Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 100

 


 

 

 

 

2020 оны 01 сарын 06 өдөр                    Дугаар 102/ШШ2020/00100                            Улаанбаатар хот

 

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: НХЭГ ТБ  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Б Б Б А Х ХЗХ -д холбогдох,

 

27,001,502 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням, хариуцагчийн төлөөлөгч Ж.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                    

Нэхэмжлэгч Н Х Э Г ТБшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилготойгоор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5 дугаар 26-ны өдрийн 17/16 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг, 2 дугаар хавсралтаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан”-г байгуулж тус сангийн журмыг, Бичил бизнесийг дэмжих зээл, зээлийн хүүгийн дээд хэмжээг 3 дугаар хавсралтаар тус тус баталсан.

Мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 83 дугаар тогтоолоор “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан”-ийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталж, зөвлөлийн даргаар Нийслэлийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайг томилж, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 201 дугаар тогтоолоор “Бичил бизнесийг дэмжих сан”-ийн журамд өөрчлөлт оруулсан.

Харин Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогчийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1044 дугаартай захирамжаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хадгаламж зээлийн хоршоодтой гэрээ байгуулах эрхийг сангийн зөвлөлийн дарга Ц.Буяндалайд шилжүүлж, зээл олголт түүний эргэн төлөлтийг хариуцан ажиллахыг Нийслэлийн хөдөлмөрийн газарт тус тус даалгасан.

Мөн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан”-ийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, тус сангийн зөвлөлийн даргаар ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөрийг томилсон ба 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаар тогтоолоор дээрх хөтөлбөрийн журамд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Харин Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 94 дугаар тогтоолоор сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, даргаар нь Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланг томилсон.

“Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан”-ийн зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар тогтоолоор  тус сангийн зөвлөлөөс Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газартай “Шаардах эрх шилжүүлэх гэрээ” байгуулах асуудлыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралд танилцуулахаар тогтоосон ба уг тогтоолын дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 135 дугаартай тогтоолоор “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан”-аас Хадгаламж зээлийн хоршоодод олгосон зээлийн авлагатай холбоотой Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын буюу сангийн шаардах эрхийг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Үүний дагуу “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан” нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай “Шаардах эрх шилжүүлэх” гэрээг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газартай байгуулсан ба энэхүү гэрээний 1 дүгээр хавсралтад дурдсан авлагын жагсаалтын 4 дүгээрт “Б Б Б А Х ХЗХ багтсан.

“Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан” нь хариуцагч “Б Б Б А Х ХЗХ-той 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 100,000,000 төгрөгийг жилийн 1 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай олгохоор харилцан тохиролцсоны дагуу “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан”-аас зээл олгоход хамтран ажиллах гэрээ” буюу Иргэний хуулийн 281 дүгээр  зүйлд заасны дагуу зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 100,000,000 төгрөгийг олгосон.

 

 Гэвч хариуцагч “Б Б Б А Х ХЗХ нь гэрээний 4.5, 4.6 дахь хэсэгт заасан тайлан гаргах болон хүү төлөх үүргээ удаа дараалан зөрчсөний улмаас “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан”-д мэдэгдэл хүргүүлж сангийн хөрөнгийг буцаан төлөхийг шаардсан. Хариуцагч нь өнөөдрийн байдлаар 73,178,532 төгрөгийг буцаан төлж, үлдэх хэсэг болох 26,821,468 төгрөгийг буцаан төлөөгүй байна.

Иймд зээлийн үндсэн төлбөрт 26,821,468 төгрөгийг, зээлийн хүүнд 180,035 төгрөг, нийт  27,001,502 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Цолмон шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н Х Э Д Гнь Улаанбаатар хотын 6 дүүргийн иргэдэд ядуурлыг бууруулах зорилгоор дэмжлэг үзүүлж бага хүүтэй зээл олгох шийдвэрийг 2014 онд гаргасны дагуу манай Баянгол дүүргийн 12 дугаар хорооны иргэд хуралдаж, “Б Б Б А Х ХЗХ байгуулсан. Ингээд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дэмжлэгтэйгээр улсаас 100,000,000 төгрөгийг авч иргэдэд 1,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Манай хадгаламж зээлийн хоршоонд ашиг байгаагүй. Ашиг нь 66 гишүүний хувь нийлүүлэлтийн мөнгө 6,600,000 төгрөг, тэд нарын хадгаламжинд хуримтлуулсан мөнгийг буцааж гишүүдээ 3 хувийн хүүтэйгээр олгож хуримтлал үүсгэх байсан. Анх манай хадгаламж зээлийн хоршооны дарга н.Эрдэнэбат гэж байсан. Ингээд энэ хүн мөнгөө аваад Солонгос улс руу явах оролдлого хийсэн тул хурлаар намайг хоршооны даргаар томилсон. Намайг хоршооны дарга болохын өмнө зээлийн эргэлт муудаж гишүүд зээл авч чадахаа больсон. Ингээд би судалгаа хийхэд манайд зээлийн гэрээг бүртгэдэг бүртгэл байхгүй, хэн хэнд хэдэн төгрөг олгосон нь тодорхойгүй, ийм замбараагүй байдалтай байсан. Ингээд миний саналаар сар бүр зээлийн зөвлөлийн материалыг авч хэлэлцдэг болсноос гадна зээлийн гэрээг хийдэг болсон. Намайг хадгаламж зээлийн хоршооны дарга болоход 36,820,000 төгрөгийн авлага бий болсон байсан. Энэ асуудлыг би өдөр болгон хөөцөлддөг байсан. Энэ 100,000,000 төгрөгийг н.Эрдэнэбат, н.Болормаа нар гарын үсэг зурж авсан. н.Болормаа авсан болохоороо би хариуцах ёстой, зарлага, орлогын асуудлыг би шийдэх ёстой гээд зээлийн хорооны дарга болсон. Гүйцэтгэх захиралд н.Алтангэрэл гэх хүнийг томилчихоод  6,000,000 төгрөгийг н.Болормаа өөрөө авч байсан. Ингээд н.Болормаа 400,000 төгрөгнөөс гадна 600,000 төгрөг нийт 1,000,000 төгрөгийн цалин авч байсан. Би ямар ч цалин авахгүй мөртлөө өдөр тутмын ажлаа маш сайн хийж байсны эцэст би 40,000,000 төгрөгийн өр авлагыг 20,000,000 төгрөг болгосон. Гэтэл н.Болормаа нь н.Алтанзул нь өөрийнх нь хамаатан учраас энэ хүний зээл төлөгдөөгүй байхад хаасан. Түүнээс гадна н.Өнөржаргал, Д.Цэцгээ, н.Сандмаа гээд бараг 9,000,000 төгрөгийн өглөгтэй хүн байгаа. Эдгээр хүмүүсээс өрөө авсны дараа энэ зээлийг төлөх ёстой. 2018 оны 4 дүгээр сард бүх гишүүдийн хурал хийгээд н.Болормаа нь манай хадгаламж зээлийн хоршоо татан буугдсан тул бүх гишүүд хадгаламж зээлийн хоршооноос гаръя гэх өргөдлөө өг гэсний дагуу бүгд өргөдлөө өгсөн. Тэрний дагуу би ч өргөдлөө өгсөн. Манай хадгаламж зээлийн хоршоо 27,001,502 төгрөгийг төлөх ёстой. Төлөх ёстой хүмүүс нь н.Цэцгээ, н.Золжаргал, н.Лхагваа, н.Алтанзул гэх хүмүүс юм гэв.

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Н Х Э Г ТБнь хариуцагч  Б Б БА Х ХЗХ-д холбогдуулан 27,001,502 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

 

            Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 17/16 дугаартай тогтоолоор Нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг баталж, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан”-г байгуулсан байна.

 

“Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан” нь “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр  “Б Б Б А Х ХЗХ-той гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийг жилийн 1 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлүүлсэн болох нь хэрэгт авагдсан “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээ”-ээр тогтоогдож байх ба хариуцагч нь уг зээлийн гэрээ байгуулагдсан болон зээлийн гэрээний дагуу 100,000,000 төгрөгийг хүлээн авснаа зөвшөөрч маргахгүй байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

“Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан” нь 2019 оны 09 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай “Шаардах эрх шилжүүлэх тухай” гэрээгээр дээрх зээлийн гэрээний дагуу зээлдэгчээс гэрээнд заасан үүргийг шаардах эрхийг Нийслэлийн хөдөлмөр  эрхлэлтийн газарт шилжүүлсэн байна.

Ийнхүү зээлдүүлэгч нь зээлийн гэрээнд заасан шаардах эрхээ Нийслэлийн хөдөлмөр  эрхлэлтийн газарт шилжүүлсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасантай нийцэж байх  тул Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь хариуцагч  Б Б БА Х ХЗХ-оос зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч  Б Б БА Х ХЗХ нь дээрх зээлийн гэрээний үүрэгт 73,178,532 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрт 26,821,468 төгрөгийг, зээлийн хүүнд 180,035 төгрөг, нийт  27,001,502 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар талууд маргахгүй байна.

 

Хариуцагч  Б Б БА Х ХЗХ-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ж.Цолмон мөн болох нь хариуцагч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба Ж.Цолмон нь тус ХЗХ-г төлөөлөн тайлбар гаргахдаа дээрх зээлийн гэрээний үүрэгт 27,001,502 төгрөгийг төлөх үүрэгтэй болохыг хүлээн зөвшөөрч байх боловч уг төлбөрийг   Б Б БА Х ХЗХ-оос зээл аваад төлөөгүй, зээлийн өртэй байгаа зээлдэгч н.Ганболд, н.Гэрэлтуяа, Д.Цэцэгээ, н.Сандмаа, А.Лхагва, А.Алтанзул,н.Өнөржаргал нараас зээлийн төлбөрийг татан авч төлөх ёстой бөгөөд энэ асуудлыг тухайн үед зээл олгосон албан тушаалтан болох С.Алтангэрэл, Б.Болормаа, В.Алтанчимэг нар хариуцах ёстой гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт ... өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг... зохион байгуулалттай нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэжээ.

 

Хариуцагч  Б Б БА Х ХЗХ нь хуулийн этгээдийн хувиар “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан”-тай  2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр  гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийг зээлж авсан байх тул уг зээлийн гэрээнд заасан үүргийг хуулийн этгээдийн хувиар хариуцах үүрэгтэй.

 

Харин дээрх зээлийн гэрээний дагуу авсан зээлийг хэрхэн зарцуулсан, хэнд зээлүүлсэн гэх асуудал нь хариуцагч байгууллагын дотоод үйл ажиллагаа тул уг зээлийн хөрөнгийн цааш нь бусдад зээлүүлсэн, түүнийг эргүүлж төлөөгүй зэрэг байдал нь хариуцагч байгууллагыг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч “Б Б Б А Х ХЗХ-оос зээлийн гэрээний үүрэгт 27,001,502 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч НХЭГ ТБ-т олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б Б Б А Х ХЗХ-оос зээлийн гэрээний үүрэгт 27,001,502 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч НХЭГ ТБ-т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “Б Б Б А Х ХЗХ-оос улсын тэмдэгтийн хураамжид 292,957 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                      

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.ЭНХЗАЯА