| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2019/00575/И |
| Дугаар | 207 |
| Огноо | 2020-03-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 207
Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 2 дугаар баг, 14-16 тоотод оршин суух, 1995 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ95042002, Шаавай овогт Даваагийн Далайгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 2 дугаар баг, 14-16 тоотод /Өмнөговь аймгийн Ханбогд сумын 5 дугаар багт түр/ оршин суух, 1991 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОВ91120619, Хөх овогт Цэрэнгийн Алтанхундагад холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Далай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, хариуцагч Ц.Алтанхундага /цахимаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Далай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Далай миний бие нь 1995 онд төрсөн, 25 настай, ам бүл- 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Миний бие нь 2014 оноос эхлэн нөхөр Ц.Алтанхундагатай үерхэж байгаад 2016 онд гэр бүлээ батлуулан охин А.Адъяасүрэнг төрүүлсэн. Бид хоёр 2 жил гаруй хугацаанд хамтдаа амьдарсан бөгөөд нөхөр А.Алтанхундага нь 2017 онд Улаанбаатар хот руу ажил хийнэ гээд яваад 2018 онд нэг удаа ирсэн. Түүнээс хойш одоо болтол гэртээ нэг ч удаа ирээгүй ба хааяа хааяа утсаар ярьдаг байсан бөгөөд 2019 оны 1 дүгээр сараас хойш утсаар ярихгүй холбоо тасарсан. Бид хоёр хамт амьдрах хугацаанд хоёр хүүхэд төрүүлсэн бөгөөд нөхөр маань намайг дарамтлах, хэл амаар доромжлох, зодох зэргээр дарамтанд байлгадаг байснаас бид хоёр Давст суманд 6 сар амьдраад Улаангомд шилжиж ирсэн. Би 2018 онд ирээд явахад би жирэмсэн болоод үлдсэн байсан тэгээд 2 дахь охин А.Алтанзаяаг төрүүлсэн юм. Нөхөр маань гэр бүл болсон эхний үед гайгүй байсан, 2018 оноос хойш зан байдал нь өөрчлөгдөн намайг хэл амаар доромжлон, зодоод архи ууж, агсам согтуу тавиад, миний виза картад байсан 200 гаруй мянган төгрөг, гар утас зэргийг авч устгасан бөгөөд 2 удаа цагдаад баривчлуулж байсан. Нөхөр маань одоо Өмнөговь аймагт Таван толгойн “Говь-Транс” гэх компанид жолоочоор ажиллаж байгаа. Би 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нөхөр А.Алтанхундагатай өөрийн биеэр уулзахаар хоёр хүүхдээ аваад Улаанбаатар хот яваад уулзах гэхэд утсаа салгаад аваагүй, бид нартай уулзахгүй болохоор буцаж ирсэн. Ер нь нөхөр маань 2018 оны 1 дүгээр сараас хойш намайг фейсвүүкээр доромжлоод болохгүй болохоор 2019 оны 1 дүгээр сард Цагдаагийн байгууллагад хандаж байсан. Тэгээд 2019 оны 7 дугаар сард шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандахад “Удахгүй ирнэ” гэсээр өдий хүрсэн. А.Алтанхундага Таван толгой гэгч газар том машин барьдаг маш их орлоготой гэсэн боловч 2 хүүхэд эхнэртээ ганц ч мөнгө төгрөг явуулж үзээгүй. Харин шүүхийн эвлэрүүлэн зуучлал 10 дугаар сард ирнэ гээд миний өргөдлийг буцааж өгсөн. Дахин эвлэрүүлэн зуучлалд хандахад нөхөртэй маань холбоо барьсан “Гэрлэлтээ цуцлуулна” гэсэн хариу өгснөөр эвлэрэл амжилтгүй гэсэн хариу авсан. Иймд нөхөр бид хоёр цаашид амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, охин А.Адъяасүрэн, А.Алтанзаяа нарыг миний асрамжинд үлдээж, хүүхдүүдэд маань эцгээс нь хуулийн дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.
Хариуцагч Ц.Алтанхундага шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ц.Алтанхундага миний бие Д.Далайтай 2014 онд танилцаж, 2016 онд гэрлэлтээ батлуулан албан ёсоор гэр бүл болсон. 2016 онд том охин А.Адъяасүрэн, 2018 онд бага охин А.Алтанзаяа нар мэндэлсэн. Бид эхний жилүүдэд эвтэй сайхан амьдарч байсан бөгөөд сүүлийн жилүүдэд эхнэрийн ааш зан өөрчлөгдөн манайхныг элдвээр хэлснээс бидний хооронд таарамжгүй харилцаа үүссэн. Бид цаашид эвлэрээд хамт амьдрах боломжгүй. Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин өөрийн том охин А.Адъяасүрэнг өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй байна. Бага охиндоо тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Гэхдээ Д.Далай нь нэхэмжлэлдээ ор үндэслэлгүй зүйлүүд их бичсэн байна. Миний хувьд ажил хийгээд гэр бүлдээ мөнгө явуулдаг байсан. Хүүхдийн тэтгэлэг төлөхөөр болвол Д.Далайд өгөхгүй, шууд хүүхдүүдийнхээ нэр дээр данс нээгээд шилжүүлж байх саналтай байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Далай нь хариуцагч Ц.Алтанхундагад холбогдуулан, гэрлэлт цуцлуулж, насанд хүрээгүй хүүхдүүдээ өөрийн асрамжид авч тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Ц.Алтанхундага, Д.Далай нар 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэр бүл болсныг 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр бүртгэсэн бөгөөд тэдний дундаас 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр охин А.Адъяасүрэн, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр охин А.Алтанзаяа нар төрсөн, эрүүл бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрлэлтийн гэрчилгээний болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, “Элбэг өгөөж” өрхийн эмнэлгийн эмчийн тодорхойлолтууд зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хүүхдүүдийн насыг харгалзан охин А.Адъяасүрэн, А.Алтанзаяа нарыг эх Д.Далайгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин А.Адъяасүрэн, А.Алтанзаяа нарыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Ц.Алтанхундагаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Далайг улсын тэмдэгтийн хураамж 204.422 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.Алтанхундагаас 204.422 төгрөг гаргуулж улсын орлогод /төрийн сангийн 150000941 тоот данс/ оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хөх овогт Цэрэнгийн Алтанхундага, Шаавай овогт Даваагийн Далай нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчдийн 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр охин А.Адъяасүрэн, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр охин А.Алтанзаяа нарыг эх Д.Далайгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин А.Адъяасүрэн, А.Алтанзаяа нарыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Ц.Алтанхундагаар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.
5. Зохигчдод эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Далайг улсын тэмдэгтийн хураамж 204.422 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.Алтанхундагаас 204.422 төгрөг гаргуулж улсын орлогод /төрийн сангийн 150000941 тоот данс/ оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР