Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 112

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн  сумын оршин суух хаягтай,  Ю  овогт Х.Ц//-ийн  ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   .. миний бие 1962 онд төрсөн, .. 1980 оны 09 сарын 03-ээс 1982 оны 04 сарын 26 хүртэл аймгийн Хүнсний үйлдвэрт нормчиноор, 1982 оны 05 сарын 01 өдрөөс 1990 оны 02 сарын 06 хүртэл Дэрэн сумын Найрамдал нэгдэлд талхан цехийн эрхлэгч, ажилтан, буудлын эрхлэгч, ажилтан, эхчүүдийн амрах байрны үйлчлэгчээр, 1990 оны 02 сарын 06 өдрөөс 1991 оны 05 сарын 31 хүртэл Дэрэн сумын Худалдаа бэлтгэлийн анги, Оргил хоршоонд талх нарийн боовны цехийн ажилтнаар тус тус ажиллаж байсан. Миний гар дээрхи хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй байгаа тул ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Ц нь  нь  ажилласан жил тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Х.Цгийн нэхэмжлэлийн шаардлага дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 08 сарын 29 өдрийн 08/636 дугаартай “ Дэрэн сумын Найрамдал нэгдэл, Найрамдал ББХК”-ын талаархи, 08/637 дугаартай “Дэрэн сумын Худалдаа бэлтгэлийн анги, Оргил хоршоо”-ны талаархи, 08/638 дугаартай “аймгийн Хүнсний үйлдвэр, Говийн тэнгэр ХХК”-ын талаархи  хуулийн этгээдийн лавлагаа /хэргийн 06-08-р хуудас/

-Дундговь аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1980 оны 10 сарын 24 өдрийн 169 дугаартай “Ажилд томилох тухай”, 1981 оны 09 сарын 30 өдрийн 140 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай”, тушаалын хуулбар /хэргийн 10-11-р хуудас/

-Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлийн даргын 1982 оны 04 сарын 28 өдрийн 28 дугаартай “Ажилд томилох тухай”, 1985 оны 11 сарын 01 өдрийн 33 дугаартай “Зарим хүмүүсийг ажилд томилж ажлаас чөлөөлөх тухай” 1986 оны 11 сарын 25 өдрийн 39 дугаартай “Зарим хүмүүсийг ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай”, 1987 оны 05 сарын 15 өдрийн 19 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай”, 1987 оны 07 сарын 17 өдрийн 33 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” 1988 оны 08 сарын 21 өдрийн 17 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай”, 1990 оны 02 сарын 06 өдрийн 07 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаалын хуулбарууд /хэргийн 10-19-р хуудас

-Хүнсний үйлдвэрийн захиргаанаас 1980 оны 12 сарын 29 өдөр Халтарын Ц олгосон, 1980 оны 09 сарын 03 өдрөөс 1991 оны 06 сарын 05 өдөр хүртэл хугацааны “Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ”-ний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 20-21-р хуудас/

-Х.Цд хамаарах  1983-1986, 1990-1991 онуудын цалингийн баримтын хуулбар /хэргийн 26-36-р хуудас/

-Гэрч Ж.Ичинхоролын “ Ц нь 1982-1990 он хүртэл хүнс, зочид буудлын үйлчлэгч, төрөхийн амрах байрны үйлчлэгч, талхан цехийн эрхлэгч зэрэг ажлуудыг хийж байсан. Би нэгдлийн няраваар ажиллаж байсан.” гэх, гэрч Д.Бүдээгийн “Х.Ц нь 1982-1992 онд Дэрэн сумын Найрамдал нэгдэлд зочид буудлын үйлчлэгч, талхан цехэд, төрөхийн өмнөх байранд үйлчлэгч зэрэг ажлуудыг хийж байсан. Би тухайн үед сумын Ахуйн үйлчилгээний төвийн даргаар ажиллаж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 44-45-р хуудас/ зэрэг баримтууд болно

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д  зааснаар Ю овогт Х.Ц//-ийг 1980 оны 09 сарын 03-ээс 1982 оны 04 сарын 26 хүртэл Дундговь аймгийн Хүнсний үйлдвэрт нормчиноор, 1982 оны 05 сарын 01 өдрөөс 1990 оны 02 сарын 06 хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд талхан цехийн эрхлэгч, ажилтан, буудлын эрхлэгч, ажилтан, эхчүүдийн амрах байрны үйлчлэгчээр, 1990 оны 02 сарын 06 өдрөөс 1991 оны 05 сарын 31 хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Худалдаа бэлтгэлийн анги, Оргил хоршоонд талх нарийн боовны цехийн ажилтнаар тус тус ажиллаж байсан болохыг  тогтоосугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.Б