| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2023/0136/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/137 |
| Огноо | 2023-08-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ,
улсын яллагч Б.Ариунтөр,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,
шүүгдэгч Х.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Тт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Х.Т
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Х.Т нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын ... гэх газарт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр А.Кыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн өшиглөх, цохих, цүнхний оосроор ороолгох зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун мөр, баруун буглаг, баруун дал, зүүн ташаа, зүүн өгзөг, баруун зүүн гуянд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Х.Т нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын ... гэх газарт байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр А.Кыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн өшиглөх, цохих, цүнхний оосроор ороолгох зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун мөр, баруун буглаг, баруун дал, зүүн ташаа, зүүн өгзөг, баруун зүүн гуянд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч А.Кы "... Би 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр... хүүхэдтэйгээ унтаж байсан чинь шөнийн 00 цаг 30 минутын үед манай нөхөр гэрийн гадаа мотоциклтой ирээд сигналдаад байхаар нь би сэрээд босоод хартал манай нөхөр намайг чи наашаа гараад ир гээд дуудсан... согтуу зогсож байснаа гартаа ууттай мах барин зогсож байгаад над руу чи энийг ав гэж хэлээд нөгөө ууттай махаа миний зүг рүү газар луу шидсэний дараа манай нөхөр намайг наад махаа газраас аваад өг гэж хэлэхээр нь би газраас махыг нь аваад нөхөртөө өгсөн чинь манай нөхөр нөгөө махыг авчихаад миний баруун гуя руу баруун хөлөөрөө 1 удаа өшиглөөд гэр лүү ор гэж хэлсэн. Би гэртээ орсон чинь манай нөхөр дахиад баруун хөлөөрөө миний баруун зүүн гуя руу өшиглөөд л байсан. Хэдэн удаа өшиглөснийг нь мэдэхгүй байна. Тэгээд намайг орон дээр суу гэж хэлээд суусны дараа орон дээрээс бос гээд удаа дараа зөндөө босгож, суулгасан. Тэгсэн чинь манай нөхөр миний гоо сайхны бор цүнхээр миний толгойны баруун хэсэг рүү 1 удаа цохисон, цүнхний оосор тасарсан чинь оосрыг нь 2 давхарлаж байгаад баруун гартаа ороож байгаад баруун гарын булчин болон дал руу 4-өөс 5 удаа шавхуурдахаар нь би нөхрийгөө чи боль л доо, миний бие өвдөж байна, хүүхдүүд хараад байна гээд уйлсан чинь манай хоёр хүүхэд уйлаад манай нөхөр хоёр хүүхэд рүүгээ та хоёр яах гээд байгаа юм, унтаач гэсэн. Манай хоёр хүүхэд уйлж байгаад орондоо ороод унтсан. Тэгсэн чинь манай нөхөр ширээн дээр байсан жижиг төмөр тогоонд байсан цайг ууж дуусгаад жижиг төмөр тогоог баруун гартаа барьж байгаад миний толгойны баруун тал руу 1 удаа цохихоор нь би 2 гараараа толгойгоо хамгаалсан чинь манай нөхөр наад хоёр гараа аваач гэж хэлээд миний баруун шуу хэсэгт 1 удаа цохиод жижиг тогоог ширээн дээр тавьсан... Манай нөхөр Т урд өмнө надад гар хүрч зодож байгаагүй. Анх удаа зодсон... Би Х.Тээс ямар нэгэн юм нэхэмжилж авахгүй. Бид хоёр хоорондоо учраа олчихсон хамт амьдарч байгаа учраас санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 39-40, 53 ху/, хохирогчийн биед баруун мөр, баруун буглаг, баруун дал, зүүн ташаа, зүүн өгзөг, баруун зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 02/246 дугаартай дүгнэлт /хх 33 ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 62 ху/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Х.Тийн “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Хэргийн хувьд маргахгүй. Одоо эхнэртэйгээ хамт амьдарч байгаа” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Х.Тийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Х.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаархи саналыг яллагдагч Х.Тт танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Х.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Кы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй /хх 66 ху/ тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА