Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/644

 

 

 

 

 

   2023            8              07                                       2023/ШЦТ/644

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтлөн,

улсын яллагч Ш.Анужин,  

шүүгдэгч С.А-, түүний өмгөөлөгч Д.Гомбо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ш овогт С-н А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлйн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү, эдийн засагч мэргэжилтэй, “****” банкинд тусгай зээлийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, ** дугаар байрны *** тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Шинэчүүд овогт Сэсээрийн А- /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгч С.А- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлйн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023  оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 25 дугаар байрны -**-р  тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Д-ийг “миний аавыг өвчтэй байх үед нь хүндлээгүй” гэх шалтгаанаар толгой тус газарт нь гараараа 4-5 удаа цохиж зодон хутгаар зүүн гарын шуу, зүүн хөлийн өвдөг хэсэгт нийт 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, зүүн өвдөгт шарх бүхий хөнгөн хохирол бүхий учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           “...Сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйлгүй. Би уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй. Би хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78-79 дэх  тал/,

           шүүгдэгч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн:

           “...2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед гэрээсээ гараад гадуур явж байгаад шөнө 22 цагийн үед Туул голын эрэг дээр ганцаараа 4 лааз пиво ууж, юм бодож суусан. Шөнө таксинд суугаад гэрийнхээ гадаа хүргүүлээд Д- рүү залгаж намайг гарч ирж ав гэж хэлсэн.  Таксины хүн надаас илүү мөнгө нэхээд байсан тул би түүнтэй маргаж байсан чинь Д- гарч ирээд тооцоо хийгээд намайг дагуулаад гэрт орсон. Би гэрт ороод нас барсан аавынхаа талаар бодож байгаад Д-т “миний эцгийг амьд байхад нь хүндлээгүй”  гэж хэлсэн чинь “би чиний энэ ярьж байгаа зүйлийг зөндөө сонсож байна, больж болдоггүй юм уу” гэхээр нь би “чи яагаад миний эцгийг амьд байхад нь хүндлээгүй юм бэ” гэж хэлээд бид хоёрын дунд маргаан гарсан. Маргаж байгаад Д- над руу дайрахад нь түүнийг барьж аваад толгой, шанаа, нүүр хэсэг рүү нь гараараа цохих үед тэр сэрээ барьж аваад над руу  шидэхээр нь миний уур хүрээд гал тогооны тавиур дээр байсан хутга аваад түүний гарын шуу хэсгийг 1 удаа эсгэж, хөлийн өвдөг хэсгийг нь 1 удаа хатгасан. Би хутгаа хаяад түүнээс уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

 

Хохирогч Н.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр манай нөхөр А- ажлаасаа чөлөө аваад гэртээ үлдсэн. Тэгээд өдөр над руу залгаад би гарах ажилтай боллоо гэж хэлсэн... Орой 18 цаг өнгөрч байхад найзуудтайгаа хамт найзынхаа гэр рүү явах гэж байна гэхээр нь гоё явж байгаад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд ярилгүй явж байгаад шөнийн 00 цагийн үед над руу залгаад чи үүдэнд ирж ав гэж хэлсэн. Гэрийн гадаа таксины жолоочтой төлбөр тооцооны талаар нилээн маргалдсан. Тэгээд аавыгаа санаж байна гэж уйлаад байсан. Над руу чи миний аавыг өвчтэй байхад нь хэрүүл хийсэн гээд үгээр өдөөд байсан. Би чамайг одоо алчих уу гэж хэлээд толгой руу гараараа чанга цохисон. Миний толгой эргээд манараад байсан. Зүүн өвдөгний дээд талд шууд хутгаар дүрсэн. Гэрийнхнээ дууд бүгдийг нь хутгалж ална гэхээр нь яах гэсэн юм бэ гэхэд тэгвэл чамайг хутгалж ална гээд байсан. Ингээд миний зүүн гар руу хутгаар дүрсэн. Би гараараа дарж цусаа тогтоосон чинь гараа ав, цус чинь гоожоод үхвэл үхнэ биз, гараа авахгүй бол ална шүү гэсэн. Гэнэт ухаан орсон юм уу яасан юм мэдэхгүй, наад цусаа тогтоо гээд миний гарыг марлаар чанга боосон. А- хэсэг сууж байгаад унтчихаар нь хүү бид хоёр гарч зугтаасан...

Манай нөхөр гадаа ирээд намайг дуудсан. Би нөхрийгөө гарч аваад гэрт орж ирсэн. Бид хоёр маргаж байгаад би нөхрийгөө түрүүлж цохиход нөхөр намайг зөрүүлж цохисон. Манай нөхөр намайг өмнө нь зодож цохиж байгаагүй. Тухайн өдөр уур маш их хүрсэн тул хэрүүл хийж өөрөө хана мөргөсөн, үхнэ гэж хэлээд хутга аваад өөрийн зүүн гараа зүссэн. Энэ үед нөхөр сандарч намайг болиулах гээд надтай зуурсан. Тухайн үед зууралдаж байхдаа өвдөг хэсгээ зүссэн. Зуурч байх үедээ нөхөр надад дахиж архи уухгүй, цохихгүй, намайг уучлаарай гэж хэлсэн. Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ өөрийн нөхрөө хүүхдийн хацар хазсан гэж мэдүүлсэн. Ийм зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40, 46-47, 48-50 дахь тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7-9 дэх тал/,

 

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ** дугаартай шинжээчийн “...Н.Д-ийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, зүүн өвдөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн шуу, зүүн өвдөгт шарх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюул учруулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай шинжээчийн “...Бор саарал өнгийн иштэй хутга дээр цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

Шүүгдэгч С.А-ийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 94 дэх тал/, гэрч У.Сайханчимэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 89 дэх тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч С.А- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч С.А-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт шүүгдэгч С.А- нь хохирогч Н.Д-т нийт 10.000.000 төгрөг төлсөн талаарх баримт /хх-ийн 122-124 дэх тал/ авагдсан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт 1.800.000 төгрөг төлсөн талаарх баримт шинээр гаргаж өгсөн, мөн хохирогч Н.Д-ийн “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэрийн 46-47 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч С.А-ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2.000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор саарал өнгийн иштэй, нийт 22 сантиметр урттай 1 /нэг/ ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ш овогт С-н А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ийг 2000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.А-т оногдуулсан 2000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор саарал өнгийн иштэй, нийт 22 сантиметр урттай 1 /нэг/ ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шүүгдэгч С.А- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ