Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 00002

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

улсын яллагч Ц.Сувдаа,

хохирогч Г.Оюунцэцэг,

хохирогчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазар,

шүүгдэгч Б.Даваадорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Бямбасүрэнгийн Даваадоржид холбогдох эрүүгийн 201606000236 дугаартай, 132/2016/00001/Э индекстэй хэргийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 02 сарын 10-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Булган сумын 6 дугаар багт оршин суух 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Булган аймаг дахь сум дундын шүүхийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэхь хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэхь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэх, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Гавьж овогт Бямбасүрэнгийн Даваадорж /РД:Г366021016/.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Даваадорж нь 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багийн нутагт хохирогч Г.Оюунцэцэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Б.Даваадоржийн өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр болсон үйл явдал юм. Тухайн үед би адуундаа явж байгаад хохирогч Оюунцэцэгтэй тааралдсан юм. Би түүнийг юу хийж явж байгаа гичий минь гэж хэл амаар доромжилсон. Харин тэр надад адуундаа явж байна хулгайч минь гэж хэлсэн. Би түүний шилбэ рүү өшиглөсөн гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Оюунцэцэгийн өгсөн: Би 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр адуугаа дүүгийндээ өгөхөөр явсан юм. Би Нямдоржтой хамт явж байсан. Намайг год дээр байж байхад шүүгдэгч Даваадорж ирээд өшиглөөд, хоолой багалзуурдсан, мөн намайг энэ нутгаас зайл гичий минь гэж хэлсэн. Шүүгдэгч Даваадожр намайг ямар учраас зодож, дарамталаад байдгыг ойлгохгүй байна. Би маш их гомдолтой байна. Миний ярьсан зүйл үнэн. Би өмгөөллийн хөлс, эмнэлэгт үзүүлсэн хөлс, эмчилгээ хийлгэсэн хөлс, замын зардал, нийт 1700000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

201606000236 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Хохирогч Г.Оюунцэцэг өгсөн: … Би 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сайхан сумын 6 дугаар багийн нутаг Дангийн гол руу цаад дөрөлжөөс хээр азаргатай адуугаа цуг явсан залуугийн хамт тууж ирээд услаад халиун азаргатай адуугаа дурандаад зогсож байхад араас хүн бариад авахад нь хэн бэ? гээд эргээд харахад Даваадорж мөрнөөс барьж аваад янхан минь чи яаж яваа юм, чи энэ голд ирэх хэрэггүй гэж хэлээд баруун мөр рүү хоёр өшиглөөд, зүүн хөхний дээд талд гараараа 2 удаа цохиход бид хоёрын дундуур ороод салгах явцад миний суга руу нэг удаа хөлөөрөө өшиглөсөн юм. Тэгээд тэр банди бид хоёр явсан. Эмчилгээ хийлгэхэд гарсан 1 000 000 төгрөгөө нэхэмжилнэ.." гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/

Гэрч Д.Чанцалнямын өгсөн: ...2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн орой ээж Г.Оюунцэцэг манайд ирсэн юм. Ирээд Б.Даваадорж намайг зодчихлоо гэхээр нь угаасаа урьд нь заналхийлээд байсан юм чинь шарх сорвио арилгахаас өмнө цагдаад ханд гэж хэлээд ээж 08 дугаар  сарын 16-ны өдөр Булган аймгийн цагдаагийн газар очиж өргөдөл гаргасан юм… гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

Гэрч С.Нямдоржийн өгсөн ...2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр манай гэрт Оюун эгч ирээд манай адууг Дан ороод аваад ирье гээд бид хоёр мотоцикльтой цуг явсан юм. Тэгээд бид хоёр Дан ороод адуу дурандаад байж байтал Даваадорж ах ирээд янхан хаа хүрч яваа юм гээд Оюун эгч рүү дайраад мөрнөөс нь атгаж барьж аваад гуд татахаар голоор нь ороход миний хажуугаар нэг удаа өшиглөхөөр нь Даваадорж ахын барьсан барьцыг тавиулсан чинь манай нутгаас зайл, намайг амьдруулаад өгөөч гээд орилоод наадахаа аваад зайл гэхээр нь бид хоёр явсан юм.."гэх мэдүүлэг/ хх-ийн 23 тал/

Булган аймгийн шүүхийн эмнэлгийн шинжээчийн 270 дугаартай

1. Г.Оюунцэцэгийн биед зүүн хөх, бугалга шилбэ, гуянд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн тал/, хх 11-12 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2 тал/, сэжигтнийг яллагдагчаар татсан тогтоол /хх 18-19 тал/ болон хувийн байдлын талаархи  баримтуудыг  шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд Б.Даваадорж нь Г.Оюунцэцэгийг хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багийн нутагт зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хохирлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Г.Оюунцэцэг, гэрч Д.Чанцалням, С.Нямдорж нарын өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн шинжээчийн 270 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.Даваадоржийн холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Даваадоржийн дээрхи үйлдэл нь хүний эрх, эрх чөлөөнд халдаж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Оюунцэцэг нь шилжилгээ хийлгэсэн зардал болон замын зардал нийт 1700000 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Сая үр” ХХК-иас авсан эмийн үнэ 33500 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Бор үр эмийн сан” –гаас авсан эмийн үнэ 236450 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “Жинст Эрд” ХХК-иас авсан эмийн үнэ 32500 төгрөг, байцаан шийтгэх ажиллагааны явцад гарсан 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгаас Эрдэнэт рүү явсан замын зардал 5000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Эрдэнэт хотоос Булган аймаг руу явсан замын зардал 5000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгаас Сайхан сум руу явсан замын зардал 15000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Эрдэнэт хотоос Булган аймаг руу явсан замын зардал 5000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Эрдэнэт хотоос Булган аймаг руу явсан замын зардал 5000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгаас Сайхан сум руу явсан замын зардал 15000 төгрөг, нийт 352450 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Медипас” эмнэлэгт элэгний эмгэг илрүүлэх багцын шинжилгээний үнэ 758500 төгрөг энэ хэрэгт холбогдолгүй, “Шинэст эрд” ХХК-иас авсан эмийн үнэ 1750 төгрөг, /зарлагагүй баримт/, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Эрдэнэт хотоос Баян-Агт сум руу явсан замын зардал 15000 төгрөгний, баримт засвартай, хохирогч сайн дурын үндсэн дээр өмгөөлөгчтэй гэрээ байгуулж эрх зүйн туслалцаа авсан байх тул өмгөөлөлийн хөлс 200000 төгрөг, нийт 975250 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох,  2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн, 09 дүгээр сарын 21-ний өдрийн, 08 дугаар сарын 15-ны өдрийн, 10 дугаар сарын 10-ны өдрийн, 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн шатахууны баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Б.Даваадорж нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэнсэн хянаж харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэнг хүндрүүлэх нөхцөлд тооцлоо.

Шүүгдэгч Б.Даваадоржид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар оногдуулсан 3 сарын баривчлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.5-д заасныг баримтлан баривчлах ялын 1 хоногийг хорих ялын  нэг хоногтой тэнцүүлж ялыг оногдуулсан болно.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 291.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гавьж овогт Бямбасүрэнгийн Даваадорж бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар Б.Даваадоржийг 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар оногдуулсан 3 сар баривчлах ял дээр 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаао хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Даваадоржид оногдуулсан 1 жил 3 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.Даваадорж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Даваадоржоос 352450 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Оюунцэцэгт олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 975250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бензин зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Даваадоржид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д заасныг баримтлан давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.    

                      

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЦЭРЭНДУЛАМ