Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/632

 

 

 

 

 

   2023           8          01                                    2023/ШЦТ/632

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

улсын яллагч Т.Баянмөнх,  

шүүгдэгч А.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт А-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, “**” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, *** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Х овогт А-н Э /регистрийн дугаар ****/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч А.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023  оны 2 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс эхлэн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр хүртэл зайд хардалтын улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр З.М-г гараараа болон  хутганы ишээр цохих, өшиглөх, хутганы ирээр зүүн гуя хэсэгт хатгах зэргээр зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023  оны 2 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс эхлэн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр хүртэл зайд хардалтын улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр З.М-н гараараа цохих, хутганы ишээр цохих, өшиглөх, хутганы ирээр зүүн гуя хэсэгт хатгах зэргээр зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч А.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           “...Би 2023 оны 2 дугаар сарын 15-ны шөнө 3 цагийн орчимд Өмнөговь аймагт ажил хийж байгаад гэртээ ирэхэд манай эхнэр, 2 хүүхдийн хамт байсан. Орой эхнэр М-н гар утсанд дуудлага ирээд эхнэр гар утсаа авахад залгасан хүн нь дуугарахгүй тасалчихсан. Тэгэхээр нь би “хэн бэ” гэж асуусан чинь “мэдэхгүй, танихгүй хүн байна” гэж хэлсэн. Би эхнэрийн утас руу залгасан дугаарыг фэйсбүүкээр хайж үзэхэд “**” гэсэн фэйсбүүк гарч ирээд манай эхнэрийн найз байхаар нь асуусан чинь “надад дээлний захиалга өгч байсан хүн байна” гэхээр нь “чи танихгүй гэсэн биз дээ” гэж хэлэхэд ямар нэг үг хэлэхгүй байхаар нь гарч яваад пиво аваад гэртээ ороод эхнэрийн гар утсыг үзсэн чинь О гэх найзаас нь “яагаад баригдчихав” гэсэн мессеж ирсэн байхаар нь эхнэрийн бага дүүг нь дуудаад эхнэрийгээ аваад Зүүн салаанд байдаг ОоёО-ногийн гэрт очиход О нөхөр Э-тай хамт байсан. Тэгээд О-д “хүний эхнэр яах гэж хүнтэй танилцуулж байгаа юм” гэж хэлэхэд “амьдралаа олигтой авч явахгүй яасан юм” гэж хэлэхээр нь М-г баруун гараа атгаж байгаад нүүрний баруун тал руу нь 2 удаа цохисон. Тэгээд Э-ыг дагуулаад “О” гэх залуугийн байгаа газар руу явсан. Зурагт руу явж байхад гэрийг нь олохгүй байхаар нь уур хүрээд М-н толгой хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд эхнэрээ айлгах гээд гэрээсээ авсан байсан ногоон өнгийн иштэй хутгаар өвлийн зузаан куртик өмссөн байхаар нь гуя хэсэг рүү нь чичлээд айлгаж байхад гуя хэсэг рүү нь хутганы үзүүр ороход эхнэр уйлсан. Тэгэхээр нь А, Б нарыг дуудаад А-н гэрийн гадаа пиво ууж байгаад тасарсан байсан. Маргааш нь цагдаа ирээд намайг аваад явсан. Би хохирогчийн хохирлыг төлж барагдуулна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирол төлбөрт 3.000.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/,

 

Хохирогч З.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 22 цагийн орчимд гэртээ ирэхэд нөхөр, хүү Ч нар байсан. Би хоолоо идчихээд юм оёж байтал миний гар утсанд захиалга өгч байсан хүнээс дуудлага ирээд “сайн байна уу” гэж хэлээд тасарчихсан. Манай нөхөр тэр дугаарыг фэйсбүүкээр хайгаад “ямар хүн юм бэ” гэж над руу дайрч байгаад гарч яваад дэлгүүрээс 4-5 пиво авч орж ирээд пиво ууж байснаа “бүгдийг чинь ална” гэж хэлээд намайг нэг удаа алгадаад “одоо явъя, тэр хүнийг чинь ална” гэж хэлсэн. Тэгээд намайг дагуулаад гэрт байсан ногоон иштэй хутгийг аваад гэрээс гараад нөхрийн найз Э-ын гэр рүү явж байхдаа намайг машин барьж байхад зүүн нүдний доод тал руу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Бид хоёр Э-ын гэрт очсон чинь Э- Э-тай маргалдаж байгаад миний хэвлий хэсэгт хоёр удаа өшиглөсөн. Э-ын хашаанаас гараад явж байх үедээ миний хамар орчимд 2 удаа гараа атгаж байгаад цохисон. Би машин бариад Э- машины хойд хэсэгт, нөхөр урд суугаад бид гурав **-н  ойролцоо явж байхад нөхөр Э- хутганы ишээр миний толгойн зүүн хэсэг рүү 4-5 удаа цохисон чинь миний зүүн чихнээс цус гарсан. Дараа нь машинаа бариад 112-ын автобусны ойролцоо явж байтал “миний 2 хүүхдийн ээж болохоор чамайг алахгүй гэхдээ зүгээр өнгөрөөхгүй” гэж хэлээд барьж байсан хутганы үзүүрээр миний зүүн гуяны гадна тал руу нэг удаа хатгасан. Тэгээд Э-, Э бид гурав зурагтын ойролцоо явж байтал Э гарынхаа ард талаар миний уруул хэсэгт нэг удаа цохисон... Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 21-22 дахь тал/,

 

Гэрч Х.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 02 цагийн орчимд гэртээ эхнэр, хүүхдүүдийн хамт байж байтал гаднаас Э, М нар орж ирээд Э- “босоод ир, танай найз О-тэй манай эхнэр явалдсан байна” гээд над руу уурлаад байсан. Бид хоёр хэсэг маргалдаж байгаад би хувцсаа өмсөх гэж байтал Э- М-г цохих шиг болсон. Би тэр хоёртой хамт гарсан. М машинаа бариад Э- хажууд нь, би хойно нь суугаад бид гурав зурагт руу явсан. Тэгээд замдаа явж байгаад Э М-н толгой хэсэгт гараараа 3-4 удаа цохиод, машины жолоо болон шил мөргүүлээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дэх тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-8-9 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны  02 дугаар сарын 27-ны өдрийн **** дугаартай шинжээчийн “...З.М-н биед зүүн нүдний зовхи, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, зүүн гуянд шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ирмэг болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

 

Шүүгдэгч А.Э-ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76 дахь тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч А.Э- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч А.Э-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч А.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт хохирогч З.М-н “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тэмдэглэл /хх-ийн 9 дэх тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч А.Э-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х овогт А-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.Э-т оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч А.Э- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ