Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 527

 

 

 

 

 

 

 

 

 

 

       2020        02          05                                       101/ШШ2020/00527           

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Баруун Ард Аюуш 1 дүгээр гудамж, 18 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, 72-2 тоотод оршин сууж байгаа, Н.Э/РД: УШ000000/  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Хүрхрээ хотхон, 2 дугаар гудамж, 4 тоотод оршин суух, Д.С/РД: ХН000000/ холбогдох

2.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Э миний бие Д.Стай 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд Хүрхрээ зусланд 2 давхар амины орон сууцны гадна металл пасадны 140 метр квадрат талбай бүхий ажлыг 1 метр квадратыг нь 40.000 төгрөгөөр хийхээр амаар харилцан тохиролцсон.

Мөн нэмэлтээр 100.000 төгрөгийн ажлыг гүйцэтгэн, нийт ажлын хөлсөнд 5.700.000 төгрөгийг Д.Саас ажлаа хийж гүйцэтгэсний дараа авахаар тохирсон.

Миний бие Д.Саас урьдчилгаа 1.500.000 төгрөгийг ажил гүйцэтгэх үедээ авсан ба  ажил дууссаны дараа 2.000.000 төгрөг авсан. Надад энэ талаар бичиж тэмдэглэсэн зүйл байхгүй, би Д.С ахыг та миний авсан мөнгийг бичиж тэмдэглэж байгаарай гэж хэлсэн бөгөөд ажил гүйцэтгэх явцад хоол, унааны зардалд 200.000 төгрөгийг авсан санагдаж байна. Мөн тал хонины махны үнэ 100.000 төгрөг хасагдана.

Иймд ажлын хөлсний үлдэгдэл 2.000.000 төгрөгийг Д.Саас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.С шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэн Н.Эын ажил гүйцэтгэлээр 5.520.000 төгрөг, урьдчилгаа 3.950.000 төгрөг. Үлдэгдэл 1.570.000 төгрөгийг барилгын ажлын үлдэгдэл мөнгөө авсан үед бөөнөөр нь барагдуулна.

Өөрийн хөрөнгөөр барагдуулах тохиолдолд боломжоороо 5 хувааж барагдуулна гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч Д.Ст холбогдуулан 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч Д.Стай 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр аман хэлбэрээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Хүрхрээ зусланд 2 давхар амины орон сууцны 140 метр талбай бүхий гадна металл пасадны ажлыг 1 метр квадратыг нь 40.000 төгрөгийн хөлстэйгээр 2019 оны 10 дугаар сарын 10-ны дотор хийж гүйцэтгэхээр, захиалагч буюу хариуцагч Д.С нэмэлтээр хийсэн ажлын хөлс 100.000 төгрөгийг болон дээрхи ажлын хөлсний хамт нийт 5.700.000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн гэж нэхэмжлэгч Н.Э тайлбарлалаа.

 

Хариуцагч Д.С нь нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч Н.Эын хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд нийт 5.520.000 төгрөг төлөхөөс 3.950.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Одоо үлдэх 1.570.000 төгрөгийг төлнө гэж тайлбарлаж байна.

 

Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба хариуцагч Д.С нь нэхэмжлэгч Н.Эоор ажил гүйцэтгүүлсэнтэй холбоотой болон ажлын чанарын талаар маргаагүй бөгөөд гагцхүү ажлын хөлсөнд 1.570.000 төгрөг төлөх ёстой хэмээн маргалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ  шаардлагыг өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Н.Э нь хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд нийт 5.700.000 төгрөг авах ёстой, мөн нэмэлтээр 100.000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэх боловч тэрээр үүнтэй холбоотой баримтаа ирүүлээгүй, энэ нь нотлогдохгүй байх тул хариуцагч Д.Сын хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ“,

мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна“ гэж  заасан бөгөөд хариуцагч Д.С нь ажлын хөлсөнд 5.520.000 төгрөг төлөхөөс 3.950.000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Эод хүлээлгэн өгсөн талаараа тайлбарласан ба тэрээр үлдэх төлбөрөө төлөхүүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Д.Саас 1.570.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Эод олгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 430.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Д.Ст 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 10 цаг 30 минутанд шүүх хуралдаан болохыг 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Д.Саас 1.570.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Эод олгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 430.000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Саас 40.070 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Эод олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.САРАНГҮН