| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2025/0382/з |
| Дугаар | 221/МА2025/0542 |
| Огноо | 2025-08-20 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2025/0542
“И-Ө” ХХК, “Ө а э” ХХК-иудын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Х
Нэхэмжлэгч: “И-Ө” ХХК” ХХК, “Ө а э” ХХК /түншлэл/
Хариуцагч: Сангийн яам
Хариуцагч: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар
Хариуцагч: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын БШУЯ/20240101089 дугаартай Цэцэрлэгийн барилга /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Монгол цэргийн музейн урд/-ын ажлын гүйцэтгэгчийг сонгон Үнэлгээний хороо
Гуравдагч этгээд: “Э а в к” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” зөвлөмжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 03/50 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/586 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 03/734 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 03/239 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах, “И-Ө” ХХК-ийн тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 119/ШШ2025/0463 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Х
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, Б.А, М.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э
Хэргийн индекс: 128/2025/0382/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “И-Ө” ХХК, “Ө а э” ХХК-иудаас Сангийн яам, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, түүний тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” зөвлөмжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 03/50 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/586 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 03/734 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 03/239 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах, “И-Ө” ХХК-ийн тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 119/ШШ2025/0463 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1, 14 дүгээр зүйлийн 14.6.3, 22 дугаар зүйлийн 22.1, 28 дугаар зүйлийн 28.1.3, 50 дугаар зүйлийн 50.2.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Х дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Энэхүү маргааны гол асуудал нь тендерт холбоотой маргааныг хянан шийдвэрлэж байх явцад тухайн тендерт шалгарсан компанид олгох санхүүжилтгүй болсон тохиолдолд тендерийн үр дүнтэй маргагч талын эрх ашгийг хэрхэн хамгаалахтай холбоотой асуудал юм. Учир тендерийн баталгааг улсын орлого болгож төрийн санд байршуулах харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3, 14.7 болон Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх” журмаар тус тус зохицуулж байна. Эдгээр эрх зүйн хэм хэмжээнд захиалагч байгууллагаас тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон тохиолдолд маргагч талын эрх ашгийг хамгаалахтай, улсын орлого болгосон тендерийн баталгааг буцаан олгох хэм хэмжээ тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл, тендерийн санхүүжүүлэх төрийн байгууллагын зохион байгуулалт, төлөвлөлтийн асуудал бөгөөд үүнд асуудал үүссэн нь тендерт оролцогчид хамааралгүй юм.
3.2. Анхан шатны шүүхээс “... Нийслэлийн засаг даргын 2025 оны 2 дугаар сарын 7-ны Өдрийн А/148 дугаар захирамж нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжих төсөл, арга хэмжээг төлөвлөж, тендер сонгон шалгаруулалтыг хууль, журамд заасны дагуу явуулах эрх хэмжээг /ТБОНӨХБАҮХАТХ-ийн 45.7/ худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагад шилжүүлж, зохион байгуулалтыг хангаж, ажиллахыг зохицуулсан /2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/1228/ захирамжаа хүчингүй болгосон байх бөгөөд нэхэмжлэгчийн маргаж буй тендер сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгосон, төсөл арга хэмжээг цуцалсан эсэх талаар дурдаагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй” гэсэн үндэслэлээр уг тендер шалгаруулалтыг хүчинтэй гэж үзсэн нь үндэслэлгүй.
3.3. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний дотор бүрэн дуусгах” гэж хуульчилсан. Энэхүү заалтаас 05 дугаар сарын 31-нээс хойш зохион байгуулсан төсөл, арга хэмжээнд санхүүжилт олгохгүй буюу хүчингүй болгоно гэдэг тодорхой харагдаж байна. Мөн Нийслэлийн засаг даргын 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн А/148 дугаар захирамжаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжих төсөл, арга хэмжээг төлөвлөлтөд багтаагүй учир санхүүжүүлэхгүй гэдэг агуулгыг тодорхой дурдсан.
3.4. Захиалагч байгууллага тендерийг санхүүжүүлэхгүй, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хугацаа өнгөрсөн зэрэг шалтгаанаар БШУЯ/20240101089 дугаартай Цэцэрлэгийн барилга /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Монгол цэргийн музейн урд талд/-ын ажлын тендер шалгаруулалт хүчингүй болсон гэдэг нь тодорхой байхад анхан шатны шүүхээс нийслэлийн Засаг даргын 2025 оны А/148 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн маргаж буй тендер сонгон шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгосон, төсөл арга хэмжээг цуцалсан эсэх талаар дурдаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй, бөгөөд шүүхийн шийдвэр хууль, үндэслэл бүхий байж чадахгүй. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, улсын орлого болгосон тендерийн баталгааг буцаан олгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч “И-Ө” ХХК, “Ө а э” ХХК-иудаас Сангийн яам, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, түүний тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” зөвлөмжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 03/50 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/586 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 03/734 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай” 03/239 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах, “И-Ө” ХХК-ийн тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах” нэхэмжлэл гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ ... хуульд заасан тендерийн худалдан авах ажиллагааны баримтыг цахимаар илгээх шаардлагыг хангасан, захиргааны байгууллагын шийдвэр нь Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөлд тохирсон байх шаардлагыг хангаагүй ... гэх зэргээр тайлбарлан маргажээ.
4. Хэрэгт цуглуулсан нотлох баримтаар тогтоосон үйл баримтаас үзэхэд;
4.1. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Эрх шилжүүлэх тухай” А/1228 дугаар захирамжаар баталсан Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад БШУЯ/20240101089 дугаартай Цэцэрлэгийн барилга /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Монгол цэргийн музейн урд талд/ багтаж, худалдан авах ажиллагааг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, түүний Үнэлгээний хороо хариуцан зохион байгуулсан.
Тус нээлттэй тендер шалгаруулалтад нэхэмжлэгч компаниудын түншлэл зэрэг 6 хуулийн этгээд оролцож, “Э а в к” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” хэмээн үнэлж, гэрээ байгуулах эрх олгосон бол ТШЗ-ны 19.1, 19.2-т заасан “... ажилтны мэдээллийг цахим систем дэх V бүлэгт заасан Маягт-2 зааварчилгааны дагуу санал болгох” шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр “И-Ө” ХХК, “Ө а э” ХХК-иудын түншлэлийн тендерээс татгалзжээ.
4.2. Тендер шалгаруулалтад түншлэлээр оролцсон нэхэмжлэгчийн хувьд, ТШЗ-ны өгөгдлийн хүснэгтийн дагуу “И-Ө” ХХК-ийн ажилтан болох Б.С, Л.В, Б.Т, Г.Б нарын 4 инженерийн мэдээллийг цахимаар хүргүүлсэн бол “Ө а э” ХХК-ийн ажилтан болох барилгын инженер Р.Д, цахилгааны инженер Д.Б нарын мэдээллийг цахимаар ирүүлээгүй болохыг тендерийн Үнэлгээний хороо, захиалагч, Сангийн яам дүгнэснээс гадна тендерийн цахим системд хийсэн шүүхийн үзлэгээр ч тогтоогдсон байна.
4.3. Сангийн яамнаас, маргаан бүхий 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 03/586 дугаар албан бичгээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн тендер ТШЗ-ны өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагыг хангаагүй учраас захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж, 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 03/734 дүгээр албан бичгээр захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдол үндэслэлгүй хэмээн “И-Ө” ХХК, “Ө а э” ХХК-иудын түншлэлээс ирүүлсэн тендерийн баталгааны 20,000,000 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.
4.4. Үүний дараа, дээрх тендер шалгаруулалтаар зохион байгуулсан цэцэрлэгийн барилгын төсөл, арга хэмжээ нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд тусгагдаагүй учраас гэрээ байгуулах боломжгүй гэх үндэслэлээр “Э а в к” ХХК-ийг тендерт шалгаруулсан мэдэгдэл зөвлөмжийг буцаах саналыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас гаргаж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн А/148 дугаар захирамжаар энэ хэсгийн 4.1-д заасан захирамжийг хүчингүй болгосон гэх үндэслэлээр тендерт шалгарсан хуулийн этгээд нь тухайн ажлыг гүйцэтгэх боломжгүйд хүрсэн ба “Э а в к” ХХК ч энэ талаар маргаагүй.
5. Маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгч нь инженер Р.Д, Д.Б нарын мэдээллийг ТШЗ-ны 19.1, 19.2-т заасны дагуу цахим системээр ирүүлээгүй нь тогтоогдсон учраас тендерээс татгалзсан хариуцагчийн шийдвэрийг буруутгахгүй, уг тендер шалгаруулалт нь нийслэлийн Засаг даргын 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн А/148 дугаар захирамж гарахаас өмнө, товлосон хугацаанд явагдсан, нэхэмжлэгчийн гомдлыг Сангийн яам хянаж, /гомдлыг хангах үндэслэлгүй/ хариу өгсөн гэх үндэслэлээр тендерийн баталгааг улсын орлого болгосон” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
6. Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
6.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол захиалагч тендерийн баталгааг улсын орлого болгоно: 14.6.3. санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол оролцогч тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулж, цахим системээр илгээнэ”, 26 дугаар зүйлийн 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: 26.4.1.энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх; 26.4.4.тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх”, 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана: 28.1.3. шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах”, 59 дүгээр зүйлийн 59.8-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тендер шалгаруулалтад холбоотой цахим системд байршуулсан баримт бичиг, мэдээлэл, тендер шалгаруулалтын хувийн хэрэгт үндэслэн гомдлын үндэслэлийн хүрээнд ажлын 10 өдөрт багтаан гомдлыг хянан шийдвэрлэнэ” гэж,
6.2. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулахад дараах журмыг баримтална: 13.1.4. төсөл, арга хэмжээ төлөвлөсөн хугацаанд бүрэн хэрэгжих боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байх” гэж,
6.3. Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 1.2-т “Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ”, 5.13-д “Хуулийн 14.6.3-т заасан нөхцөл үүссэн тухай шийдвэрийг хүлээн авсан захиалагч гомдол гаргагчийн 20 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй тендерийн баталгааг бүхэлд нь, … Төв төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгоно” гэж тус тус заасан.
7. Хууль, журмын эдгээр зохицуулалтыг хамтатган тайлбарлавал, тендер шалгаруулалтад хамаарах аливаа шаардлагыг захиалагчаас тодорхойлж, тендерийн баримт бичигт тусгах, оролцогчийн хувьд тогтоосон шаардлагын дагуу тендерийг цахимаар илгээх ба тендерийн баримт бичигт заасан аль нэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй нь тухайн тендерээс татгалзах үндэслэлд хамаардаг бол тендер амжилтгүй болох, санхүүжилт татагдах зэргээр тендерийн баримт бичигт заасан хугацаанд ажлыг бүрэн гүйцэтгэх бодит боломжгүй нөхцөлд хуулиар тогтоосон төрийн худалдан авах ажиллагааны үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд нийцүүлэн төрийн өмчийн хөрөнгөөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулахгүй байхыг төсвийн байгууллагад үүрэг болгожээ.
Түүнчлэн тендерт шалгараагүй оролцогчоос захиалагчийн аливаа шийдвэрийн талаар гаргасан гомдол нь “үндэслэл бүхий байх” шаардлагыг хангахгүй тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгох урьдчилсан нөхцөл бүрдэхээр байна.
8. Маргааны үйл баримтаас үзэхэд, захиалагч нь БШУЯ/20240101089 дугаартай Цэцэрлэгийн барилга /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Монгол цэргийн музейн урд/-ын ажлыг гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын ТШЗ-ны өгөгдлийн хүснэгтийн 19.1, 19.2-т заасан туршлагын шаардлагын хүрээнд хүний нөөцийн шаардлагад ерөнхий инженер, барилгын инженер, холбоо дохиолол мэдээллийн инженер, цахилгааны инженер, халаалт агаар сэлгэлтийн инженер, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан тус бүр нэг байхаар, тэдгээрийн мэдээллийн Маягт-2 хүснэгтийн дагуу цахимаар ирүүлэхээр шаардсан байхад тендер сонгон шалгаруулалтад түншлэлээр оролцсон нэхэмжлэгч хуулийн этгээд нь барилгын инженер Р.Д, цахилгааны инженер Д.Б нарын мэдээллийг тогтоосон журмын дагуу цахимаар хүргүүлээгүй болох нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн шүүхийн үзлэгээр хөдөлбөргүй тогтоогдсон байх тул Үнэлгээний хорооны зөвлөмж, захиалагчийн шийдвэр, түүнийг хянасан Сангийн яамны шийдвэрийг хуульд нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
9. Энэ тохиолдолд захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гаргасан “И-Ө” ХХК” ХХК, “Ө а э” ХХК-иудын гомдол бодитой бөгөөд үндэслэлтэй биш учраас түүний тендерийн баталгааг улсын орлого болгосон захиалагчийн болон Сангийн яамны шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
10. “Тендерт оролцогчийн гомдлыг Сангийн яам бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн” гэх тендерийн баталгааг улсын орлого болгох нөхцөл бүрэн биелсэн дээрх тохиолдолд хариуцагчийн шийдвэр, түүний эрх зүйн үр дагаврыг хуульд нийцсэн гэж үзэх тул “тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон, захиалагч тендерийг санхүүжүүлэхгүй болсон тохиолдолд тендерийн баталгааг буцаан олгох (эсхүл олгохгүй) талаар хууль, журамд тусгагдаагүй тул тендерийн баталгааг буцаан олгох боломжтой” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
11. Учир нь тендер шалгаруулалтаар зарласан ажлыг гүйцэтгэх боломжгүйд хүрсэн гэх нөхцөл байдал нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн оролцсон тендер шалгаруулалт явагдаж дууссан, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Сангийн яам хянан шийдвэрлэснээс хойш үүссэнээс гадна энэ нь тендерийн баталгааг буцаан олгохтой холбоотой хуулийн урьдчилсан нөхцөлд хамаарахгүй байна.
12. Дээрх байдлаар анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 119/ШШ2025/0463 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Хы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ