Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2020/00011

 

 

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2020/00011

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ............ тоотод оршин суух, Намсрайн Д  /РД:.........../-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Баганат хороолол, 408-103 тоотод оршин суух, Уранцэцэгийн Ш , /РД: ........./,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Баганат хороолол, 408-103 тоотод оршин суух, Даваасамбуугийн Б , /РД:........./ нарт холбогдох

35,650,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Д , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж, нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... У.Ш , Д.Б  нар нь миний танил Б.Уранчимэгээр гуйлгуулж 2018 оны 11 сарын 7-нд 5,000,000 төгрөг, мөн 2019 оны 1 дүгээр сарын 19-нд 10,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр, нотариатаар батлуулж гэрээ хийж авсан боловч 2019 оны 5 сард 350,000 төгрөг өгөөд түүнээс хойш өдийг хүртэл үндсэн мөнгө болон хүүгийн ямар ч тооцоо хийгээгүй болно. У.Ш , Д.Б  нараас үндсэн мөнгө 14,000,000 төгрөг, хүү 9,050,000 төгрөг, алданги 12,600,000 төгрөг нийт 35,650,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2018 оны 11 сарын 07-нд 5 сая төгрөг зээлснээс 1 сая төгрөгийг нь буцаан авсныг хасаж үндсэн зээлд 4,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. 4,000,000 төгрөгийг 10 хувиар тооцоод сарын хүү 400,000 төгрөгийг 2019 оны 5 сарын 7-ноос 2019 оны 10 сарын 7 хүртэлх 6 сарын хүүд 2,400,000 төгрөг нэхэмжилсэн. 2019 оны 01 сарын 16-нд 10,000,000 төгрөг зээлснээ нэхэмжилж байгаа. 10,000,000 төгрөгийг 10 хувиар тооцоод сарын хүү 1,000,000 төгрөг, 2019.10.16 хүртэл 10 сарын хүү 10,000,000 төгрөгөөр тооцож, төлсөн 3,350,000 төгрөгийг хасаж, үлдэх 6,650,000 төгрөгийг хүүд нэхэмжилсэн. 2 зээлийн гэрээний үндсэн зээл 14,000,000 төгрөгийг 0.5 хувиар тооцож, 6 сар буюу 180 хоногт тооцож 12,600,000 төгрөгийн алданги нэхэмжилсэн. Нийт үндсэн зээлд 14,000,000 төгрөг, хүүд 9,050,000 төгрөг, алдангид 12,600,000 төгрөг, нийт 35,650,000 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч нар эхний зээлийн гэрээний үндсэн зээлд 1 сая төгрөг, хүүд нь 2,000,000 төгрөг, дараагийн зээлийн гэрээний хүүд 3,350,000 төгрөг, нийт 5,650,000 төлсөн, үүнтэй маргаан байхгүй. 1 сая төгрөгийн 2018.12 сард авсан нь үнэн, дансны хуулгаа өгөөгүй, 4,650,000 төгрөг нь дансны хуулгаас харагдаж байгаа...гэв.

Хариуцагч У.Ш , Д.Б  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2018.11.07-нд 5,000,000 төгрөг, 2019.01.16-нд 10,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Авсан зээлээ кимчиний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас олсон орлогоос барагдуулна гэсэн боловч үйл ажиллагаа, санхүүгийн хүндрэлээс болж зогсонги байдалд орсон. У.Ш  нь зээлдэж авсан мөнгөөрөө Ланд крузер 80 маркийн авто машин худалдан авсан бөгөөд зээлийн төлбөр болох 10 хувийн хүү болон алдангийг хасаж, үндсэн зээлийг төлүүлэхийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн тохиолдолд авсан авто машинаа зарж, зээлийн төлбөрөө төлөх хүсэлтийг гаргаж байна. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасантай маргахгүй, шүүхэд хандах хүртэлх хугацааны хүүг нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алдангийг зөвшөөрөхгүй байна .... гэв.

 

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Д  хариуцагч У.Ш , Д.Б  нарт холбогдуулан 2 удаагийн зээлийн гэрээний үүрэгт 35,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал үндсэн зээл, хүүг хүлээн зөвшөөрч, алдангийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Н.Д  хариуцагч У.Ш , Д.Б  нартай 2018 оны 11 сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд алдангийг 0,5%-иар тооцохоор тохиролцон,

мөн 2019 оны 01 сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд алдангийг 0,5%-иар тооцохоор тохиролцон тус тус зээлсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд зэргээр тогтоогдож байна.

Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Хариуцагч У.Ш , Д.Б  нар 2017.11.07-ны зээлийн хүүд нийт 1,300,000 төгрөг, үндсэн зээлд 1,000,000 төгрөг, 2018.01.16-ны зээлийн хүүд 3,350,000 төгрөг, нийт 5,650,000 төгрөг төлсөн болох нь зохигчийн тайлбар, Н.Д гийн Хаан банкны 5017005404 тоот дансны хуулгаар тогтоогдож байх ба талууд төлсөн мөнгөн дүнгийн талаар маргахгүй, хариуцагч тал төлсөн төлбөрийг 2 зээлийн үүрэгт тооцсонтой маргахгүй байна.

2018.11.07-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2019.11.07-ны өдөр, 2019.01.16-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2020.01.16-ны өдөр тус тус дуусахаар байхад нэхэмжлэгч 2019.10.07, 2019.10.16-ны өдрөөр тасалбар болгон хүү, алдангийг тооцож, 2019.10.28-ны өдөр шүүхэд ханджээ.

Зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч шүүхэд хандсан байх боловч хариуцагч тал маргахгүй, зээлийг ашигласан хугацаанд нь хүү тооцож төлнө, шүүхээр шийдвэрлүүлнэ гэж байх тул шүүх дараах байдлаар 2 зээлийн гэрээний үүргийг тооцох нь зүйтэй.

2018.11.07-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлд 4,000,000 төгрөг, анх зээлсэн 5,000,000 төгрөгийн 2018.11.07-ноос 2018.12.07 хүртэлх хүүд 500,000 төгрөг, 2018 оны 12 сард үндсэн зээлээс 1,000,000 төгрөг төлснийг хасаж, үндсэн зээл 4,000,000 төгрөгийн 10 хувь 400,000 төгрөгийг 2018.12.07-ноос 2019.10.07 хүртэл тооцоход 4,000,000 төгрөг, нийт хүү 4,500,000 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 1,300,000 төгрөгийг хасаж, 3,200,000 төгрөгийн хүү тооцов.

2019.01.16-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлд 10,000,000 төгрөгийн 10 хувиар сарын хүү 1,000,000 төгрөг, 2019.01.16-ноос 2019.10.16 хүртэлх хүү 9,000,000 төгрөгөөс төлсөн 3,350,000 төгрөгийг хасаж, 5,650,000 төгрөгийн хүү тооцов.

Талууд алдангийг гэрээний хугацаа дууссанаас хойш тооцохоор тохиролцсон учраас шүүх гэрээний хугацаа дуусаагүй үндэслэлээр алданги тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн 12,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээр дурдсанаас дүгнэвэл хариуцагч нар 2018.11.07-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлд 4,000,000 төгрөг, хүүд 3,200,000 төгрөг, 2019.01.16-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлд 10,000,000 төгрөг, хүүд 5,650,000 төгрөг, нийт 22,850,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч У.Ш , Д.Б  нараас 22,850,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Д д олгож, нэхэмжлэлээс 12,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тал хүү, алдангийн тооцооллоо хуралдаан дээр дэлгэрэнгүй тайлбарласантай хариуцагч нарын төлөөлөгч маргахгүй гэснийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.Ш , Д.Б  нараас 22,850,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Д д олгож, нэхэмжлэлээс 12,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 336,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Ш , Д.Б  нараас 272,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Д д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ