Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 149

 

 

 

 

 

 

    2020           1            30                                           2020/ДШМ/149

 

Б.Хд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

хохирогч М.Наранчимэг, түүний өмгөөлөгч Б.Борхүү,

шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Г.Төгсбаяр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2172 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Анхбаярын бичсэн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай    эсэргүүцэл болон хохирогч М.Наранчимэгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Хд холбогдох 1805002670712 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хүрхүүд овгийн Бирагийн Халиун, 1984 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, го-парк Энхтайваны өргөн чөлөө гудамжны 107 дугаар байрны 38 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Хийморь 13 дугаар хотхоны 74в байрны 29 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ГЮ84092707/;

Б.Х нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эх хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг”-ийн төрөх тасагт иргэн М.Наранчимэгийн төрөлтийг удирдаж төрүүлэхдээ эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч М.Наранчимэгийг вакум таталтаар төрүүлэх явцад умайн хүзүү урагдсан, төрсний дараах хяналт хангалтгүйгээс умайн хүзүүний урагдал, умайн булчингийн агшилтын сулралын шалтгаант цус алдалтыг эрт оношлоогүйн улмаас төрсний дараах цус алдалт, цус алдалтын дайрлага үүсч, эхийн амь насанд аюултай байдал үүсч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Хы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдлыг нотлох талаар заажээ.

Гэтэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш, яллагдагчийн өмгөөлөгч Г.Төгсбаяр нар өмнө нь гарсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд нь хууль зөрчиж хийгдсэн гэх үндэслэлээр хүчингүй болсон атал хамгийн сүүлд гарсан 954 дугаартай 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт өмнөх хууль зөрчиж хийгдсэн, шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэж, дахин дүгнэлт гаргасан тул дахин бүрэлдэхүүнтэйгээр шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргалаа. Дээрх хүсэлтийг үзэхэд шинжээчийн дүгнэлтийг хохирогчийн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааны өвчний түүх болон Эх хүүхэд эрүүл мэндийн төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгээс шаардлагатай нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, хууль ёсны дагуу цуглуулагдаж хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудыг үндэслэн дахин шинжээчийн дүгнэлтийг гаргуулж, шинжээчийн дүгнэлтүүдтэй холбоотой зөрүүтэй талуудад ойлгомжгүй байгаа байдлыг арилгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шинжээчийн дүгнэлт гаргуулахад хэргийн оролцогч талууд, өмгөөлөгч нарын эрхийг хангах замаар тухайн зарим маргаантай асуудлыг мухарлах, тус шийдвэрт дурдагдаагүй боловч мөрдөн байцаалт явуулах, прокурорын хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэхийг анхаарахыг тэмдэглэв.

Иймд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Б.Хд холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол Б.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Анхбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 456 дугаартай шинжээчийн “М.Наранчимэгт төрөлтийг төрөх замаар вакум таталтын тусламжтайгаар төрүүлсэн байх ба эхийг кесар мэс заслаар төрүүлэх заалт үгүй байжээ. Вакум таталтын үед умай урагдсан байх боломжтой байна. Эхэд төрсний дараах хяналт хангалтгүйгээс умайн урагдлын шалтгаант төрсний дараах эрт үеийн цус алдалтыг оношлоогүй цаг алдаж, цус алдалтын дайрлага үүсч эхийн амь насанд аюултай байдал үүссэн байна. ...төрөлтийг удирдсан эмч төрөхийн өмнө болон төрсний дараах хяналтыг хангалтгүй хийсэн. Вакум таталтаар төрүүлэхдээ умайг урсан, төрсний дараах хяналт хангалтгүйгээс умайн урагдалтын шалтгаант цус алдалтыг оношлоогүйгээс төрсний дараах эрт үеийн цус алдалт, цус алдалтын дайрлага үүсч эхийн амь насанд аюултай байдал үүссэн байна. ...төрсний дараах хяналт хангалтгүйгээс умайн урагдалтын шалтгаант цус алдалтыг төрсний дараах эрт үеийн цус алдалт, цус алдалтын дайрлага үүсч эхийн амь насанд аюултай байдал үүссэн нь 3.3.1, 3.3.3-т зааснаар хүнд гэмтэл”... гэх дүгнэлт, /З-хх-ийн 7-11-р хуудас/,

2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 953 дугаартай шинжээчийн “...М.Наранчимэгийн төрөлтийг вакум таталтаар төрүүлэх явцад умайн хүзүү урагдсан, төрсний дараах хяналт хангалтгүйгээс умайн хүзүүний урагдал, умайн булчингийн агшилтын сулралын шалтгаант цус алдалтыг эрт оношлоогүйн улмаас төрсний дараах цус алдалт, цус алдалтын дайрлага үүсч эхийн амь насанд аюултай байдал үүссэн нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.1 ба 3.3.3-т зааснаар хүнд зэргийн гэмтэл болно. ...Эхэд төрсний дараах хяналт хангалтгүйгээс умайн хүзүүний урагдал, умайн агшилтын сулралын шалтгаант төрсний дараах цус алдалтыг эрт оношлоогүйгээс цус алдалтын дайрлага үүсч, эхийн амь нас аюултай байдалд хүрсэн байна. Өгсөх замын халдвар, эхийн биеийн байдал зэрэг нь умайн хүзүү, урагдах эрсдэлийг нэмэгдүүлнэ. ...умайн булчингийн архаг үрэвслийн үед вакум таталт хийсэн нь умай, үрийн сувгийг тайрах шалтгаан болохгүй. М.Наранчимэгийн төрөлтийг вакум таталтаар умайн хүзүү урагдсан нь эмнэлгийн тусламж үйлчилгээний үед гарсан хүндрэл...” гэсэн дүгнэлт, /4-хх-ийн 9-14-р хуудас/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтууд болох 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 456 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 953 дугаартай шинжээчийн дүгнэлтээр М.Наранчимэгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд дээрх нь яллагдагч Б.Хы эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үүссэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана гэж хуульчилсан бөгөөд энэ хүрээнд прокуророос 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээ хийлгэх шийдвэрээр 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 953 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргуулсан тул уг нотлох баримтыг няцаан үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байхад дахин дүгнэлт гаргуулах талаар дурдсан нь учир дутагдалтай болжээ.

Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх шинжилгээ хийлгэх боломжтой байдлыг мөн адил хуульчилсан байна.

Тухайлбал: Шүүхээс урьд гаргасан шинжээчийн дүгнэлтийг тайлбарлуулж, тодруулахаар анхан шатны шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судлах замаар хэргийг хэлэлцэх боломжтой атал, дахин шинжилгээ хийлгэх талаар хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэл бүхий болоогүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэж заасан зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.

Шүүх 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 953 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хэрхэн эргэлзээтэй байгаа, ямар нотлох баримтыг үндэслэл болгож, дахин шинжилгээ хийлгэх хууль зүйн үндэслэлийг тодорхой заахгүйгээр хэт нийтлэг байдлаар дахин шинжилгээ хийлгэхээр заасан нь ойлгомжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг тайлбарлуулах, тодруулах зорилгоор шинжээчид асуулт тавьж, нотлох баримтыг шинжлэн судлах замаар дээрх өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжтой.

Шүүгчийн захирамжийн удирдлага болгох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.1 дүгээр зүйлийн 12-т заасан хуулийн зүйл, заалтыг хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”... гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачлагаар, эсхүл яллагдагч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар хуульчилсан байхад мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-т заасан хэргийг прокурорт буцаах талаар хамааралгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд яллагдагч Б.Хд холбогдох хэргийг прокурорт буцаасан 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2172 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч М.Наранчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ хэрэгт М.Наранчимэг миний бие нь хохирогчоор тогтоогдсон бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр гаргасан шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дахин дүгнэлт гаргуулалгүйгээр шүүх хурлыг товлох хүсэлтэй байна. Миний бие болон манай гэр бүл энэ хэргийг 3 дахь жилдээ хөөцөлдөж байгаа ба одоогийн байдлаар энэ хэрэгт Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн болон Эх барих эмэгтэйчүүдийн салбар зөвлөлийн хамтарсан 4 удаагийн шинжээчдийн дүгнэлт гарсан нь хангалттай гэж миний бие үзэж байна.

Миний өмгөөлөгч Д.Бум-Аюушын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтийн 2 дугаарт “...Иймээс дүгнэлт гаргасан 5 шинжээчийг дүгнэлт, хариулт хэсгийн зөрүүтэй байдлыг тодруулахаар шүүх хурлын үеэр мэдүүлэг авах ажиллагаа хийлгүүлэх, зөрүүг арилгах...” гэжээ.

Харин 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр энэ хүсэлтээ өөрчлөн, Эх хүүхэд эрүүл мэндийн төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгээс шаардлагатай нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, хууль ёсны дагуу цуглуулагдаж хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудыг үндэслэн дахин шинжээчийн дүгнэлтийг гаргуулах хүсэлтэй байна гэсэн нь дээрх гаргасан хүсэлттэй нь нийцэхгүй байх бөгөөд миний бие дахин дүгнэлт гаргуулах хүсэлт өмгөөлөгчдөө өгөөгүй бөгөөд хэргийг дахиж цаашид сунжруулан дүгнэлт гаргуулах, хэргийг хэрэгсэхгүй болгох, яллагдагч ял завшихаас сэргийлэн дүгнэлт гаргуулах хүсэлгүй байгаа. Иймд хохирогч миний гомдлыг ойлгон үзэж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

Хэрэг 2 яллагдагчтай байсан ч шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 4 дэх дүгнэлтэд гадны нөлөө орж, яллагдагч Н.Идэрмөнх эмч хэргээс мултарсан. Одоогийн яллагдагч Б.Х мөн үүний адил арга хэрэглэж дүгнэлтэд нөлөөлж хэргийг өөрт ашигтай байдлаар эргүүлэн хэргээс мултарсан Н.Идэрмөнхийн адилаар хэргээс мултрах оролдлого хийж байна. Иймд яллагдагчийг хэргээс мултрах оролдлогыг таслан зогсоож дахин дүгнэлт гаргуулж, хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дараачийн шатны шүүх хурлыг товлож өгнө үү.

Хэрэв миний гомдлыг хүлээн авахаас татгалзаж, дахин дүгнэлт гаргуулах шүүгчийн захирамжийг хэвээр үлдээвэл, яллагдагч ял эдлэхгүйн тулд эцсийн боломжит аргаа хэрэглэн шинжээч эмч нарт хахууль өгч, дүгнэлтийг өөрт ашигтай гаргуулж хэргээс мултрах боломжийг шүүх олгож байна гэж миний зүгээс үзэж байна. Мөн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч М.Наранчимэгийн өмгөөлөгч Б.Борхүүгээс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Нотлох баримтыг үнэлэх эсэх асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ шүүх өөрийн дотоод итгэлээрээ шийдвэрлэнэ. Гэвч хэргийн материалаас үзэхэд хэрэгт хийгдвэл зохих бүхий л ажиллагаа хийгдсэн, нотолбол зохих асуудлууд нотлогдон тогтоогдсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдөөгүй тул хэргийг анхан шатны журмаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ хэрэг 2017 оноос хойш 3 жилийн хугацаанд үргэлжлэн шалгагдаж байгаа бөгөөд цаг хугацааны хувьд удаашралтай явагдаж байна. Энэ нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, мөн нэмж хохирол учирсаар байна. Иймд асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хангаж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт намайг төрсний дараах хяналтыг хангалтгүй хийснээс умай агшилтын шалтгаант цус алдалтыг оношлоогүй, хүний эрүүл мэндийг хохироосон гэж буруутгаж байгаа. Би тухайн үед төрөх өрөөний эмч байсан. Төрөх өрөөний эмч нь төрөх эхийн өрөөнд 2 цаг хяналт тавьдаг. М.Наранчимэгийн хувьд төрснийхөө дараа буюу 2 цагийн хяналтаас хойш 1 цаг 50 минутын дараа цус алдсан ба түүнийг урьдчилан тооцоолох боломжгүй юм. Олон удаагийн шүүх эмнэлгийн дүгнэлт гарах явцад төрөх өрөөний эмч хяналт тавих хугацаа, төрөх өрөөний эмчийн хяналттай холбоотойгоор нөхцөл байдал үүссэн эсэх талаар тайлбар өгөөгүй байдаг. Энэ талаарх нэмэлт тайлбарыг Эх барих эмэгтэйчүүдийн салбар зөвлөл болон хэрэг гарах үед төрөх өрөөний тасгийн эрхлэгч хийж байсан эмчээс төрөх өрөөний эмчийн эрх, үүргийн талаар тодорхой тайлбар авахуулахаар гэрчээр дуудаж өгөх тухай хүсэлтийг миний бие анхан шатны шүүх хуралдаанд гаргаж байсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Хы өмгөөлөгч Г.Төгсбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед хохирогчийн өмгөөлөгч “4 удаагийн шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гарсан байх ба зарим асуудлуудыг дүгнэх шаардлагатай тул хохирогчийн эрх ашгийг хамгаалах үүднээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж байсан. Мөн миний бие “тухайн хэрэг гарах үед тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Сарантуяагаас гэрчийн мэдүүлэг аваагүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлт гаргасан. Сарантуяа төрөх эмнэлгийн төрөлтүүдийг удирдаж, хяналт тавьдаг хүн учраас тухайн үед юу болсон, ямар учраас хагалгаа хийгдсэн талаар мэдэж байгаа энэ хэргийн чухал гэрч юм. Б.Хы гэм буруутай эсэх, хохирогчийн гаргаж байгаа гомдол үндэслэлтэй эсэхийг үнэн зөвөөр нотолж чадах хүн учраас түүнийг гэрчээр асуулгах хүсэлтэй байна. Шүүх хуралдааны явцад шүүгч прокуророос “Танд санал байна уу” гэхэд “ямар нэг санал байхгүй” гэж хэлж байсан. Хохирогчоос мөн асуухад “Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна, нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгая” гэж хэлж байсан учраас шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай шийдвэрийг гаргасан. Шүүгчийн захирамж бичгээр гарахдаа хохирогч талын саналыг илүү үндэслэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч миний гаргасан Сарантуяа гэх тасгийн эрхлэгчийг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг төдийлөн сайн дурдаагүй байсан. 4 удаагийн шинжээчийн дүгнэлт адилхан агуулгатай байгаа бөгөөд 3 шинжээчийн дүгнэлтэд “умай урагдсан”, 1 дүгнэлтэд “умайн хүзүү урагдсан” гэж бичигдсэн байдаг.  Үүнээс үзэхэд умай урагдсан юм уу, умайн хүзүү урагдсан юм уу гэдгийг эцэслэн тогтоох зайлшгүй шаардлагатай. Учир нь, умайн хүзүү урагдсан нөхцөлд умайг оёхоос биш түүнийг авах шаардлагагүй, харин умай урагдсан тохиолдолд цус алдалтын хэмжээнээс шалтгаалж умайг авах нөхцөл байдал үүсдэг. Иймд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулж, дээрх асуудлуудыг эцэслэн тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцэл болон давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэл, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Б.Хд холбогдох эрүүгийн хэрэгт нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2172 дугаартай шүүгчийн захирамжид “...Шинжээчийн дүгнэлтийг хохирогчийн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааны өвчний түүх болон Эх хүүхэд эрүүл мэндийн төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгээс шаардлагатай нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, хууль ёсны дагуу цуглуулагдаж хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудыг үндэслэн дахин шинжээчийн дүгнэлтийг гаргуулж, шинжээчийн дүгнэлтүүдтэй холбоотой зөрүүтэй талуудад ойлгомжгүй байгаа байдлыг арилгах нь зүйтэй...” гэж заасан нь үндэслэл муутай болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Б.Хд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоожээ.

Анхан шатны шүүх дахин шинжээчийн дүгнэлтийг гаргуулж, шинжээчийн дүгнэлтүүдтэй холбоотой зөрүүтэй, талуудад ойлгомжгүй байгаа байдлыг арилгах нь зүйтэй гэж дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасан бөгөөд “дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгах” нь хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2172 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Н.Анхбаярын бичсэн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцэл, хохирогч М.Наранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2172 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Хд холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

            2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл Б.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                   ШҮҮГЧ                                                     Л.ДАРЬСҮРЭН

                   ШҮҮГЧ                                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ