| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2022/0336/3 |
| Дугаар | 128/ШШ2022/0282 |
| Огноо | 2022-04-14 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2022/0282
2022 04 14 128/ШШ2022/0282
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б**********
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Х*********** нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х*********, нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б****** нь Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан “...Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь иргэн Б.Б******** миний Монголд Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх буюу жагсаал цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2/666 тоот албан бичгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Иргэн Б.Б******ээс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бүртгүүлэхээр хөтчийг ашиглан цахимаар хүсэлт гаргажээ.
3. Улмаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2/666 тоот албан бичгээр “...Тус дүүргийн нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал өдөр бүр 10:00-15:00 цагийн хооронд цуглаан хийх хүсэлтийг судалж үзэхэд дээрх цаг хугацаанд “Их хотын хавар-2022” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн тул бүртгэх боломжгүй байна” гэсэн хариуг өгсөн бөгөөд амаар гаргасан хүсэлтэд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4-т “Жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэхийн тулд нэмж тодруулах буюу зохицуулбал зохих асуудал гарвал Засаг дарга энэ зүйлийн З дахь хэсэгт заасан хугацааны дотор зохион байгуулагчтай харилцаж зохицуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд жагсан явах чиглэлийг өөрчлөх эрхтэй” гэж заасны дагуу холбогдож тодруулга авч хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэсэн байна гэх үндэслэлээр тухайн өргөдлийг хаасан байна.
4. Б.Б******* нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын дээрх албан бичгийг эс зөвшөөрч 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
5. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд оршин суугч Б.Б миний бие нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дугаар заалт "итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхтэй. Жагсаал цуглаан хийх журмыг хуулиар тогтооно", Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл. Жагсаал, цуглаан зохион байгуулах эрх "Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй" гэж заасан эрхийнхээ дагуу 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал өдөр бүр 10-15 цагийн хооронд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Тусгаар тогтнолын талбайд иргэн миний шударга шүүхээр шүүлгэх эрхэд халдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Э*********** хууль бус үйлдлийн талаар олон нийтэд мэдээлэх зорилгоор цуглаан хийхээр болсныг Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бүртгүүлэхээр хүсэлт гаргасан боловч бүртгэхээс татгалзсан тухайгаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2/666 тоот албан бичгээр мэдэгдсэн.
Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлд жагсаал цуглааныг бүртгэхээс татгалзах үндэслэлийг тодорхой тусгаж өгсөн байтал Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь хуульд огт байхгүй үндэслэл бүхий хариу ирүүлсэн нь хууль бус юм. Иймд жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, мөн зүйлийн 3-т зааснаар шийдвэрлэж, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь иргэн Б.Б миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх буюу жагсаал цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2/666 тоот албан бичгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
6. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдол гаргагч нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд буюу Төрийн үйлчилгээний оператор Г.Н******* утсаар ярьж 2022 оны 04 дүгээр сарын сарын 11-13-ны өдрүүдийн хооронд 10:00-15:00 цагт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Тусгаар тогтнолын талбайд Шударга шүүхээр шүүлгэх эрхэд халдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Э******* хууль бус үйлдлийн талаар олон нийтэд мэдээлэх зорилгоор цуглаан хийх болсноо бүртгүүлэхийг хүссэн байна. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн /цаашид хуулийн/ гэх 9 дүгээр зүйлийн 9.4. Жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэхийн тулд нэмж тодруулах буюу зохицуулбал зохих асуудал гарвал Засаг дарга энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугацааны дотор зохион байгуулагчтай харилцаж зохицуулах бөгөөд ...11 дүгээр зүйлийн 11 дүгээр зүйлийн 11.3.4 жагсаал, цуглааны явцад аливаа хэлбэрээр төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байх, бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлохгүй байхыг... уг хуулиар үүрэг болгосон. Иргэн Б.Б****** нь 1800-1200 тусгай дугаартай утсанд мэдэгдсэн хүсэлтэд холбогдуулан хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 ...үр дагаврыг биечлэн хариуцах үүрэг бүхий зохион байгуулагчийг албан ёсоор томилж, энэ тухай итгэмжлэлийг жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэлд хавсаргана гэж заасан байх тул танаас ирүүлсэн хүсэлт хуулийн шаардлага хангахгүй байгаа тул хуулийн шаардлагад нийцүүлж материал бүрдүүлж албан ёсоор дүүргийн Засаг даргад хандана уу хэмээн иргэн Б.Б*******ийн 89******* дугаартай гар утас руу Хууль, эрх зүйн хэлтсээс залгаж хуулийн холбогдох хэсгийг хангуулахаар утсаар ярьж мэдэгдсэн боловч гомдол гаргагч иргэн Б.Б******* хуулийн дээрх шаардлагыг эс зөвшөөрч 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дахин 1800-1200 тусгай дугаарт гомдол гаргасан. Дүүргийн Засаг даргын 2022 оны "Их хотын хавар-2022” үзэсгэлэн худалдаа, зохион байгуулах тухай А/129 дугаартай захирамжаар 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Тусгаар тогтнолын талбайд үзэсгэлэн, худалдаа зохион байгуулагдахаар захирамж гаргасан. Иргэн Б.Б*********ийн тусгай дугаарт гаргасан хүсэлт хуулийн шаардлага хангаагүй тул түүний гомдолд дурдсанаар Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг үндэслэн хариу өгөх боломжгүй бөгөөд Иргэнээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2/666 дугаартай албан бичгээр хариу мэдэгдсэн. Иймд түүний гаргасан гомдол нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасан шүүхийн харьяаллын гомдол биш тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчээс “...Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлд жагсаал цуглааныг бүртгэхээс татгалзах үндэслэлийг тодорхой тусгаж өгсөн байтал Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь хуульд огт байхгүй үндэслэл бүхий хариу ирүүлсэн нь хууль бус” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/129 дүгээр захирамжаар уг цаг хугацаанд “Их хотын хавар-2022” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн тул иргэн Б.Бээс гаргасан хүсэлтийг бүртгэх боломжгүй” гэх үндэслэлээр тус тус маргаж байна.
2. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, үзлэгээр илэрсэн нөхцөл байдлыг хянаад нэхэмжлэгч Б.Бээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
3. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "өргөдөл" гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг; Өргөдөл нь санал, мэдэгдлийн шинжтэй байж болно, 4.3-т "мэдэгдэл" гэж Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбогдон иргэдээс гаргасан хүсэлтийг, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Өргөдөл, гомдлыг төрийн албан ёсны хэлээр бичгээр буюу амаар гаргана. Өргөдөл, гомдлыг цахим сүлжээгээр дамжуулан гаргаж болно. Байгууллага бүр цахим хаягтай байна” гэж тус тус заажээ.
4. Нэхэмжлэгч нь дээрх хуульд заасанчлан 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр eservice.ulaanbaatar.mn хөтчийг ашиглан Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандан цахимаар өргөдөл, хүсэлт гаргасан байх бөгөөд хариуцагчийн зүгээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн дагуу өргөдөл хүсэлт цаасаар авах, цахимаар явуулсан тохиолдолд иргэний үнэмлэхийг хавсаргах ёстой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
5. Учир нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар байгууллага бүр цахим хаягтай байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.12 “төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх”, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2-т “Жагсаал, цуглааныг санаачлагч иргэнийг уг жагсаал, цуглааныг зохион байгуулагч гэж үзнэ” гэж тус тус заасны дагуу төрийн албан хаагч нь төрийн үйлчилгээг чирэгдэлгүй чанартай, шуурхай хүргэх үүргийг хэрэгжүүлэх үүднээс eservice.ulaanbaatar.mn-ийг ашиглаж, цахим хэлбэрээр иргэдээс гаргасан өргөдөл, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй байна. Түүнчлэн тус шүүх хуралдааны явцад eservice.ulaanbaatar.mn хөтчид үзлэг хийхэд өргөдөл гаргасан иргэний холбогдох мэдээлэл гарч ирж байсан тул иргэний үнэмлэх хавсаргах ёстой гэх хариуцагчийн тайлбар нь дээрх хуулиудад заасан зарчим, үндэслэлтэй нийцэхгүй байна.
6. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “Дараахь байгууллага оршин байгаа газар энэ хуулийн З дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар жагсаал, цуглаан хийхийг хориглоно”, 1.4-т “олон улсын буюу үндэсний яармаг, үзэсгэлэн зохион байгуулж байгаа байгууллага, хот суурин газрын хүнсний болон барааны зах” гэж заажээ.
7. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй”, 8 дугаар зүйлийн 1-д “дайн сурталчлах, үндэстэн ястны хооронд хагарал гаргах буюу үндэс угсаа,хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах, аллага, хядлага, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг уриалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журамд хохирол учруулж эмх замбараагүй байдал бий болгох” зэрэг зорилгоор жагсаал, цуглаан болон өлсгөлөн зохион байгуулахыг хориглон, тус тус тусгайлан нарийвчлан зохицуулжээ.
8. Нэхэмжлэгч Б.Бийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал өдөр бүр 10:00-15:00 цагийн хооронд цуглаан хийхээр төлөвлөсөн “Тусгаар тогтнолын талбай” нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д заасан хориглосон газарт хамаарахгүй байна.
9. Тодруулбал хариуцагчаас маргаан бүхий албан бичигт “...Дээрх цаг хугацаанд “Их хотын хавар-2022” үзэсгэлэн худалдаа, өдөрлөг зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байгаа тул бүртгэх боломжгүй” гэх хариуг өгсөн бөгөөд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.4-т “Олон улсын буюу үндэсний яармаг, үзэсгэлэн зохион байгуулж байгаа байгууллага, хот суурин газрын хүнсний болон барааны зах” гэж заасан нөхцөлд хамаарахгүй буюу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/129 дүгээр захирамжийн дагуу Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулагдах “Их хотын хавар-2022” үзэсгэлэн худалдаа, өдөрлөгтэй нэхэмжлэгчийн хийхээр төлөвлөсөн цуглаан цаг хугацаа, орон зайн хувьд давхцаж буй боловч дээрх хуулийн 7 дугаар зүйлийн 1. 4/-д заасан хориглосон газарт буюу “хүнсний болон барааны зах” гэх ойлголтод Тусгаар тогтнолын талбай хамаарахгүй байна.
10. Мөн нэхэмжлэгч Б.Бийн хийх цуглааны зорилго нь шударга шүүхээр шүүлгэх эрхэд халдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөрийн хууль бус үйлдлийн талаар олон нийтэд мэдээлэх бол, Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар зохион байгуулах “Их хотын хавар-2022” үзэсгэлэн худалдаа, өдөрлөгийн зорилго нь тус дүүргийн 30 жилийн ойн хүрээнд жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих бөгөөд хоорондоо ямар нэгэн эсрэг утга агуулга, зорилгыг агуулаагүй буюу тус тусын өөр зорилготой гэж үзэхээр байна.
11. Түүнчлэн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4-т “Жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэхийн тулд нэмж тодруулах буюу зохицуулбал зохих асуудал гарвал Засаг дарга энэ зүйлийн З дахь хэсэгт заасан хугацааны дотор зохион байгуулагчтай харилцаж зохицуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд жагсан явах чиглэлийг өөрчлөх эрхтэй” гэжээ.
12. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчээс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1800-1200 дугаарт холбогдон гаргасан гомдлыг Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн дагуу өргөдөл, хүсэлтийг цаасаар ирүүлэх гэсэн хариу өгөхдөө дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 4-т заасны дагуу холбогдох тодруулга авч, хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэсэн гэх боловч Б.Бээс гаргасан өргөдөлд дурдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд нэмж тодруулах буюу зохицуулбал зохих асуудлаар зохион байгуулагчид хариу өгөөгүй бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Өргөдөл, гомдлыг төрийн албан ёсны хэлээр бичгээр буюу амаар гаргана. Өргөдөл, гомдлыг цахим сүлжээгээр дамжуулан гаргаж болно. Байгууллага бүр цахим хаягтай байна” гэсэн заалтыг үл харгалзан хуулиас давсан шаардлага тавих байдлаар өргөдөл гаргагчид хандсан байна.
13. Иймээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4-т заасан агуулгаар буюу зохион байгуулагч Б.Бээс өөр өдөр эсхүл өөр газарт цуглаан хийх боломжтой эсэхийг тодруулах зэрэг харилцан зохицуулах, нэмж тодруулах ажиллагааг хийгээгүй, хэрэгжүүлж ажиллаагүй захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байна.
14. Хариуцагч нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д “Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэл хүлээн авсан Засаг дарга дор дурдсан үндэслэл байвал түүнийг хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулагчид бичгээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу 1/ “шүүхийн болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогсоогдсон буюу татан буугдсан, эсхүл албан ёсны бүртгэлгүй улс төрийн нам, төрийн бус байгууллага жагсаал, цуглаан хийх мэдэгдэл гаргасан бол”, 2/ энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан газарт жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол”, 3/ “энэ хуулийн 8 дугаар зүйлээр хориглосон жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол” гэсэн татгалзах үндэслэлүүд тогтоогдож байвал уг мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргах ёстой.
15. Гэтэл нэхэмжлэгч Б.Бийн гаргасан мэдэгдэл нь дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь заалтад заасан үндэслэлүүд болон 7 дугаар зүйлийн 1.4-т заасан хориглосон газрын алинд нь ч хамаарахгүй байх тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2/666 тоот албан бичгээр хуульд заагаагүй үндэслэлээр цуглааныг бүртгэхээс татгалзсан нь хууль бус, үндэслэлгүй шийдвэр болжээ гэж шүүх үзлээ.
16. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйл “ Монгол Улсын иргэн дараах эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”, мөн зүйлийн 16/ “...үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж иргэний эрх, эрх чөлөөг баталгаажуулан, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй” гэж хуульчлан зохицуулжээ.
17. Иймд захиргааны байгууллагын шийдвэр нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцээгүй, Б.Бийн Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 16, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д баталгаажуулсан иргэний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, цуглаан хийх үндсэн эрх, эрх чөлөөг хуульд заагдаагүй үндэслэлээр хязгаарласан нь хууль бус болох нь тогтоогдож байх тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2/666 тоот албан бичгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 4, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Б.Бээс Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын иргэн Б.Бээс гаргасан жагсаал цуглаан хийх тухай өргөдлийг бүртгэхээс татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2/666 тоот албан бичгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА