Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 109/ШШ2022/0012

 

 

 

 

 

 

 

                              

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: П.Б

            Хариуцагч: Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.М нарын хоорондын “2011 оны газрын дуудлага худалдааны ялагч П.Б-д 10000м2 хэмжээгээр газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргалгүй орхигдуулсан Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийг эзэмшиж буй 10000м2 газарт эзэмшүүлэх шийдвэрийг нөхөн гаргахыг даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч П.Б нь Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад  холбогдуулан “Газрын дуудлага худалдааны ялагч П.Б-д газар эзэмшүүлсэн захирамж гаргаагүй Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, захирамжийг нөхөн гаргахыг Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад даалгах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч П.Б нь Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 12 дугаар захирамжаар тус сумын Халуун усны жуулчны баазын горхины наана зуслангийн дэнж хэмээх газар дээр 25*25 харьцаатай газар эзэмшүүлэхийг зөвшөөрсөн байна.

3. Улмаар 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эзэмших эрх бүхий газраа 10.000м2 хэмжээтэй болгож, дуудлага худалдааны анхны үнэ болох 1.500.000 төгрөгийг Архангай аймгийн Цэнхэр суманд төлжээ. Ийнхүү 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 10.000м2 газрыг эзэмших эрхийг гэрчилгээ олгосон боловч 10.000м2 газрыг эзэмшүүлэх тухай сумын Засаг даргын захирамжийг гаргаагүй ажээ. Ийнхүү нэхэмжлэгч П.Б-аас “Газрын дуудлага худалдааны ялагч П.Б-д газар эзэмшүүлсэн захирамж гаргаагүй Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, захирамжийг нөхөн гаргахыг Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

4. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн П.Б миний бие Цэнхэр сумын уугуул иргэн бөгөөд анх 2008 онд 25*25мкв газар эзэмшихээр хуулийн дагуу хүсэлтээ гарган шийдвэрлүүлэн Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 12 дугаар захирамжаар 400м2 газрыг сувилал аяллын зориулалтаар авч эзэмшсэн юм. Ингэж байгаад 2011 онд манай сумаас газрын дуудлага худалдаа зарлахад миний бие тухайн дуудлага худалдаанд хуулийн дагуу оролцож хамгийн дээд үнэ болох 1.500.000 төгрөгийн үнэ өгч дуудлага худалдааны ялагч болж өөрийн 25x25 буюу 400 мкв газрыг 10.000 мкв газар болгож авсан юм. Ингээд дуудлага худалдааны үнэ болох 1.500.000 төгрөгийг сумын Засаг даргын Тамгын газарт тушааж улмаар 10.000м2 газрын гэрчилгээг надад олгосон юм. Тэгээд түүнээс хойш одоог хүртэл 10.000мкв газрын төлбөрийг төлж явсаар ирсэн. Гэтэл миний эзэмшлийн газар дээр н.Ө нь миний зөвшөөрөлгүй гэр, байшин барьснаар асуудал үүсч, миний дуудлага худалдаагаар авсан газарт одоог хүртэл захирамж гараагүй юм байна гэдгийг мэдсэн.

Иймд 2011 оны газрын дуудлага худалдааны ялагч П.Б-д 10000м2 хэмжээгээр газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргалгүй орхигдуулсан Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийг эзэмшиж буй 10000м2 газарт эзэмшүүлэх шийдвэрийг нөхөн гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын иргэн П.Б нь 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 12 тоот захирамжаар Алтан Овоо багийн Халуун усанд 25*25 хэмжээтэй газрыг эзэмшүүлсэн. Тухайн газраас 1 га болгох хүсэлтийг 2011 онд ирүүлсэн боловч газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг сунгах, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Тухайн үед буюу 2011 онд Халуун усны баазуудын захирамжийн хэмжээ бүгд газартайгаа зөрүүтэй байсан. Энэ зөрчлийг арилгахаар сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дуудлага худалдааны анхны үнийг бүгдийг нь тушаалга гэсэн шийд гарч байсан, гэхдээ бичгээр гарсан шийдвэр байдаггүй. Иргэн П.Б нь 2011 онд 1.500.000 төгрөгийг төрийн санд тушаасан, тухайн үед дуудлага худалдаа зохион байгуулалгүйгээр дуудлага худалдааны анхны үнийг тушаалгасан гэсэн үг. Бусад гэрчилгээ, захирамжгүй баазуудын захирамжийг нь гаргаж өгсөн, иргэн П.Б-ийн тухайд 2008 оных нь захирамжийг үндэслээд 1 га хэмжээгээр нь бичиж өгсөн байсан. Манай зүгээс иргэн П.Бийг 2008 оноос хойш газрын төлбөр төлсөн асуудлаар маргах зүйл байхгүй, иргэн П.Бийн эзэмшиж буй газар нь бусад иргэн, аж ахуй нэгж хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газар, бусдын өвөлжөө, хаваржааны газартай давхцалгүй байгаа.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гэрчийн мэдүүлэг, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх дүгнэв. Учир нь:

Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд,

1. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 12 дугаар захирамжаар иргэн П.Б-д тус сумын Халуун усны жуулчны баазын горхины наана зуслангийн дэнж хэмээх газар дээр 25*25 харьцаатай газар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.  Улмаар иргэн П.Б нь 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эзэмших эрх бүхий газраа 10.000м2 хэмжээтэй болгохоор дуудлага худалдааны анхны үнэ болох 1.500.000 төгрөгийг Архангай аймгийн Цэнхэр суманд төлж, тус сумаас 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 10.000м2 газрыг эзэмших эрхийг гэрчилгээ олгосон байна. Улмаар дээрх хугацаанаас хойш 2021 он хүртэл 10.000м2 газрын төлбөрийг төлж, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж иржээ.

2. Улмаар нэхэмжлэгч П.Б-ийн эзэмшиж буй газарт иргэн Н.Ө гэр, байшин барьснаар маргаан үүсч, газар эзэмших эрхийн захирамжийг нөхөн гаргуулахаар 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр сумын Засаг даргад, 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр аймгийн Засаг даргад тус тус ханджээ. Улмаар 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр дээрх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаан үүсгэсэн байна.

3. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан “2011 оны газрын дуудлага худалдааны ялагч П.Б-д 10000м2 хэмжээгээр газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргалгүй орхигдуулсан Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийг эзэмшиж буй 10000м2 газарт эзэмшүүлэх шийдвэрийг нөхөн гаргахыг даалгах” шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

4. Нэхэмжлэгч П.Б-ийн зүгээс 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуудлага худалдаанд оролцож орж ялагчаар тодрон дуудлага худалдааны анхны үнэ болох 1.500.000 төгрөгийг тушаасан байх бөгөөд хариуцагчийн зүгээс дуудлага худалдаа болсон болон дуудлага худалдааны анхны үнийг төлүүлсэн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдаж энэ талаарх үйл баримттай маргаагүй болно.

5. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасан.

6. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан “ ... энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн эл зохицуулалтаар дуудлага худалдааг зохион байгуулах, үүнтэй холбоотойгоор анхны үнийг төлүүлэх, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах зэрэг ажиллагааг хариуцагч захиргааны байгууллага хийж газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргах нь Засаг даргын хуулиар хүлээсэн үүрэг байна.

7. Нэхэмжлэгч иргэний хувьд 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуудлага худалдаанд оролцож орж ялагчаар тодрон дуудлага худалдааны анхны үнэ болох 1.500.000 төгрөгийг тушаасан болох нь хэрэгт авагдсан Цэнхэр сумын санхүүгийн албаны даргын тодорхойлолт, шифр мэдээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтаар тогтоогдож байна. /х.х-н 5-7/

8. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.3 дахь хэсэгт “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” 27.4. дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заажээ. Нэхэмжлэгч иргэнд анх 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 10000м2 хэмжээгээр газар эзэмшүүлэх гэрчилгээг олгосон байна. Улмаар 2020 оны 9 дүгээр арын 3-ны өдрийн ********* дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээгээр мөн л 10000м2 хэмжээгээр газар эзэмшүүлэх гэрчилгээг шинэчлэн олгосон байна. /х.х-н 18, 52/

9. Нэхэмжлэгчийн хувьд 2011 оноос эхлэн гэрээ, гэрчилгээнд заасны дагуу 10000м2 хэмжээгээр газрын төлбөрийг төлж, гэрээг жил бүр байгуулж хуулиар газар эзэмшигчийн хүлээх үүргийг биелүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн зүгээс эдгээр үйл баримтыг үгүйсгэж маргаагүй болно. /х.х-н 16-17, 77, 78, 79/

10. Нэхэмжлэгч иргэнээр 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуудлага худалдааны анхны үнэ болох 1500.000 төгрөгийг тушаалгаж, газар эзэмшүүлэх гэрчилгээ, гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг тухай бүр төлүүлж ирсэн захиргааны байгууллагын үйлдэл нь нэхэмжлэгч иргэнд гэрчилгээ, гэрээнд заасан хэмжээгээр газар эзэмших эрхтэй гэсэн хууль ёсны итгэлийг бий болгожээ. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагын уг үйл ажиллагаанд иргэний хууль ёсны итгэл хамгаалах зарчим хэрэгжих учиртай.

11. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар “Эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. Ийнхүү газар эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргийг зохих ёсоор биелүүлж гэрчилгээ, гэрээнд заасан хэмжээгээр газар эзэмшиж байсан иргэнд захиргааны байгууллага газар эзэмшүүлэх шийдвэрийг зохих журмын дагуу гаргаж өгөлгүй орхигдуулсан нь иргэний газар эзэмших эрхийг зөрчсөн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа буюу эс үйлдэхүй байна гэж үзлээ.

12. Өөрөөр хэлбэл, нэгэнт газар эзэмших эрхээ бодитоор эдэлж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байгаа иргэнд уг газрын эзэмшигч мөн гэх итгэлийг захиргааны байгууллага бий болгосон буюу тухайн иргэнд газар эзэмших эрхийг гэрчилгээ олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газрын төлбөрийг тухай бүр төлүүлсэн боловч газар эзэмшүүлэх тухай шийдвэр /захирамж/-ийг гаргаагүй, уг ажиллагааг орхигдуулсан нь захиргааны байгууллагын буруутай эс үйлдэхүй болжээ.

13. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.3 дахь хэсэгт “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” 27.4. дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заажээ. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж зохицуулсан.

14. Нэхэмжлэгчийн анхны 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2020 оны 9 дүгээр арын 3-ны өдрийн ********** дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээгээр эзэмшүүлсэн 10000м2 хэмжээтэй газар бусад иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж буй газартай давхцалгүй, бусад хууль ёсоор газар эзэмшигчийн эрхийг зөрчөөгүй болох нь хэрэгт авагдсан Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын тамгын газрын 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 03/163 дугаартай албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон болно.

15. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч П.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2011 оны газрын дуудлага худалдааны ялагч П.Б-д 10000м2 хэмжээгээр газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргалгүй орхигдуулсан Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийг эзэмшиж буй 10000м2 газарт эзэмшүүлэх шийдвэрийг нөхөн гаргахыг Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.2,  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч П.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2011 оны Газрын дуудлага худалдааны ялагч П.Б-д 10.000м2 хэмжээгээр газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргалгүй орхигдуулсан Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийг эзэмшиж буй 10.000м2 газарт эзэмшүүлэх шийдвэрийг нөхөн гаргахыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2,  114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.ТҮВШИНТУЛГА