Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 00004

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

 нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

   улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

   шүүгдэгч Б.Эрдэнэбаяр, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 132/2017/0007/Э индекстэй, 201606000282 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой  ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн 35-2 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Их Монгол овогт Болдбаатарын Эрдэнэбаяр /РД: ГЮ91032017/

Холбогдсон хэргийн талаар

2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрний  “Арвай” гэх нэртэй зоогийн газрын гадна 16-89 БУЛ  улсын дугаартай “Хово” маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг зөрчиж иргэн С.Бат-Эрдэнийг дайрч бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эрдэнэбаярын өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Тэшиг сум руу найз Бат-Эрдэнэтэй хамт будаа ачихаар хамт явсан. Будаагаа ачаад 10 дугаар сарын 26-ны шөнө 3 цагийн орчим Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрний “Арвай” гэх зоогийн газарт хоол идээд тэндээ хонох зорилготой зогсоол руу нь орж зогссон. Машинаасаа буугаад удалгүй байж байтал хүн туслаарай гэж орилох дуу гарсан. Найзтайгаа хамт очоод үзэхэд машин доор хохирогч байсан. Бат-Эрдэнэ бид 2 татаж гаргаж ирээд юу болсон талаар асуухад чи намайг дайрчихлаа гэсэн. Би та согтуу байгаа юм уу машин доор юу хийж байгаа талаар асуухад “ах нь согтуу, архи ууссан нь үнэн гэхдээ чи намайг дайрчихлаа” гэсэн би хоолны газарт зогсохдоо зам дээр хохирогч Бат-Эрдэнийг байсан гэдгийг хараагүй. Машинаас буусны дараа мэдсэн гэв.  

201606000282 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч С.Бат-Эрдэний өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 03 цаг 20 минутын үед Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрний дэргэд цайны газрын хажуу талд бие засах гээд засмал замынхаа урд талд сууж байсан. Би тухайн үед Дархан хотоос Хөвсгөл аймаг орохоор хүн тээврийн автобусанд суугаад явж байсан. Бие засах гээд задгай талбайд ганцаараа сууж байсан чинь цайны газар руу орж ирж байсан Хово маркийн машин ертөнцийн зүгээр баруун талаас ирээд миний араас мөргөөд би тухайн үед зүүн тал руугаа хараад бие засаад сууж байсан. Тэгээд би суугаа чигтээ чирэгдээд нэг харахад үрүүлний  гар харагдаж байсан. Тэгээд ухаан алдчихсан байсан. Тэгээд би туслаач гээд орилсон чинь миний зүүн гар талаас 2-3 хүн ирээд машин доороос суга татаад авсан. Тэгээд цайны газарт өргөж оруулаад Хутаг-Өндөр сумын эмнэлэг, цагдаа дуудсан. Миний баруун талын 1-10-р хавирга, зүүн талын 1-8-р хавирга, баруун дал хугарсан, бүсэлхийн 2 сэртэн, 4-р нугалам зүүн талын сүүж хугарч гэмтсэн. Үзэгдэх, харагдах орчин бол чөлөөтэй цайны газрын дээр том гэрэлтэй байсан. Би машин ирж байхыг хараагүй, мэдээгүй, сонсоогүй. Машины гэрэл дуу чимээ мэдэгдээгүй. Би гарч байгаа зардлаа төлүүлчихийн бол гомдол байхгүй. Тухайн бүрт нь баримтаар гаргаж өгнө…гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/,

Гэрч Ж.Баатарын өгсөн:…Би Хөвсгөл аймгаас Дархан-Уул аймаг хоёрын хооронд нийтийн тээвэрт өөрийн эзэмшлийн 09-19 жижиг автобусаар хүн тээвэрлэдэг юм. 2016 оны 10 сарын 26-ны өдөр Дархан-уул аймгаас хүмүүс ачаад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд 17 цагийн үед хөдөлсөн. Тэгээд шөнийн 03 цагт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүр гэх газрын "Арвай" гэх нэртэй зоогийн газарт хоол идэхээр зогсоод хүмүүсээ буулгасан. Хүмүүс бууж байх хооронд би хоолоо орж захиалаад буцаад гарч ирэхэд машин дотор нэг залуу хоол идэхгүй гээд сууж байсан. Харин автобусны хажууд Бат-Эрдэнэ гэх миний хажууд сууж байсан хүн бие засна гээд үлдсэн. Тэгээд би зоогийн газарт буцаж ороод хоолоо идэж байхад гаднаас нэг залуу орж ирээд Баатар гэх хүн байна уу, гадаа хүн дуудаад байна гэж хэлсэн. Гараад харахад миний хажууд сууж явсан Бат-Эрдэнэ гэх залуу “би машинд дайруулчихлаа” гээд хацар нь зулгараад цус гарсан байсан. Тэгээд би цагдаа болон эмнэлэг дуудсан. Бат-Эрдэнэ зоогийн газрын гадаа зогсож байсан “Хово” маркийн машинд дайруулсан гэж хэлсэн. Би машинд дайруулахыг нь бол хараагүй, Бат-Эрдэнэ намайг зоогийн газраас гарахад “Хово” маркийн машины урд хэсэгт хэвтэж байсан. Уг машины жолооч болон хамт явсан залуу хоёр надад хэлэхдээ Бат-Эрдэнийг машин доороос татаж гаргаж ирсэн гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх –ийн 21-22 хуудас/,

Гэрч   Б.Доржпүрэвийн өгсөн:…би хоолоо идчихээд гарахад аавын хажууд сууж явсан ах нүүр хэсэг нь шалбараад цус гоожсон байсан. Нөгөө ах тухайн үед машинд дайруулчихлаа гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/

Гэрч А.Бат-Эрдэнийн өгсөн:…Эрдэнэбаяр бид 2 машинаасаа буугаад Эрдэнэбаярын машины урд тамхи татчаад хоол идэх гээд зогсож байтал Эрдэнэбаярын машины доод талд хүн туслаарай гэж орилсон тэгээд гайхаад Эрдэнэбаяр бид хоёр машины доогуур гэрэл тусгаад харахад дээшээ хараад нэг хүн машины доод хэсэгт хэвтэж байсан. Тэгээд тэр хүнээс юу болсон юм бэ гэж асуухад  бөгсөн  дээгүүр  маань дайраад  гарчихлаа  туслаач  гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэбаяр бид 2 тэр ахыг машин доороос татаж гаргасан. Тэгсэн тэр хүн өөрөө босч яваад Эрдэнэбаярын  машины урд талд очоод суугаад босохгүй байсан. Тэгээд автобусны жолооч Эрдэнэбаяр бид 3 нөгөө хүнийг зоогийн газар луу оруулаад түргэн болон цагдаа дуудсан гэх мэдүүлэг / хх-ийн 27-28 хуудас/

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр  сарын 03-ны  өдрийн №346 дүгнэлтэнд:  1. Бат-Эрдэнийн биед баруун талын 1-10-р хавирга, зүүн талын 1-8-р хавирга, баруун дал яс, өвчүү ясны далд хугарал, бүсэлхийн 1-3-р нугалмын 2 талын хөндлөн сэртэн, 4-р нугалам, зүүн талын сүүжний дэлбэн, баруун талын умдаг, ясны далд хугарал, зүүн хацарт шарх, баруун, зүүн хөлийн гуя, өгзөг, ууцанд тархмал цус хуралт бүхий  шинэ гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл   нь  шүүх эмнэлэгийн   гэмтлийн  зэрэг тогтоох журмын  3.1.10-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. 2016 оны 10 сарын 27-ны өдөр дээрх гэмтлүүд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 37-38 хуудас/

Булган    аймаг    дахь    цагдаагийн    газрын    замын    цагдаагийн    тасгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын  05-ны өдрийн №65 тоот дүгнэлтэнд: 1. Жолооч Б.Эрдэнэбаярын тээврийн хэрэгсэл жолоодох ВС ангиллын №695421 тоот эрхийн үнэмлэхтэй хүчинтэй байна. 2. Жолооч Б.Эрдэнэбаяр нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөн байна. Иргэн С.Бат-Эрдэнэ нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. 3. Зам тээврийн осол хэрэг гарах болсон шалтгаан нь жолооч Б.Эрдэнэбаяр нь хөдөлгөөнд аюул саад бий болсон үед зогсоох арга хэмжээ аваагүйгээс уг гэмт хэрэг гарсан байна гэх /хх-ийн 40-41 хуудас/,

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7 хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 8-9 хуудас/

Хураан  авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 10-11 хуудас/

Өвчний түүх /хх-ийн 65-77 хуудас/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 хуудас/

Хохирлын баримт хүлээлгэн өгсөн / хх-ийн 79-80 хуудас/ зэрэг дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдаж, бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрний  “Арвай” гэх нэртэй зоогийн газрын гадна “Хово” маркийн 16-89 БУЛ  улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг зөрчиж иргэн С.Бат-Эрдэнийг дайрч бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэ хууль зүйн факт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн…Бат-Эрдэнийн биед баруун талын 1-10-р хавирга, зүүн талын 1-8-р хавирга, баруун дал яс, өвчүү ясны далд хугарал, бүсэлхийн 1-3-р нугалмын 2 талын хөндлөн сэртэн, 4-р нугалам, зүүн талын сүүжний дэлбэн, баруун талын умдаг, ясны далд хугарал, зүүн хацарт шарх, баруун, зүүн хөлийн  гуя, өгзөг, ууцанд тархмал цус хуралт бүхий  шинэ гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлт зэрэг нотлох баримтууддаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Б.Эрдэнэбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас иргэн С.Бат-Эрдэний бие хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөх өнгийн куртик, хар өнгийн сорочкон цамцыг устгаж, №695421 тоот тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож тус тус шийдвэрлэв.  

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Их Монгол овогт Болдбаатарын Эрдэнэбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаярт оногдуулсан 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх өнгийн куртик, хар өнгийн сорочкон цамцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, №695421 дугаартай, В ангилалын жолооны үнэмлэхийг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Г.Өсөхбаярт даалгасугай.

6. 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар оногдуулсан 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг мөн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.  

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН