Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/433

 

 

 

 

 

 

 

 

    2023           5           25                                     2023/ШЦТ/433

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,

шүүгдэгч З.Б-, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос А овогт З-н Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн ** тоотод оршин суух хаягтай боловч Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй гэх, урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,  А овогт З-н Б- /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч З.Б- нь согтуугаар 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард Аюушийн 7 дугаар гудамжны *** тоотод хохирогч О.О-г зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Б-ын өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд О.О-г хохирогчоор өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 27-ны орой Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар гудамжны айлд Б-, Б-ын аав, ээж бид дөрөв нэг ширхэг 0.75 граммын  архи хувааж уусан. Гэтэл 00 цагийн үед Б- гэнэт намайг 7 хоног хаагуур  тэнэж яваад ирсэн юм гээд алгадсан. Би гараад зугтаахад араас барьж аваад миний зүүн нүд рүү цохиод гэр рүүгээ чирч орсон. Би гэрт нь ороод жаахан уйлж байгаад унтсан. Намайг зодож байхад аав, ээж нь унтаж байсан. 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр намайг явах гэтэл явуулаагүй. Би дахиад зугтаж гарахад миний араас гарч ирээд баруун нүдэн дээр хөлөөрөө дэвссэн. Тэгээд би гэртээ ороод гайгүй байсан болохоор цагдаад дуудлага өгөөгүй. Түүнээс хойш 2 хоногийн дараа Б- бас аав, ээжтэй нь хамт архи ууж байтал дахиад намайг алгадахаар нь би зугтаж гараад цагдаад дуудлага өгсөн. Надад гомдол, санал байхгүй. Надад гаргаж өгөх хохирлын баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Ц-н гэрчээр өгсөн:

“...2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр О-г манайд ирж амьдарсан. Нүүрэнд нь ил харагдах гэмтэл, шарх харагдаагүй. 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр О-г, Б- хоёр зах явна гээд гэрээс гарсан. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манайд буцаж ирэхдээ О-г хоёр нүд нь хөх эрээн болсон байсан. Би яасан юм, юу болов гэхэд  Б- мөнгөнөөс болж маргалдаж, О-г цохисон талаар надад хэлсэн. 2022 оны 10 дугаар сарын эхээр бид нар барилгын ажил хийсэн юм. Тэр ажлын хөлс буусан, гэтэл О-г мөнгийг нь үрчихсэн юм шиг байсан. О-г бид нараас 500.000 төгрөг өгчихвөл цагдаа, шүүх гэж явахгүй гэж хэлэхээр нь 500.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Т-н гэрчээр өгсөн:

“...Анх О-г ирэхдээ ил харагдах шархгүй байсан. 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай цалин буусан. Б-, О-г хоёр усанд орно, хувцас авна гээд гарцгаасан. Би тэр өдөр архи уусан байсан тул унтсан. 2022 оны 10 дугаар сарын 28-ны өглөө Б-, О-г нар ирсэн. О-г хоёр нүд хөхөрсөн байхаар нь яасан, юу болсон бэ гэхэд Б- намайг зодсон гэж хэлсэн. Би тэр хоёрын зодолдож байгааг хараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаартай О.О-г биед баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхи, зүүн хөмсгөнд цус хуралт, баруун, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хүзүү, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үүсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Б.Ц-н өгсөн:

“...О.О-г биед учирсан зүүн нүдний алимны салстад цус хуралт дангаараа бусад хэсгийн цус хуралт зулгаралт нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлүүдийн өнгө, эдгэрэлтийн байдлыг харахад нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тухайн хүний биеийн байдал, онцлог, арьсны зузаан, эдгэрэлт хурдан явагдаж шимт чанар зэргээс хамаарч 1-2 хоног хэлбэлзэх боломжтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд З.Б-ын яллагдагчаар өгсөн: “...Би О-г гэх эмэгтэйтэй хамт 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хувцас авах гээд гарахаар болоод О-г мөнгө байхгүй гэж хэлэхэд хоёулаа хөдөө Ар гүнтэд ажиллаж байхдаа цалин гэж авсан 1.100.000 төгрөг байгаа гэж хэлэхэд О-г байхгүй, чи бид хоёр архи уугаад дууссан гэж хэлэхээр нь миний уур хүрээд нүүр рүү нь нэг удаа алгадаад зүүн нүд рүү нь гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Мөн гэрээс гарах гээд байхаар нь баруун нүд рүү нь хөлөөрөө нэг удаа дэвссэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/,

 

Шүүгдэгч З.Б-ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

-  иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст 54 дэх тал/,

-  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 69 дэх тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч З.Б- нь согтуугаар 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард Аюушийн 7 дугаар гудамжны *** тоотод хохирогч О.О-г биед халдаж баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхи, зүүн хөмсгөнд цус хуралт, баруун, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хүзүү, нуруунд зулгаралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч О.О-г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч З.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, Н.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,  Б.Т-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн *** дугаартай дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Тодруулбал хохирогч О.О-г эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч З.Б-ын гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Түүнчлэн энэ болсон үйл баримтын талаар хохирогч О.О-г мэдүүлж, өөрт учирсан эрүүл мэндийн хохирлыг хэн учруулсан талаарх эх сурвалжаа шууд нэрлэн зааж байна. 

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч З.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч  З.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүдэгч З.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...З.Б- нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч О.О-гд 500.000 төгрөгийн хохирол төлсөн болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүгдэгч З.Б-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож, шүүгдэгчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болон түүний хувийн байдал  зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч З.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч О.О-г эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд хохирогч О.О-г мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд хохирол төлбөрийн талаарх баримт гаргаж өгөөгүй тул энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч З.Б-с жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч З.Б-ад нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч А овогт З-н Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч З.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар З.Б-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч О.О-г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч З.Б-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч З.Б- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ