Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 44

 

Б.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00910/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, шүүгч С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 265 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Д-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.О-, Ц.Э- нарт холбогдох

          “Дархан сумын 9 дүгээр багийн 4/2-148 тоот байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, хамтран өмчлөх дундын өмчөөс өөрт ногдох хэсэг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Д.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, хариуцагч Б.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр, хариуцагч Ц.Э- нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, хариуцагч Б.О-гийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр, хариуцагч Ц.Э-  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Д-гаас:

Д.Д- нь Н.Д-, Ж.Ц- нарын бага охин болж 1989 онд төрсөн ба эцэг эхээсээ хоёулаа, эгч Д.Д-гийн хамт ам бүл 4-үүлээ байсан. Аав, ээж хоёр маань 2000 оны 09 дүгээр сарын 13-нд гэрлэлтээ цуцлуулж аав маань тусдаа болж би аавтайгаа ээж маань эгчтэй хамт тус тусдаа амьдарсан. Би аав Н.Д-гийн хамт Дархан сумын 5 дугаар багийн 20/4-14 тоотод хоёулаа амьдарч байхад Б.О- охин С.Н-ийн хамт аавтай гэр бүл болохоор манай гэрт ирсэн. Тус байранд амьдарч байгаад 20/4-14 тоотыг аав барьцаалж зээл авч 9 дүгээр багийн 4/2-148 тоотод 4 өрөө байрыг худалдан авч аав Н.Д- хойд эх Б.О-, дагавар охин С.Н-ь бид дөрөв энэ байр руу нүүцгээж 5 дугаар багийн 20/4-14 тоотод ээж эгч маань буцаж орсон юм. Аав 2010 оны 09 дүгээр сарын 16-нд нас барж би хойд ээж Б.О-тай таарч тохирохгүй учир бидний амьдарч байсан энэ байрнаас явж, тухайн үед ээж эгчтэйгээ амьдарсан. 9 дүгээр багийн 4/2-148 тоот нь аав Н.Д-гийн нэр дээр байсныг Б.О- 2012 оны 04 дүгээр сарын 10-нд аав хойд эх хоёрын дундаас гарсан Д.Ц-ийн нэр дээр болгосныг сая мэдсэн. Иймд 9 дүгээр багийн 4/2-148 тоот байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, хамтран өмчлөх дундын өмчөөс өөрт оногдох хэсгийн гаргуулж өгнө үү гэжээ.

Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

...Б.О- талийгаач эцэг Н.Д-тэй гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байж бүртгүүлсэн мэтээр хуурамч гэрлэлт бүртгүүлсэн гэрчилгээ бичүүлж дүү Д.Ц-ийг миний эцэг Н.Д-гээр овоглож төрсний гэрчилгээ авсан байсан. Д.Д- миний бие талийгаач эцэг Н.Д-, Б.О- нартай хамт 2010 он хүртэл амьдарч байгаад Б.О-гийн дарамт шахалтаас болж 2010 онд ээж дээрээ очсон юм. Д.Д- миний бие өнөөдрийг хүртэл хуучин амьдарч байсан 4/2-148 тоотод бүртгэлтэй байгаа болно. Гэтэл миний төрсөн эцэг Н.Д- 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэнэт өвдөж зуурдаар нас барсан бөгөөд бидэнд нөхөж баршгүй зовлон тохиолдсон юм. Эцэг маань амьд сэрүүн байхдаа Дархан сумын 9 дүгээр багийн 4 дүгээр хорооллын 2 дугаар байрны 148 тоот 4 өрөө орон сууцыг худалдан авч зөвхөн өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг бичүүлж авснаас гадна Дархан сум 5 дугаар баг, 20 дугаар хорооллын 4 дүгээр байрны 14 тоот 2 өрөө орон сууцыг аав, ээж хоёр Дарханы Ус сувгийн удирдах газарт хамт ажиллаж байхад байгууллагаас нь өгсөн гэдэг. Энэ байрны өмчлөгчөөр Н.Д-, хамтран өмчлөгчөөр охин Д.Д- нарыг бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан юм. Эцэг эх хоёр маань гэрлэлтээ цуцлуулснаас хойш ээж Ж.Ц- сум дундын шүүхэд эцэг Н.Д-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж 5 дугаар багийн 20/4-14 тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд эцэг Н.Д- охин Д.Д-г насанд хүрмэгц өмчлөх эрхийг шилжүүлж өгнө гэсэн тайлбар гаргасан тул сум дундын шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 367 тоот шүүгчийн захирамжаар ээж Ж.Ц- нэхэмжлэлээсээ татгалзсан байдаг. Гэтэл аав маань амьд сэрүүн үедээ 20/4-14 тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөх эрхээ эгч Д.Д-гийн өмчлөлд шилжүүлж амжаагүй тул эцгийн маань өвлөгдөх эд хөрөнгөд дээр дурдсан 4/2-148 тоот 4 өрөө орон сууц, 20/4-14 тоот 2 өрөө орон сууцны хамтран өмчлөх эрх буюу талийгаачид оногдох хэсэг үлдсэн юм. Гэтэл талийгаач эцэгтэй маань хамтран амьдарч байсан Б.О- нь хууль ёсны өв залгамжлагч нар болох миний эгч Д.Д-, Д.Д- нарт эцгийн минь нэр дээр хамтран өмчлөгчгүй бүртгэлтэй байсан. Дархан сумын 9 дүгээр багийн 4 дүгээр хорооллын 2 дугаар байрны 148 тоот 4 өрөө орон сууцыг өгөхгүйн тулд элдэв арга заль сэдэж нас барснаас нь хойш 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тухайн үед 8 настай байсан. Иргэний эрх зүйн чадамжгүй этгээд буюу өөрийн хүү Д.Ц-ийн нэр дээр 66 тоот өвлөх эрхийн гэрчилгээ бичүүлэн авахдаа хууль ёсны өв залгамжлагч нар болох Д.Д-, Д.Д- нарыг байлцуулалгүйгээр нууцаар 107 дугаар тойргийн нотариатч Ц.Э-гээр хууль бус үйлдэл хийлгэж эгч бид хоёрын өв залгамжлах эрхийг ноцтой зөрчсөн юм. Б.О- нь талийгаачийн өв залгамжлагч төрсөн хоёр охин нь байгааг мэдсээр байж нотариатч Ц.Э-д энэ тухай мэдэгдэлгүй өөрийн 8 настай төрүүлсэн хүү Д.Ц-ийн нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээг бичүүлж авч бидний өвлөх эрхийг зөрчиж байхад нотариатч Ц.Э- нь нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг зөрчиж үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоож, өөр өвлөгч байгаа эсэхийг эрх бүхий байгууллагаас тодруулж тодорхойлолт авалгүйгээр ганц Б.О-гийн 8 настай эрх зүйн чадамжгүй этгээдийн нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ олгож Нотариатын тухай хуулийн 30.2, 31.1.1, 31.1.4, 43.1, 43.3, 43.5 дахь заалтуудыг ноцтой зөрчиж өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг Б.О- сайн мэдэж байсан бөгөөд энэ бусармаг үйлдлээ хаацайлахын тулд 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Д.Д- намайг дуудаж чи манайд ирээд 2 өрөө байрныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг авчих гэж хэлэхээр нь би ээж эгч хоёрынхоо байрны гэрчилгээг авч өгье гэж бодоод Б.О-гийн гэрт очиход тохиролцооны бичиг хэмээх хууль бус бичиг баримтыг үйлдэж цаасан дээр 2003008495 бүртгэлтэй 2 өрөө байрны гэрчилгээг охин Д-д хүлээлгэн өгөв гэж бичээд доор нь нэлээн их зай үлдээж миний нэрийг бичсэн байсныг би уншиж үзээд байрны гэрчилгээг авч байгаа болохоор гарын үсгээ зурсан юм. Тухайн үед тус бичиг дээр Тохиролцооны бичиг Дархан сумын 9 дүгээр багийн 4/2-148 тоот 4 өрөө орон сууцыг Д.Ц-д өвлүүлэхээр тохиролцов гэсэн бичиглэл байгаагүй болно. Б.О- нь анхнаасаа 2 өрөө байрны гэрчилгээг өгөх нэрийдлээр миний гарын үсгийг зуруулж аваад гарын үсэг зарснаас хойш өөрөө тухайн цаасан дээр Тохиролцооны бичиг гэсэн гарчиг бичээд доор нь үлдээсэн хоосон зайнд Дархан сумын 9 дүгээр баг 4-2-148 тоот 4 өрөө орон сууцыг Д.Ц-д өвлүүлэхээр тохиролцов гэсэн бичиглэлийг өөрийн гараар нэмж бичээд хуурамч баримт үйлдэж хадгалсан байснаа шүүх хурал дээр нотлох баримт болгон гаргаж ирсэнд миний бие маш их гайхсан бөгөөд энэ бичгийг хууль зөрсөн хуурамч бичиг гэж үзэж байгаа тул тухайн бичиглэлийн хэний гараар бичсэн тохиролцооны бичиг, Дархан сумын 9 дүгээр баг 4/2-148 тоот 4 өрөө орон сууцыг Д.Ц-д өвлүүлэхээр тохиролцов гэсэн бичиглэлийг сүүлд нөхөж бичсэн эсэхийг шинжээчийн дүгнэлт гаргуулж тогтоолгоно гэж бодож байна. Дээр дурдсан тохиролцооны бичиг гэх бичиглэлд дурдсан зүйлийн агуулга Б.О-гийн тус шүүхэд гаргасан тайлбараас харахад миний талийгаач эцэг, эгч Д.Д- нарын хамтран өмчилдөг 5 дугаар багийн 20/4-14 тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг надад хүлээлгэн өгснөөр тухайн байрыг өв залгамжлалаар миний өмчлөлд шилжүүлсэн гэсэн утгатай зүйл бичсэн байна. Гэтэл ээж Ж.Ц-, эгч Д.Д- нарын амьдарч байсан хоёр өрөө байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.О-гаас хүлээн авах үед талийгаач эцэг Н.Д-, эгч Д.Д- нарын өмчлөлд бүртгэлтэй байсан гэрчилгээг би хүлээн авч ээж эгч хоёртоо дамжуулж өгсөн болно. Тухайн 2 өрөө байрны өмчлөгчөөр Д.Д- миний бие хэзээ ч бүртгүүлж байгаагүй бөгөөд энэ талаар миний бие шүүхэд жич хүсэлт гаргаж Эрхийн улсын бүртгэлийн албанаас нотлох баримтыг гаргуулах болно. Б.О- надад хоёр өрөө байрыг өв залгамжлалын журмаар өгөх эрхгүй этгээд бөгөөд энэ хүн миний аавтай гэрлэлтээ хууль ёсоор бүртгүүлээгүй тухайн байрны өмчлөгч биш байсан болохоор хоёр өрөө байрны хувьд гэрчилгээг надад хүлээлгэж өгснөөр байрны өмчлөх эрх надад шилжээгүй юм. Иймд 2 өрөө байрны өмчлөх эрхийн гэрчилгээг надад хүлээлгэн өгсөн гэх хэлцэл нь үл хөдлөх хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх хуульд нийцсэн хэлцэл биш юм. Тохиролцооны бичиг гэх нэртэй цаасан дээр бичсэн Дархан сумын 9 дүгээр баг 4/2-148 тоот 4 өрөө орон сууцыг Д.Ц-д өвлүүлэхээр тохиролцов гэсэн бичиглэл нь мөн л Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан Өвлөгч нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5-д заасны дагуу өв хүлээн авахаас татгалзвал нотариатч хүсэлтийг нь гэрчилж түүнд ногдох хэсгийг хууль ёсны бусад өвлөгчид санал болгож зөвшөөрвөл өвлөх эрхийн гэрчилгээг олгоно гэсэн заалтыг зөрчсөн хэлцэл байх бөгөөд энэхүү хэлцэл нь 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бичигдсэн байгаа нь Өвлөх эрхийн гэрчилгээ 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр олгосноос хойш 1 жилийн дараа бичигдсэн байгаа нь Д.Д- миний бие өвлөх эрхийн гэрчилгээ олгохоос өмнө өвлөгдөх эд хөрөнгөнөөс татгалзаагүй болохыг нотолж байна. Хэрэв Д.Д- миний бие эцэг Н.Д-гийн өвлүүлэх хөрөнгө болох 4 өрөө орон сууцны оногдох хэсгээс татгалзсан бол өв залгамжлах эрхийн гэрчилгээг Д.Ц-д олгох үед буюу 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нотариатч дээр өөрийн биеэр очиж өв залгамжлахаас татгалзсан хүсэлтээ бичиж тухайн хүсэлтийг нотариатч гэрчилснээр миний татгалзал хүчин төгөлдөр болох байсан юм. Гэтэл Б.О- нь Өв залгамжлах эрхийн гэрчилгээг 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бусад өв залгамжлагч нарт мэдэгдэлгүй хууль бусаар бичүүлж авчхаад түүнээс хойш 1 жилийн дараа миний гарын үсгийг ашиглаж хуурамч бичиг үйлдсэн баримт гаргаж Д.Д- намайг өв залгамжлахаас татгалзсан гэж ярьж байгаа бол энэ баримтад бичигдсэн зүйл нь бүгд хууль зөрчсөн утгатай байх тул тохиролцооны бичиг гэх нэртэй хэлцэл нь тухайн хэлцлийг хэний гараар бичсэн хэн гарын үсэг зурснаас үл шалтгаалан Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна. миний бие талийгаач эцэгтэйгээ хамт амьдарч байсны хувьд эцгийнхээ нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй байсан орон сууцыг Б.О- өөрийн болон хүү Д.Ц-ийн нэр дээр шилжүүлнэ гэдгийг мэдэж байсан тул үүнээс болгоомжилж 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтэст хандан хүсэлт гаргаж Д.Д- миний бие эцэг Н.Д-гийн хамт Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 2-148 тоотод оршин сууж амьдарч байсан. Миний эцэг Н.Д- нас барсан тул түүний эзэмшилд байсан 4 өрөө үл хөдлөх хөрөнгийг өв залгамжлах эрх нээгдэх хүртэл хугацаанд ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байхаар урьдчилсан тэмдэглэл хийж өгөхийг хүсье гэсэн хүсэлтийг гаргасан байсан юм. Нэгэнт ийм хүсэлт гаргасан болохоор тухайн байрыг хүү Д.Ц-ийн өмчлөлд шилжсэн гэж мэдээгүй бөгөөд Б.О- ч надад энэ тухай хэлээгүй учир мэдэх боломжгүй байсан харин 2013 онд шүүхэд 4 өрөө байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргах үед эцгийн маань өмчлөлд байсан 4 өрөө орон сууц дүү Д.Ц-ийн өмчлөлд шилжсэнийг мэдсэн юм. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа эгч Д.Д-тай хамтарч нэхэмжлэл гаргах нь зөв гэж үзээд нэхэмжлэлээ татан авсан юм. Үүнээс хойш талийгаач эцэг Н.Д-, эгч Д.Д- нарын хамтран өмчилж байсан 5 дугаар баг 20/4-14 тоот 2 өрөө орон сууцны аавд оногдох хэсгийг эгч Д.Д-д шилжүүлэн өгөхөөр тохирч эгч маань өв залгамжлалаар өөрт оногдох хэсгийг авсан тул Д.Д- миний бие ганцаараа нэхэмжлэл гаргасан юм. Ингэхээр талийгаач эцэг Н.Д-гийн өмчлөлд хамтран өмчлөгчгүйгээр улсын бүртгэлд бүртгэсэн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хорооллын 2 дугаар байрны 148 тоот 4 өрөө орон сууц нь миний дүү Д.Ц- бид хоёрт өв залгамжлалын журмаар шилжин ирэх ёстой гэж үзэж байна. Одоогийн зах зээлийн ханшаар 4 дүгээр хороолол 4 өрөө орон сууцны үнэ доод тал нь 70.000.000 төгрөгийн үнэтэй байгаа юм. Дээр дурдсан үндэслэлүүдээр Д.Д- миний бие урьд нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хууль зөрчиж үйлдэгдсэн 66 тоот өв залгамжлах эрхийн гэрчилгээ 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б.О- Д.Д- нарын хооронд хийгдсэн Тохиролцооны бичиг нэртэй хэлцлийг тус тус хүчингүйд тооцуулах, хууль ёсны өв залгамжлагч Д.Д-д төрсөн эцэг Н.Д-гээс өв залгамжлалын дагуу шилжих ёстой байсан Дархан сумын 9 дүгээр багийн 4 дүгээр хорооллын 2 дугаар байрны 148 тоот 4 өрөө орон сууцны одоогийн зах зээлийн үнээс оногдох хэсэг болох 35.000.000 төгрөг гаргуулах гэжээ.

Хариуцагч Б.О-гаас:

Миний бие нь талийгаач нөхөр Н.Д-тэй 1999 оноос хойш хамт амьдарсан ба бидний дундаас хүү Д.Ц- төрсөн. Нөхөр Н.Д- маань өвчний учир 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан. Д.Д- 10 дугаар ангиа төгсөөд Улаанбаатар хотод Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн оюутан болоод 2010 оны хавар төгсөх болж би өөрөө хонхны баяр дээр нь ирсэн боловч тухайн үед сургуулийн захирал нь ...танай хүүхэд сургуулиа төгсөж чадахгүй ээ удаан хугацаанд хичээлдээ огт суугаагүй гээд диплом олгох боломжгүй гэсэн. Аав нь үүнийг сонсоод маш их уурласан. Хүний хайр даахгүй итгэл алдсан учир дахиж уулзмааргүй байна надаас хол амьдраарай гээд үзэж чадахгүй байсан болохоор нь би өөрөө Д.Д-г төрсөн ээж Ж.Ц-д хүргэж өгч байсан юм. Үүнээс хойш Д.Д- нь аавтайгаа огт уулзаагүй байсаар өнгөрөөсөн. Д.Д- бид хоёрын хооронд нэхэмжлэлдээ бичсэн шиг таарч тохирохоо байсан асуудал байгаагүй. Утсаар байнга холбогдож амьдрал ахуйгаа ярьж хөөрдөг байсан. Д.Д- сүүлдээ байн байн мөнгө нэхэж нэг өдөр эх Ж.Ц-той ирээд одоо сургуульдаа дахин суух гэж байгаа та надад итгээрэй би ямар ч байсан сургуулиа төгсөнө гэхээр нь би чамайг сургуулиа амжилттай төгсөөд дипломоо аваад ирвэл би ямар ч байсан ажилд оруулж өгнө. Аавыгаа бодоод ч гэсэн сургуулиа л сайн төгсөөрэй гээд явуулж байсан. Тэр үед сургуулийн төлбөр байр түрээслэх мөнгө хэрэгтэй байна гээд байхаар нь би Д.Д-д 5.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. Өөр жижиг сажиг мөнгийг байнга өгдөг байсан. Мөн 2011 оны 06 дугаар сарын 08-нд Д.Д-гийн төрсөн өдрөөр нь хүртэл бэлэг аваарай гэж мөнгө шилжүүлж байсан. Сүүлд буюу 2012 оны 10 дугаар сарын 07-ны орой Д.Д- хүүхэдтэйгээ манайд ирсэн. Би хүүхдийг нь анх удаа харсан болохоор өрөвдөөд аавыг нь дурсаж баахан уйлсан. Тэгээд Д.Д-д аавынх нь бүх хувцас хунарыг хүүхдэд нь өвөөгийнх нь хэрэглэж байсан мөнгөн аягыг нь өгөөд явуулсан. Энэ өдөр би Д.Д-тай харилцан ярилцаж, хуучин Дарханы 2 өрөө байрыг Д.Д-г эгчтэйгээ шинэ Дарханы 4 өрөө байрыг би дүүтэй нь авахаар тохиролцсон юм. Ингээд хуучин Дарханд байрлах Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 4 дүгээр байрны 14 тоот 29.0 м.кв талбайтай улсын бүртгэлийн 2003008495 дугаарт бүртгэгдсэн үл хөлдөх эд хөрөнгийн гэрчилгээг охин Д- овогтой Д-д хуучин Дарханы байрны ордерыг өгсөн. Сүүлд нь утсаар ярихад хуучин Дарханы байраа би өөрийнхөө нэр дээр болгочихсон гэж байсан. Нөхрөө өнгөрснөөс хойш Д.Д- би дүү Д.Ц-тэй юу гэж энэ байрыг булаацалдах вэ удам залгах ганц хүү нь шүү дээ гэж ярьдаг байсан хэрнэ ахин шүүхэд хандаж эд хөрөнгө нэхээд байгаад гайхаж байна. Д.Д- өмнө нь буюу 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мөн яг энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 663 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Иймд Д.Д-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь бид энэ асуудлаар аль хэдийн тохиролцсон гэжээ.

Хариуцагч Ц.Э-ээс:

Нотариатч Ц.Э- би 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр талийгаач Н.Д-гийн хүү Д.Ц-д түүний асран хамгаалагч эх Б.О-гийн гаргасан хүсэлтийн дагуу талийгаачийн өмгөөлөгчийн Дархан-Уул аймаг Дархан сум 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 2 дугаар байр 148 тоот 4 өрөө орон сууцыг өвлүүлэхээр өв залгамжлах эрхийн гэрчилгээг олгосон. Би өв залгамжлах эрхийн гэрчилгээг олгохдоо Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан өвлөгч болох талийгаачийн төрсөн хүүд уг гэрчилгээг олгосон. Мөн би уг гэрчилгээг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасны дагуу өв нээгдсэнээс хойш нэг жилийн дараа олгосон. Тухайн үед салбараас энэ орон сууцны талаар бусад өвлөгч нараас гаргасан хүсэлт байгаа эсэх талаар амаар асуухад байхгүй байсан учир хүсэлт гаргаж ирсэн төрсөн хүүд нь өвийн гэрчилгээг олгосон. Нэхэмжлэгч Д.Д- нь тухайн орон сууцыг өвлөх хүсэлтэй байсан бол Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т зааснаар өвлөх хүсэлтээ нотариатчид гаргах эрх нь нээлттэй байсан. Нэхэмжлэгч Д.Д- нь өвлөх хүсэлтээ зохих байгууллага этгээдэд гаргаагүй бол Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-д зааснаар өвлөхөөс татгалзсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Миний олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээний хувьд ямар нэгэн хууль зөрчөөгүй бөгөөд насанд хүрээгүй эрх зүйн чадамжгүй хүүхэд өвлөж болохгүй түүнд өвлөх эрхийн гэрчилгээ олгож болохгүй гэсэн хууль Монгол Улсад байхгүй. Харин ч өв залгамжлах эрхийн гэрчилгээг олгохдоо насанд хүрээгүй хүүхэд байгаа эсэхийг тодруулж түүнд ноогдох хувийг заавал олгуулахыг шаарддаг. Миний Д.Ц-ийн асран хамгаалагчийн хүсэлтээр түүнд олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээний хувьд ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй болно. Иймд өвлөгч нарын хооронд өв хөрөнгөнөөс хувь хүртэх талаар маргаан байгаа бол нотлох баримтыг үндэслэн хэнд ямар хэмжээгээр ноогдох эсэхийг шүүх шийдвэр нь зүйтэй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 265 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Д.Ц-д олгосон 66 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож,

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3, 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6-д зааснаар 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Д.Д-, Б.О- нарын хооронд хийгдсэн Тохиролцооны бичгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Б.О-гаас 19.333.333 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгож, 15.666.667 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 403.150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70.200 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод, хариуцагч Ц.Э-ээс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагч Б.О-гаас 324.816 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс давсан шийдвэрийг гаргалаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж өв залгамжлалын дагуу оногдох ёстой байсан хөрөнгө буюу 35.000.000 төгрөгийг гаргуулах шаардлага болгож өөрчилсөн. Гэтэл анхан шатны шүүх өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн атлаа анхны нэхэмжлэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр боллоо. Нас барсан өдрөөс өвлөх эрхийн гэрчилгээг олгох хүртэл 382 өдөр буюу 1 жил 17 хоног өнгөрчээ. Гэтэл шүүх 1 жил өнгөрөөгүй байна гэж үзэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Уг хэргийн хувьд нотариатч Ц.Э- нь өв нээгдсэнээс хойш 1 жил 17 хоногийн дараа гэрчилгээ олгосон нь хуулийн шаардлагыг зөрчөөгүй. Иймд хуулийг буруу тайлбарлаж гаргасан хэргийн бодит байдалтай нийцээгүй анхан шатны дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Д-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтыг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийн бодит байдалд үндэслэлгүй алдаатай дүгнэлт хийсэн. Шүүх хуралдааны өмнө нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн баримтыг хянаж үзэлгүй Б.О-г хууль ёсны өв залгамжлагч гэж үзсэн нь үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Шүүх Иргэний хуулийн 528.5-д заасныг баримталж хууль ёсны өвлөгч Д.Д-д ногдох хэсгийг өөрийнх нь хүсэлтээр дүү Д.Д-д олгох ёстой байтал хууль ёсны өв залгамжлагч Д.Д-д оногдох хэсгийг хэнд шилжүүлэх талаар огт дурдалгүй орхигдуулсан байдаг. Хууль ёсны өв залгамжлагчид оногдох хэсгийг хариуцагч Б.О-д үлдээхээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна гэв.

Хариуцагч Ц.Э- давж заалдсан гомдолдоо:

Уг шийдвэрт миний 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр талийгаач Н.Д-гийн төрсөн хүү Д.Ц-д олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Миний Д.Ц-д олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээ хуулийн заалтуудын алийг нь ч зөрчөөгүй болно. Талийгаач Д- 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан. Би талийгаачийн хүү Д.Ц-д өв залгамжлах эрхийн гэрчилгээг 2011 оны 10 дугаар сарын 03-нд олгосон. Өөр хэлбэл өв залгамжлах эрхийн гэрчилгээг талийгаач нас барснаас хойш нэг жил 17 хоногийн дараа олгосон байдаг.Нотариатын үйлдэл хийх зааврын 8.4-д мөн адил 531.2-т заасан хугацаанаас өмнө буюу 531.3-т зааснаар цорын ганц өвлөгч мөн гэдгээ лавтай баримтаар нотолбол хугацаанаас нь өмнө өв залгамжлах эрхийн гэрчилгээг олгож болно гэсэн заалттай хамааралтай заалт юм. Миний үйлдсэн Өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан  гомдлын зарим хэсгийг хангах хууль зүйн үндэслэлтэй  байна.

            Нэхэмжлэгч  Д.Д- нь Дархан сумын  9 дүгээр баг, 4-2 дугаар байр, 148 тоот  орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож,  өөрт  ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хариуцагч Б.О-д холбогдуулан гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.О-, Ц.Э-  нарт холбогдуулж,  2011 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 66 тоот  “Өв залгамжлах эрхийн гэрчилгээ”, 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б.О-, Д.Д- нарын хооронд  хийгдсэн  “Тохиролцооны  бичиг”-ийг   тус тус  хүчингүйд тооцуулж,  өв залгамжлалын дагуу  Дархан сумын 9 дүгээр багийн, 4 дүгээр хорооллын 2 дугаар байрны  148 тоот 4 өрөө орон сууцнаас  ногдох хэсгийн зах зээлийн үнэлгээ болох  35.000.000 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлжээ.\хх-76 дугаар тал\

            Хариуцагч  Б.О-  нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...Д.Д-тай харилцан ярилцаж  хуучин Дарханы  2 өрөө байрыг  Д.Д- эгчтэйгээ шинэ Дарханы  4 өрөө байрыг  би дүүтэй нь авахаар тохиролцсон...”   гэсэн агуулга бүхий  тайлбарыг,

            Хариуцагч  Ц.Э-  нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө  “...өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгохдоо  Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу  олгосон...,  ...мөн гэрчилгээг  өв нээгдсэнээс  хойш  1 жилийн дараа  бичсэн ...,  хууль зөрчсөн үйлдэл байхгүй...”  гэсэн  тайлбар өгсөн  байна.\х х-96 дугаар тал\

            Анхан шатны шүүх  өвлөх эрхийн гэрчилгээг  хүчингүйд тооцож, , тохиролцооны бичгийг  хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,   хариуцагч Б.О-гаас   19.333.333 төгрөг гаргуулж  нэхэмжлэгч  Д.Д-д олгож,  15.666.667 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй  болгон шийдвэрлэжээ.

            Хэргийн үйл баримтаас үзэхэд  талийгаач  Н.Д- нь  охин Д.Д-, эхнэр Б.О- , хүү  Д.Ц-  нарын  хамт  амьдарч байсан, тэрээр  2010 оны 09 дүгээр сарын 16-ны  өдөр  нас барсан.

            Талийгаач дээрх гэр бүлийнхээ  хамт  Дархан сумын 9 дүгээр баг, 4-2 дугаар байрны 148 тоот 4 өрөө орон сууцыг эзэмшдэг байсан бөгөөд уг  орон сууцны өмчлөгчөөр  Н.Д-г  бүртгэн,  2000 оны 10 дугаар сарын 09-ны өдөр  0006105 тоот  гэрчилгээ  олгосон  байна.\хх-166 дугаар тал\

            Н.Д-  Б.О-  нар  2000 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр  иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлснийг баталж 178 тоот гэрчилгээ олгожээ.\хх-170 дугаар тал\

            Өв  залгамжлалыг хуульд зааснаар буюу  гэрээслэлээр  гүйцэтгэнэ.

            Хуульд зааснаар  өвлөх талаар  Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1,  520.1.2- дахь хэсэгт тус тус  зохицуулсан.

            Б.О-, Д.Д-, Д.Ц-  нар нь хуулийн 520.1.1, 520.6-д зааснаар  өвлүүлэгчийн  хууль ёсны өвлөгчид  байна.

            Өв нээгдсэн үе  буюу талийгаач нас барсан  2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс өвлөгч Б.О-, Д.Д-, Д.Ц- нар  Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2-т заасан   хугацаанд  буюу  2011оны 09 дүгээр сарын 16 –ны дотор  өвийг хүлээн авах, эсхүл өвийг хүлээн авахаас татгалзаж  болохыг  зохицуулсан.

            Б.О-,  Д.Ц- нар  өвлүүлэгчийн эд хөрөнгийг эзэмшиж,ашиглаж байгаа нь  Иргэний хуулийн  528  дугаар зүйлийн 528.1-д зааснаар өвийг хүлээн авсан гэж,

            Харин Д.Д- нь  528 дугаар зүйлийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгдөх эд хөрөнгийг эзэмдэн авч, эрхлэн удирдаагүй, эсхүл, нотариат  буюу  баг, сумын Засаг даргад  өв хүлээн авах буюу  өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргаагүй  учир хуулийн  528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар   өвийг хүлээн авахаас татгалзсан гэж  үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл  дээрх хуульд заасан хугацаанд хүсэл зоригоо  илэрхийлээгүй тул  шаардах эрхгүй  болох бөгөөд Д.Д-гийн өвлүүлэгчийн эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах  шаардлагыг хэрэгсэхгүй болгох  үндэслэл болж байна.

            Нотариатч  Ц.Э-, Б.О-гийн 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр  \ хх- 168 дугаар тал\  гаргасан хүсэлтийн дагуу  өвлүүлэгчийн хүү Д.Ц-д  66 тоот өвлөх эрхийн гэрчилгээ  олгосон нь Иргэний хуулийн   531 дүгээр зүйлийн  531.1, 531.2-т  заасан  “Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь  өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг  өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар  баг, сумын Засаг даргад гаргана” , “Хууль ёсны өвлөгчид  өвлөх эрхийн  гэрчилгээг  өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно”  гэснийг зөрчөөгүй байх тул  өвлөх эрхийн 66 тоот гэрчилгээг хүчингүй болгох  нөхцөл  бүрдээгүй гэж үзнэ.

            Нэгэнт  хуульд заасан хугацааны дотор   өвлөгдөх  эд хөрөнгийн талаар  шаардлага гаргах эрхээ алдсан  байхад  2012 оны 10 дугаар сарын 07-ны өдөр \хх-38 дугаар тал\  Б.О-, Д.Д- нарын  харилцан тохиролцсон хэлцэл болох “Тохиролцооны бичиг”-г   хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нь  ач холбогдолгүй юм.

            Нэхэмжлэгч  Д.Д- хэдийгээр өвлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүй боловч  гэр бүлийн гишүүний хувьд  дундын өмчлөлийн эд хөрөнгөөс  өөрт ногдох  хэсгийг  шаардах эрхтэй, гэр бүлийн гишүүний хэн нэгний  нэр дээр байгаа нь  хамтран өмчлөх дундын  эд хөрөнгөөр тогтооход саад болохгүй.

            Анхан шатны шүүх  зохигчдыг гэр бүлийн гишүүн мөн болох талаар  Гэр бүлийн тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсгийг,  Дархан сумын 9 дүгээр баг, 4-2 дугаар байрны 148 тоот 4 өрөө орон сууц  гэр бүлийн гишүүдийн  хамтран өмчлөх дундын өмч мөн болохыг  Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасныг  зөв тайлбарлаж, нэг гишүүнд ногдох хэсгийг  шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэмжээг  үндэслэж  тогтоосон нь  хуулийн үндэслэлтэй ба хэрэгт авагдсан  нотлох баримтад  үндэслэсэн байна.  Шүүхийн дээрх  дүгнэлтэд дурдсанаар  хариуцагч Б.О-гаас  14.500.000 төгрөг  гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгох,  мөн хууль хэрэглээний  өөрчлөлт оруулах нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хариуцагч  Ц.Э-ий  “...миний үйлдсэн өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй  болгосныг...”   хүлээн  зөвшөөрөхгүй гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлыг  бүрэн хангаж байна.

Хариуцагч  Б.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  “...Д.Д-гийн  нэхэмжлэлийг   хэрэгсэхгүй болгож өгнө үү  . ..”  гэсэн агуулга бүхий гомдол нь шүүхийн  шийдвэрийн 19.333.333 төгрөг  гаргуулсныг  зөвшөөрөхгүй агуулгыг  давхар  илэрхийлсэн   ба  төлбөрийн хэмжээг  багасгаж  байгаа учир  гомдлын зармыг хангасан  гэж  үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  З.Энхтуяа давж заалдах гомдлын үндэслэлдээ: ...нэхэмжлэгч талаас  нотлох баримтаар өгсөн баримтыг хянаж үзэлгүй  Б.О-г хууль ёсны өв залгамжлагч гэж үзсэн нь  үндэслэлгүй...,  ... хууль ёсны өвлөгч Д.Д-д  ногдох хэсгийг  өөрийнх нь хүсэлтээр дүү  Д.Д-д  олгох ёстой, Д.Д-д  оногдох хэсгийг  хэнд шилжүүлэх талаар огт дурдалгүй  орхигдуулсан, хууль ёсны өв залгамжлагчид оногдох  хэсгийг Б.О-д  үлдээсэн нь  хуулийн  шаардлагыг хангаагүй  гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл   Д.Д- нь   өв залгамжлагч эгч  Д.Д-д  ногдох хэсгийг гаргуулах талаар дурдаагүй, анхан шатны шүүхийн шатанд энэ  талаар мэтгэлцээгүй  байхад уг гомдлыг хүлээн авах боломжгүй.   Дархан-Уул аймгийн  Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн  01\1631 дугаар албан бичигт  ...Н.Д-д холбогдох гэрлэсний бүртгэлийг шалгахад   Ж.Ц-той  1986 оны  01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дугаарт бүртгэсэн бүртгэлтэй байх бөгөөд  өөр гэрлэлтийн бүртгэл  бүртгэгдээгүй  болно.”  гэсэн ба энэ нь иргэн Д.Д-д  гэж  хаягласан байхаас гадна    Н.Д-, Б.О- нарын гэрлэлтийг  хууль бус болохыг   тогтоосон   баримт болохгүй. Иймд  дээрх гомдлыг хангах  хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.\хх-198 дугаар тал\     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг  хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 265 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн  1  дүгээр заалтыг,

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.4, 131 дүгээр зүйлийн 131.2-т  заасныг баримтлан  Дархан сумын  9 дүгээр багийн 4-2 дугаар байрны 148 тоот 4 өрөө орон сууцыг  гэр бүлийн гишүүд буюу Б.О-, Д.Д-, Д.Ц- нарын  хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, Д.Д-д  ногдох хэсгийн үнэ  14.500.000 төгрөгийг  хариуцагч Б.О-гаас гаргуулан Д.Д-д олгож, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.3, 528.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас өв залгамжлалаар оногдох хэсэг болох 20.500.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дугаар заалтыг, “Иргэний хуулийн   56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар нэхэмжлэгч  Д.Д-гийн  “өвлөх эрхийн гэрчилгээ”-г хүчингүй, “тохиролцооны бичиг”  гэх хэлцлийг  хүчин төгөлдөр бусд тооцуулах  шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дугаар заалтын, “...хариуцагч  Ц.Э-гээс  70.200 гаргуулан нэхэмжлэгчид ...” гэснийг хасаж,   “...Б.О-гаас  324.816 төгрөг  гаргуулж...” гэснийг  “...Б.О-гаас  230.450 төгрөг  гаргуулж...”  гэж    өөрчилж,  шийдвэрийн  бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3,  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар  хариуцагч Б.О-, Ц.Э- нараас  давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  254.617 төгрөг, 70.200 төгрөгийг төрийн сангийн  орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгож, нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  237.283 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                                         

                               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                О.НАРАНГЭРЭЛ       

                                                                   ШҮҮГЧИД                               Л.АМАРСАНАА                               

                                                                                                                   С.ЭНХЖАРГАЛ