Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2025/0623

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Ц*******гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч С.П*******, түүний өмгөөлөгч Б.А*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Э.Ц*******

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч

Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын Санхүү албаны даргад томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож тус албан тушаалд томилохыг даалгах, Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн хорооны 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт, Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 118/ШШ2025/0023 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Э.Ц*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э*******

Хариуцагч С.П*******

Хариуцагчийн өмгөөлөгч Б.А*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 118/2025/0018/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Э.Ц*******гаас Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан “Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын Санхүү албаны даргад томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, санхүү албаны даргад томилохыг даалгах, Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн хорооны 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт, Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 118/ШШ2025/0023 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Ёс зүйн зөрчил гаргасан тухай 01 дүгээр дүгнэлт, Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Ёс зүйн хариуцлага ногдуулах тухай” Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Ц*******г Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргад томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, санхүүгийн албаны даргад томилохыг Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч С.П*******, түүний өмгөөлөгч Б.А******* нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...нэхэмжлэгч Э.Ц******* нь “...Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын Санхүү албаны даргад томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, санхүү албаны даргад томилохыг даалгах...” нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч нь нягтлан бодогчоор, мөн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаагүй, мэргэшсэн нягтлан бодогч биш, албан тушаалын тодорхойлолтод нийцээгүй нэр дэвшигчийг санал болгосон тул бүрэн эрхийнхээ дагуу татгалзсан болно.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь нотлох баримтад үндэслээгүй, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй байх тул шийдвэрт дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулав. 

1.Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасантай холбогдуулан Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Я.Д***г албан тушаалаас нь чөлөөлж, улмаар Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн дээрх албан тушаалд шилжүүлэн ажиллуулах зарын дагуу нэхэмжлэгчийн гаргасан шилжин ажиллах хүсэлтийг хариуцагчаас хянан үзэж, Засаг даргын Тамгын газрын 2025 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 3/89 дүгээр албан бичгээр Санхүү албаны даргын сул орон тоонд томилохоос татгалзсан нь, түүнчлэн уг орон тоонд сонгон шалгалт зарлуулахаар Салбар зөвлөлд хандсан нь тус тус Төрийн албаны тухай хууль, холбогдох журамд нийцжээ.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ” гэж заасан, өөрөөр хэлбэл хуулийн уг зүйлд сул орон тоонд сонгон шалгаруулж томилох зохицуулалт тусгагдсан байна.

Харин Салбар зөвлөлөөс дээрх сул орон тоонд шилжүүлэн ажиллуулах зар гаргасан энэ тохиолдолд, тухайлбал уг зарын тухайн албан тушаалд тавигдах болзол, шаардлага хэсэгт “…Зарлагдсан албан тушаалтай адил төрлийн, адил ангилалд ажилладаг байх” гэсэн шалгуур тусгасан нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйл, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 34/31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд гарсны илэрхийлэл юм.  

Өөрөөр хэлбэл шилжүүлэн ажиллуулах албан хаагчийн эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй байх, мөн төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах талаар дээрх хууль, журамд тодорхой заасан байдаг.

2.Гэтэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны А/21 дүгээр тушаалын хавсралтаар баталсан албан тушаалын тодорхойлолтоор нэхэмжлэгчийн эрхэлж буй Төрийн сангийн мэргэжилтэний ангилал, зэрэглэл ТЗ-4, харин Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 42 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн шилжин томилогдохыг хүсч буй Санхүүгийн албаны даргын албан тушаалын ангилал, зэрэглэлийг ТЗ-5 гэж баталсан байх тул адил төрлийн бус, мөн ангилал, зэрэглэл өөр албан тушаалд шилжин ажиллах зохицуулалт хэрэглэгдэхгүй.

Төрийн албаны зөвлөлөөс Э.Ц*******гийн гаргасан өргөдлийн дагуу хариуцагчид хандсан 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Хууль хэрэгжүүлж ажиллах тухай” 04/903 дугаар албан бичигт ч “...Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалын сул орон тоог сонгон шалгаруулалтын үндсэн дээр нөхөх арга хэмжээг даруй авахыг, түүнчлэн төрийн албаны “чадахуйн зарчим /мерит/”-ыг бэхжүүлэх хүрээнд тухайн сумын Засаг даргын Тамгын газрын Төсөв, төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд ажиллаж буй Э.Ц*******г хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа тохиолдолд тус албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцож, өрсөлдөх эрхээр хангах...” талаар анхаарч ажиллахыг шаардсан нь дээрх үндэслэлд хамаарах нотолгоо юм.

Мөн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтаар авагдаагүй ч Санхүүгийн албаны даргын албан тушаалын нэршил, ангилал, зэрэглэлийг Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 208 дугаар тогтоолын 2 дугаар хавсалтаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтоор “сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга буюу төсвийн ерөнхий нягтлан бодогч, Дэс түшмэл, ТЗ-7” тус тус гэж өөрчилсөн байгааг ч тэмдэглэх нь зүйтэй.

3.Нэгэнт хариуцагчаас 2025 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 3/89 дүгээр албан бичгээр сул орон тоонд тусгай шалгаруулалт зарлуулах хүсэлтээ Салбар зөвлөлд гаргасан, хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа нөхцөлд сонгон шалгаруулалтад оролцож өрсөлдөх нь нээлттэй...” гэх тайлбар гаргасан зэргээс үзэхэд шийдвэрт дүгнэсэнчилэн нэхэмжлэгчийн албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхэд нэг бүрчлэн дүгнэлт өгөх боломжгүй.

Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх бөгөөд энэ талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн …асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан, Э.Ц*******гийн хувьд сул орон тоонд шилжин томилогдохыг хүссэн байх тул дээрх хүрээнд маргааны үйл баримтад дүгнэлт өгөх нь зүйтэй.  

Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож түүнийг Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилохыг даалгахдаа нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг гүйцэд анхааралгүйгээр зөвхөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-ыг үндэслэсэн нь “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцсэнгүй.

Харин энэхүү маргааныг хэрхэн шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн цаашид сонгон шалгаруулалтад орж өрсөлдөх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйг, мөн Э.Ц*******гийн Монгол Улсын Их сургуулийг 2012 онд Татварын эдийн засаг, ня-бо /D341500/ мэргэжлээр суралцан төгссөн нь нягтлан бодох бүртгэл /041101/ хөтөлбөрийн индекстэй дүйцэж байгаа талаарх Боловсролын яамны 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/1810 дугаар албан бичгийг сонгон шалгаруулалт явуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 118/ШШ2025/0023 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 44 дүгээр зүйлд заасныг баримтлан Э.Ц*******гийн “…Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын Санхүү албаны даргад томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, уг албан тушаалд томилохыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай”, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, хариуцагч С.П******* түүний өмгөөлөгч Б.А******* нарын давж заалдах гомдлыг хангасугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ШҮҮГЧ                                                        З.ГАНЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

 

                        ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН