Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/926

 

 

 

 

 

 

 

   2023            08           04                                         2023/ШЦТ/926

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 230814021026 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** овогт ***ийн *** (регистрийн дугаар:***), 19*** оны 6 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй,  хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, нөхөр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар): Шүүгдэгч *** нь 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, *** тоотод насанд хүрээгүй хохирогч ***г зодож “2 нүдний дотор буланд цус хуралт, дух, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** “нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “...гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дугаар хуудас), насанд хүрээгүй хохирогч ***гийн нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас), насанд хүрээгүй хохирогч ***гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас), гэрч ***ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас), ***ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-53 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56 дугаар хуудас), шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт (хавтаст хэргийн 59-64 дүгээр хуудас) зэргийг шинжлэн судална”,  

-  Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэцгээв.

1.3 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүгдэгч *** нь 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, *** тоотод насанд хүрээгүй хохирогч ***г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дугаар тал),

 - Нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дүгээр тал),

- Насанд хүрээгүй хохирогч ***гийн “...2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, *** байрны *** тоот гэртээ төрсөн дүү ***, манай ангийн ***, ***, *** нарын хамт байсан. 1 дүгээр байрны жижүүр ***, *** хоёр гаднаас орж ирсэн. Гэтэл нэг хүн цонх, хаалга тогшихоор нь *** ах камераар хараад “Лифт гацсан юм байх” гээд гарахаар нь *** бид хоёр араас нь гарсан. Лифтний үүдэнд 2 хүүхэд дагуулсан 4 том хүн зогсож байсан. Манай ангийн *** нэг хүүхэд рүү нь заагаад “энэ нэг амьтан хөлдөж үхлээ” гээд хэлсэн чинь нэг эмэгтэй “миний хүүхэд хөлдөж үхнэ үү, байна уу, чамд ямар хамаатай юм, авгай шиг зантай юм” гэхэд *** над руу хараад “анд нь авгай болчихлоо” гээд нөгөө эмэгтэйд хандан “хүүхэд гаргасан хүнийг авгай гэдэг юм, юу гэж хүн доромжлоод байгаа юм” гэж хэлээд би ***г “Дуугүй бай” гээд гэр рүүгээ орсон. Камер хартал *** ахыг нэг ах заамдсан зогсож байсан. *** эгч бид хоёр хамт гараад “хүүе ээ, юу болоод байгаа юм бэ, болиоч” гэж хэлэхэд нүдний шилтэй эгч гүйж ирээд миний үснээс зулгаагаад алгадсан. Хажуугаас шар ногоон үстэй эгч хана руу түлхээд гараараа мөр, дал руу цохиод байсан. Тэгснээ буцаж гэрт орж ирээд “гинж тасаллаа” гээд нүдний шилтэй эгч нүд, дух руу цохисон. Би нүдний шилтэй эгчийн гинжийг таслаагүй. Намайг зодоод байхаар нь цээж рүү нь түлхсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар тал),

- Гэрч ***ийн “...нүдний шилтэй хүүхэн ***г 00 өрөөний хажуу буланд шахаад үсдэж доош нь дарж байгаад нүүр, дух хэсэг рүү нь өвдгөөрөө хоёр удаа өвдөглөсөн. Би голоор нь орж салгасан. Гэтэл дух, хоёр нүд нь хөхөрч хавдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дугаар тал),

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4416 дугаартай “***гийн биед 2 нүдний дотор буланд цус хуралт, дух, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 2 буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл *** нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр насанд хүрээгүй хохирогч ***гийн эрүүл мэндэд халдаж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэх шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс шүүгдэгч ***ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” заасан эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан, тэрээр “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зүйлчлэл, хэргийн талаар маргаж мэтгэлцээгүй” оролцсон болохыг тэмдэглэв. 

1.4 Хохирол, хор уршиг

Тус гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба тэрээр эмчилгээ эрүүл мэндтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...”, шүүгдэгчээс “...хүлээн зөвшөөрч байна. Торгох шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус танилцуулав.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56 дугаар хуудас)-аар *** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, насанд хүрээгүй хүүхдийн биед халдаж зодсон), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон, цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй, баримтаар нэхэмжилсэн зүйлгүй), шүүгдэгчийн хувийн байдал (эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ гэмшиж буй байдал, тодорхой орлого олдог талаарх дансны хуулга хэрэгт авагдсан) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт үнэлэлт хийж торгох ялыг 120 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн 230814021026 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ийн ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бага насны хүүхдийн эсрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 120 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

 

4. Эрүүгийн 230814021026 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, *** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, насанд хүрээгүй хохирогч ***, хууль ёсны төлөөлөгч *** нар цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.БЯМБААБААТАР