Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/925

 

 

 

 

 

 

 

  2023              08           04                                       2023/ШЦТ/925

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Б.Энхбаяр,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн эрүүгийн 2308000001194 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, *** овогт ***ийн *** (регистрийн дугаар ***), 19** оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа түүхий эд боловсруулах үйлдвэр ажиллуулдаг, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар): Шүүгдэгч *** нь 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр *** тоотод ***тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг төмөр багажаар 2-3 удаа цохиж, хүзүүг заамдах зэргээр зодсоны улмаас биед нь хүзүү, цууж, зүүн суга, зүүн бугалга, тохой, хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалга, баруун тохойд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч *** нь 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр *** тоотод ***тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг төмөр багажаар 2-3 удаа цохиж, хүзүүг заамдах зэргээр зодсоны улмаас биед нь хүзүү, цууж, зүүн суга, зүүн бугалга, тохой, хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалга, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***ийн “...Би 2023 оны 6 сарын 06-ны өдөр би ажил дээрээ буюу Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны /хаягийг нь сайн мэдэхгүй/ хашаан дотор хаягдал хуванцар савуудыг бутлагч машинаа ажиллуулж байгаад төхөөрөмжөө амраах зорилгоор унтраагаад сууж байтал надтай хамт ажилладаг манай захирал *** нь намайг “ажлаа хийхгүй залхуурч суулаа” гэж загнахаар нь би “төхөөрөмжийг их халаагаад эвдэрчхэж магадгүй гэж бодоод унтраасан юм” гэтэл, “чи муу гуйлгачин нохой надаас цалин авч амьдарч байж юу гээд өөдөөс олон юм яриад байгаа юм” гээд хөөсөн. Тэгээд *** над руу алх аваад далайхаар нь би бултаад заамдалцаад байж байтал манай ажлын *** гэх залуу бидний голоор орж салгасан. Тэгээд *** нь намайг хөөгөөд байхаар нь би газраас хатсан хуванцрын өөдсийг аваад дарга луу шидтэл оноогүй. Гэтэл *** нь миний нуруу хэсэг рүү сангийн гаазуугаар 3 удаа ороолгож цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 5, 23 дугаар хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ***ийн “...2023 оны 6 дугаар сарын 06-ний өдөр бид нар ажил дээрээ байсан юм. Өдөр ер нь *** нь ажлаа хийхгүй байсан ба *** ах ирээд түүнийг ажил хийсэнгүй гэж хэлэхэд өөдөөс нь маргалдаад байсан. Тэгээд маргалдаж байгаад заамдалцаад салахгүй байсан ба хэд хэдэн удаа зууралдаад авсан.тэгээд бид нар арай гэж салгаад байж байтал *** нь *** ах руу нэг юм шидэх шиг болсон. Харин зөрүүлээд *** ах гаазуу төмөр барьж очоод 1-2 удаа цохисон...маргаан дууссаны дараагаар ***ийн нураа нь улайчихсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 7448 дугаартай “...***ийн биед хүзүү, цээж, зүүн суга, зүүн бугалга, тохой, хэвлийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалга, баруун тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, шүүгдэгч *** нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч ***ийн биед хөнгөн хохирол учруулжээ. 

Шүүгдэгч ***ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр эмчилгээ эрүүл мэндтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт (хавтаст хэргийн 58 дахь тал)-ийг гаргасан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг, шүүгдэгчээс “хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй” болно.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарчмуудад нийцсэнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, прокурорын саналын хүрээнд баталж, шүүгдэгч ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Тиймээс шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийж оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн 2308000001194 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 7, 8 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4,  37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

4. Эрүүгийн 2308000001194 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.БЯМБААБААТАР