Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/135

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

         улсын яллагч Б.Дашням,

         шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,

         шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Б.Э

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын... тоотод хохирогч Э.Дыг "Гар утсаар чинь хүнтэй ярьчихаад өгье" гэж хэлэн 320.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А12 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан, мөн Э.Дын гар утасны ард байсан Хаан банкны виза картыг ашиглан 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс 05-ныг хүртэлх хугацаанд Э.Дын эзэмшлийн Хаан банкны ... тоот данснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 453,684 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          -Шүүгдэгч Б.Эы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Дын гар утсыг утсаар ярья гэж хэлээд гараад цаашаа явсан. Тэгээд гар утасны гэрэнд байсан картыг авч АТМ-ээс мөнгө авсан. Мөнгөөр нь буудал, хоол, архи аваад дууссан. Надад гар утсаа хэрэглэж бай гэж өгөөгүй. Утсаар нь хүнтэй яриад өгье гэж авч гарсан. Дын гар утсыг Ад 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Одоо гар утсыг буцаагаад өгсөн. Хохирол төлсөн зүйл байхгүй. Хэргийн хувьд маргахгүй. Хүлээн зөвшөөрнө. Хохирлоо төлнө гэсэн мэдүүлэг,

          -Хохирогч Э.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сайншанд сумын... тоот хаягт гэртээ ганцаараа байж байх үед зүс таних Э гэх залуу гаднаас манай гэрт орж ирсэн. Э миний утсыг гуйгаад хүнтэй яриад өгье гэж хэлсэн. Би тэгэхээр нь өгөөд нүүрс оруулаад ирье гэхэд би гараад утсаар ярингаа нүүрс оруулаад ирье гэж хэлээд гараад явсан. Тэгээд тэр чигтээ миний гар утсыг аваад алга болсон... Уг утасны гэрэнд миний Хаан банкны карт байсан. Уг дансанд 470.000 төгрөг үлдсэн байсан бөгөөд тухайн мөнгө бас алга болсон байсан гэсэн мэдүүлэг /хх 7-8, 42 ху/,

         -Иргэний нэхэмжлэгч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2023 оны 01 дүгээр сарын 03-ны орой 19-20 цагийн орчимд би өөрийн гэр болох 1-р сургуулийн хажууд байх ... тоот хаягт байж байхад манай хаалгыг хун тогшсон бөгөөд хаалга тайлахад Э өөр үл таних эрэгтэй хүний хамт зогсож байсан бөгөөд хар хөх өнгийн хавтастай гэртэй Самсунг А-12 загварын гар утас гаргаж ирээд би энэ утсыг танд 100.000 төгрөгөөр түр үлдээчихье, маргааш ирээд авчихъя, танд дээр нь нэмээд 10.000 төгрөг өгье гэж хэлсэн. Тухайн гар утас нь унтраалттай байсан бөгөөд асааж үзэхэд код байсан. Тэгээд Э гэгч дахиж ирээгүй. Эаас 100.000 төгрөгөө олж авах хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг /хх 11-12, 16-17 ху/,

         -Гэрч У.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Э нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ноос 05-ны өдөр хүртэл Маргад зочид буудлын 204 тоотод үйлчлүүлсэн гэж санаж байна... Г гэх хүний нэрээр бүртгүүлж буудалд орсон байсан. Буудлын төлбөр болон хоол, архи авсан тооцоогоо Э нь виза карт уншуулан тооцоо хийж байсан. Э нь ямар ч байсан бүтэн өдөр виза карт уншуулж үйлчлүүлж байсан гэсэн мэдүүлэг /хх 44 ху/,

         -Яллагдагч Б.Эы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Дын гар утсыг 100,000 төгрөгөөр тавьсан... Би Дын гар утсыг барьцаанд тавихдаа гар утасных нь гэрт байсан Хаан банкны виза картыг аваад үлдсэн юм... Маргад зочид буудалд өдөр өрөө авч 0.75 литрийн Экс нэртэй архинаас 4 шилийг, 2,5 литрийн Сэрүүн пивоноос нэгийг авч би карт уншуулан авсан. Маргад зочид буудалд бид хоёр хоног архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би Дын виза картаас хэдэн төгрөгөөр юм авсан талаараа мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх 20-21, 38, 105 ху/,

         -Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 22 ху/,

         -Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 24 ху/,

         -Хохирлын үнэлгээ /хх 25-28 ху/,

         -Яллагдагчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 33-34, 100-102 ху/,

        -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 59 ху/,

        -Шийтгэх тогтоолын хуулбар /хх 60-89 ху/ зэрэг болно.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

          Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын... тоотод хохирогч Э.Дыг "Гар утсаар чинь хүнтэй ярьчихаад өгье" гэж хэлэн 320.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А12 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан, мөн Э.Дын гар утасны ард байсан Хаан банкны виза картыг ашиглан 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс 05-ныг хүртэлх хугацаанд Э.Дын эзэмшлийн Хаан банкны ... тоот данснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 453.684 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Эы “Дын гар утсыг утсаар ярья гэж хэлээд гараад цаашаа явсан. Тэгээд гар утасны гэрэнд байсан картыг авч АТМ-ээс мөнгө авсан. Мөнгөөр нь буудал, хоол, архи аваад дууссан. Надад гар утсаа хэрэглэж бай гэж өгөөгүй. Утсаар нь хүнтэй яриад өгье гэж авч гарсан. Дын гар утсыг Ад 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Одоо гар утсыг буцаагаад өгсөн. Хэргийн хувьд маргахгүй” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Э.Дын “...Э гэх залуу гаднаас манай гэрт орж ирсэн. Э миний утсыг гуйгаад хүнтэй яриад өгье гэж хэлсэн. Би тэгэхээр нь өгөөд нүүрс оруулаад ирье гэхэд би гараад утсаар ярингаа нүүрс оруулаад ирье гэж хэлээд гараад явсан. Тэгээд тэр чигтээ миний гар утсыг аваад алга болсон... Уг утасны гэрэнд миний Хаан банкны карт байсан. Уг дансанд 470.000 төгрөг үлдсэн байсан бөгөөд тухайн мөнгө бас алга болсон байсан” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Аийн “...Э өөр үл таних эрэгтэй хүний хамт зогсож байсан бөгөөд хар хөх өнгийн хавтастай гэртэй Самсунг А-12 загварын гар утас гаргаж ирээд би энэ утсыг танд 100.000 төгрөгөөр түр үлдээчихье, маргааш ирээд авчихъя, танд дээр нь нэмээд 10.000 төгрөг өгье гэж хэлсэн. Тухайн гар утас нь унтраалттай байсан бөгөөд асааж үзэхэд код байсан” гэсэн, гэрч У.Дгийн “Э нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ноос 05-ны өдөр хүртэл Маргад зочид буудлын 204 тоотод үйлчлүүлсэн гэж санаж байна... Г гэх хүний нэрээр бүртгүүлж буудалд орсон байсан. Буудлын төлбөр болон хоол, архи авсан тооцоогоо Э нь виза карт уншуулан тооцоо хийж байсан. Э нь ямар ч байсан бүтэн өдөр виза карт уншуулж үйлчлүүлж байсан” гэсэн мэдүүлгүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирлын үнэлгээ болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

         Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхэд авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялган зүйлчлэгддэг.

         Хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүй боловч илээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдлээр илэрдэг.

         Хохирогчийн гар утсыг буцаан өгөхгүйгээр авах зорилгоор “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлэн авч гарсан, нөгөө талаас хохирогч нь түүнд гар утсаа түр хэрэглүүлэхээр өгснөөс бус өөрийн эд хөрөнгө, түүнийг захиран зарцуулах эрхийг сайн дураар бүр мөсөн шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.

          Шүүгдэгч нь хохирогчид “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлж гар утсыг авсан нь хүч хэрэглэхгүйгээр эзэмшигч, өмчлөгчөөс эд хөрөнгийг шилжүүлэн авах арга болгон ашигласан үйлдэл бөгөөд авсны дараа гарч холдсон шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэлээ.

         “Хулгайлах” гэмт хэргийн хувьд бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

          Мөн хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлогтой.

         Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Энэ үйлдэл нь урьдын харилцааны явцад бий болсон итгэл найдварыг эвдэж авсан гэж үзэх үндэслэлтэй” гэсэн тайлбарыг гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх хүсэлтийг гаргасныг хүлээн авах боломжгүй.

Өөрөөр хэлбэл “залилан мэхлэх” гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч, мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана. Түүнчлэн “залилах” гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг. Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.

          Иймд прокуророос шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

   Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

          Иймд гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, прокурор, өмгөөлөгчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт  “ Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

         Хохирлын хувьд хохирогч Э.Дын нарын эд хөрөнгөнд 773.684 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Д.Аийн эд хөрөнгөд 100.000 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Дд 320.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн байна.

         Иймд шүүгдэгч Б.Эаас 553.684 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Дд 453.684 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Ад 100.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй.

         Шүүгдэгч Б.Эы цагдан хоригдсон 9 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2.Шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай. 

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эы эдлэх 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эы цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

          6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эаас 553.684 /таван зуун тавин гурван мянга зургаан зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Д-д 453,684 /дөрвөн зуун тавин гурван мянга зургаан зуун наян дөрөв/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.А-д 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

          8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Ж.БАЙГАЛМАА