Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 08

 

Ж.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч

 Ж.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай                                                                            

Хэргийн индекс 132/2017/00610/И

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 81 дугаартай шийдвэртэй,

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-гийн нэхэмжлэлтэй, Х.Б-д холбогдох зээл, зээлийн хүү, алданги 12025000 төгрөг гаргуулах тухай үндсэн, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Ж.Б-гийн хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгсэл чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б

Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал   

        Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг

Нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.

Төлөөлөн нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Х.Б, О.О нар нь мөнгө зээлэх талаар надтай уулзахдаа “Мөнгөний хэрэг гараад байна, өөр газар руу яваад мөнгө олдохгүй байна, танай дүү нар чинь гадаад дотоодод байдаг биздээ, мөнгө зээлээч” гээд манай дүү Ж.Б-ын утасны дугаарыг аваад Эрдэнэт хот руу явсан. Үдээс хойш нь 15,16 цагийн үед манай дүүтэй очиж уулзсан байсан. Манай дүү над руу яриад Х.Б, О.О нарыг ямархуу хүмүүс вэ гэж надаас асуухад нь “манай ажлын хүмүүс, мөнгө зээлэх эсэхээ өөрөө мэд” гэж хэлсэн. Х.Б нь 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр миний дүү Ж.Б-оос 1 сарын хугацаатай 6500000 төгрөгийн 25%-ийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулан зээлсэн. Зээлийг авахдаа гэрээг бичгээр байгуулж, мөнгийг нотариатчийн хажууд хүлээн авсан. Мөн зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн Приүс маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээнд заасан хугацаанд үүргийг гүйцэтгээгүй өнөөдрийг хүрсэн. Миний дүү Ж.Б нь  2016 оны 10 дугаар сард Холбооны Бүгд Найрамдах Герман улс руу ажиллаж амьдрахаар явсан. Дүү маань тус улсаас элчин сайдын яамаар дамжуулан итгэмжлэл олгосон. Энэ итгэмжлэлийн үндсэн дээр Х.Б-аас үндсэн зээл 6500000 төгрөг, зээлийн хүү 1625000 төгрөг, алданги 3900000 төгрөг, нийт 12025000 төгрөг нэхэмжилж байна.

Х.Б-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд тэр өөрийн хүсэл зоригоо илэрхийлж зээлийн болон барьцааны гэрээ байгуулж дүүгээс маань мөнгө зээлсэн. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул би нөхрийн хамт Х.Б-ийн гэрт нь очиж машиныг нь авсан. Одоо тэр машин манай хашаанд байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

 

Хариуцагч Х.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр О.О эгч намайг Эрдэнэт яваад өгөөч гэж гуйхад нь би жолоочийн үүрэг гүйцэтгэж явсан. Эрдэнэтэд очоод Ж.Б-той уулзаж мөнгө төгрөгний асуудал ярьсан. Тэгэхэд Ж.Б барьцаа өг гэж хэлсэн. О.О эгч намайг машинаа барьцаалаад өгөөч дараа нь чамд туслана ш дээ гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрч зээлийн гэрээ байгуулахаар болсон. Ж.Б О.О-д 6500000 төгрөг банкнаас авч өгсөн. Мөнгийг би аваагүй О.О  эгч тоолж аваад гадаад руу шилжүүлэхээр банк руу явсан. Ж.Б бид хоёр гэрээ байгуулахаар нотариат явсан, нотариатч мөнгө хаана байна гэж асуугаад байхаар нь О.О эгчийг дуудаж мөнгийг нь харуулсан. Би тэр мөнгөнд гар хүрээгүй. Ж.Б эгчээс мөнгө гуйж байгаагүй. 2017 оны 04 дүгээр сарын 12-ны орой Ж.Б эгч нөхөртэйгээ гэрт ирж дарамталсан. Ж.Б-ыг утсаар ярихад нь О.О мөнгө авсан гэдгийг хэлсэн. Тэгээд би О.О рүү залгаж Ж.Б мөнгөө нэхээд байна гэж хэлэхэд удахгүй мөнгө олж өгнө гэж хэлсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Би өөрийн гар дээр мөнгө аваагүй учраас зээлийн болон барьцааны гэрээг дүр үзүүлсэн гэрээ гэж үзэж байгаа. О.О Ж.Б хоёр мөнгө өгөлцөж авалцахыг би харсан. О.О эгч нотариатчид мөнгөө ирж харуулчихаад буцаагаад аваад явсан. Үүнийг Ж.Б мэдэж байгаа. 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Ж.Б эгч нөхөр болон О.О нарын хамт гэрт ирж дарамталсан. Би машинаа өгөхгүй, харин түлхүүрийг нь ав гэж хэлсэн. Гэтэл тэр 3 миний машиныг чирээд аваад явсан. Үүнийг хууль бус гэж үзэж байгаа тул зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Ж.Б-ийн хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгсэл чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Гэрч О.О шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би 2017 оны 08 дугаар сард гадаад хүнтэй холбоо тогтоож, Х.Б бид хоёр тэр хүн рүү мөнгө явуулахаар болсон. Би Ж.Б-ээс мөнгө зээлэхийг гуйхад 6500000 төгрөгийг өөрийн хадгаламжийн данснаас шилжүүлж надад өгсөн. Хэд хоногийн дараа надад дахиад мөнгө шилжүүлээч гэсэн хүсэлт ирсэн. Би мөнгө шилжүүлэхээ больё гэсэн боловч Х.Б “та юу яриад байгаа юм бэ, үр дүнгээ хамтдаа үзнэ гэж тохирчихоод болино гэсэн шийдвэрийг ганцаараа гаргалаа. Ямар ч байсан эцсийг нь үзнэ” гээд дургүйцсэн. Ингээд бид хоёр дахиад мөнгө хайсан боловч олдоогүй. Ж.Б-ээс мөнгө асуухад “дүүдээ хэлж  үзье” гээд утасных нь дугаарыг өгсөн. Ж.Б-ийн дүүтэй нь уулзахад “юу барьцаалах юм бэ” гэхэд Х.Б “би машинаа барьцаална” гэж хэлсэн. Ж.Б, Х.Б хоёр гэрээ байгуулахаар нотариат руу явсан. Х.Б намайг  банкин дээр очоод дугаар авч бай гэсэн. Х.Б миний араас мөнгөө авч ирээд гадаад руу шилжүүлсэн гэжээ.

Гэрч Д.Б шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр  Ж.Б, Х.Б нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг баталгаажуулсан тухай тэмдэглэл бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн. Би ажилласан хугацааны туршлагаасаа хамаараад иргэд хоорондын гэрээг зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгө болон эд хөрөнгийг бодитой гардуулна гэсэн зарчмыг баримталдаг. Тухайн хүний данснаас нөгөө хүний данс руу мөнгө шилжүүлсэн баримттай бол мөнгийг биет байдлаар авч ирэхийг шаарддаггүй. Зээлийн гэрээнд мөнгөний тоо ширхэг, дэвсгэртийг бичүүлж өөрсдөөр нь гарын үсэг зуруулдаг. Талууд хооронд байгуулсан зээлийн гэрээнд 20000х75=1500000, 10000х500=5000000 гэж бичээд хүлээн авсан Х.Б гэж гарын үсгээ зурсан байгаагаас үзэхэд мөнгийг миний дэргэд тоолж өгөлцөж авалцсан болох нь харагдана. Гэрээний талууд гэрээ байгуулахдаа өөрийн хүсэл зоригоо илэрхийлж сайн дурын үндсэн байгуулдаг. Миний зүгээс үйлчлүүлэгч нартаа гарах үр дагаварыг тайлбарлаж өгдөг. ...Нотариатын үйлчилгээний хөлс 20000 төгрөгийг Х.Б төлсөн гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 81 дүгээр шийдвэрээр:

         Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар хариуцагч Х.Болормаагаас 10400000 /арван сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж Ж.Б-д олгож, үлдэх 1625000 /нэг сая зургаан зуун хорин таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Х.Б-гийн сөрөг нэхэмжлэлээс Ж.Б-ийн хууль бус эзэмшлээс Приус маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг чөлөөлүүлэх шаардлагыг хангаж, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар төлөөлөн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 207350 /хоёр зуун долоон мянга гурван зуун тавь/ төгрөгийг, хариуцагч Х.Б-ийн төлсөн 259350 /хоёр зуун тавин есөн мянга гурван зуун тавь/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.Б-аас 181350 /нэг зуун наян нэгэн мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж төлөөлөн нэхэмжлэгч Ж.Б-д, төлөөлөн нэхэмжлэгч Ж.Б-ээс 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хариуцагч Х.Б-д тус тус олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурьдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

          Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах гомдолдоо:

            ...Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч Ж.Б-оос Х.Б аваагүй. О.О авч бусдын дансруу банкаар дамжуулан шилжүүлсэн нь шүүх хурлын хэлэлцүүлгийн явцад нотлогдож тогтоогдсон юм. Шүүх хуралдаанд оролцсон гэрч О.О нь Ж.Б-ээс мөнгө асуусан, авсан, банкинд тушаасан гэж мэдүүлсэн бөгөөд мөнгөний баримт нь түүний нэрээр байдаг юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “ Шүүх ...нотлох баримтыг бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр ...үнэлнэ ” гэж заасан байхад шүүх мөнгө шилжүүлсэн баримт болон гэрч О.О-ийн мэдүүлэг, түүний гарыг үсэг бүхий мөнгөний баримтыг хооронд нь харьцуулж үнэлээгүй. Эдгээр нотлох баримтууд нь энэ маргаанд хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримт бөгөөд мөнгийг Х.Б аваагүй, түүнд мөнгөний хэрэгцээ шаардлага байгаагүй. Харин О.О-д мөнгө хэрэгтэй байсан. Тэр аваад өөрийн гараар нэхэмжлэгчээс авч бусдын дансруу шилжүүлсэн гэдгийг нотолж байгаа юм. Гэтэл шүүх эдгээр нотлох баримтуудыг хэрхэн үнэлж байгаагаа шийдвэрт заагаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон заалт оруулна уу гэжээ.      

                                                            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүрэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нь хариуцагч Х.Б-д холбогдуулан зээл, зээлийн хүү, алданги 12.025.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Х.Б нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Ж.Б-ийн хууль бус эзэмшлээс барьцааны зүйл болох тээврийн хэрэгслийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхэд тус тус гаргажээ. 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд  иргэн Ж.Б нь Х.Б-тай 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн болон, барьцааны гэрээ байгуулж 6.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 25 хувийн хүүтэй зээлдүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Дээр дурьдсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан нь зохигчдын тайлбар, гэрч О.О, Д.Б нарын тайлбар, мэдүүлгээр нотлогдсон, талууд энэ талаар маргаагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1-т заасантай  нийцсэн  байна.

Харин хариуцагч Х.Б тухайн үед дээр дурьдсан гэрээг байгуулсан хэдий ч 6.500.000 төгрөгийг би өөрөө гардан аваагүй, захиран зарцуулаагүй, надтай цуг явсан О.О Ж.Б-оос авч гадаад руу тэр өдөртөө шилжүүлсэн /х.х-ийн 57, 58 тал/ тул зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бусд тооцох талаар мэтгэлцэж байгаа боловч О.О 6.500.000 төгрөгийг хүлээн авч захиран зарцуулах талаар хууль болон гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байх тул хариуцагч Х.Б, Ж.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэн дүгнэлт өгч тухайн маргааныг  шийдвэрлэхдээ Иргэний хууль буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж Булган аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 81 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч Ж.Б-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 181.350.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.ХҮРЭЛБААТАР

               ШҮҮГЧИД                                                      С.УРАНЧИМЭГ        

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ё.БЯМБАЦЭРЭН