Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 152

 

 

 

 

 

 

   2020            1             30                                       2020/ДШМ/152

 

Д.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр, 

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Ш.Чингис,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

                                                                                             

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/1007 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Ш.Чингис нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Тд холбогдох 1905025060926  дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тайжууд овгийн Доржжанцангийн Тогтмаа, 1970 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэн ТҮЦ ажиллуулдаг гэх, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Туул гудамжны 59 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 7 дугаар байрны 26 тоотод түр оршин суудаг, /РД:УХ70101880/; 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

Д.Т нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны салбарт 1000 иен солиулах гэж өгөөд теллерээс 1000 иенийг 1000 юаниар тооцож алдаатай гүйлгээ хийснийг мэдсээр байж завшсаны улмаас О.Даваасүрэнд 366.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Тгаас 166.250 төгрөг гаргуулан, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Хасбаатарын гудамжны 24 дүгээр байрны 13 тоотод оршин суух, Зэлмэн овгийн Отгонбаярын Даваасүрэнд олгохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Би банкинд карт захиалснаа авахаар явж байгаад банкны үүднээс холгүй газарт өртэй хүнтэйгээ таарч, мөнгө нэхэхэд 1000 иен өгсөн. Ингээд авч чадахгүй мөнгөнөөсөө хэдэн төгрөг ч хамаагүй мөнгө олж авсандаа баярлан, 2 настай зээгээ тэвэрч явсан бөгөөд хүүхэд дутуу сэрж уйлагнан тэврэх, хөтлөх зэргээр алхсаар 5 минут ч болоогүй банк руу орсон.

2. Ороод картын үйлчилгээний ажилтан, мөнгө сольж буй теллер хоёрын хооронд 2-оос 3 удаа ээлжлэн очиж, зээгээ дагуулан хүүхдэдээ хамаг анхаарлаа төвлөрүүлэн үйлчлүүлээд хэдэн төгрөг өгснийг ч мэдээгүй шахам гарсан. Банкнаас гараад юу ч бодолгүй байрны мөнгөө тушааж, дэлгүүрээс юм худалдаж аваад харьсан бөгөөд энэ үйлдэл банк над руу гүйлгээ буруу болсон гэж утасдахаас өмнө болсон бөгөөд энэ талаарх баримтыг хавтас хэрэгт хавсаргасан байгаа. Гэтэл банк, банкны теллерүүд мэдээгүй энэ үйлдэл, алдааг хүчээр надад тулгаж, намайг мэдэх ёстой, мэдсээр байж завшсан гэж хэрэг үүсгэн яллаж байгааг хэзээ ч зөвшөөрөхгүй.

3. Маргааш нь алдаатай гүйлгээ болсныг мэдэж, илүү авсан мөнгийг төлж барагдуулна гэж бичиг хийж өгөхдөө камерын бичлэгээ авъя гэхэд, манайд алдаатай гүйлгээний бүх бичлэг, баримт хадгалагддаг гээд өгөөгүй атлаа хэргийн гол нотлох баримтыг санаатайгаар устгаж шүүхэд өгөөгүй бөгөөд хохирогч гэх О.Даваасүрэн болон банкны ажилчид мэдүүлэг, тайлбар өгөхдөө намайг гүжирдсэнийг хэлсээр шаардсаар атал цагдаа, прокурор, шүүх нь ямар ч арга хэмжээ аваагүй, гүжирдсэн хүний мэдүүлгээр ялласанд гомдолтой байна.

4. Мөнгийг нь ажилгүй учир цувуулаад төлнө гэхээр цагдаад таньдаг хүнтэй ялтан болгоно гэж дарамтлахаар нь банкны найдваргүй байдал, зөрчилтэй алдаатай үйлчилгээ, танил талтай хүнд үйлчилдэг хуулийн ажилтныг нь илчилж шалгуулсны дараа мөнгийг өгье гэснийхээ төлөө хэлмэгдсэн. Шүүхээр банкны ажилтны буруу байна гэж тогтоосон боловч алдаатай гүйлгээг нь мэдээгүй энгийн банкаар үйлчлүүлсэн иргэн хүнд ялыг үүрүүлсэн нь хуулийн байгууллагын тогтолцооны алдаа бөгөөд мөнгөтэй, ажил төрөл, танил талтай хүнд хуулийн байгууллага үйлчилж байгааг харуулж байгаа учир туйлын гомдолтой байна.

5. Юань, иенийхээ ханшийг өнөөдөр /шүүх хурал дээр/ мэдэхгүй байгаа банкны төлөөлөгч, теллерийн алдаанаас болж валютын ханшийг нь мэдэхгүй мөнгө солиулсан иргэн гэмт хэрэгтэн болсон явдал нь хууль хяналтын байгууллага иргэддээ ялгавартай ханддаг, хэлмэгдүүлдэг явдлын тод жишээ болж байгаа учир Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Тгийн өмгөөлөгч Ш.Чингис давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Шүүх юань, иенийн төгрөгөөр харьцах ханшийн зөрүү болох 366.250 төгрөгийг Д.Т нь авсан бөгөөд энэ мөнгө нь түүний өмчлөлийнх биш болохыг тэрээр тухайн өдрөө мэдсэн байна гэж дүгнэсэн мөртлөө, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүн болох төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэх, өөрөөр хэлбэл, уг мөнгийг мэдсэнийхээ дараа завшсан юм уу мэдээгүй байхдаа завшсан юм уу гэсэн асуудалд дүгнэлт хийгээгүй. /алдаатай гүйлгээ мөн болох нь тогтоогдсон л бол мэдсээр байж завшсан гэж үзсэн нь үндэслэлгүй/

2. Шүүгдэгч Д.Т нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийснийг мэдээгүй байхдаа мөнгийг үрж хэрэглэсний дараа банкнаас утасдаж илүү мөнгө өгсөн байна гэснээр мэдсэн бөгөөд маргааш нь илүү өгсөн мөнгийг төлж барагдуулна гэсэн бичгийг банкинд хийж өгсөн байдаг. Энэ нь өөрийнх нь удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлэг болон, хохирогч О.Даваасүрэн, Д.Т хоёрын хоорондоо бичилцсэн мессэжнээс аль аль нь алдаатай гүйлгээ байснаа тухайн үедээ мэдээгүй мөнгийг үрсэн, Д.Т нь сүүлд нь мэдээд шоконд орсон талаар бичсэн зурвас /нотлох баримт хх-24, 25-р хуудас/ хавтас хэрэгт авагдсан байдаг.

З. Гэтэл шүүх "шүүгдэгч Д.Т өөрт нь банкнаас илүү мөнгө олгогдсон байна гэдгийг мэдсэн боловч уг мөнгийг өөртөө зарцуулсан үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4. Шүүгдэгч Д.Т нь энэ гэмт хэргийг үйлдэх санаа зорилго анхнаасаа огт байгаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийснийг мэдсээр байж завшсан гэх үйлдэл нотлогдож тогтоогдоогүй.

5. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. 

6. Шүүгдэгч Д.Т нь тухайн өдөр өөрийн 2 настай зээ охин Хэрлэнг дагуулж явсан, мөн уг иен солиулах үйлчилгээг хийлгэхдээ давхар захиалсан картаа авах үйлчилгээг хийлгэж, валютын ханшны зөрүүг харах боломж байгаагүй байсан. Хэдэн төгрөг өгснийг нь мэдээгүй. Хохирогч мөнгөө тоолоогүй аваад гарсан талаар мэдүүлдэг ч хүүхдэдээ түүртээд гарсан байдаг. Маргааш нь банкин дээр очоод камерын бичлэгээ авъя, эсвэл байлгаж бай гэсэн байдаг. Гэтэл энэ талаар камерын бичлэгийг аваагүй төдийгүй, давхар банкны үйлчилгээ хийлгэж байсан бага насны хүүхэдтэй явж байсан талаар огт шалгаагүй, цагаатгах талын нотлох баримтыг цуглуулаагүй, хэт нэг талыг /яллах талыг/ барьж хэргийг шалгасан.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Ялагдагчийн зөвшөөрснөөр, эсхүл мөрдөгч өөрийн санаачилгаар мэдүүлгийг газар дээр нь шалгаж болно" гэж заасан байхад хууль зөрчиж ялагдагчийн зөвшөөрөлгүйгээр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан, мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагааны тэмдэглэл нь /хх-66-67/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг баримтлаагүй, үүнийг нь шүүх шийдвэрийнхээ үндэслэлд нотлох баримт болгосон нь хууль бус. Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд О.Даваасүрэнг хохирогчоор тогтоосон нь хууль бус байна гэж үзээд банкийг хохирогчоор тогтоосон атлаа, хууль бус хохирогч О.Даваасүрэнгийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэлд нотлох баримтаа болгосон нь хууль зөрчсөн болж байна. Энэ бүгд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага журамд зөрчсөн байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэнтэй нийцэхгүй байна.

8. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/1007 тоот шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1007 дугаартай шийтгэх тогтоолоор хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй. Учир нь, теллерийн алдаатай гүйлгээнээс бусдад илүү мөнгө олгогдсон тухайгаа мэдэгдсэн. Илүү олгогдсон мөнгийг захиран зарцуулахгүйгээр холбогдох газарт буцаан өгөх нь иргэний үүрэг юм. Гэтэл Д.Т уг мөнгийг авч, хувьдаа ашигласан үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулсан. Тухайн хэрэг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр болсон ба анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд Д.Т нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулаагүй тул хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Д.Т нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны салбарт 1000 иен солиулах гэж өгөөд теллерээс 1000 иенийг 1000 юаниар тооцож алдаатай гүйлгээ хийснийг мэдсээр байж завшсаны улмаас О.Даваасүрэнд 366.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч О.Даваасүрэнгийн “...2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагийн үед “Өргөө” кино театрын Худалдаа хөгжлийн банкны салбар дээрээ ажиллаж байхад 1000 иен солиулахаар үйлчлүүлсэн. Би мөнгөө сольж, 389.500 төгрөгтэй дүйцэхүйц мөнгийг иенийг юаниар тооцож, андуурч өгсөн. Орой нь юаний мөнгө зөрөөд камер шүүж үзтэл 1000 иенийг 1000 юаниар бодож, би тэр эгчид мөнгө илүү өгч явуулсан байсан. Тэр эгч рүү залгаж хэлэхэд би мөнгөө үрсэн, маргааш би очиж уулзана гэж хэлсэн. Маргааш нь манай ахлахтай уулзсан ба мөнгийг төлнө гэж хүсэлт гаргасан байсан. Үүнээс хойш өгнө гээд өгөлгүй 3 сар боллоо. ...Зөрүү буюу илүү авсан 366.250 төгрөгийг миний бие Тогтмаагийн өмнөөс банкиндаа төлчихсөн байгаа. ...Тогтмаа нь ирээд Японы иен солуулъя гэсэн ба ингэхдээ өөрөө ханшийн өсөлт, бууралтын дэлгэц рүү нилээдгүй удаан хугацаанд харж суусан ба би солихдоо 1 иенээр биш 1 юанийн ханшаар буюу 389.500 төгрөгөөр бодоод хэлж өгсөн байсан. Тэгэхэд Тогтмаа “за болноо” гэж хэлсэн. ...Уг нь бол 1000 иенийг солиулахад би Тогтмаад 23.250 төгрөг өгөх ёстой байтал 389.500 төгрөгийг илүү өгсөн байсан. ...” /хх- 6-9, 38-39, 62-63/,

гэрч О.Шинэбилэгийн “...Тухайн өдөр ажиллаж дуусаад теллерүүд над руу өдөрт хийсэн гүйлгээг явуулдаг ба эхэлж валютын гүйлгээг ахлах теллерт явуулдаг. Авсан валют нь гарсан гүйлгээтэй зөрөхөөр нь үзэхэд Япон улсын 1000 иенийг Хятад улсын юаниар андуурч гүйлгээ гарсан байсан ба Даваасүрэнгээс юаний гүйлгээ огт гараагүй, 1000 иен л над руу явуулсан байсан. Ингээд камер шүүж үзэхэд юань биш иен харилцагчаас авч байсан. Ингээд харилцагчтай холбогдоод буруу гүйлгээ хийсэн, буцааж төлөх хэрэгтэй байна гэхэд “мөнгийг үрсэн, нялх хүүхэд хардаг учир очиж чадахгүй” гэж хэлсэн. Даваасүрэн андуурсан мөнгөө банкинд өөрөөсөө тушааж хохиролгүй болгосон. Маргааш нь Тогтмаа ирж одоогоор мөнгөгүй, мөнгөтэй болохоороо эргүүлж төлнө гэж хэлсэн. Тэгээд төлөх тухай хүсэлт бичүүлж авсан. Ингээд банк хохиролгүй болж Даваасүрэнд 366.250 төгрөгийн хохирол учирсан. ...” /хх-12/,

гэрч Ж.Наранцэцэгийн “...Би уг банкны үйл ажиллагааны ахлахаар ажилладаг бөгөөд Тогтмаа гэх хүнтэй уулзахад мөнгийг үрчихсэн, одоо өгөх боломжгүй, илүү авсан мөнгөө дараа нь цувуулаад өгье гэж хэлэхээр нь манай банкинд хүсэлтээ бичээд өгчих, хэр хугацаанд төлөх талаар тодорхой бичээд өгнө үү гэхэд тэрээр хүсэлт бичиж өгсөн. Хүсэлт бичиж өгснөөс 7 хоногийн дараа мөнгөө төлөх талаар хэлэхэд мөнгө өгч чадахгүй, танай ажилтны буруу, хандах газартаа ханд гэж хэлсэн. Тэгээд манай банк Цагдаагийн байгууллагад хандсан. ...” /хх-64-65/,

Д.Тгийн яллагдагчаар өгсөн “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар ч иргэн хүн банк алдаатай гүйлгээ хийнэ гэдгийг мэдэхгүй. Би өөрөө алдаатай гүйлгээ хийсэн бол хүлээн зөвшөөрөх байсан. Банк хариуцлагагүй байдлаасаа болж алдаатай гүйлгээ хийчэхээд, буруугаа надад тохоод байна. Би гэмт хэрэг үйлдээгүй. ...Теллер нь надад 380 гаруй мянган төгрөг өгөхөөр нь түүнийг тоолж үзээд хүлээж аваад банкнаас гараад явсан. Тэгээд банкнаас гараад И-Март орж, хоол ундны зүйл аваад, мөн байрны мөнгө гэж /мөнгөн дүнгүүдээ санахгүй байна/ төлөөд мөнгө дууссан ба гэртээ ороод байж байтал орой /цаг хугацааг хэлж мэдэхгүй байна/ банкинаас залгаад манай ажилтан илүү мөнгө өгчихсөн байна, та маргааш өглөө манай ажил дээр хүрээд ирээч гэхээр нь “за, би тэр мөнгөөр чинь юм авчихсан шүү дээ, ямар ч байсан очоод уулзъя” гэж хэлсэн. Банкин дээр маргааш нь очоод уулзахад манай теллер ажилд ороод 2 өдөр болж байгаа юм аа, илүү мөнгө өгчихсөн байна гэхээр нь та нар өөрсдөө банкны хүмүүс байж, шалгаж үзэж аваад, яагаад хуурамч гүйлгээ хийдэг юм бэ, хүнийг эвгүй байдалд оруулдаг юм бэ, гүйлгээ ханш, утга мэддэггүй, би алдаатай гэдгийг мэдээгүй гэж уурласан. Та манайхаас илүү мөнгө авсан байна, Иен, Юань хоёрын зөрүү байдаг юм, илүү мөнгөө эргүүлээд өгчихөөч гэхээр нь би авсан юм чинь эргүүлээд өгнө, төлбөр барагдуулна гэсэн бичиг хийж өгсөн. Түүнээс биш би болон банкны ажилтан алдаатай гүйлгээ хийж байна гэдгийг мэдээгүй. Мөнгийг хальт тоолоод авсан. Яг хэдэн төгрөг байсныг санахгүй байна. ...1000 иен байгаа нь энэ гээд өгсөн. Иен юм чинь юаниас илүү өндөр ханштай байх гэж бодоод авсан. Өгч байгаа юм чинь ашгүй дээ гээд л авчихсан. ...” /хх-35-37, 67-68 / гэх мэдүүлгүүд,

Худалдаа хөгжлийн банкинд Д.Тгийн гаргасан хүсэлт /хх-15/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-44-49/, хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /66-аас дугаарлаагүй 4 хуудас/, хохиролд 166.250 төгрөгийг О.Даваасүрэнд төлсөн тэмдэглэл /хх-127/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүрэг бүхий субъектүүдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Тг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Т нь банкаар 1000 иен солиулахдаа теллерээс 1000 иенийг 1000 юаниар тооцож алдаатай гүйлгээ хийснийг мэдсээр байж завшсаны улмаас 366.250 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Т нь  “...Японы 1000 иений үнийн ханшийг зөрүүг мэдэхгүй бөгөөд мэдэх албагүй.  Иймд хэрэглэгч болгон банкны ханшийг мэдэх ёстой гэсэн хууль, дүрэм байхгүй. Гэтэл банк, банкны теллерүүд мэдээгүй энэ үйлдэл, алдааг хүчээр надад тулгаж намайг мэдэх ёстой, мэдсээр байж завшсан гэж үзсэнд би гомдолтой байна. ...” гэсэн,

Шүүгдэгч Д.Тгийн өмгөөлөгч Ш.Чингис “...Шүүгдэгчийг хүүхэдтэй явж байсан, валютын ханш харах боломжгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүгдэгч Д.Тд анхнаасаа энэ гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Тд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хохирогч О.Даваасүрэнгийн өгсөн “...Зөрүү буюу илүү авсан 366.250 төгрөгийг миний бие Д.Тгийн өмнөөс банкиндаа төлчихсөн байгаа. ...Тогтмаа нь ирээд Японы иен солуулъя гэсэн ба ингэхдээ өөрөө ханшийн өсөлт, бууралтын дэлгэц рүү нилээдгүй удаан хугацаанд харж суусан ба би солихдоо 1 иенээр биш 1 юанийн ханшаар буюу 389.500 төгрөгөөр бодоод хэлж өгсөн байсан....” гэсэн, шүүгдэгч Д.Тгийн өгсөн “...мөнгийг хальт тоолоод авсан. Яг хэдэн төгрөг байсныг санахгүй байна. ...1000 иен байгаа нь энэ гээд өгсөн. Иен юм чинь юаниас илүү өндөр ханштай байх гэж бодоод авсан. Өгч байгаа юм чинь ашгүй дээ гээд л авчихсан. ...” гэсэн тус тус мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч Д.Т нь тус банкаар үйлчлүүлэхдээ валютын ханшны мэдээллийг дэлгэцнээс харсан, улмаар өөрт нь илүү мөнгө өгсөн гэдгийг мэдсэн байх тул завшсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Ш.Чингис нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/1007 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Ш.Чингис нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

 

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ