Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 00003

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

Улсын яллагч Ц.Сувдаа,

Шүүгдэгч Ч.Болдбат, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чүлтэмсүрэнгийн Болдбатад холбогдох 132/2017/00006/Э индекстэй, эрүүгийн 201606000316 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Булган аймгийн Гурванбулаг сумын Бэрхийн 4 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Сансар овгийн Чүлтэмсүрэнгийн Болдбат /РД:ГГ65090515/

Холбогдсон хэргийн талаар:

2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт Д.Алтангэрэлийг гэрт ирж агсан тавилаа гэж уурлан, түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Болдбат өгсөн: 2016 оны 11 дүгээр сарын 24-ний орой малдаа явчихаад гэртээ ирээд хоолоо идээд байж байхад Алтангэрэл манайд согтуу ирээд агсан тавьсан. Алтангэрэл надад “дүүд маань эргүү төлөг өгсөн” гээд агсам тавиад надруу дайраад шанаа руу цохьсон. Би түүнтэй зууралдаад гэрээс гарсан бөгөөд би түлхчихээд гэртээ орчихсон. Алтангэрэл гэрийн гадаа орилоод байхаар нь би гэрээс гарсан. Намайг гэрээс гарахад Алтангэрэл гартаа савар барьчихсан байсан ба намайг савараар цохьсон. Би түүнээс саврыг нь булааж аваад цохьсон. Намайг савараар цохиход Алтангэрэл гараараа хамгаалсан. Алтангэрэл өмнө нь манайд байнга ирж агсан тавьдаг байсан. Би түүнд чиний дургүйг хүргэсэн зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгээд Алтангэрэл морио унаад явсан гэв.  

201606000316 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Д.Алтангэрэлийн өгсөн:...2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр би саахалт айлын Пүрэвдоржийн Базарваанийнд очиход надад 1 шил архи гаргаж өгөхөөр нь гэрийн эзэнтэй 2-лаа хувааж уусан. Тэгээд цаашаа юу болсныг огт санахгүй байна. Харин намайг савраар Болдоо ах зодоод цохиод байсныг муухан санаж байна. Эхнэр хүүхэддээ яаж хэл дуулгаснаа ч санахгүй байна. Маргааш нь сонсоход би Болдбат ахад зодуулчихаад тэндээсээ морьтойгоо явсаар Пүрэвдоржийн Түмэндэмбэрэлийнд очиж хэл хүргүүлсэн гэсэн. Тэднийхээс манай хүү Батчулуун нь Ганзоригийн хамтаар ирж аваад явсан гэсэн.

...би л буруутай байхаа ах эгч 2-тоо агсан согтуу тавьж хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжилсон юм шиг байна лээ. Гомдол саналгүй гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/

            Гэрч С.Жанчивын өгсөн...2016 оны 11 сарын 24-ний өдөр 17 цагийн үед Булган аймгийн Гурванбулаг сумын 4 баг, “Гүнзгий худаг” гэх газарт нөхөр Болдбатын хамт гэртээ байхад манайд хамаатан Д.Алтангэрэл ганцаараа согтуу ирсэн. Гэрт мэнд усаа мэдэлцээд байж байгаад манай эргүү халзан хонийг идсэн гэж ярьсан. Тэр үед чимээгүй байж байхад манай нөхөртэй дөхөж сууж байснаа хажуу талаас нь шанаанд нь гараараа гэнэт цохиод авсан. Тэгтэл манай нөхөр яаж байгаан бэ, согтуу ирэх болгондоо агсан тавих юм гэж хэлсэн. Тэгтэл манай нөхрийг ална, хядна гээд хоорондоо барилцаад авсан. Тэр үед манай нөхрийн уур нь хүрэх шиг болсон. Тэгэхээр би гэрт битгий ноцолдоод бай гэж хэлсэн. Тэгтэл гэрээс зууралдаад гарсан ба манай нөхөр цааш нь түлхээд унагаачихаад гэртээ орж ирээд энийгээ явуул, ирэх болгондоо агсан тавих юм гэж хэлсэн. Тэгтэл манай гэрийн хаяанд байсан саврыг барьчихсан алалцана, гэрээс гараад ир гээд хашгираад байсан. Нөхөр гэрээс гарахад гэрийн хаалга онгорхой байсан ба нөхрийг савраараа нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь нөхөр маань саврыг нь булааж аваад цохих үед гараараа хамгаалж байсан. Гарыг нь цохиход саварны иш хугарч Алтангэрэл цааш газарт унасан ба хугарсан ишээр нь гуя руу нь хоёр удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/

Гэрч П.Түмэнмягмарын өгсөн...Алтангэрэл Болдбат ахын гэрт очоод юунаас болсныг мэдэхгүй, зодуулчихлаа гэсэн ирсэн…,манай гэрт ирэхдээ нүүр нь бол зүгээр байсан. Харин зүүн гар нь жаахан цус хурсан юм уу гэж харагдаж байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 14-р хуудас /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №16151 тоот дүгнэлтэнд: 1. Д.Алтангэрэлийн биед зүүн 9-р хавирганы зөрүүтэй далд хугарал, зүүн шуу ясны хугарал, зүүн шуунд шарх, зүүн чихний дэлбээнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нь нөлөөлөхгүй…гэх дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/

иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 38 хуудас/

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.Болдбат нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт Д.Алтангэрэлтэй маргалдаж түүний зүүн гар луу нь савараар цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйл баримт болсон байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлэгсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Алтангэрэлийн мэдүүлэг, гэрч С.Жанчивын нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн…Д.Алтангэрэлийн биед зүүн 9-р хавирганы зөрүүтэй далд хугарал, зүүн шуу ясны хугарал, зүүн шуунд шарх, зүүн чихний дэлбээнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Ч.Болдбатыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар шүүгдэгч Ч.Болдбат нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн /хх 39 хуудас/, учруулсан хохирлоо төлж барагдуулан гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Шүүгдэгч Ч.Болдбат нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон саврыг устгахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сансар овогт Чүлтэмсүрэнгийн Болдбатыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Ч.Болдбатыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ч.Болдбатад оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ч.Болдбат нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон саврыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ч.Болдбатад оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Болдбатад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН