Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 151

 

 

 

 

 

 

   2020            1              30                                       2020/ДШМ/151

 

И.Нид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Уранцэцэг,

хохирогч Э.Ц өмгөөлөгч А.Нацагдорж,  

шүүгдэгч И.Н, түүний өмгөөлөгч Т.Баярдалай,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

                                                                                             

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/1813 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Ц өмгөөлөгч А.Нацагдоржийн гаргасан давж заалдах гомдлоор И.Нид холбогдох 1906031282042 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Харчин овгийн Идимагийн Нямдорж, 1990 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аялал жуулчлалын хөтөч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын 90 дүгээр байрны 25 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 49-ийн 3 дугаар байрны 73 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:УШ90012850/;

И.Н нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, “Натур” захын замын хойно байрлах “Black bean” нэртэй кофе шопоор үйлчлүүлэх үедээ хохирогч Э.Ц “Tseren Enebish” /Цэрэн Энэбиш/ нэртэй, 3800 орчим найз, 113000 дагагчтай цахим мэдээллийн сүлжээ болох Фейсбүүк хаягт нь хууль бусаар халдаж, мэдээллийг нь өөрчилж, нууц үгийг нь сольж, сүлжээг ашиглах боломжгүй болгож, бусдад зарсны улмаас “Цэрэн Турс” ХХК-ийн сурталчилгааны пэйж хуудас, Кафе Амстердам гэх 10000 орчим лайк дагагчтай хуудаснуудыг ашиглах боломжгүй болж, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: И.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: И.Нийг цахим мэдээлэлд хууль бусаар халдаж, сүлжээг ашиглах боломжгүй болгож хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулсан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр И.Нийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар И.Ноос 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Э.Ц өмгөөлөгч А.Нацагдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дараах гомдлыг гаргаж байна.

И.Н Амгалан гэх хүнд “Tseren Enebish” гэх фэйсбүүк хаягийг 2.000.000 төгрөгөөр зарахаар болж шилжүүлсэн нь тогтоогдсон. Шүүх шийдвэр гаргахдаа хохирогч Цэрэнгийн зөрчигдсөн цахим мэдээллийн сүлжээ болох фейсбүүк хаягаа ашиглах боломжгүй болж, бусдад өөрийн хүсэл зорилгоо илэрхийлэх, Үндсэн хуульд заасан үг хэлэх, хэвлэн нийтлэх гэсэн хууль ёсны ашиг сонирхол алдагдсан тул “Tseren Enebish” хаягийг буцаан сэргээлгэхийг шүүгдэгч И.Н болон зохих байгууллагад даалгах заалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч И.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Фэйсбүүк хаяг сэргээлгэх тухай өмгөөлөгчийн гомдлыг ойлгохгүй байна. Учир нь, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тухайн хаягийг сэргээсэн ба хохирогч өөрөө одоо ашиглаж байгаа. ...” гэв.

Шүүгдэгч И.Нийн өмгөөлөгч Т.Баярдалай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заагдсан техникийн шинжтэй алдаануудыг засах ёстой гэж үзэж байна. Хохирогч Э.Ц өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан фэйсбүүк хаягийг сэргээлгэхийг даалгах асуудлын тухайд, хавтас хэргийн 10 дугаар хуудсанд байх “Tseren Enebish” хаягийг сэргээж, эд зүйл хүлээлцсэн тэмдэглэл авагдсан учраас гомдол хангагдсан гэж үзнэ. ...” гэв.

Прокурор Б.Уранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан техникийн шинжтэй алдаануудыг засах шаардлагатай гэж үзэж байна. Э.Ц өмгөөлөгчийн гаргасан гомдлын тухайд 1 дүгээр хавтас хэргийн 10 дугаар талд “Tseren Enebish” фэйсбүүк хаягийг сэргээж, хохирогч нууц үгээ сольж хүлээн авсан тул гомдол хангагдсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

И.Н нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, “Натур” захын замын хойно байрлах “Black bean” нэртэй кофе шопоор үйлчлүүлэх үедээ хохирогч Э.Ц “Tseren Enebish” /Цэрэн Энэбиш/ нэртэй, 3800 орчим найз, 113000 дагагчтай цахим мэдээллийн сүлжээ болох Фейсбүүк хаягт нь хууль бусаар халдаж, мэдээллийг нь өөрчилж, нууц үгийг нь сольж, сүлжээг ашиглах боломжгүй болгож, бусдад зарсны улмаас “Цэрэн Турс” ХХК-ийн сурталчилгааны пэйж хуудас, Кафе Амстердам гэх 10000 орчим лайк дагагчтай хуудаснуудыг ашиглах боломжгүй болж, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Ц “...2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагийн орчимд би өөрийн хувийн фэйсбүүк хаягаа ашиглаад байж байтал гэнэт таны цахим хуудсыг түр хаалаа гэсэн утгатай сануулга орж ирээд, түүний дараагаар дахин энэ хаягаас нэвтрэн орж байна, та мөн үү гэсэн агуулгатай зурвас ирээд хэдхэн секундын дотор миний нууц үгийг нууцалсан gmail хаяг руу явууллаа гэсэн санамж гарч ирээд алга болсон. Түүнээс хойш би өөрийн “Tseren Enebish” гэх фэйсбүүк хаяг руугаа орж чадахаа больсон. Миний фэйсбүүкийн нууц үгийг сольсон хаяг IP хаяг нь 199.249.230.86 гэсэн IP хаяг гарч ирсэн.  ...Тэгтэл миний хаягийг авсан этгээд би фэйсбүүк алдаад эргүүлээд авлаа гээд хүмүүсийг төөрөгдүүлсэн шинжтэй зүйл бичиж эхэлсэн. ...Би өөрийн фэйсбүүкээ анх 2010 онд Tseren Enebish гэх хаягаар нээж байсан. 3800 орчим найз, 113000 дагагчтай. Мөн миний хаягт Цэрэн Турс ХХК-ний аялал жуулчлалын чиглэлийн сурталчилгааны пэйжүүдийн нэг нь 8000 лайк, дагагчтай, нөгөө нь 1200 лайк, дагагчтай, пэйж хуудсанууд байсан. Мөн Кафе Амстердам гэх 10000 орчим лайк, дагагчтай хуудаснуудаа ашиглах боломжгүй болсон. ...Миний цахим хаяг хууль бусаар алдагдсан хугацаанд миний хувийн мэдээлэл, хувийн захидал харилцааг задалж бусдад тараасан. Миний нэр хүндэд халдаж, гутаан доромжилсон. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Нэхэмжлэх зүйл байхгүй. И.Н миний цахим хаягт миний зөвшөөрөлгүй нэвтрэх эрх байхгүй. ...” /хх- 98-101, 102-104, 105-106/,

гэрч Х.Ариунтунгалагийн “...90082348 нь миний ашиглаж байгаа дугаар мөн. Би уг дугаарыг ашиглаад 4-өөс 5 жил болж байна. ...2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр фэйсбүүк компаниас зурвас ирсэн. ...” /хх-107-108/,

гэрч С.Амгалангийн “...Нямка надад хэлэхдээ “олон дагагчтай фэйсбүүк хаяг байна, зарна” гэхээр нь би авахгүй гэж хэлсэн, тэгсэн чинь надад “та надад итгэ, танд итгэж хэлж байна, найдвартай утасны дугаар хэрэгтэй байна” гэж ярьсан. Тэр үед би олон дагагчтай гэхээр нь олны танил хүний хаяг байгаа байх гэж бодоод татгалзсан. Цэрэнгийн хаяг гэж би бодоогүй. Хэд хоногийн дараа надад зарна гээд холбох утасны дугаар хэрэгтэй байна гэхээр нь эхнэрийнхээ 90082348 дугаарыг холбож өгсөн, энэ талаар манай эхнэр мэдэхгүй. ...Надад анх хэлэхдээ олон дагагчтай хаяг байна гэж хэлсэн. Тэгээд тухай хаягийг авахаар болоод шилжүүлж авахдаа Э.Цэрэндолгор гэх хүний хаяг гэдгийг мэдсэн. ...И.Н “Tseren Enebish” гэх фэйсбүүк хаягийг 2.000.000 төгрөгөр зарахаар болж, би урьдчилгаа 500.000 төгрөгийг И.Нид өгч, хаягийг өөр дээрээ шилжүүлж авсан. Үлдсэн 1.500.000 төгрөгийг нь өгөөгүй байсан. ...” /1-хх-109-110, 111-112, 113/,

И.Нийн яллагдагчаар өгсөн “...Би анх 2010 онд ээж Э.Ц “Tseren Enebish” нэртэй фэйсбүүк хаягийг нээж өгч байсан. 2010 оноос хойш 10 орчим төрлийн нууц үг ашигласан байсан бөгөөд бүгдийг нь би мэддэг байсан. 2019 оны 5 дугаар сард би ээж Э.Ц фэйсбүүк хаягийн хуучин нэвтрэх нэр, нууц үгүүдийг хийж үзэж байгаад нэвтэрч орсон. Тэгээд “Tseren Enebish” гэх хаягийн нэвтрэх нэрийг хадам аав Нанжидсүрэнгийн 80664660 дугаараар бүртгүүлж нууц үгийг сольж, өөрийн мэдэлд уг хаягийг авсан. Тэгээд хуурай ах Амгаланд хандаж 112.000 орчим дагагчтай фэйсбүүк хаяг байна, зарах боломж байна уу гэж асуухад “болох байхаа, эхлээд 500.000 төгрөгийн урьдчилгаа өгье, нэвтрэх нэр, нууц үгийг нь өгчих, хэсэг хугацааны дараа зараад үлдсэн 1.500.000 төгрөгийг өгөхөөр тохирсны дагуу 500.000 төгрөг авч, фэйсбүүк хаягийг нь Амгаланд өгсөн. ...Цахим хаягт нэвтрэн ороод нэвтрэх код болон гар утасны дугаарыг нь өөрчилж, чатуудыг нь хуулбарлан авсан. ...Цахим хаягийг 2.000.000 төгрөгөөр худалдахаар болсон. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын сүүлээр Амгалангаас урьдчилгаа 500.000 төгрөгийг авсан. Үлдсэн мөнгийг нь одоо болтол аваагүй. ...” /1-хх-126-127, 129-132, 133-135/ гэх мэдүүлгүүд,

цахим хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-хх-8-9/, эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-хх-10/,  мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /1-хх-11-12/, фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /1-хх-13/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-хх-14/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-хх-85-93/, фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /1-хх-94-97/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүрэг бүхий субъектүүдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч И.Нийг цахим мэдээлэлд хууль бусаар хандаж, сүлжээг ашиглах боломжгүй болгож, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч И.Н хохирогч Э.Ц “Tseren Enebish” нэртэй фэйсбүүк хаягт хууль бусаар халдаж, мэдээллийг нь өөрчилж, нууц үгийг нь сольж, сүлжээг ашиглах боломжгүй болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч И.Нийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийг арилгасан болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр И.Нийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хохирогч Э.Ц өмгөөлөгч А.Нацагдорж “...“Tseren Enebish” хаягыг буцаан сэргээлгэхийг шүүгдэгч И.Н болон зохих байгууллагад даалгах заалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэргийн материалыг судлахад, эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “хохирогч Э.Ц “Tseren Enebish” нэртэй фэйсбүүк хаягийг хохирогч Э.Цэрэндолгорт хүлээлгэн өгч, хохирогч Э.Цэрэндолгор нь фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг өөрчлөн авсан” гэх тэмдэглэл авагдсан байх бөгөөд тэрээр өөрийн “Tseren Enebish”  нэртэй фэйсбүүк хаягыг ашиглаж байна. /1-хх-10/

Түүнчлэн шүүгдэгч И.Нийг цахим мэдээлэлд хууль бусаар халдаж, сүлжээг ашиглах боломжгүй болгож хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хохирогч Э.Цэрэндолгор нь хүчинтөгөлдөр шийтгэх тогтоолыг үндэслэн эрх бүхий байгууллагад хандан өөрийн “Tseren Enebish” нэртэй фэйсбүүк хаягийг сэргээлгэх, ашиглах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй байгааг дурдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан зохицуулалт нь хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, тодорхой эрх зүйн үр дагавар бий болгодог заавал хэрэглэх хэм хэмжээнүүд юм.

Мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэгдсэн этгээд тухайн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдвэл түүнээс гарах эрх зүйн үр дагаврыг мэдэх ёстой ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг шүүх шийдвэртээ тусгах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцнэ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/1813 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Э.Ц өмгөөлөгч А.Нацагдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд “Харчин овгийн Идимагийн Нямдоржийг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд...” гэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч  И.Нийн насыг “52 настай” гэж  тус тус техникийн шинжтэй алдаа гаргасныг цаашид анхаарах нь зүйтэйг тэмдэглэж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/1813 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Э.Ц өмгөөлөгч А.Нацагдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

 

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ