Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/946

 

 

 

 

 

 

 

 

   2023            08           10                                            2023/ШЦТ/946

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 2308000000670 дугаар хэргийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны 8 дугаар сарын 04, 10-ны өдрүүдэд хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** овогт ***ын *** (регистрийн дугаар ***), 19*** оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух, урьд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 119 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар тэнссэн;

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 827 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил, 04 сар, 13 хоногийн хорих ялаар;

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар): Яллагдагч *** нь “...2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппора үйлчилгээний төвийн орчим хохирогч ***ын өмчлөлийн Nokia Q500 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 200.000 төгрөгийн хохирол учруулсан, 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Голомт банкны хойд талд 10 настай ***гийн халааснаас Эхлэл брэндийн Хулан загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** “...хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...“ гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 725 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч ***ын мэдүүлэг, “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлтүүд, насанд хүрээгүй хохирогч ***, гэрч ***, насанд хүрээгүй гэрч *** нарын мэдүүлэг, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 2-5, 8, 10-12, 14-16, 17-19, 31-32, 36-37, 41-42 дугаар хуудас/”,

- Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэв.  

1.3 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

1.3.1. Шүүгдэгч *** 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппора үйлчилгээний төвийн орчимд хохирогч ***ын өмчлөлийн Nokia Q500 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 200.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ***ын өгсөн “...2023 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппаро үйлчилгээ төвийн урд байрлах цэцгийн мандал дээр гар утсаараа яриад сууж байтал араас нэг үл таних эрэгтэй хүн миний гар утсыг шүүрээд зугтсан. Би араас нь зууралдаад тухайн цэцгийн мандлыг тойрч хөөцөлдөж байгаад барьж авсан. Тухайн эрэгтэй хүнээс “гар утсаа авъя” гэхэд “надад чиний гар утас байхгүй, чи юу яриад байгаа юм” гэж хэлэхээр нь нэгжиж үзэхэд миний гар утас гарч ирээгүй. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгтөл удалгүй цагдаа нар ирээд тухайн хүнийг аваад явсан. Хар өнгийн Нокиа Q500 маркийн гар утас байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),

            - “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Ц-224 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр “Nokia Q500 маркийн хуучин, хэрэглэж байсан гар утас нэг ширхэг 200.000 төгрөг” гэсэн тайлан, дүгнэлт (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас) зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр эсхүл хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авах шинжүүдээрээ ялгагддаг бөгөөд Эрүүгийн хуульд тус тусдаа хуульчлагдсан.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой, хохирогч ***ын эзэмшлийн “Nokia Q500 загварын гар утсыг илээр авсан буюу хохирогчид бие махбодь болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь булаан авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн үйлдлийн улмаас 200.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэргийг шинжийг бүрэн хангажээ.

Тиймээс шүүгдэгч ***ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

1.3.2. Шүүгдэгч *** 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Голомт банкны хойд талд ***(10 настай)-ийн халааснаас “Эхлэл” брэндийн “Хулан” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            - Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн насанд хүрээгүй хохирогч ***гийн “...2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 07 цагийн үед хичээлдээ яваад 13 цагийн үед хичээл тарсан. Найз ***ийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны хойд талд урд зүг рүү явж байсан. Миний өмсөж явсан жийнсэн куртикний зүүн халааснаас Эхлэл брэндийн Хулан нэртэй гар утсыг хулгайлаад авчихсан. Тухайн үед хулгайлсан гэдгийг нь мэдээд эргээд гүйтэл нярай хүүхэд тэвэрсэн үл таних эмэгтэй хүн эсрэг зүг рүү заагаад “гар утсыг чинь авсан хүн тийшээ гүйчихлээ” гэсэн. Тэгэхээр нь би итгээд анх явж байсан зүг рүү гүйсэн боловч хэн ч байгаагүй. Тэгээд гэртээ хариад эмээ ***ийн хамт цагдаагийн газарт өргөдөл гаргасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас),

            - Гэрч ***ын “...Саппора үйлчилгээний ойролцоо 11 цагийн үед ирээд тэр хавийн архи уудаг хүмүүстэй нийлээд архи уусан. 8 дугаар байрны 6 давхрын орцонд хэсэг унтаж байгаад 16 цагийн үед гарч ирээд ***, *** /Банхар хочтой/, ***ийн эхнэр *** нартай уулзсан. Дүрс бичлэгт гарч байгаа *** /Банхар хочтой/ үл таних 2 хүүхдийн халааснаас эд зүйл хулгайлаад эргээд ***ийн хамт явж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар хуудас),

            - Насанд хүрээгүй гэрч ***ийн “...Тухайн өдрийн 13 цагийн үед хичээлээ тараад найз ***гийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны хойд талд явж байхад *** нь гар утсаа алдчихлаа гээд эргээд гүйсэн...бид хоёр хажуугийн Нарлаг дэлгүүр ороод камер шүүхэд хар өнгийн куртик, малгай өмссөн хүн ***гийн жийнсэн куртикний зүүн халааснаас гар утсыг хулгайлаад  эргээд явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас),

            - “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Ц-427 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр “Хулан 21 маркийн гар утас нэг ширхэг 450.000 төгрөг” гэсэн тайлан, дүгнэлт (хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас),

            - Гэрэл зургийн аргаар таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 63-72 дугаар хуудас),

            - Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.  

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг. 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдан, үүний улмаас насанд хүрээгүй хохирогчид 450.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч ***ын энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул дээрх зүйл, хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч *** нь “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцэж оролцоогүй”-г дурдаж, тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” хүсэлт гаргасан болохыг тэмдэглэв. 

1.4 Хохирол, хор уршиг

Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутай этгээдээс гаргуулан олгож шийдвэрлэх учиртай тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч ***оос нийт 650.000 төгрөгийг гаргуулан хохирогч ***ад 200.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч ***д 450.000 төгрөгийг олгож шийдвэрлэсэн.

Прокуророос шүүх хуралдаанд оролцуулахаар тусгайлан гаргасан саналгүй байсан бөгөөд Шүүхээс хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй болно.

Шүүгдэгч ***оос “...хохирол төлбөр төлөх завсарлага авах хүсэлт” гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл завсарлуулсан бөгөөд энэ хугацаанд шүүгдэгчээс хохирлыг төлж барагдуулаагүй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “...шүүгдэгч ***од Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 07 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...”;

Шүүгдэгчээс “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг танилцуулав.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүхийн шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 33-39 дүгээр хуудас) зэргээс үзэхэд шүүгдэгч *** нь урьд гурван удаа эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч нарт бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, төлж барагдуулаагүй), шүүгдэгчийн хувийн байдал(урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан, 40 настай, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн *** хороо, *** тоотод оршин суудаг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаж мэтгэлцээгүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж буй байдал)-ыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч ***од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 07 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж заасны дагуу түүнд оногдуулсан дээрх хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 01 жил 01 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй буюу дээр дурдсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц хорих ял оногдуулсан болно.

Бусад асуудлын талаар.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***од авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол авч, тэрээр тус хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээх болохыг тогтоолд дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч ***од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***од оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг нэг жил, нэг сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ***оос нийт 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч ***ад 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч *** /хууль ёсны төлөөлөгч ***/-д 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг олгосугай.

 

6. Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээх, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***од урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ***од “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.БЯМБААБААТАР