Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2025/0634

 

                                       

                                 “А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                        захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “А*******” ХХК

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/01 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2025/0515 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цэрэндаваа

Хэргийн индекс: 128/2025/0383/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “А*******” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/01 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах”-аар маргасан.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2025/0515 дугаар шийдвэрээр:

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.2-д заасныг баримтлан А******* ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/01 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1....нэхэмжлэгч А******* ХХК-ийн зүгээс анхан шатны шүүх маргаан бүхий асуудлыг 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 128/ШШ2025/0515 дугаap шийдвэр гаргахдаа хэрэглэх ёсгүй хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй тул хэргийг дахин хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

А******* ХХК-ийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад хандаж 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 01/01 дугаар албан бичгээр тус компанийн эзэмшил дэх ашигт малтмал хайгуулын 13176Х дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг сэргээлгэх тухай үндэслэл бүхий хүсэлт гаргасан. Тодруулбал:

А******* ХХК-ийг үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч А******* овогтой Ё**** 2010 оны 7 дугаар сарын 13-ны өдөр, мөн 100 хувийн хувьцаа эзэмшигч С*** овогтой Э******* 2013 оны 8 дугаар сарын 18-ны өдөр тус тус нас барсан юм. Компани үүсгэн байгуулагдсанаас хойш компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдэж байсан А.Ё***, С.Э******* нар нь эхнэр, нөхөр байсан бөгөөд хувьцаа эзэмшигч нас барснаас хойш тэдний эзэмшил дэх компанийн хувьцаа эзэмших эрх нь талийгаач А.Ё***, С.Э******* нарын хүү Э.Н*******д өвлөгдөх үр дагвар үүссэн. Гэтэл хувьцаа эзэмшигч С.Э*******ийг нас барснаас хойш 2014 оны 01 дүгээр сард компанийн эрхийг Д.С**** гэгч этгээд хууль бусаар шилжүүлэн авч хууль ёсны өвлөгч Э.Н******* Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж тус хэлтсийн Мөрдөн байцаах тасагт гомдлыг хүлээн авч шалгасан.

Гомдол, мэдээллийг шалгах явцад Д.С**** гэгч нь талийгаач С.Э*******ийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж компанийн эрх шилжүүлэх болон бэлэглэлийн гэрээнүүдийг хууль бусаар үйлдэж, тус гэрээнүүдээ Улсын бүртгэлийн ерөнхий газарт гарган өгч компанийн эрх шилжүүлэх бүртгэл хийлгэн, компанийн эрхийг шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон. Д.С***ийн дээрхи үйлдлийг хууль ёсны өв залгамжлагч Э.Н******* 2017 оны 01 дүгээр сарыг хүртэл Цагдаа, Прокурорын байгууллагад гомдол гарган шийдвэрлүүлсэн бөгөөд 2017 оны 01 дүгээр сард Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Захиргааны хэргийн шүүх 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 2372 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэснээс хойш 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд гурван удаа маргаан бүхий асуудлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч Э.Н*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байсан бөгөөд мөн энэ хэмжээгээр давж заалдах болон хяналтын шатны шүүхүүдээр хэргийг хянан хэлэлцсэн байдаг. Тодруулбал:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх өв залгамжлагч Э.Н*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 541, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 616, 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 344 дугаар шийдвэрүүдээр удаа дараа хангаж шийдвэрлэж байсан бөгөөд шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 344 дугаар шийдвэр өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр болоод байна.

Тус шийдвэрээр компанийн улсын бүртгэлд хууль бусаар бүртгэгдсэн Д.С****, Н.Н******* нарт холбогдох хувьцаа эзэмшигчийн бүртгэлүүдийг хүчингүй болгосон бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас хууль ёсны өв залгамжлагч Э.Н*******г 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр компанийн хууль ёсны хувьцаа эзэмшигчээр бүртгэж, хууль ёсны хувьцаа эзэмшигч Э.Н******* компанийн гүйцэтгэх удирдлагыг мөн өдрөөс эхлэн хэрэгжүүлэн ажиллах хууль зүйн үндэслэл бүрдсэн.

Хувьцаа эзэмшигч Э.Н*******д 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатаас 009 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгогдож хууль ёсны өвлөгч гэдгийг тогтоож өгсөн бөгөөд шүүхийн удаа дараагийн шийдвэрүүдээр өвлөх эрхийг баталгаажуулж нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл хувьцаа эзэмшигчийн хүлээх үүрэг, хариуцлагыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд тогтоогдоогүй, хууль бусаар хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн этгээдтэй холбогдох маргаан бүхий асуудал 2013 оны 9 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сарыг хүртэл хууль, шүүхийн байгууллагаар шалгагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 158 дугаартай шийдвэрээр манай компанийн ХВ-013176 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг.

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хууль ёсны хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар бүртгэгдсэн Э******* овогтой Н******* миний хувьд тус компанийн эзэмшил дэх ашигт малтмал хайгуулын ХВ-013176 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 158 дугаар шийдвэрийг хууль бус захиргааны акт гэж маргаагүй бөгөөд гагцхүү компанийн зүгээс тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй үйл баримтад хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл тогтоогдсон, дээрхи хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нотлогдсон гэж үзэж А******* ХХК-ийн эзэмшил дэх ашигт малтмал хайгуулын ХВ-013176 дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээн эзэмшүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж хүсэлтдээ дурьдсан.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь нэхэмжлэгч А******* ХХК-иас гаргасан дээрхи хүсэлтийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30 хоногт багтаан шийдвэрлэх хууль зүйн зохицуулалттай бөгөөд хүсэлт хянан шийдвэрлэх хуулийн хугацаа 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хойш хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргатай биечлэн уулзаж хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхийг удаа дараа шаардсан. Гэвч хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь нэхэмжлэгч А******* ХХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/01 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийг хүлээн авсан атлаа өнөөдрийг хүртэлх хугацаанд хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэж, үндэслэл бүхий хариу өгөлгүй удаашруулж байгаа бөгөөд хариуцагчийн дээрхи үйлдлийг хууль бус эс үйлдэхүй гэж дүгнэх үр дагавар үүссэн байна.

Нэхэмжлэгч А******* ХХК-ийн зүгээс хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын дээрхи хууль бус эс үйлдэхүйн талаар Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлүүдэд заасан эрхийн хүрээнд түүний харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтан буюу Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандан 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 01/02 дугаар албан бичгээр гомдол гарган ажилласан болов ч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нь мөн тухайн гомдлыг хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэж үндэслэл бүхий хариу өгч ажиллаж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэгч А******* ХХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/01 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 37 дугаар зүйлийн 37.3, 98 дугаар зүйлийн 98.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсгүүдэд үндэслэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн зүгээс өөрийн нэхэмжлэлийн шаардлага, түүнд холбогдох үйл баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон хууль зүйн үндэслэл тус бүрд нийцүүлэн хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлсэн.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр маргаан бүхий асуудлыг хянан хэлэлцэж 128/ШШ2025/0515 дугаар шийдвэр гаргахдаа маргаан бүхий асуудалд эрх зүйн хамааралгүй Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгүүдийг хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх хэсэгт Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих... 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт ...Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ... гэж тус тус заасан байх бөгөөд хуульд заасан дээрхи үндэслэл нь нэхэмжлэгчээс гаргасан “...эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох буюу даалгах... нэхэмжлэлийн шаардлагатай хууль зүйн хувьд ямар харилцаа хамааралтай эсэх нь тодорхойгүй, анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2025/0515 дугаар шийдвэрт Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгүүдийг өөрөөр тайлбарлан хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн болох нь тодорхой харагдаж байна.

Нөгөө талаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл болсон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 37 дугаар зүйлийн 37.3, 98 дугаар зүйлийн 98.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсгүүдтэй маргаан бүхий асуудал эрх зүйн хувьд ямар хамааралтай эсэх, нэхэмжлэлийн шаардлагын дээрхи үндэслэлүүд нь хууль зүйн хувьд үндэслэлтэй эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь анхан шатны шүүх маргаан бүхий асуудлын хүрээнд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэх хууль зүйн үр дагавар үүсгэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дахь хэсгийг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2025/0515 дугаар шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.                                                          

ХЯНАВАЛ:

            Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасангүй.

            1.Нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн тодорхойлохоос хамаарч нэгэнт дүгнэгдсэн үйл баримтын талаар шүүхээс дахин дүгнэлт өгөх боломжгүй, тийм ч учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон …үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”, 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, …хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр …байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 110 дугаар зүйлийн 110.2-т “... шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, ...-ын талаар маргах эрхгүй” гэж тус тус заасан байдаг.

            Нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 01/01 дүгээр албан бичээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах” шаардлагын үндэслэлээ “А*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагын хүрээнд 2013 оноос хойш үүссэн маргаанаас шалтгаалж компанийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хуульд заасан хугацаанд сунгуулж чадаагүй хүндэтгэн үзэх нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж, XV-013176 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээлгэх” гэж тодорхойлсон, энэ агуулгаар хариуцагчид 2022 оноос хойш удаа дараа хандсаны сүүлийнх нь дээрх албан бичиг байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тухай бүр нь зохих хариуг өгч байсан талаар шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.2, 2.3-т тодорхой дурджээ.

            2.Анх шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 2964 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэх үед нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл хариуцагчийн 2017 оны 158 дугаар шийдвэртэй холбоотой маргаан үүссэн эсэх, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн нь нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтаас тодорхойгүй байсан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх хуулийн 54.1.6-д заасан нөхцөл байдал хангалттай тогтоогдож байхад шүүх маргааныг хянан шийдвэрлэх бус харин процессийн хувьд хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар байжээ.

            Учир нь Шүүхийн тусгай архиваас хуулбарлан авсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 775 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн гаргасан “дээрх 158 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг цуцлах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, цуцлах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо, мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 106 дугаар магадлалаар энэхүү шийдвэрийг хэвээр үлдээхдээ тус тус одоогийн нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах үйл баримтын талаар хангалттай дүгнэсэн байна.

            Тухайлбал “А*******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр эцэслэгдсэн талаар, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Э.Н******* 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэн талаар, тухайн үед компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан Д.С**** 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг, хуульд заасан холбогдох баримтын хамт хавсаргаж өгөөгүйгээс хариуцагчийн мөн оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 158 дугаар шийдвэрээр “…тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй, хуульд заасан хугацаанд сунгуулах өргөдлөө гаргаагүй…” гэсэн үндэслэлээр сунгахаас татгалзсан нь хуульд нийцсэн талаар, түүнчлэн нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангасан тохиолдолд ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол болон хайгуулын тусгай зөвшөөрөл сэргэхгүй, мөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг нөхөн төлөх эрх зүйн үндэслэл бүрдэхгүй болохыг эцэслэн дүгнэсэн, эдгээр шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр байхад 2017 онд сунгахаас нэгэнт татгалзсан тусгай зөвшөөрлийг сэргээлгэхээр 2025 онд нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хариуцагчаас хэрхэн шийдвэрлэсэн эсэхтэй холбоотойгоор маргаан үүсгэх, түүнийг шүүхийн журмаар дахин шийдвэрлэх ёсгүй.

            3.Нэхэмжлэлийн шаардлага нь шүүхээр өмнө шийдвэрлэгдсэн шаардлагаас томъёоллын хувьд өөр боловч тэдгээрийн үндэслэл болон хамаарах үйл баримтууд нь адил, иймд шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.1-д дурдсан дээрх шүүхийн шийдвэр, магадлал нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоос илүүтэй нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарна.

            Тэр тусмаа 2017 оны 158 дугаар шийдвэрийг хууль бус гэж маргаж байгаагүй талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо тодорхой дурдсан, өөрөөр хэлбэл тухайн үед уг шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэлээ одоогийн нэхэмжлэлд хамаарах “хүндэтгэн үзэх шалтгаан”-тай холбон тайлбарлаж байсан нь шийдвэр, магадлалд тодорхой тусгагдсан байна.

   Нэхэмжлэгчээс хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээлгэх талаар нэг бус удаа хүсэлт гаргаж байсан, цаашид ч агуулгын хувьд адил хүсэлтийг дахин гаргахыг үгүйсгэхгүй бөгөөд өөр өөр цаг хугацаанд гаргасан хүсэлт бүрт хариуцагчаас хариу өгсөн эсэхээс хамаарч нэхэмжлэл гаргах бүрт захиргааны хэрэг үүсгэх, цаашлаад маргааныг шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.6-д заасантай нийцэхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2025/0515 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “А*******” ХХК-ийн нэхэмжлэлээр үүссэн “2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 01/01 дүгээр албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                     ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ

                                ШҮҮГЧ                                                 Э.ЛХАГВАСҮРЭН