Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/136

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                       

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,

нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

улсын яллагч Б.Дашням,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: О.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч О.Б нь шунахайн сэдэлтээр 2023 оны 4 дүгээр сард Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод байрлах өөрийн хашаанд Ч.Гийн итгэмжлэн хариуцуулсан 2 ширхэг шивлер төмрийг завшиж, 2.860.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч О.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ шивлер төмрийг  зарсан нь миний буруу. Хоёуланг нь 500.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед хоол ундны юмгүй хүүхдүүд өлсөөд байсан юм. Хохирлоо төлнө. Энэ хашааг Гоос худалдаж авсан. Энэ 2 төмрийг Гынх гэдгийг зарахдаа мэдэж байсан. Хэргийн хувьд маргахгүй. Нэг төмрийг эзэн нь буцаан авсан гэсэн. Нэг төмрийг нь үнэлгээний дагуу төлнө гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Ч.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Хашаагаа худалдахаасаа өмнө буюу 2021 оны 04 дүгээр сарын орчимд 11 метрийн урттай, 30 сантиметр радиустай 2 ширхэг шивлер темрийг нийлүүлээд 1,600,000 төгрөгөөр хүнээс худалдаж аваад хашаандаа тавьчихсан байсан бөгөөд хашаагаа зарахдаа "Энэ төмрүүдээ өөрөө авч юм хийнэ” гэдгээ хэлээд үлдээсэн байсан юм. Тэгээд өнөөдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум... тоот хашаа руу очиж... 2 ширхэг шивлер төмрөө авах гэтэл байхгүй байсан гэсэн мэдүүлэг /хх 10 ху/,

-Гэрч Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр манай жолоочШ "Та нээрээ шивлер төмөр авна гэсэн бил үү. Нэг хүн хямдхан зарна гэж байсан" гээд надад 60 гэрийн тэнд байдаг нэг айлыг зааж өгсөн. Тэгээд би маргааш өдөр нь кран хөлслөөд тухайн газарт очиж үзэхэд айлын хашааны гадна гудамжинд хоёр ширхэг шивлер төмөр байсан. Би нэг төмрийг нь аваад жолоочШтай “Төмрөө авчихлаа" гэж ярьсан чинь "Та энэ хүний данс руу мөнгөө хийчих” гэж хэлээд О.Б гэх хүний Хаан банкны ...дугаарын дансыг надад өгсөн. Тухайн данс руу 250,000 төгрөгийг Баяр гэсэн утгатай шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /хх 18-19 ху/,

 -Иргэний нэхэмжлэгч Ч.Шын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2023 оны 04 дүгээр сарын эхээр Холбооны байрны тэнд явж байгаад онгорхой айлын хашаанд байх 2 ширхэг шивлер төмрийг олж хараад тухайн айлын эзэнтэй уулзсан. "Энэ хоёр төмрөө зарах юм уу" гэж асуухад 500,000 төгрөгөөр зарна" гэсэн. Тэгэхээр нь би урьдчилгаа мөнгө гэж 150,000 төгрөг бэлнээр өгсөн. “Үлдэгдэл мөнгийг нь кран олоод төмрөө очиж авахдаа шилжүүлнэ” гэж хэлээд явсан. Тэр өдрөө машин олоод төмрөө очиж аваад гэрийнхээ хашааны гадна талд тавьсан. Тэгээд би Ханги боомт руу ажлаа хийхээр явсан. Намайг Ханги боомт дээр байхад Га над руу яриад "Нөгөө авсан төмөр чинь байгаа юу. Би нэг төмрийг нь очиж авъя" гэхээр нь би гэрийн гадаа байгаа очоод авчих гэж хэлсэн. Га надаас төмөр зарсан Б гэх эмэгтэйн утасны дугаарыг аваад данс руу нь 250,000 төгрөг шилжүүлсэн гэж байсан гэсэн мэдүүлэг /хх 28-29 ху/,

-Яллагдагч О.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Манайх уг хашааг 2022 оны 06 дугаар сард Г гэх хүнээс худалдаж авч байсан. Худалдаж авах үед хашаан дотор тухайн хоёр төмөр нь байсан. Г гэдэг хүн хашаанд эд нарыг үлдээгээд дараа нь ирээд авна гэж хэлээд явсан... Манай хашаанд байсан 2 төмрийг 500.000 төгрөгөөр авъя гэхээр нь зараад эхлээд 150.000 төгрөг аваад үлдсэнийг нь дараа нь хийнэ гэж хэлээд явсан. Маргааш нь би машин түрээслээд хоёр төмрийг Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг Таван эрдэнэ караокены баруун талаар ороод нарийн гудамжинд аваачиж тавьсан. Тэгээд үлдэгдэл мөнгийг 04 дүгээр сарын 28-ны өдөр миний Хаан банк дахь ...тоот данс руу 250.000 төгрөгийг Баяр гэсэн утгатай шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /хх 13-14, 22-23, 45 ху/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-7 ху/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 24-25 ху/,

-Хохирлын үнэлгээ /хх 32-35 ху/,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх 39-41,44-45 ху/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 48 ху/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч О.Б нь шунахайн сэдэлтээр 2023 оны 4 дүгээр сард Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод байрлах өөрийн хашаанд Ч.Гийн итгэмжлэн хариуцуулсан 2 ширхэг шивлер төмрийг бусдад худалдан 2.860.000 төгрөгийн хохирол учруулан завших гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч О.Бийн “...энэ төмрийг зарсан нь миний буруу. Хоёуланг нь 500.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед хоол ундны юмгүй хүүхдүүд өлсөөд байсан юм. Хохирлоо төлнө. Энэ хашааг Гоос худалдаж авсан. Энэ 2 төмрийг Гынх гэдгийг зарахдаа мэдэж байсан. Хэргийн хувьд маргахгүй. Нэг төмрийг нь эзэн нь буцаан авсан гэсэн. Нэг төмрийг нь үнэлгээний дагуу төлнө” гэсэн мэдүүлэг, мөрдөн гшалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ч.Гийн “...хашаагаа худалдахаасаа өмнө буюу 2021 оны 04 дүгээр сарын орчимд 11 метрийн урттай, 30 сантиметр радиустай 2 ширхэг шивлер темрийг нийлүүлээд 1,600,000 төгрөгөөр хүнээс худалдаж аваад хашаандаа тавьчихсан байсан бөгөөд хашаагаа зарахдаа энэ төмрүүдээ өөрөө авч юм хийнэ гэдгээ хэлээд үлдээсэн байсан юм. Тэгээд өнөөдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум... тоот хашаа руу очиж... 2 ширхэг шивлер төмрөө авах гэтэл байхгүй байсан” гэсэн, гэрч Б.Гын “Би 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр манай жолоочШ та нээрээ шивлер төмөр авна гэсэн бил үү. Нэг хүн хямдхан зарна гэж байсан гээд надад 60 гэрийн тэнд байдаг нэг айлыг зааж өгсөн. Тэгээд би маргааш өдөр нь кран хөлслөөд тухайн газарт очиж үзэхэд айлын хашааны гадна гудамжинд хоёр ширхэг шивлер төмөр байсан. Би нэг төмрийг нь аваад жолоочШтай төмрөө авчихлаа гэж ярьсан чинь та энэ хүний данс руу мөнгөө хийчих гэж хэлээд О.Б гэх хүний Хаан банкны ...дугаарын дансыг надад өгсөн. Тухайн данс руу 250,000 төгрөгийг Баяр гэсэн утгатай шилжүүлсэн” гэсэн, иргэний нэхэмжлэгч Ч.Шын “Би 2023 оны 04 дүгээр сарын эхээр Холбооны байрны тэнд явж байгаад онгорхой айлын хашаанд байх 2 ширхэг шивлер темрийг олж хараад тухайн айлын эзэнтэй уулзсан. энэ хоёр төмрөө зарах юм уу гэж асуухад 500,000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгэхээр нь би урьдчилгаа мөнгө гэж 150,000 төгрөг бэлнээр өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь кран олоод төмрөө очиж авахдаа шилжүүлнэ гэж хэлээд явсан. Тэр өдрөө машин олоод төмрөө очиж аваад гэрийнхээ хашааны гадна талд тавьсан. Тэгээд би Ханги боомт руу ажлаа хийхээр явсан. Намайг Ханги боомт дээр байхад Га над руу яриад нөгөө авсан төмөр чинь байгаа юу. Би нэг төмрийг нь очиж авъя гэхээр нь би гэрийн гадаа байгаа очоод авчих гэж хэлсэн. Га надаас төмөр зарсан Б гэх эмэгтэйн утасны дугаарыг аваад данс руу нь 250,000 төгрөг шилжүүлсэн гэж байсан” гэсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирлын үнэлгээ болон бусад бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          “Хөрөнгө завших” гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгох бөгөөд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсанаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирлын хэмжээ шаардагдахгүй гэмт хэрэг юм.

“Итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшихыг ойлгоно.

           Шүүгдэгч О.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжүүдийг тус тус агуулж байна гэж дүгнэлээ.

 Дээрх нөхцөл байдлаар шүүгдэгч О.Бийг гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгчийн хувьд 01-11 насны 4 хүүхдийн хамт тус аймгийн Сайншанд сумын 8 дугаар багт амьдардаг болох нь багийн засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулах  боломжтой гэж үзэв.

Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагч болон өмгөөлөгч нарын гаргасан ялын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолын биелэлтийг 1 жилийн хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэлээ.

   Хохирлын хувьд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Гт 2.860.000 /хохирлын үнэлгээгээр тогтоогдсон/ төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад 1 шилвер төмрийг хохирогчид биет байдлаар буцаан өгсөн тул хохирлоос хасч тооцон, үлдэх 1.430.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бт 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолын биелэлтийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд бага насны хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийх, мөн санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 187 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолын биелэлтийг хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бээс 1.430.000 /нэг сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Г-д олгосугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

  9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА