| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2025/0137/з |
| Дугаар | 221/МА2025/0546 |
| Огноо | 2025-08-21 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2025/0546
“ Д т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч М.Цэцэгмаа
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С
Нэхэмжлэгч: “ Д т” ХХК
Хариуцагч: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Нэхэмжлэлийн шаардлага: “Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 03/1063 дугаар захиргааны актыг хүчингүй болгуулах, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 03/737 дугаар албан бичгийн дагуу Багц №11 хөдөөгийн алслагдсан багуудын харилцаа холбооны дэд бүтэц ЦХХХЯ/20240101047 төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад шалгарсан “ Д т” ХХК-тай гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Багц №11 хөдөөгийн алслагдсан багуудын харилцаа холбооны дэд бүтэц ЦХХХЯ/20240101047 төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтын дагуу гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 119/ШШ2025/0415 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Б.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Е
Хэргийн индекс: 128/2025/0137/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ Д т” ХХК-аас Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд холбогдуулан “Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 03/1063 дугаар захиргааны актыг хүчингүй болгуулах, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 03/737 дугаар албан бичгийн дагуу Багц №11 хөдөөгийн алслагдсан багуудын харилцаа холбооны дэд бүтэц ЦХХХЯ/20240101047 төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад шалгарсан “ Д т” ХХК-тай гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Багц №11 хөдөөгийн алслагдсан багуудын харилцааны холбооны дэд бүтэц ЦХХХЯ/20240101047 төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтын дагуу гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 119/ШШ2025/0415 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1, 28 дугаар зүйлийн 28.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ Д т” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03/1063 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын дагуу гэрээ байгуулахыг хариуцагчид даалгаж /гэж/ шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай харьцуулах замаар дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй. Уг төслийг хэрэгжүүлэхээр Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/10 дугаар тушаал гарч, хийгдэх ажлыг 8 багцад хувааж худалдан авах ажиллагааны шалгаруулалтыг хийснээс маргаж буй багц нь Өвөрхангай, Төв аймгуудад харилцаа холбооны дэд бүтэц байгуулах 1,360.0 төгрөгийн төсөвт өртөгтэй, үүнээс 2024 онд 640.0 төгрөгийг санхүүжүүлэх 7 дугаар багц байсан. Энэ багцын тендер шалгаруулалт амжилтгүй болсонтой холбогдуулан Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/41 дүгээр тушаалаар дээрх 8 багцыг дахин газар зүйн байршлаар багцалж 12 багц тендер зарласан бөгөөд маргаж буй багц нь 800.0 төгрөгийн төсөвт өртөгтэй, үүнээс 2024 онд 400.0 төгрөгийг санхүүжүүлэх Багц 11 болж, 4 дэх удаагийн шалгаруулалтаар “ Д т” ХХК ганцаар оролцож шалгарсан талаар Үнэлгээний хорооноос 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус компанитай гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид ирүүлж, захиалагчаас гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 03/737 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.
Гэтэл анхан шатны шүүхээс тендерийн баталгаа ирүүлэх, гэрээ байгуулах хугацааны талаар шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6, 7, 8 дахь хэсэгт хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг тайлбарлахад эргэлзээтэй байдал үүсгэсэн.
3.2. Захиалагчийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр баталсан Тендер шалгаруулалтын баримт бичиг (ТШББ)-ийн Тендер шалгаруулалтын зааварчилгаа (ТШЗ)-ны 37.1-д гэрээ байгуулах эрх авсан оролцогч тухайн төсвийн жилд санхүүжих дүнгийн 3 хувийн үнийн дүнтэй гүйцэтгэлийн баталгааг захиалагчаас шаардсан хугацааны дотор ирүүлэхээр, 37.2-т гүйцэтгэлийн баталгааг “Худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах, орлого болгох журам”-д нийцүүлэн гаргахаар, 39.2-т шалгарсан оролцогч гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулан захиалагчаас шаардсан хугацааны дотор хүргүүлэхээр тус тус заасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4.1.12-т “оролцогч” гэж энэ хуулийн 6.1-д зааснаар тендер ирүүлсэн аж ахуй эрхлэгчийг ойлгохоор заасан бөгөөд тендерт шалгарсан оролцогч нь гэрээ байгуулсны дараа гүйцэтгэгч болох тул дээрх ТШББ болон журмаас дүгнэн үзэхэд гүйцэтгэлийн баталгааг гэрээг байгуулсан гүйцэтгэгч биш гэрээ байгуулах эрх авсан оролцогч гаргах нь тодорхой харагддаг. Ийм ч учраас Захиалагч гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлдээ шаардлага хангасан гүйцэтгэлийн баталгааг гарын үсэг зурсан гэрээний хамт ирүүлэхийг, хэрвээ хамтатган ирүүлээгүй бол гэрээ байгуулах эрхийг цуцлах үндэслэл бүрдэх талаар мэдэгдэж энэ эрхээ хэрэгжүүлсэн нөхцөл заасан үйл баримтыг анхан шатны шүүхээс харгалзан үзээгүй.
3.3. Гэрээ байгуулах эрх авсан “ Д т” ХХК-ийн ирүүлсэн тендерийн хүчинтэй хугацаа 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дууссаныг шүүхээс мөн харгалзан үзээгүй. “Даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр гарах үеийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Маргаж байгаа энэхүү багц тендерийн хувьд 2024-2025 онд 20,000.0 төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж, 2024 онд 10,000.0 төгрөг батлагдсан бөгөөд 1, 3, 4, 5, 6,7, 9, 10, 12 дугаартай багцуудад гүйцэтгэгч шалгаран гэрээ байгуулсан ч гүйцэтгэл байхгүй шалтгаанаар 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр буцаан татагдсан.
3.4. Захиалагчаас 2024 онд төсөвт суусан уг багц тендерийн санхүүжилт татагдсантай холбогдуулан Төсвийн тухай хуульд заасан дээрх бүрэн эрх болох төсвийн захирагчийн батлагдсан төсвөө хуваарилах, захиран зарцуулах эрх хэмжээнийхээ хүрээнд 2025 оны улсын төсөвт төсөвлөгдсөн 14.425.700 төгрөгийн хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/08 дугаар тушаалаар төсөл, арга хэмжээг дахин балээр гэрээ байгуулж гүйцэтгэл эхэлсэн багц тендерийн хүрээнд төсвөө хуваарилсан. Улмаар амжилтгүй болсон багцуудад худалдан авах санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тул дахин зарлаагүй ба холбогдох баримтыг шүүхэд хүргүүлсэн боловч шүүх үнэлж дүгнээгүй.
3.5. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан ба уг хуулийн зохицуулалтын агуулга нь шүүхийн шийдвэр бодит байдалд нийцсэн буюу хэрэгжих боломжтой, хэрэгжихүйц, биелэгдэхүйц байх явдал гэж ойлгож байна. Санхүүжилт байхгүй бол захиалагчаас уг багцыг хэрэгжүүлэх боломжгүй болсон бодит нөхцөл байдал үүссэн, гэрээ байгуулах нь захиалагчид ач холбогдолгүй болсон бодит нөхцөл байдлыг шүүхээс анхаарч үзээгүй, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдуулан нотлох баримтыг буруу үнэлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
3. “ Д т” ХХК-аас Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд холбогдуулан “Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 03/1063 дугаар захиргааны актыг хүчингүй болгуулах, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 03/737 дугаар албан бичгийн дагуу Багц №11 хөдөөгийн алслагдсан багуудын харилцаа холбооны дэд бүтэц ЦХХХЯ/20240101047 төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад шалгарсан “ Д т” ХХК-тай гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Багц №11 хөдөөгийн алслагдсан багуудын харилцаа холбооны дэд бүтэц ЦХХХЯ/20240101047 төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтын дагуу гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэл гаргасан.
3.1. Ингэхдээ, шаардлагын үндэслэлээ ... гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 6 хоногийн дараа 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрээг 4 хувь баталгаажуулж хүргүүлсэн, захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан өөрчлөгдсөн гэх хүсэлтийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ болон гүйцэтгэлийн баталгааг хамтад нь хүргүүлсэн, нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар маргаан бүхий тендер шалгаруулалтад заасан ажлыг гүйцэтгэх, хөлс авах эрх хууль ёсны ашиг сонирхол сэргэнэ гэх зэргээр тодорхойлж маргасан.
3.2. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... тендерийн хүчинтэй хугацаанд захиалагч шийдвэр гаргах ёстой байтал нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөр огноолсон гэрээг албан бичгээр ирүүлээгүй, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөр огноолсон гүйцэтгэлийн баталгааг хамт ирүүлээгүй нь гэрээ байгуулахаас татгалзах нөхцөлийг үүсгэсэн, төсвийн шууд захирагч эрх хэмжээнийхээ хүрээнд тендерийн багцуудыг задалсан бөгөөд энэ жилдээ хэрэгжих боломжгүй, Төсвийн тухай хуулийн дагуу санхүүжилт татагдсан учраас нэхэмжлэл хангагдсан тохиолдолд шүүхийн шийдвэр биелэх боломжгүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.
4. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаас үзэхэд;
4.1. Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамнаас зарласан ЦХХХЯ/20240101047 дугаартай Хөдөөгийн алслагдсан багуудын харилцаа холбооны дэд бүтэц /Улсын хэмжээнд/ төсөл, арга хэмжээний ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтыг 2024 онд хэдэн удаа явуулж, Багц 11. Өвөрхангай аймгийн сумдад ажил гүйцэтгэх тендерт нэхэмжлэгч хуулийн этгээдийг Үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн зөвлөмж /шийдвэр/-өөр шалгаруулж, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 03/737 дугаар албан бичгээр “ Д т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлэхдээ, гүйцэтгэлийн баталгааг холбогдох журмын дагуу гаргаж, гарын үсгээр баталгаажуулсан гэрээний маягтын хамт ирүүлэхийг шаардаж, энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгохыг дурджээ.
4.2. Уг мэдэгдлийн дагуу “Д т” ХХК нь гэрээний маягтыг гарын үсгээр баталгаажуулж хүргүүлснийг захиалагч дараах байдлаар тайлбарлана:
- 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн гэрээнд захиалагчийг төлөөлөх эрх бүхий этгээдийг зөрүүтэй бичсэн.
- 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөр огноолсон гэрээг албан бичгээр ирүүлээгүй, төлөөлөх эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөөгүй буюу бичиг хэргийн бүртгэлд ороогүй, гэрээнд гүйцэтгэлийн баталгааг хавсаргаагүй.
4.3. Гэрээнд хавсаргавал зохих 325DOCPF241437 дугаартай гүйцэтгэлийн баталгааг Г б 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан ба Захиалагчийн шийдвэр гаргах хугацаанд багтаан, гүйцэтгэлийн баталгааг гэрээний хамт ирүүлэх шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлээр Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамнаас гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03/1063 дугаар албан бичгээр “ Д т” ХХК-д мэдэгджээ.
4.4. Улмаар тендер хүчинтэй байх хугацаа нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон байх бөгөөд Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдын 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн А/08 дугаар тушаалаар, хөдөөгийн алслагдсан багуудын харилцаа холбооны дэд бүтцийн төсөл, арга хэмжээг багцад задлахдаа Багц.11 Өвөрхангай аймагт 2025 онд санхүүжүүлэх дүн “0” төгрөг гэж тусгасан байна.
5. Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар “... нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээг хариуцагчид хүргүүлсэн нь гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа хүргүүлэх хуулийн хугацаанд багтана, гэрээ байгуулах эрх олгосон 03/737 дугаар мэдэгдэлд гүйцэтгэлийн баталгаа ирүүлэх хугацааг зааж дурдаагүй атлаа гэрээг ирүүлэхдээ баталгааг хавсаргаж ирүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгахгүй” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд холбогдох хуулийг буруу тайлбарлажээ.
6. Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
6.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д ““тендер шалгаруулалтын баримт бичиг” гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг /хэлнэ/”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ”, 42 дугаар зүйлийн 42.1-д “Тендер шалгаруулалтын төсөвт өртөг 100 сая төгрөгөөс дээш бол гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гүйцэтгэлийн баталгаа шаардана” гэж,
6.2. Сангийн сайдын 2023 оны А/252 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Худалдан авах ажиллагааны баталгаа гаргах, орлого болгох журам”-ын 3.1-д “Хуулийн 42.1-д зааснаас дээш төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад гэрээ байгуулах эрх авсан оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаас багагүй үнийн дүнтэй гүйцэтгэлийн баталгааг захиалагчид хүргүүлнэ”, 3.10-д “Захиалагчийн хүлээн авсан, шаардлага хангасан гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн баталгаа нь гэрээний салшгүй хэсэг байна” гэж тус тус заасан.
Хууль, журмын эдгээр зохицуулалтыг хамтатган тайлбарлавал, захиалагч нь тендер шалгаруулалтад хамаарах аливаа шаардлагыг тодорхойлж, тендерийн баримт бичигт тусгах ба тендерт шалгарч, гэрээ байгуулах эрх авсан оролцогчийн хувьд захиалагчаас тогтоосон хугацаа, хэлбэр, журмын дагуу холбогдох баримтыг бүрдүүлж, хүргүүлэхээс гадна хууль, тендерийн баримт бичигт зааснаар гүйцэтгэлийн баталгаа гаргах үүрэгтэй байна.
7. Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамнаас зарласан ЦХХХЯ/20240101047 дугаартай Хөдөөгийн алслагдсан багуудын харилцаа холбооны дэд бүтэц төсөл, арга хэмжээний ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ-ны өгөгдлийн хүснэгтийн 37.1-д “Гэрээний нөхцөлийн дагуу гүйцэтгэлийн баталгаа ирүүлнэ” гэж заасныг энэ хэсгийн 4.1-4.3-д заасан үйл баримт, холбогдох эрх зүйн зохицуулалттай харьцуулан үзвэл, энэ тендер шалгаруулалтад гүйцэтгэлийн баталгаа ирүүлэх шаардлагыг захиалагчаас тогтоож, ирүүлэх хугацааг “гэрээний хамт ирүүлэх” гэж тодорхойлсон байхад анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн, тендерийн баталгааг ирүүлэх хугацааг мэдэгдэлд заагаагүй гэж үзэх боломжгүй юм.
8. Тендерийн баримт бичигт тодорхойлсон уг шаардлагын дагуу захиалагчаас нэхэмжлэгчид хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэлд гүйцэтгэлийн баталгааг ирүүлэх хугацаа, журмыг тусгасан байхад “ Д т” ХХК нь гүйцэтгэлийн баталгааг гэрээтэй хамтад нь ирүүлээгүй болох нь захиалагчийн ирсэн бичгийн бүртгэлийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Тендерт оролцогч нь хуулиар тогтоосон ил тод, хариуцлагатай байх зарчмын дагуу зөвшөөрсөн хэлбэрээр, зохих журмын дагуу захиалагчтай харилцах шаардлагатай тул “гэрээг баталгаажуулсан хувийг гүйцэтгэлийн баталгааны хамт, албан бичгээр ирүүлээгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.
9. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн оролцогчдын шаардлага, татгалзлын үндэслэлийн хүрээнд гүйцэтгэлийн баталгааг хамтад нь, тогтоосон хугацаанд ирүүлэх шаардлагыг нэхэмжлэгч хэрхэн хангасан талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй нь дутагдалтай болжээ.
10. Түүнчлэн энэ хэсгийн 4.4-т заасны дагуу тодорхойлогдож буй үйл баримтаар, дээрх шалтгаанаар “ Д т” ХХК-тай гэрээ байгуулаагүй, нэгэнт тендер хүчинтэй байх хугацаа дууссан, захиалагчаас тендер зарласан Багц 11-д хамаарах төсөл, арга хэмжээг дахин багцалсаны зэрэгцээ энэ төсөл, арга хэмжээнд 2025 онд санхүүжилт олгоогүй нөхцөл байдал тогтоогдож байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан эсэхээс үл хамааран, тендерт шалгарсан оролцогч тухайн ажлыг гүйцэтгэх бодит боломжгүй учраас нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна.
11. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.2, 112.6, 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу тусгай журмаар хянан шийдвэрлэвэл зохих төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбоотой уг маргааныг анхан шатны шүүхээс ердийн журмаар хянан шийдвэрлэсэн нь буруу боловч хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 119/ШШ2025/0415 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1, 30 дугаар зүйлийн 30.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг тус тус баримтлан “ Д т” ХХК-аас Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд холбогдуулан гаргасан “Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 03/1063 дугаар захиргааны актыг хүчингүй болгуулах, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 03/737 дугаар албан бичгийн дагуу Багц №11 хөдөөгийн алслагдсан багуудын харилцаа холбооны дэд бүтэц ЦХХХЯ/20240101047 төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад шалгарсан “ Д т” ХХК-тай гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Багц №11 хөдөөгийн алслагдсан багуудын харилцаа холбооны дэд бүтэц ЦХХХЯ/20240101047 төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтын дагуу гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-ын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ