Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0506/З |
Дугаар | 128/ШШ2022/0254 |
Огноо | 2022-04-05 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2022/0254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш******-н Л**********
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*********
Хариуцагч: Б********** сайд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Ц**********
Маргааны төрөл: Ш.Л*********-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг шинэчлүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй болон газар ашиглах эрхийг Б********* сайд хүчингүй болгосон нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М********* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц*********, нарийн бичгийн дарга С.Н********* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.Л*********-гээс Б********* сайдад холбогдуулан гаргасан “Б********* яаманд хандан 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гаргасан регистрийн дугаар буруу бичигдсэнийг засаж гэрчилгээг шинэчлүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг шийдвэрлэж, регистрийн дугаарыг засаж, гэрчилгээг шинэчилж олгохыг даалгуулах” тухай нэхэмжлэлд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 5126 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Б********* сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын Ш.Л*********-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул “Б********* яаманд хандан 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гаргасан регистрийн дугаар буруу бичигдсэнийг засаж гэрчилгээг шинэчлүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг шийдвэрлэж, регистрийн дугаарыг засаж, гэрчилгээг шинэчилж олгохыг даалгуулах, Б********* сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын Ш.Л*********-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
2. Б********* сайдын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/263 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Төрхурахын аманд 1,7 га хэмжээтэй газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 0160847 дугаар гэрчилгээг 5 жилийн хугацаагаар Ш.Л*********-д олгосон боловч уг газар нь өөр иргэний газартай давхацсан учир Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 946 дугаар саналыг үндэслэн газрын эргэлтийн цэгийг өөрчилсөн байна.
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 9 дүгэр сарын 24-ний өдрийн 11и-3/5988 дугаар албан бичгээр мөрдөгчийн 15 дугаар мэдэгдлийг Б********* яаманд ирүүлсэн бөгөөд Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Усны тухай хууль зэрэг бусад салбар хуулийг зөрчсөн тул нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагад арга хэмжээ авах талаар мэдэгдсэний дагуу 2020 оны 3 дугаар улирлын байдлаар газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, бусад холбогдох баримт бичгийг ирүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10/7113 дугаар албан бичгээр хүргүүлснийг нэхэмжлэгчийн дүү гэх Б.Э********* гардан авсан байна.
Улмаар Б********* сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ш.Л*********-ийн газар ашиглах эрхийг эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр цуцалж, гэрчилгээг хүчингүй болгож, энэ тухай сонсох ажиллагааны мэдэгдлийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10/7629 дүгээр албан бичгээр хүргүүлснийг нэхэмжлэгч хүлээн авсан байна.
Нэхэмжлэгч ашиглах эрх бүхий газартаа үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахаар 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчид хүсэлтээ гаргахад газар ашиглах эрхийн гэрчилгээ дээрх регистрийн дугаар буруу бичигдсэн гэх үндэслэлээр уг зөвшөөрлийг авах боломжгүй нөхцөл байдал үүсэн тул регистрийн дугаарыг засаж, газар ашиглах эрхийн гэрчилгээг шинэчлэн олгуулах тухай хүсэлтийг Б********* яаманд гаргасан боловч шийдвэрлээгүй байна.
3. Б********* яаманд газар ашиглах эрхийн гэрчилгээ дээрх нэхэмжлэгчийн регистрийн дугаарыг засаж, гэрчилгээг шинэчлэн олгуулах хүсэлтийг 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гаргасан боловч тус хүсэлтийг шийдвэрлээгүй тул 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б********* сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар Ш.Л*********-ийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосныг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мэдээд 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“1/ Газар дээр хашаа барих гэрээг байгуулж, цахилгаан татуулах болон худаг гаргуулах зөвшөөрөл авахаар холбогдох газруудад хүсэлтээ гаргасан боловч иргэн миний регистрийн дугаар буруу бичигдсэн тул төрийн байгууллагад хандаж холбогдох зөвшөөрөл авахад хүндрэл гарсан. Энэ тухай өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн хүсэлтээ гаргаж Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга болон газар зохион байгуулагчтай уулзахад “цар тахал нэмэгдэж байгаа тул үүнийг намжахаар ирээд уулз” гэсэн боловч Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга болон мэргэжилтэнгүүд нь солигдсон байсан тул дахин Б********* яаманд хүсэлт гарган хандсан боловч өнөөдрийг хүртэл уг асуудлыг шийдвэрлэж өгөхгүй иргэн миний газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгохгүй байгаа Б********* яамны эс үйлдэхүйг хууль бусад тооцож, хүсэлтийг шийдвэрлэж, регистрийн дугаарыг засаж, гэрчилгээг шинэчилж олгохыг даалгаж өгнө үү.
2/ Газрын төлбөрийг газар ашиглах гурвалсан гэрээг үндэслэн түүний дагуу төлдөг. Гэтэл гэрээ байгуулахаар шаардлагатай материалыг бүрдүүлэхээр холбогдох байгууллагуудад хандахад газар ашиглах эрхийн гэрчилгээний регистрийн дугаар зөрүүтэй байна гэх шалтгаанаар татгалзаж байсан.
Мөн газар ашиглах эрхийн гэрчилгээ нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гарсан буюу уг өдөр нэхэмжлэгчийн газар ашиглах эрх бодитоор үүссэн. Үүнээс өмнө газар ашиглах газрын байршил тодорхойгүй буюу өмнөх солбилцол давхцсан байсан. Гэрчилгээ гарсанаас хойш хашаа бариулах болон цахилгаан татуулах гэрээг байгуулсан.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил газрыг ашиглаагүй” гэж тодорхойлсон байх хэдий ч уг хуулийн заалтыг буруугаар хэрэгжүүлсэн.
Өөрөөр хэлбэл Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дугаар заалтыг “...газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, 3 болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэжээ. Гэтэл бодит байдал дээр газар ашиглах эрхийн гэрчилгээ гараад 2 жил болоогүй, газар ашиглах гурвалсан гэрээ байгуулагдаагүй, эцсийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга баталгаажуулаагүй байхад 2 жилийн хугацааг яаж тооцож тогтоосон нь ойлгомжгүй, бодит байдалтай нийцээгүй шийдвэр болсон гэж үзэж байна.
Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл бүрдээгүй байх тул Б********* сайдын А/79 дүгээр тушаалаас иргэн Ш.Л*********-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Гэрчилгээ мэдсэн даруйд гэрчилгээний регистрийн дугаарыг буруу байгааг мэдсэн боловч З.А*********-д шилжүүлж дахин гэрчилгээ авах байсан учир уг асуудлыг орхисон байдаг. 2020онд Ш.Л*********-ийн “Бяцхан будда” нэртэй төсөл эхлэх болсон учир орхигдсон байсан асуудлыг шийдвэрлэхээр дахин ажиллагаа явуулж эхэлсэн.
Гуравласан гэрээ байгуулахаар Богдхан уулын хамгаалалтын захиргаанд хандсан. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгэдэг түүний дагуу үнэлгээг хийлгэе гэдэг саналыг холбогдох байгууллагад гаргасан боловч гэрчилгээний зөрүүг арилгаж байж үнэлгээг хийнэ гэсэн хариуг өгч байсан.
2020 онд цар тахал гарсантай холбоотойгоор бичгийн хариуг авъя гэж уулзах боломжгүй болсон. Хамгийн сүүлийн байдлаар 2021 оны 05 дугаар сард хандаад үүний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн Засаг даргаас төлбөрийн нэхэмжлэх ирээгүй. Төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр гэрчилгээг хүчингүй болгох нь өөрөө хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч нь иргэн З.А********* гэдэг хүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, Бяцхан будда төслийг хэрэгжүүлэх үүднээс газар ашиглах эрхээсээ татгалзъя гэдэг хүсэлтийг гаргаж байсан. Үүнийг Богдхан уулын хамгаалалтын захиргаа болон Б********* яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар дэмжиж албан бичиг гаргаж өгч байсан. Энэ шалтгааны улмаас татгалзлын асуудал шийдвэрлэгдээд явах юм байна гэсэн итгэл иргэн Ш.Л*********-д бий болсон байсан. Үүний улмаас газрын төлбөр төлөгдөөгүй асуудал байдаг. Гэхдээ татгалзлыг хүлээн аваад иргэн З.А********* гэдэг хүнд өгч, нас барсны дараагаар энэ асуудал явж байсан учраас эдгээр хүндэтгэн үзэх шалтгаануудыг харгалзаж, төлбөрийн асуудал хэн алинаас нь гараагүй гэдгийг шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна.
Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Яагаад гэвэл хуульд зааснаар хугацааг тоолоход Газрын тухай хууль болон Улсын Дээд шүүхийн тайлбартай нийцэхгүй байна. Гэрээ бодитоор байгуулагдсан зүйл байхгүй. 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр газрын давхцалыг арилгаад түүнийг өөрчилсөн баримт байгаа. Энэ өдрөөр хугацааг тоолоход 2 жилийн хугацаа хүрэхгүй байна.
2019 онд газрын давхцалыг арилгах асуудлыг зохицуулсны дараагаар буюу газрын төлбөр төлөөгүй хугацааг 2019 оноос эхлэн тооцох хэрэгтэй гэж үзэж байна. Захирамж гаргасан он нь 2017 он хэдий ч газрын давхцал солбицол зэрэг асуудлыг шийдвэрлэх ажиллагаа явагдаад 2019 онд дахин газар олгогдсон. Энэ хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан болно. Тиймээс 2017 оноос газрын төлбөрөө төлөөгүй гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй. З.А*********-тэй төслийн хүрээнд хамтран ажиллахаар Ш.Л********* нь газар ашиглах эрхээ шилжүүлэх талаар Богдхан уулын хамгаалалтын захиргаанд хандаж байсан нотлох баримтууд хэрэгт байгаа ч холбогдох албан тушаалтанд зохих ёсоор хүрээгүй. Тухайн төсөлд хамтран ажиллахыг дээд шатны байгууллагууд дэмжиж байсан баримтууд байгаа болно” гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц********* татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
“1/ Нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат гарын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11и-з/5988 тоот албан бичгээр ирүүлсэн мэдэгдлийн дагуу Б********* сайдын 2021 оны А/79 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан байна.
Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн байгууллагаас тусгай хамгаалалттай газар нутагт нэр бүхий иргэн, хуулийн этгээд нь аялал жуулчлал, амралт сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар газар ашиглах тусай зөвшөөрөл авч улмаар газрыг зориулалтын бусаар ашигласан үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах эрхтэй иргэн, хуулийн этгээд нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл тогтоогдож, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 114-3/5988 тоот албан бичгээр мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлсэн.
Тус мэдэгдэлд Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн 660 иргэн /нэхэмжлэгч орсон/, хуулийн этгээдийн газар ашглах эрхийг нь хүчингүй болгож, цуцлах талаар мэдэгдсэн.
Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 107629 тоот албан бичгээр ш.Л*********-д дээрх шийдвэрийг гаргах болсон талаар мэдэгдэж холбогдох тайлбар, санал, нотлох баримтуудыг яамны [email protected] хаягаар ирүүлэхийг тусгасан ба Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлж ажилласан.
2/ Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 10 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Б********* яаманд ирүүлээгүй байдаг.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан нэмэлт тайлбартаа: “Регистрийн дугаар буруугаас аливаа баримт бичгийг бүрдүүлэх боломжгүй гэсэн нөхцөл байдал байхгүй. Учир нь Богдхан уулын хамгаалалтын захиргаатай нэхэмжлэгч өөрөө очиж уулзаад газрын солбилцолдоо өөрчлөлт оруулаад явж байх хугацаанд регистрийн дугаарыг дурдаад ажиллагаа явуулж байгаа нь өөрөө дээрх шалтгааны улмаас үйл ажиллагаа явагдах боломжгүй байсан гэдэг нь үндэслэлгүй байна.
Газар ашиглах эрхийн гэрчилгээний регистрийн дугаар буруу байгааг 2021 он хүртэл мэдээгүй байгаа нь нэхэмжлэгч тал газраа идэвхтэй ашиглаагүй гэдэг нь нотлогдож байна.
Газраа ашиглая гэсэн идэвхтэй үйлдэл гаргаж байгаагүй. Б********* сайдын тушаалаар анх 2017 онд газар ашиглах эрхийн гэрчилгээ авсны дараа Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй. Гэтэл анх газар ашиглах гэрчилгээ авахдаа, солбицол хийлгэхдээ ч тэр Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй. Мөн Б********* яам болон Богдхан уулын хамгаалалтын захиргаанд ч тэр гуравласан гэрээ байгуулах хүсэлт огт гаргаж байгаагүй бөгөөд газраа идэвхтэй ашиглаж байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Б********* яамнаас 2020 оны 10 дугаар сард газрын төлбөрөө төлөөгүй тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл болох талаар Ш.Л*********-д мэдэгдэж байсан. Газрын төлбөрийг хугацаанд нь төлсөн баримт байхгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамд Ш.Л********* нь газрын төлбөрөө төлж байсан гэх мэдээлэл бүртгэгдээгүй байдаг.
Нөгөөтээгүүр З.А********* рүү газрыг шилжүүлэх гэж байсан гэсэн тайлбарыг өгч байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд тусгай хамгаалалттай газрыг бусдад шилжүүлэхийг хориглосон байдаг.
Б********* яамны сайдын тушаалаар олгогдсон газраа бусдад худалдахаар хүлээж байсан гэж үзэж байна. Хуульд зааснаар газар ашиглахад учирсан маргаан бүхий асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан хэдий ч энэ талаар нэхэмжлэгч талаас ямар нэгэн үйлдэл хийж байгаагүй нь нотлогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны талаар;
Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар Б********* яамны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10/7113 дугаар албан бичгээр газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг ирүүлэхийг, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10/7629 дүгээр албан бичгээр газар ашиглах эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг тус тус мэдэгдэж, нэхэмжлэгчид хүргүүлжээ.
Дээрх албан бичгүүдийг нэхэмжлэгч болон түүний дүү гэх Б.Э********* нарт гардуулсан болох нь “М*********” ХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09/144 дүгээр, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 09/149 дүгээр албан бичгүүдээр ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ: … 27.2.1.хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх;” гэж зааснаар хариуцагчийг сонсох ажиллагааг хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч нь сонсох ажиллагаанд санал, тайлбараа хүргүүлээгүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй юм.
2. Б********* сайдын 2021 оны 03 дугаар сарын 12- ны өдрийн А/79 дүгээр тушаалд заасан үндэслэлийн тухайд;
2.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заажээ.
Б********* сайдын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/263 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Төрхурахын аманд 1,7 га хэмжээтэй газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 0160847 дугаар гэрчилгээг 5 жилийн хугацаагаар Ш.Л*********-д олгосон байна.
Нэхэмжлэгч газар ашиглуулах гурван талт гэрээг байгуулахад шаардлагатай байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэрэг холбогдох материалыг бүрдүүлэхээр эрх бүхий байгууллагуудад хандахад газар ашиглах эрхийн гэрчилгээн дээр бичигдсэн регистрийн дугаар зөрүүтэй байна гэх шалтгаанаар татгалзаж байсан талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар мэдүүлж байх боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байна.
Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь газар ашиглах эрхээсээ татгалзан гэрчилгээгээ хүчингүй болгуулж, иргэн А.А********* уг газрыг ашиглах гэж буйг дэмжиж байгаагаа илэрхийлж Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргасныг тус захиргааны 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1770 дугаар, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 363 дугаар албан бичгүүдээр нэхэмжлэгчийн газар ашиглах гэрчилгээнээсээ татгалзаж байгааг Б********* яаманд уламжилж байжээ.
Газрын тухай хуулийн холбогдох заалтаас үзвэл нэгд хүндэтгэн үзэх шалтгаангүй байх, хоёрт зориулалтын дагуу ашиглаагүй байх, гуравт 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох бөгөөд нэхэмжлэгч газар ашиглах эрхээсээ татгалзан иргэн А.А*********-той хамтран төсөл хэрэгжүүлэх, улмаар иргэн А.А*********-т ашиглуулахад татгалзахгүй зэргээр хандаж байсан нь газраа зориулалтын дагуу ашиглаж байсан, эсвэл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газраа ашиглаагүй гэж үзэх үндэслэл болохгүй тул энэ үндэслэлээр гэрчилгээг хүчингүй болгосон маргаан бүхий тушаал хууль зөрчөөгүй байна.
2.2. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: … 35.3.3.газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх;”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;” заажээ.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөхөөр заасан бөгөөд Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлөх үүрэгтэй, энэ үүргээс зөвхөн хуульд заасан үндэслэлээр л чөлөөлөгдөх, хөнгөлөгдөхөөс бус гэрээ байгуулаагүй нь газрын төлбөр төлөхгүй байх үндэслэлд үл хамаарна.
Нэхэмжлэгч нь 2017-2021 оны газрын төлбөрийн орлогын тайланд бүртгэлгүй, газрын төлбөр төлж байгаагүй, 2021 онд газрын кадастрын нэгдсэн системд газрын төлбөрийн нэхэмжлэл үүссэн болох нь тус шүүхэд ирүүлсэн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 13/3912 дугаар албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт заасан газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Иймд Б********* сайдын 2021 оны 03 дугаар сарын 12- ны өдрийн А/79 дүгээр тушаалаар Ш.Л*********-ийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон нь хуульд нийцсэн байна.
3. Б********* яаманд хандан 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гаргасан регистрийн дугаар буруу бичигдсэнийг засаж гэрчилгээг шинэчлүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг шийдвэрлэж, регистрийн дугаарыг засаж, гэрчилгээг шинэчилж олгохыг даалгуулах тухайд;
Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй: … 35.1.1.гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах;”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: … 39.1.4.газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон;”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана”, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: … 1/ Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр;” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Б********* сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дуусгавар болжээ.
Нэгэнт газар ашиглах эрх дуусгавар болж, гэрчилгээ хүчингүй болгосны дараа 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гаргасан регистрийн дугаар буруу бичигдсэнийг засаж гэрчилгээг шинэчлэн олгуулах хүсэлтийн дагуу регистрерийн дугаар засч дахин гэрчилгээ олгох хуулийн үндэслэлгүй бөгөөд хариуцагчийг хүсэлт шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус гэж үзэхгүй.
Иймд хариуцагч хууль бус эс үйлдэхүй гаргаагүй тул 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, регистрийн дугаарыг засаж, гэрчилгээг шинэчилж олгохыг даалгах үндэслэлгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Ш.Л*********-ээс Б********* сайдад холбогдуулан гаргасан “Б********* яаманд хандан 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гаргасан регистрийн дугаар буруу бичигдсэнийг засаж гэрчилгээг шинэчлүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг шийдвэрлэж, регистрийн дугаарыг засаж, гэрчилгээг шинэчилж олгохыг даалгуулах, Б********* сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын Ш.Л*********-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН