг нээсэн тогтоол анхнаасаа илт хууль бус болох тухайд.
Ш газрын улсын байцаагч нь дээр дурдсанаар Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан журмын дагуу хяналт шалгалтаа хуульд нийцүүлэн явуулаагүйн дээр Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэн, зөрчлийн хэрэг нээхдээ манай байгууллагаас өгсөн тайлбар, тайлбарт хавсарган өгсөн баримтуудыг үнэлэлгүйгээр, хууль зөрчиж явуулсан хяналт шалгалтын хүрээнд түүврийн аргаар сонгогдсон 10 хэрэглэгчээс авсан мэдээлэл, тодруулгад үндэслэж зөвхөн нэг талын ашиг сонирхлоор зөрчлийн хэрэг нээсэн, зөрчлийн хэрэгтэй танилцаж тайлбар гаргах нөхцөлөөр хангаагүй зэрэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалган шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу хийгээгүй гэж үзэхээр байна.
М-ын зүгээс тайлбар, мэдүүлэг болон холбогдох баримтуудыг өгөхдөө дээрх багц шилжилтийн ажиллагаа нь төлбөр тооцооны системийн шинэчлэлтийн цогц ажлын нэгээхэн хэсэг бөгөөд төлбөр тооцооны систем шинэчлэгдсэнээр хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад илүүтэй нийцсэн үйлчилгээний нөхцөл, хөнгөлөлт урамшууллыг нэвтрүүлэх, дараа төлбөрт хэрэглэгч хэрэглээнийхээ мэдээллийг цаг хугацааны хоцрогдолгүйгээр шалгаж, мэдээллээ авах зэрэг боломжууд нээгдэж байгаа талаар тайлбар баримтуудыг хүргүүлсэн.
Мөн салбарын техник, технологи хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөө үед шаардлагатай шинэчлэл сайжруулалтыг хийх нь Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн талаар төрөөс баримтлах бодлого, дараа үеийн өндөр хурдны утасгүй сүлжээнд шилжих бэлтгэл ажил, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад үндэслэгдсэн зайлшгүй хийгдэх шинэчлэлтийн ажил бөгөөд эдгээр хүчин зүйлүүдийг харгалзан үзэж шийдвэр гаргах нь чухал юм.
Захиргааны эрх бүхий байгууллага нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа гаргасан хууль бус шийдвэр, үйл ажиллагаа, улсын байцаагчийн гаргасан захиргааны акт нь хууль зүйн үндэслэлгүй, зөрчлийн хэрэг нээсэн тогтоолын үндэслэл нь анхнаасаа Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасан журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн үйл ажиллагаа байх тул хууль бус захиргааны актад тооцогдох үндэслэл болно.
5/ Нэхэмжлэгч 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Хуучин багцын үйлчилгээ зогсоох болсон бодит шалтгаан, үндэслэл зайлшгүй шаардлага:
1. Хуучин багц буюу Mobizone 9900, Mobizone 19900, Mobizone 29900, Mobizone 39900, Signature 49900, Corporate Middle, Hybrid 1, Hybrid 2, Hybrid 3, iPhone 54, Corporate Basic багцуудыг нэвтрүүлэх үед дараа төлбөрт үйлчилгээний биллингийн "CERILLION CCBS" вендорын системийг хэрэглэж байсан бөгөөд уг системийг одоогоос 15 жилийн өмнө буюу 2005 оноос ашиглаж эхэлсэн. Сеrillion системийг нэвтрүүлсэнээс хойш түүний ашиглах хугацаа нь дууссан, шаардлага хангахгүй болсон тул бидэнд технологийн шинэчлэлт хийх зайлшгүй нөхцөл байдал бий болсон. Өөрөөр хэлбэл, тухайн систем нь орчин үеийн техник тоног төхөөрөмж, программ хангамжтай хослон ажиллах боломжгүй, хэрэглэгчийн өсөн нэмэгдэж буй хэрэглээний хэрэгцээ шаардлага нийцэхгүй, багтаамж нь хүрэлцэхгүй болсон учраас зайлшгүй шинэчлэн өнөөгийн хэрэглэгчийн хэрэглээ, шинэ техник тоног төхөөрөмжийн онцлогт тохирч ажиллах боломжтой, багтаамж, хүчин чадал өндөртэй шинэ биллинг системтэй болох нөхцөл байдал бий болсон.
2. Хуучин ашиглаж байсан төлбөр тооцооны системийн техник, хангамж (Hardware), програм хангамж (Software)-ийн хугацаа дууссанаас гадна хэрэглэгчийн хэрэглээний мэдээллийг цаг хугацаанд түргэн шуурхай өгөх, тохирох хөнгөлөлт урамшуулал, нэмэлт үйлчилгээнүүдийг хүссэн үед нь идэвхжүүлж үйлчлэх боломжгүй болсон.
3. Хуучин систем нь багтаамжтайгаа уялдан аливаа үйлчилгээг тодорхой хязгаартай хүргэдэг байсан бөгөөд хэрэглэгчдэд ашигтай аливаа шинэ үйлчилгээ нэвтрүүлэх боломжгүй байсан тул өөрсдөө хөгжүүлэлт хийж цаг хугацаа ажиллах хүний нөөц их зарцуулах болсон. Тухайлбал өмнөх систем нь минутын алхамаар тоолдог байсан учраас Мобизоне багц сонгосон хэрэглэгчийн сарын ярианы эрх 200 минутаар хязгаарлагдаж 200 минутаас давсан тохиолдолд системийн багтаамжид сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ хэрэглэгч багцийн хураамжаас илүү өндөр төлбөр төлдөг байсан.
4. Хуучин төлбөр тооцооны системийг ашиглалтад оруулж байх үед ашиглагдаж байсан үйлчилгээнүүд (WLL, GPRS, Fax, Friends group) одоо ашиглагдахаа болж системийн дата баазад сөргөөр нөлөөлсөн.
5. Хуучин програм хангамж шинэ програм хангамжтай зохицож ажиллах техникийн боломжгүй учраас хуучин програм хангамжаас хэрэглэгчийг өгөгдлийг шилжүүлэх боломжгүй болж хэрэглэгчийн төлбөр тооцоог гаргахад хүндрэл үүссгэж, нийт хэрэглэгчийн сүлжээнд ачаалал өгөх, гацах зэрэг хүндрэлүүд үүсгэж байсан.
Дээрх асуудлуудаас болж хэрэглэгч манайд сэтгэл ханамжгүй, гомдол гаргадаг үүний ард маш олон ажилтнууд өдөр бүр энэхүү процесс дээр гар аргаар үйлдэл гүйцэтгэх замаар гомдол барагдуулж ажиллаж байгаа нь орчин үеийн технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагыг мөн бий болгосон.
Манай компанийн 2017 онд гаргасан “My Mobi, Hybrid багц" нь нийт хэрэглэгчийн эрх ашиг, эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн гаргасан багц бөгөөд хэрэглэгч яриа, мессеж, дата гэсэн үйчилгээнээс өөрийн хэрэглээнд тохируулан 38 хувилбараас сонголт хийн 2 болон 3 үйлчилгээг сонгож багцлан (багцийг хэрэглэгч өөрөө сонгож үүсгэдэг) хэрэглээний хязгааргүй хэрэглэх боломжийг олгож байгаа багц юм.
Хуучин багцууд нь 2009 оноос 2015 оны 1 дүгээр улиралд үйлчилгээнд гарсан бөгөөд өнөөгийн хэрэглэгчийн зан төлөв, хэрэгцээ шаардлагад (Монгол улсын хэмжээнд 4G сүлжээнд шилжсэн, хэрэглэгчийн ашиглаж байгаа гар, утас төхөөрөмж нь ухаалаг, өндөр хурдтай болон өөрчлөгдсөн, Facebook, Facebook messenger, Viber ... гэх мэт датад суурилсан аппликэйшн ихээр ашигладаг болсноос зэргээс үүдэн хэрэглэгчийн хэрэглээний төлөвт өөрчлөлт орж яриа, мессежний үйлчилгээг ашиглах хэрэгцээ шаардлага багассан зэрэг шалтгаанууд ...) нийцэхгүй байгаагаас гадна хэрэглэсэн хэрэглээний хэмжээгээр төлбөр бодогдож, гар утасны тохиргоог хэрэглэгч хэрхэн тохируулснаас хамаарч тухайн гар утсанд байх аппликэйшнийг автоматаар шинэчлэн тэр хэмжээгээр хэрэглэгчийн дата хэрэглээний төлбөр өндөр гарч хэрэглэгч, үйлчлэгч нарын хооронд хэрэглээгүй байхад төлбөр их бодогддог гэх мэт үл ойлголцол маргаан тасардаггүй байсан. Харин My Mobi, Hybrid багцыг үйлчилгээнд нэвтрүүлснээр хэрэглэгч, үйлчлэгч нарын хооронд үүсдэг үл ойлголцол, маргаан гарах асуудал шийдэгдэж энэ төрлийн маргаан гарахгүй болсон юм.
Иймээс Ш газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын улсын ахлах байцаагч Ш.Ц-ын хууль бус захиргааны акт болох 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 0005550 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Түүврийн аргаар сонгосон 10 хэрэглэгчийн гэрээг манай байгууллагаас авсан. Нотлох баримтын шаардлага хангаагүй, хуульд заасан шаардлагаар олж аваагүй нотлох баримт юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас прокурорын зөвшөөрлөөр гаргуулан авах ёстой гэж заасан. 10 хэрэглэгчийн нотлох баримтаар хавсаргагдсан байгаа гэрээ нь хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл. Гэтэл хуульд зааснаар аваагүй. Үүнийг үнэлэхдээ 7 хэрэглэгчээс тайлбар, тодруулгыг авч нотлох баримтаар хавсаргасан гэж тайлбарлаж байна. Авсан тайлбар, тодруулга нь нотлох баримтаар зөрчлийн хэрэгт байхгүй. Эхлээд 10 хэрэглэгч гарын үсэг зурсан байж байгаад, дараа нь зураагүй гэсэн. Түүврийн аргаар сонгож авсан 10 хэрэглэгчийн 4 нь хэрэглэгч болсон байгаа. Эрх бүхий албан тушаалтан Ш.Ц нь улсын байцаагч байхдаа гэрээний загваруудыг авчирч өгөөд, зөрлийн хэргийн 149 дэх талд гарын үсэггүй гэдэг. Загвар өгсөн учир гарын үсэг байх ёсгүй.
Мобиком корпорацийн гэрээг дүгнэсэн гэдгийг хэрэглэгчийн эрхийг хохироосон гэж тайлбарлаж байна. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2-т “Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараах нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна” гэж заасан. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь тус хуулийн 202.2.12, 202.2.13, 202.2.14 дэх заалтуудыг гэрээнд огт тусгаагүй байгаа нь гэрээг хүчингүй болгох шалтгаан гэж хуулийн эсрэг тайлбарлаж, хэрэглээд байна” гэв.
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш газар нь хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах чиг үүрэгтэй хувийн эрх зүйг судалдаг тодорхой үүрэг хүлээсэн институт. Үйлчлүүлэгч, “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан үйлчилгээ үзүүлэх гэрээтэй. Тухайн гэрээнд талууд хүсэл зоригоо тодорхой илэрхийлж, гэрээнд ямар тохиолдолд өөрчлөлт оруулах талаар тохирч гэрээний нөхцөлөө дурдсан. Гэрээнд өөрчлөлт оруулах, гэрээнээс татгалзах талаар тухайн харилцаанд зохицуулсан. Гэрээний маргаан явагдаж байхад Ш газар оролцож байгаа нь чиг үүргийн болоод эрх зүйн үр дагаврын хувьд маргаантай байна. Хүч хэрэглэсэн гэх нэр томъёог хуульд тодорхой тайлбарласан. Тухайн тайлбарыг монгол хэлний үг зүйн тайлбартай холбож маргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Иймд улсын байцаагчийн акт нь зорилгодоо нийцээгүй, иргэний эрх зүйн харилцаа руу чиглэсэн, нөгөөтэйгүүр жинхэнэ нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гомдол гаргах эрхтэй этгээд гээд байгаа нэр бүхий 6 этгээд сугалаагаар шалгарсан нэр бүхий 7 иргэн нийт 14 иргэний мэдээлэлийг шалгахад “М” ХХК-ийн өмнөх багцаас шинэ багц руу шилжихэд тухайн иргэд эдийн засгийн хувьд хохироогүй. Ямар нэгэн алдагдалтай илүү төлсөн зүйл байхгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон. Бодитоор хохирсон иргэд байхгүй, харин эдийн засаг нь дээрдсэн байхад акт тавьж байгаа нь иргэний эрх зүйн харилцаанд хөндлөнгөөс оролцохгүй байх үндсэн зарчмыг зөрчсөн үндэслэлгүй акт юм” гэв.
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш газрын Улсын байцаагч шийтгэлийн хуудас ногдуулах эрхтэй юу үгүй юу гэдэгт тайлбар хийе. Бидний хувьд шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч шийтгэлийн хуудас ногдуулах эрхгүй. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дахь хэсэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллын 6.10 дахь хэсэгт мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.2-ыг шалгана, 6.16-д шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын байцаагч мөн шалгана гэж заасан. Хоёр улсын байцаагч давхардуулан шалгах эрхтэй болж байна. Гагцхүү хэн нь шийтгэл ногдуулах эрхтэй вэ гэдэгт шүүх анхаарал хандуулах нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл Төрийн хяналт шалтгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд тус хуулийн 10.9.12-т хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах гэж тус тус заасан. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д хэрэглэгчийн эрхийг ноцтой хохироосон тухай үндэслэл бүхий албан ёсны шаардлага хүлээн авсан боловч арга хэмжээ аваагүй албан тушаалтанд зохих арга хэмжээ ногдуулах тухай саналыг холбогдох хяналтын байгууллагад тавих буюу шүүхэд нэхэмжлэл гаргах гэж зааж өгсөн байна. Ш газрын байцаагч өөрөө шалгаад шийтгэл оногдуулах үндэслэлтэй эсэхээс хамаараад Мэргэжлийн хяналтын байгууллага руу шилжүүлж, тус байгууллаас шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалттай байна. Бидний хувьд Ш газрын байцаагч нь шийтгэл оногдуулах эрхгүй гэж үзэж байна.
Хариуцагчаас хүч хэрэглэсэн гэж тайлбарладаг. “М” ХХК нь Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасан хүч хэрэглэсэн үйлдэл гаргаагүй. Өөрөөр хэлбэл “М” ХХК-иас иргэдтэй хэрэглэгчийн гэрээг байгуулдаг. Тус гэрээний 4.4-д үйлчилгээ үзүүлэгч нь зах зээлийн нөхцөл байдал төрийн байгууллагын шийдвэрийн улмаас үйлчилгээний үнэ тариф болон нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй ба энэ дохиолдолд хэрэглэгчдэд 5-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ гэсний дагуу “М” ХХК нь энэ үүргээ биелүүлсэн. Үүрэн телефоны оператор компанийн хувьд хэрэглэгчийн утсанд багц шинэчлэгдэх талаар мессеж явуулдаг. Мөн өөрийн албан ёсны веб сайт болон холбогдох сайтаар мэдээллийг нийтэлдэг. Хэрэглэгчдийн хамгийн их хэрэглэдэг өдрийн сонинд нийтэлсэн. “М” ХХК нь 5-аас доошгүй хоногийн өмнө үйлчлүүлэгчид энэ мэдээлэлийг хүргэсэн. Хэрвээ үйлчлүүлэгч бидний үйлчилгээг авахгүй гэж байгаа бол гэрээгээ цуцлах эрх нь үйлчлүүлэгчид нээлттэй байгаа. Харин нөгөө талд гэрээг цуцлах эрх байдаггүй. Өөрөөр хэлбэл харилцаа холбооны зохицуулах хорооноос үүнийг хязгаарладаг. Хэрвээ үйлчлүүлэгч үйлчилгээг сонгохгүй гэж байгаа бол бусад операторыг сонгох эрх нь нээлттэй.
Ш газрын зорилго нь хэрэглэгчийн эрхийг зөрчсөн тохиолдолд хэрэглэгчийн эрхийг сэргээх зорилготой байна. Хэрэглэгчийн эрх зөрчигдсөн гэж дүгнэж байгаа бол хэрэглэгчийн эрх яаж сэргэсэн гэдэг дээр анхаарах ёстой. Гэтэл хэрэглэгчийн эрх сэргэсэн зүйл байхгүй. Магадгүй “М” ХХК-ийг зөрчил үйлдсэн гэж үзэж байгаа бол нөгөө талдаа хэрэглэгчийн эрх сэргэдэг. Магадгүй Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар 20,000,000 төгрөгөөр торгож, тэр нь төрийн сангийн дансанд орж байгаа боловч хэрэглэгчийн эрх яаж сэргэсэн нь тодорхойгүй. Харилцаа холбооны зохицуулах хороо нь үнийн тариф дээр хяналт тавьдаг. Харилцаа холбооны зохицуулах хороо нь бидний гаргаж байгаа системийн үнийн тариф болон үйлчилгээний системд хяналт тавьдаг. Бид дур мэдэн шийдвэр гаргадаггүй. Нөгөө талд хэрэглэгчийн эрх яаж сэргэх вэ. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7-д зааснаар Ш газар нь 2 чиг үүрэгтэй. 1-рт Мэргэжлийн хяналтын газар руу шилжүүлж, тухайн газраас шийтгэл ногдуулах, 2-рт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн гэж үзвэл хэрэглэгчийн эрхийг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Түүнээс биш тус газар нь хэрэглэгчдийн эрхийг зөрсөн гэж үзээд торгууль ногдуулах эрхгүй.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж үндэслэл бүхий акт гаргах ёстой. Хэрэв захиргааны акт гаргах бол хуульд заасан нотлох баримтуудыг цуглуулах ёстой. Өөрөөр хэлбэл үүнийг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй. Шүүх захиргааны актын зөв, бурууг тогтоох ёстой. Дараа төлбөрт үйлчилгээтэй холбоотой гаргасан гомдлын хүрээнд дараа төлбөрт хэрэглэгчдийн маргаантай холбоотой явагдаж байна. М-ийн 1,800,000 хэрлэгчдийн дотор 50 хувь нь урьдчилсан төлбөрт хэрэглэгчид байдаг. Хүссэн нэгжээрээ өөрийнхөө хэрэглээнд тохируулж үйлчилгээ авдаг гэсэн үг.
Дараа төлбөртийг зохиох технологийн программыг нийт хэрэглэгчдийн судалгааг үндэслэн хэрэглэгчдэд ашигтай байдлаар зохиодог. Технологид зайлшгүй шинэчлэл хийх шаардлага байсан уу гэвэл 2019 оноос и-баримт, Q-pay, monpay гэх мэт орж ирсэн. Өндөр технологийн давтамжийг хэрэглэхийн тулд технологийн шинэчлэл хийсэн. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуульд хэрэглэгч хохирсон, хохирлыг барагдуулах үндсэн чиг үүрэгтэй холбоотойгоор маргаж байна.
Хэрэв хэрэглэгч хохирсон бол Ш газар хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргаж, үйлчилгээнээс учирсан хохирлыг гаргуулах, үр дагаврыг арилгуулах нөхцөл боломж байсан.
Гэтэл захиргааны байгууллагын үндсэн чиг үүрэг нь шийтгэл ногдуулж, цээрлүүлэхэд биш, тухайн захиргааны байгууллага зөвлөх, урьдчилан сэргийлэх, зайлшгүй тохиолдолд эдийн засгийн хориг арга хэмжээ авах зохицуулалттай.
Иргэний хуулийн 60 дугаар зүйлд хүч хэрэглэж хийсэн хэлцлийг тайлбарласан байдаг. Бид иргэнтэй гэрээ хийсэн. Тухайн иргэн хохирлоо иргэний шүүхээр нэхэмжлэл гаргах ёстой. Стандарт нөхцөлийг бид Иргэний хуулийн 196, 202 дугаар зүйлд тус тус заасан бүх шаардлагыг хангаж хийсэн.
Хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэдгээ Ш газар иргэний шүүхээр тогтоолгоод, улсын байцаагч акт тавьсан бол бид гомдохгүй. Илт үндэслэлгүй акт ногдуулж байна гэж үзэж байна. Бодит эдийн засгийн тооцоолол, технологийн боломж байхгүй, хэрэглээгүй гэсэн бол өөр байх байсан.
Улсын дээд шүүх буцаахдаа хоёр үндэслэл заасан. Үүнд, технологийн шинэчлэл хийх шаардлага байсан уу, хоёрдугаарт, хүч хэрэглэсэн бол улсын байцаагчид тусгайлан олгосон эрх байсан уу гэж буцаасан. Давж заалдах шатны шүүхээс мөн дээрх нөхцөлийг заасан. Захиргааны хэргийн шүүх зөрчлийг бүрэн шалгаж тогтоосон эсэх, бүрэн тогтоосон бол зөв эсэхийг шалгах ёстой.
Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдэгдсэн хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар заалтыг зөрчсөн актын талаар маргаж байна. Хариуцагч өрсөлдөөнийг тайлбарлаад байна. Хэрэв Өрсөлдөөний журмаар зөрчсөн гэж үзэж байгаа бол Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийдсэн байх ёстой. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн зорилго нь бараа ажил үйлчилгээг худалдах, худалдан авах ажил гүйцэтгэх болон үйлчилгээ үзүүлэх явцад хэрэглэгчийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулдаг. Энэ тохиолдолд улсын байцаагч шийтгэл ногдуулах эрхгүй. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар үйлдвэрлэгч, худалдагчийн буруугаас хэрэглэгчид учирсан гэм хорыг арилгах талаар, хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан хэрэглэгчдийн шаардлагыг тогтоож, шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэглэгчийн эрхийг хамгаалах ёстой байсан.
Өрсөлдөөний хуулиар шийдэх талаар маргаж байгаа бол ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниас өрсөлдөөнийг хязгаарласан гэдгээр гомдлоо гаргаж шийтгэлийн хуудсаар хууль бус ажиллагаа явуулж байна гэдэг утгаар шийтгэл ногдуулж болно. Иймд улсын байцаагч шийтгэл ногдуулах эрхгүй гэж үзэж байна” гэв.
5. Хариуцагчаас татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
“1/ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно гэж заасныг зөрчсөн гэсэн тухайд.
Ш газрын Хэрэглэгчийн мэдээллийн төв 1284 утсанд 2019 оны эхний 3 сарын байдлаар 774 иргэн хандсанаас 70 иргэн харилцаа холбооны салбарын талаар гомдол, саналыг ирүүлсэн байна. Мөн өдөр тутмын хэвлэл болох Өдрийн сонины 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 013 дугаарт ““М” ХХК-ийн “М” ХХК нь хэрэглэгчдэдээ хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах зорилгоор системийн шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар хийж байгаа бөгөөд энэ ажлынхаа хүрээнд дараа төлбөрт үйлчилгээний хуучин багцууд болох SIGNATURE, MOBIZONE, IPHONE, MOBIMIX болон байгууллагад зориулсан CORPORATE BASIC, CORPORATE MIDDLE, HYBRID-1, HYBRID-2, HYBRID-3 багцуудыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс зогсоох болсныг үүгээр мэдэгдэж байна. Багцаа сольж амжаагүй хэрэглэгчдийн хувьд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 03-ны өдрүүдэд хуучин багцын хэрэглээтэй нь ойр дүнтэй багц руу шилжүүлэхийг анхаарна уу” гэсэн мэдээлэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалган тогтоох зорилгоор Өрсөлдөөний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг удирдлага болгон Агентлагийн даргын баталсан 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/03 тоот удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажил явуулсан.
Түүнчлэн тус хяналт шалгалтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтууд зөрчигдсөн байж болзошгүй гэж үзэн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1902000081 тоот зөрчлийн хэрэг нээн шалгаж, шийдвэрлэсэн болно.
2/ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, 52 дугаар зүйлийн 52.4 дүгээр заалтуудыг зөрчсөн гэсэн тухайд.
Ш газрын эрх зүйн байдлыг зохицуулсан Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэгт зааснаар Ш газраас томилогдсон хяналт шалгалтын бүрэлдэхүүн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 02 дугаар сарын 11-ний өдрийн хооронд нийт ажлын 13 хоногт багтаан шалгалтыг хийж, улмаар 02 дугаар сарын 11-ний өдөр улсын байцаагчийн дүгнэлтийг гарган ажилласан. Түүнчлэн тус улсын байцаагчийн шалгалтын дүгнэлтэд үндэслэн прокурорын хяналт дор 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зөрчлийн хэрэг нээн хуулийн хугацаанд хянан шийдвэрлэсэн.
Мөн Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тохиолдолд прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаар заасан байдаг.
3/ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэсэн тухайд.
Агентлагийн даргын баталсан 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/03 тоот удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажил явуулсан. Хяналт шалгалтаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн заалтууд зөрчигдсөн гэж үзсэн тул хяналт шалгалтын дүгнэлтийн дагуу Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 1902000081 тоот зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.
“М” ХХК-иас гаргасан хүсэлтээр зөрчил шалган шийдвэрлэх хугацааны туршид шат шатны Прокурорын байгууллагаас нийт 3 удаа хэргийн материалыг татан авч хянаж, ажилласан.
4/ Улсын байцаагчийн дээр дурдсан хууль бус үйл ажиллагааны үр дүнд зөрчлийн хэрэг нээсэн тогтоол анхнаасаа илт хууль бус болох гэсэн тухайд.
Ш газар нь төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж биелэлтэд тасралтгүй хяналт тавьж шийдвэр гарган ажилладаг.
“М” ХХК-иас Шуө газарт 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 12/97 албан тоотоор “.... дээрх багцуудын үйлчилгээг техникийн нөхцөл байдлын улмаас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хэвийн үзүүлэх боломжгүй болж байгаа тул тус өдрөөс эхлэн бүрэн зогсоож байгаагаа үүгээр мэдээлж байна” гэх мэдээллийг ирүүлсэн. Энэ талаар тайлбар тодруулгыг Ш газраас авахад 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 12/638 тоот албан бичгээр 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө уг багц солих үйлчилгээг бүрэн дуусгахаар ажиллаж байна гэсэн зөрүүтэй хариуг ирүүлсэн.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос Ш газарт ирүүлсэн 2019 оны 02 дугаар сарын 26-ны 02/265 албан бичигт 2019 он гарснаас хойш 9 хэрэглэгч “багцын төлбөр өндөр байна” гэх агуулгатай гомдлыг утсаар гаргасан. Ирүүлсэн гомдлыг “М” ХХК-д хүргүүлсэн гэх албан тайлбарыг ирүүлсэн.
Түүнчлэн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр холбогдогчоос авсан мэдүүлэгт “...дараа төлбөрт болон хосолсон төлбөрт үйлчилгээний багц солих үйлчилгээ 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хийгдэж дууссан. Багц шилжээгүй үлдсэн хэрэглэгч байхгүй. 02 дугаар сарын 01-ээс 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 21 мянган хэрэглэгчийн багцыг сольсон. 03 дугаар сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 11 мянган хэрэглэгчийн багцыг сольсон” гэсэн байна.
Мөн түүврийн аргаар сонгогдсон 10 хэрэглэгчийн 7 хэрэглэгчээс тайлбар тодруулгыг авахад ямар багцын үйлчилгээг “М” ХХК-иас авч байгаагаа мэдэхгүй гэсэн нь, мөн хяналт шалгалтын байгууллагад зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн, энэ талаараа хэрэглэгчдэд залруулга хийгээгүй зэрэг нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1-д тус тус заагдсан хэрэглэгчийн үндсэн эрх зөрчигдсөн.
Эндээс дүгнэхэд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт заасныг зөрчсөнийг тогтоосон болно.
5/ ”М” ХХК-ийн хэрэглэгчидтэй байгуулсан гэрээг судлан үзэхэд дараах байдлаар Иргэний хуулийг зөрчсөн. Үүнд:
1) Гэрээний 3.7-д “Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний төлбөр нэхэмжлэх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлж болно” гэсэн нь Иргэний хуулийн 202.4 дэх хэсэгт заасныг,
2) Гэрээний 3.8-д “Үйлчилгээ үзүүлэгч үйлчилгээний үнэ болон нөхцөл гэрээнд хэдийд ч өөрчлөлт оруулах эрхтэй байна…” гэсэн нь Иргэний хуулийн 202.2.1 дэх заалтад заасныг,
3) Гэрээний 3.11-д “Хэрэглэгчтэй байгуулсан гэрээ, үйлчилгээний нөхцөл, хавсралт болон бусад баримт бичгүүд нь талуудын хоорондох бүхий л тохиролцоог илэрхийлнэ” гэсэн нь Иргэний хуулийн 202.2.8 дах заалтад заасныг,
4) Гэрээний 9.1-д гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдалд гэрээг санаачлагч тал өөрийн үйл ажиллагаанаас хамаарах бүх нийтийг хамаарсан сүлжээний доголдол, тасалдал зэргийг оруулж байгаа нь Иргэний хуулийн 202.2.11 дэх заалтад заасныг тус тус зөрчсөн.
5) Мөн Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.12, 202.2.13, 202.2.14 дахь заалтуудыг гэрээнд огт тусгаагүй байгаа нь гэрээг санаачлагч “М” ХХК нь тус стандарт гэрээнд гэрээний хариуцлага хүлээх ямар ч заалтыг оруулаагүй нь тус гэрээг бүхэлд нь хүчингүй болгох гол шалтгаан гэж үзэж байна.
6/ “М” ХХК-ийн хэрэглэгчидтэй байгуулсан гэрээ нь дараах байдлаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн. Үүнд:
“М” ХХК-ийн хэрэглэгчтэй байгуулж буй суурь гэрээний 3.8, 5.3, 8.4 дэх заалтууд нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.9 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн байгаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр “М” ХХК-ийн хэрэглэгчидтэй байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж тус тус үзсэн болно.
Монгол Улсын зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа “М” ХХК нь:
1) Хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийг үнэн бодит мэдээллээр хангаагүй,
2) Хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүчээр тулгасан,
3) Хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэй байгуулсан гэрээний нөхцөл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжоор тогтоосон нөхцөлөөс дордуулсан ноцтой зөрчил гаргасанд нь “М" ХХК-ийн хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэй байгуулсан гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн ба тус компанийн дээрх хууль бус үйл ажиллагаанд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 20 сая төгрөгөөр торгох хуулийн хариуцлагыг хүлээлгэсэн болно.
Түүнчлэн зөрчлийн хэрэг нээсэн тогтоолыг хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй бөгөөд эрхийн акт тухай бүр прокурорт хянагдаж байдаг болно.
Иймд улсын байцаагчийн холбогдох хариу тайлбар, зөрчлийн хэргийн материалыг хянан үзэж 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 1/2230 дугаартай “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хуучин багц гэж яриад байгаа багцуудыг 2002 оноос үйлчилгээнд нэвтрүүлж 2017 оноос шинэ багц руу шилжүүлсэн гэж ярьдаг. Гэтэл өөрсдийнх нь өгсөн албан бичиг, тайлбараар 2014, 2015 онд зах зээлд орсон багцууд байдаг. 2014, 2015 онд зэх зээлд нэвтрүүлсэн багцыг 2017 онд шинэчлэхдээ 2002 оноос шинэчилсэн бөгөөд системийн өөрчлөлт гэдэг байдлаар дүр үзүүлж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн зүгээс системийг шинэчилж, технологийн дэвшилтийг нэвтрүүлж байгааг хөхүүлэн дэмжинэ. Үүнийг гомдол гаргагч тал мушгиж, маргахгүй гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Дата бааз дийлдэггүй учраас системийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай байсан гэдэг байдлаар маргадаг. Гэтэл сүүлд өөрсдийнх нь ирүүлсэн нотлох баримт дээр огт болохгүй биш, систем гацдаг, гар аргаар буюу хүний оролцоотой үйлдэл их байдаг учраас шинэчлэх шаардлагатай байсан талаар дурдсан байдаг.
Өөрөөр хэлбэл шинэ багцын үйлчилгээг сонгох шаардлагагүй хуучин багц хэрэглээнд нь тохирч байхад зайлшгүй шинэ багцаар багцыг нь солих шаардлагагүй байсан гэж харагддаг. Түүврийн аргаар авсан хүмүүс дээр илүү хямд зардал гарсан гэдэг. Үнэн хэрэгтээ түүврийн аргаар авсан арван хүний долоон хүн, дээрээс нь гомдол гаргасан хүмүүсийн шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг тайлбар зэргээс тухайн хүмүүс шинэ багцыг сонгохыг хүлээн зөвшөөрөхгүй байсан гэдгээ хэлсэн. Мөн зарим тохиолдолд хуучин багцаар 9900 төгрөгийн төлбөр төлдөг байсан бол 16,000 төгрөгийн төлбөрийг төлж байсан гэдэг мэдүүлэг байдаг. Энэ хохирол биш юу юм бэ гэж асуумаар байна.
Манай байгууллага хэрэглэгчийн эрхийн хамгаалах төрийн захиргааны байгууллага. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд мэргэжлийн хяналтын байцаагч гэдэг заалт байдаг гэдэг байдлаар хуулийг гуйвуулж тайлбарладаг. Гэтэл Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх ба мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасан баталгаагаар хангагдана гэж заасан байдаг ба өөрөөр хэлбэл Ш газрын улсын байцаагч буюу шийтгэл оногдуулсан байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын эрхийг эдэлж, үүргийг хүлээж, давхар нийгмийн баталгаагаар хангагддаг. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллаараа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж холбогдох гомдлыг шийдвэрлэж байгаа байгууллага нь манай байгууллага юм. Үүнд маргаад байх зүйл байхгүй.
Хүч хэрэглэх гэдгийг хэтэрхий явцуу байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Хариуцагчийн зүгээс хүч хэрэглэх л гэж үзсэн гэж тайлбарладаг. Зөрлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дугаар зүйлд хэд хэдэн үндэслэлүүдийг дурдсан байдаг. Хуулийн үндэслэл нь өөрөө нэгдүгээрт хүч хэрэглэсэн гэж үзэж байгаа бөгөөд хоёрдугаарт гэрээ байгуулсан, гэрээ хавтаст хэрэгт авагдсан гэж нэхэмжлэгч талаас хэлсэн. Тухайн гэрээний заалтуудад Иргэний хуулийн 202 дугаар зүйлд заасан гэрээний стандарт нөхцөлүүдийг зөрчсөн, хэрэглэгчийн эрхийг дордуулсан гэрээ хэлцлүүд байгааг манай байгууллагаас тогтоож, дүгнэсэн байдаг.
Тухайлбал гэрээний 4.3-д үйлчилгээний үнэ болоод тариф, зарим нөхцөлийг дангаар өөрчлөх эрхтэй, энэ талаар 5 хоногийн дотор урьдчилан мэдэгдэнэ гэж заасан бөгөөд хангалттай мэдэгдсэн гэж үзэж байна гэдэг. Гэтэл гэрээний 4.3-д заасан заалт нь Иргэний хуулийн стандарт нөхцөлийг зөрчсөн байна гэдгийг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл үйлчилгээ авч байгаа хэрэглэгч ямар нэг байдлаар санал, бодлоо хэлээгүй хүлээн зөвшөөрөөгүй байхад гэрээний нэг тал буюу үйлчилгээ үзүүлж байгаа гэдэг давуу байдлыг үзүүлж гэрээнд өөрчлөлт оруулж байгаа нь гэрээний стандарт нөхцөлийг зөрчсөн. Үүнийг 5 хоногийн өмнө мэдэгдсэн учраас хамаагүй, иргэний эрх зүйн харилцаа гэж тайлбарладаг. Ш газар иргэний эрх зүйн харилцаанд яагаад оролцоод байгаа талаар мөн дурддаг. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд хэрэглэгч гэж бараа, ажил, үйлчилгээ, үйлдвэрлэл, аж ахуй үйл ажиллагааны бус буюу бизнесийн зориулалтаар бус хувийн болоод гэр бүлийн хэрэгцээг хангахад зориулж захиалж худалдан авч, үйлчилгээ авч үйлчлүүлж байгаа эсвэл хэрэглэж байгаа хувь хүнийг хэлнэ гэж заасан байдаг. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэглэгч гэдэг нэр томьёонд мобикомоор үйлчлүүлж байгаа иргэд хамарч байгаа учраас манай байгууллагад хамааралтай юм.
Хэрэглэгчийн эрх яаж сэргэсэн талаар нэхэмжлэгч талаас дурддаг. Сэргэх боломжгүй, өөрөөр хэлбэл хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн агуулга нь өөрөө хэрэглэгчийн эрхийг сэргээх агуулгатай байна гэдэг. Үүнийг хуулийн тодорхой бус зохицуулалт байна гэж үзэж байна. Шийтгэл оногдуулсан нь үнэн, шийтгэл оногдуулаад хэрэглэгчийг хохиролгүй болгох шаардлагыг тавих нь зүйн хэрэг. Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3-д заасан шийтгэл оногдуулах хуулийн үндэслэл нь өөрөө 20.000.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар байдаг. Зарим хуулийн үндэслэл дээр нөхөн төлбөрийг гаргуулж, хохирлыг гаргуулахаар байдаг. Бид хэрэглэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх байдлаар ажилладаг. Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн тайлбараас үзвэл хэрэглэгч хохирчихсон, хохирол сэргэхгүй гэдэг байдлаар тайлбарлаж байна. Хариуцагч 20 сая төгрөгийн шийтгэл оногдуулсан гэж дайрахаас илүүтэйгээр цаашдаа хэрэглэгчийн эрх зөрчигдөх асуудал юм. Мөн Харилцаа холбооны зохицуулах хорооноос хяналт, шалгалт хийгддэг харилцаа гэдэг. Гэтэл Харилцаа холбооны зохицуулах хороо зөвхөн үнийг хянадаг. Ямар багц, ямар үйлчилгээ үзүүлэхээ өөрсдөө мэддэг гэдэг.
Нэхэмжлэгч тал Өрсөлдөөний тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулах байсан гэж маргаж байгаа нь огт үндэслэлгүй юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16-д шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.10, 10.1, 10.2 дугаар зүйл, 10.3 дугаар зүйлийн 1.5 дахь заалт, 10.7, 10.8 дугаар зүйл, 10.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 10.27 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 16.7 дахь заалт, 19 дэх хэсэгт заасан зөрчлийг шалгах шийдвэрлэхээр заасан. Мобикомоос гадна маш олон хэрэг дээр шийтгэл оногдуулж, захиргааны акт гаргаж байгаа. Харьяаллын бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.
Хоёрдугаарт М-аас ирүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичигт дараа төлбөрт багц хэрэглэдэг нийт 118,959 хэрэглэгч байснаас 45,000 хэрэглэгч нь өөрсдөө багцаа солиогүй байсан. М-ийн захирлаас хэрэглэгчдийн хугацааг тогтоогоод энэ хугацаанд шилжүүл, хэрэв тогтоосон хугацаанд шилжүүлэхгүй бол автоматаар шилжүүлнэ гэсэн агуулга бүхий тушаал гарсан.
Технологийн зайлшгүй шаардлага байсан эсэхэд энэ хүмүүс өөрсдийн хүслийн дагуу маш хурдтайгаар бидэнд ашигтай юм байна гээд өөрсдийн багцаа солих байтал өөрсдөөс нь ирүүлсэн мэдээллийг харвал хүмүүс төдийлөн солих гэж яарахгүй байсан.
Энэ бүх зүйл юунаас эхэлсэн гэвэл хэрэглэгчийн үнэн зөв бодит мэдээлэл авах эрхээр хангаагүй гэсэн нь мэдээж тус компани нь давамгай байдалтай аж ахуй нэгж мөн. Тухайн үйлчилгээний зах зээлд 35-аас дээш хувийг эзэлдэг. Тэр утгаараа зарим хэрэглэгчдийг орхигдуулж байна гэж байгаа ч хэрэглэгч гэдгийг нэг нэгж хэрэглэгч гэж ойлгодог.
Та нар тав хоногийн өмнө ямар мэдээлэл өгсөн бэ гэж асуухад давуу эрхтэй талаар олон хариулт хэлсэн. Утаснаасаа чөлөөт байдлаар өөрийн хэрэглээнд тохируулан үйлчилгээ сонгох боломжтой. Гэтэл энэ хэрэглэгчдийн анхааралд гээд Өдрийн сонины дугаарт хэвлэгдсэн мэдээллээр М хэрэглэгчдээ хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах зорилгоор системийн шинэчлэл хийж байна. Дараа төлбөрт ийм ийм багцуудыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс зогсоох болсноо үүгээр мэдэгдэж байна гэсэн.
Иймд дээрх багцын хэрэглэгчид заасан хугацаанаас өмнө өөрийн хэрэглээнд нийцэх дараа төлбөрт Mini mobi, хосолсон төлбөрт Hybrid багцуудаас сонголтоо хийх боломжтой гэж мэдэгдсэн.
Хоёр төрлийн сонголт байгаа бөгөөд дээрх хоёр багц нь дотроо задарна. Дээр дурдсан шиг хэрэглэгч би утсаар их ярьдаггүй учир дата сонгох, их ярьдаг учир ярианы багц сонгох эрхийг анхнаасаа өгч, хэрэглэгчдээ ойлгуулсан бол өнөөдрийн энэ асуудал үүсэхгүй байсан. Гэтэл бид мэдээллээ өгсөн, бүтээгдэхүүн, үйлчилгээндээ бид өөрчлөлт оруулах эрхтэй гэж байгаа нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн энэ нь иргэний эрх зүйн харилцаа учир бид иргэний хуулийн дагуу гэрээ байгуулсан гэсэн ч яагаад нийтийн эрх зүйн хуулийн этгээд байж ингэж орж ирээд байна гэсэн нь харилцаа холбооны зохицуулах хороо танай байгууллагад яаж хяналт тавьж, яагаад шалгаад байна, та нар яагаад бидэнд мэдэгдээд байна энэ нь та бүхэн өөрсдөө зохицуулалттай салбар гэж хэлсэн, мөн хуулиар уг харилцааг зохицуулсан байна.
Бид хуулийн дагуу уг харилцаанд оролцож байгаа болохоос зүгээр байгаа иргэдийн хооронд гуравдагч этгээдээр оролцоод байгаа ойлголт биш. Гэрээ цуцлах эрхгүй гэсэн тайлбар хэлээд байдаг. Гэтэл гэрээн дээр нь гэрээ цуцлах үндэслэлүүдээ нарийн тодорхой хэд хэдэн үндэслэл зааж өгсөн байдаг.
Өөрөөр хэлбэл “М” ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээ цуцлах эрхтэй гэж заасан байдаг.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад үнэхээр үндэслэлтэй захиргааны акт гараагүй байна гэж байна. Гэтэл хариуцагчийн зүгээс огт үндэслэлгүй, илт хууль бус акт тавьсан гэж ойлгохгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хангалттай, зохих журмын дагуу хийсэн. Бодит хохирол гэдэгт бид мөнгөн дүнгээр тооцоогүй ч гэсэн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд хэд хэдэн зохицуулалтаар зааж өгсөн. Үнэн бодит мэдээлэл хангагдаагүй бол Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан үндэслэлээр 5 сая төгрөгийн шийтгэл оногдуулна гэж заасан. Энэ дээр мөнгөн дүнгээр үнэлэх нь утгагүй. Үнэн бодит мэдээлэл гэвэл хэдэн төгрөгөөр хохирсон, тэр хохирлыг нь гаргаад ир гэж маргаж байгаа нь утга учиргүй байна.
Үүнтэй адилаар хэрэглэгчдийн эрх гэдэгт мэдээж мөнгөн дүнгээр хохирсон асуудлыг ярих нь зүйтэй. Үүн дээр хэрэглэгчийн эрх буюу Үндсэн хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуульд заасан эрхийг нь эдлүүлээч гэдэг утгаар шийтгэл ногдуулсан” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хэрэглэгчид өмнөх байдал нь шаардлагатай буюу нийцэж байсан гэдэг. Анх гэрээ байгуулахад байсан нөхцөлийг тухайн компани дангаараа шийдэж өөрчилж байна. Өмнөх байсан нөхцөлтэй дүйцэхүйц хэмжээний сонголтыг хэрэглэгч нарт олгоогүй. Зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг хязгаарлаж, хууль ёсны давуу байдлаа ашиглаж тухайн хэрэглэгчийг тухайн багцыг сонго, эсхүл гэрээгээ цуцал гэсэн нь хүч хэрэглэж байгаа үйлдэл гэж үзэж байна. Тодорхой тооны хэрэглэгч нарт зориулсан үйлчилгээ байсан учир бусад хэрэглэгч нарыг эрх, ашгийг дээрдүүлсэн гэж үзэхгүй.
Хэрэглэгч тухайн дугаарыг хэр удаан хугацааны туршид хэрэглэж байгаагаас хамаарч тухайн дугаарын үнэ цэнэ бий болдог. Мобиком Корпораци гэрээг цуцлах, эсвэл цуцал гэдэг шийдвэр гаргаж байгаа нь хэрэглэгчийн эрх ашгийг дордуулсан. Хэрэглэгч дугаараа сольсноор бусад хүмүүст дугаараа таниулах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх юм. Хэрэглэгч өөрөө ямар багц ашигтайг сонгох эрх нь нээлттэй байх ёстой. “М” ХХК хүчээр, сонгохоос өөр аргагүй байдалд оруулж байгаа нь хэрэглэгчийн эрхийг дээрдүүлсэн зүйл биш юм. Хэрэв үнэхээр боломжгүй нөхцөл байдал үүссэн бол тухайн хэрэглэгч нарт түүнтэй дүйцэхүйц хэмжээний сонголтыг бий болгох боломжтой байтал, тийм боломж олголгүйгээр өөрсдийн үйл ажиллагааны явц, ашиг орлогыг сайжруулах зорилгоор шийдвэр гаргасан нь хэрэглэгчийн эрхийг дордуулж байна гэж үзсэн. Энэхүү нөхцөл байдал цаашдаа жишиг болж тогтвол давамгай байдалтай аж ахуй нэгжүүд өөрсдөдөө ашигтай нөхцөлийг бий болгож, хэрэглэгчийн эрх ашиг дордуулсан нөхцөл байдал даамжрах юм.
Утсаар ярих шаардлагагүй байдаг хүн үнэгүй ярих багцыг санал болгоод байгаа нь сонсголгүй хүнийг сонсож, ярихыг шаардахтай ижил зүйл юм. Өмнөх нөхцөл нь дордоод байхад дээрдэж байна гэж үзэж байгаа нь зүйд нийцэхгүй байна. Мөнгөөр хэмжих боломжгүй бөгөөд олон жил ашигласан дугаараа солих зэрэг эдийн бус хохирол үүссэн” гэв.
6. Гуравдагч этгээдээс татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
“1/ 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Ш газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.2 дахь хэсгийн 3-д зааснаар “М” ХХК-д 0005550 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсныг прокуророос хянаад хэвээр үлдээсэн болно.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх, хүлээн авахаас татгалзах үндэслэл ба харин зөрчил ил тодорхой тохиолдолд эрх бүхий албан тушаалтан шууд шийтгэл оногдуулах ойлголт юм.
Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шалгаж тогтоох, шаардлагатай учраас хуульд зааснаар зөрчлийн хэрэг нээн, тогтоолд хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн гэж бичсэнийг буруутгах үндэслэлгүй юм.
2/ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлд нотлох баримтад хамаарах зүйлүүдийг тусгаж өгсөн ба хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж эрх бүхий албан тушаалтан үзсэн байна.
3/ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулсан шийдвэрт гомдол гаргасан асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдлыг хэлэлцэж байгааг дурдмаар байна.
4/ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд ямар тохиолдолд ажлын 3 хоногт шийдвэр гаргах талаар тодорхой хуульчилсан. Өөрөөр хэлбэл хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн, зөрчил үйлдсэн хүн өөрийгөө илчилж ирсэн, байгууллага, албан тушаалтнаас харьяаллын дагуу зөрчлийн талаарх холбогдох баримтыг шилжүүлэн ирүүлсэн, мөн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийдвэр гаргахаар тодорхой хуульчилж өгсөн.
Эрх бүхий албан тушаалтан төрийн хяналт шалгалтын явцад зөрчлийн хэрэг нээсэн нь үндэслэлтэй, хуулийг зөрчөөгүй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж хуульчилсан.
Ш газрын эрх бүхий албан тушаалтны 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.2 дахь хэсгийн 3-д зааснаар М ХХК-д 0005550 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсныг хэвээр үлдээх саналтай байна” гэжээ.
7. Гэрч Т.Г мэдүүлэгтээ: “Ш газарт 2019 оны 9 дүгээр сард гомдол гаргаж байсан байх. Миний бие Мобикомын 99672266, 99491400, 99013416 гэсэн дугаарыг ашигладаг. 99491400 дугаарт 6 дугаар сард Мобикомоос багц өөрчлөгдсөн талаар мессеж ирсэн. Би Мобиком руу залгаад “99491400 дугаарыг 9900 төгрөгийн багц руу оруулъя” гэж хэлсэн. Дараа нь 8 дугаар сард дахин Мобикомоос 9900 төгрөгийн багц өөрчлөгдсөн талаар мессеж ирсэн. Над руу Мобикомоос зөндөө залгасан. Би “9900 төгрөгийн багцаа солихгүй миний хэрэглээнд хангалттай хүрч байгаа учраас багцаа солихгүй” гэж хэлсэн. Намайг зөвшөөрөөгүй байхад Мобикомоос миний хэрэглэж байсан багцыг сольчихсон байсан. Манай ажилтан миний утсаар ярих гэсэн чинь “дансаа цэнэглэнэ үү” гэсэн тул би багц өөрчлөгдсөн талаар тэр үед мэдсэн.
5000 төгрөгийн задгай нэгжээр дансаа цэнэглэхээр хурдан дуусчихаад байдаг. Би ажил ихтэй байдаг байнга нэгж авч чаддаггүй учраас өмнөх багц амар байсан. 95110022 гэдэг дугаар надад байсан, шөнө ажилтай байж байгаад өглөө 8 цагт хурал тараад харсан чинь 16000 төгрөгийн төлбөр гарсан байсан. Мобикомоос лавлаж асуухад “шөнийн турш дата хэрэглэсэн байна” гэсэн. Би дата хэрэглээгүй байсан. Надаас гадна Мобикомын олон хэрэглэгчид байдаг байх. Бүгдийнх нь эрх хөндөгдөж байгаа.
Би 2002 оноос хойш Мобикомыг хэрэглэгч болох үедээ гэрээ байгуулж байсан. Гэрээ байгуулснаас хойш дахин гэрээ байгуулаагүй.
15000 төгрөгийн багцыг өнөөдрийг хүртэл ашиглаж байна. 10000 нэгжээр зөвхөн Мобикомын дугаар руу ярьдаг, 5000 нэгжээр нь ажилчид руу яриад л дуусчихдаг. Амралтаараа Солонгос Улс руу яваад 6, 7, 8 дугаар саруудад огт яриагүй, дугаараа ашиглаагүй. Гэтэл төлбөр гарчихсан байсан. Яриагүй байхад төлбөр аваад байдаг. Зохих үйлчилгээний төлбөрөө тухай бүрд нь төлдөг байхад илүү төлбөр авч байгаа нь буруу юм. 95110022 дугаарыг 100000 төгрөгөөр худалдаж авч барьцаа төлсөн.
Солонгост байх хугацаанд 99491400 дугаарт 9900 төгрөгийн төлбөр, 99013413 дугаар 19900 төгрөгийн багцийн төлбөрийг тус тус төлсен. Гэртээ 3 сар байгаагүй байхад интернетийн төлбөр гарчихдаг юм байна лээ. Хэрэглээгүй байхад төлбөр нэхээд байдаг нь хууль бус гэж үзэж байна. Мобикомд хандаж “миний дугаарыг битгий цуцлаач би ажилчид руугаа ярьдаг юм” гэж хэлж байсан.
Одоо миний хэрэглэж байгаа багц 14900 төгрөгийн багц бөгөөд 5500 төгрөгийн нэгжтэй. Миний багц хэзээ, яаж 14900 төгрөгийн багц руу шилжсэн талаар Наадам центр лүү очиж уулзсан. Лавлах утас 2222 дугаараас асууж байсан” гэжээ.
8. Гэрч П.Т мэдүүлэгтээ: “2018 онд Мобиком компаниас надруу удаа дараа залгаж “Мобикомоос танд ашигтай багц санал болгож байна” гэсэн боловч би татгалзсан. Санал болгож байгаа багц нь надад ашигтай биш байсан харин ч алдагдалтай байсан. Миний өмнө нь хэрэглэж байсан багц сарын 9900 төгрөгийн суурь хураамжтай байсан. Гэтэл Мобикомоос “та хамгийн багадаа 14000 төгрөгийн багцад шилжих боломжтой” гэж хэлсэн. Миний тухайн багцаас татгалзах болсон гол үндэслэл нь 9900 төгрөгийн суурь хураамжтай багц миний хэрэглээг бүрэн хангаж байсан. Иймээс илүү төлбөр төлөх багцаас татгалзсан.
Мобикомоос удаа дараа дахин дахин залгаад байсан учраас “та бүхэн миний яриаг бичиж авч байгаа бол хэрэглэгчийн гомдол хүлээн авдаг газартаа өгөөрэй. Илүү төлбөртэй багц ашиглахгүй тухай саналаа та бүхэнд тодорхой хэлсэн. Анх ашиглаж байгаа дугаараа авахдаа Мобикомтой гэрээ байгуулж авсан. Гэрээ байгуулсан аль нэг тал гэрээгээ өөрчлөхгүй гэж байхад та бүхэн хүчээр илүү төлбөртэй багц санал болгож байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна” гэж хэлсэн.
Би нас барсан эгчийнхээ дугаарыг хадгалж байя гэж бодоод эхнэрийнхээ нэр дээр шилжүүлж авсан. Дараа төлбөрийг урьдчилсан төлбөрт дугаар луу шилжүүлэх ёстой гэсэн. Дараа нь 3 сарын дараа урьдчилсан төлбөрт дугаар луу дахин шилжүүлэх боломжтой гэсэн. 3 сарын дараа дараа төлбөрт болгосон дугаараа урьдчилсан төлбөрт дугаарлуу шилжүүлэх хүсэлт Мобикомд гаргасан боловч зөвшөөрөөгүй. Анх байгуулсан гэрээг өөрчлөх боломжгүй гэдэг хариу өгсөн.
Мобикомоос хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж өөрт хэрэгтэй хувилбараар гэрээ байгуулах гээд байсан учраас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандсан.
Би 2003 оноос хойш Мобикомын хэрэглэгч болсон. Мобикомын хэрэглэгч болоод 17 жил болж байна. Сүүлийн дугаараа аваад 10-аад жил болж байна.
Анх Мобикомын хэрэглэгч болохдоо эхний гэрээтэй албан ёсоор танилцаж гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээг дахин өөрчлөх бол хоёр тал харилцан тохиролцох ёстой. Гэтэл М ХХК нь миний хэрэглэж байсан багцыг хүчээр өөрчилсөн. Хуучин байгуулсан гэрээгээ өөрчилж гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй
Багцад шилжихээс өмнө дундажаар 10000-25000 төгрөгийн төлбөр төлдөг байсан. Одоо 10000-20000 төгрөгийн төлбөр ойролцоогоор төлж байна. Гэхдээ урьд нь авч байсан үйлчилгээгээ авч чадахгүй байна. Өмнө нь 15000 төгрөгөөр би 5 gb дата авч ашигладаг байсан бол одоо 1 gb дата ашиглаж байна. Бас одоо ямар багц ашиглаж байгааг М ХХК танилцуулаагүй.
Миний хэрэглэж байсан багцыг хэзээ өөрчилснийг тодорхой санахгүй байна. Ойролцоогоор 2019 оны 01 дүгээр сараас багц өөрчлөх талаар М ХХК-иас залгадаг байсан” гэжээ.
9. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан 2019 оны 01 дүгээр сарын 24-ний 1/03 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 7/01 дүгээр дүгнэлтээр зөрчлийн хэрэг нээхээр шийдвэрлэсний дагуу
Шгазрын улсын байцаагч нар хуулиар өөрт нь харьяалуулсан зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаар зөрчлийн хэрэг нээсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцсэн, харьяалал зөрчөөгүй гэж үзлээ.
Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д ”Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч, орон нутагт улсын байцаагч ажиллана.” 20 дугаар зүйлийн 20.2-т “Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх ба мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасан баталгаагаар хангагдана.” гэж зааснаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар нь улсын байцаагчийн эрх үүргийг хэрэгжүүлж ажиллах тул тус зөрчлийг харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарт шилжүүлэх байсан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
“Өдрийн сонин”-ны 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 013 дугаарт ”М” ХХК-ийн “М нь хэрэглэгчдэдээ хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах зорилгоор системийн шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар хийж байгаа нэрээр дараа төлбөрт үйлчилгээний хуучин багцууд болох Signature, MobiZone, iPhone, MobiMix болон байгууллагад зориулсан Corporate Middle, Hybrid-1, Hybrid-2, Hybrid-3 багцуудыг 2019 оны 02 сарын 01-ний өдрөөс зогсоох болсныг үүгээр мэдэгдэж байна. Багцаа сольж амжаагүй хэрэглэгчдийн хувьд 2019 оны 02 сарын 01-ний өдрөөс 02 сарын 03-ны өдрүүдэд хуучин багцын хэрэглээтэй нь ойр дүнтэй багц руу шилжүүлэхийг анхаарна уу. …” гэсэн мэдээллээс үзвэл хуучин багц болон шинээр гаргасан багц тус бүрт ямар ямар үйлчилгээ хамаарч байгаа нь тодорхойгүй, зөвхөн шинэ багц нэвтрүүлж байгаа талаар мэдэгдсэн агуулгатай байх тул хэрэглэгчийг бодит мэдээллээр хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн хэрэглэгчийн төлбөр төлөлтийн талаарх баримтаас үзвэл багцад ногдол төлбөр буурсан гэж харагдахаар байгаа боловч төлбөрийн хэмжээнээс үл хамаарч үйлчилгээгээ хүч хэрэглэх замаар худалдсан эсэхийг шүүх дүгнэж шийдэрлэсэн болно.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.9 дэх заалтуудад зааснаар аливаа бараа, ажил үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийг төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар үйлчилгээ үзүүлж, бараа, бүтээгдэхүүн худалдахыг хориглох бөгөөд нэхэмжлэгч компани хэрэглэгчдэд бодит мэдээлэл өгөлгүй хэрэглэгчийн багцыг гэрээ байгуулаагүй байхдаа сольсон нь хуулийн тус заалтыг зөрчжээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компаний ашиглаж байгаа систем, программ хангамж ямар байхаас үл хамаарч хэрэглэгчид үзүүлж байсан багцын үйлчилгээг шилжүүлэхдээ Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчсөн эсэх буюу хэрэглэгчийг төөрөгдүүлсэн, хүч хэрэглэсэн эсэх, хэрэглэгчийг хохироосон гэрээ хэлцэл байгуулсан эсэхэд хэрэгт авагдсан баримтын хүрээнд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарын тайлбарт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 20 дугаар зүйлийн 20.2, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.9, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3-д заасныг тус тус баримтлан “М” ХХК-иас Ш газрын даргад холбогдуулан гаргасан “Ш газрын улсын ахлах байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 0005550 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН
ШҮҮГЧ С.ГАНБАТ
ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ