Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 109/ШШ2022/0013

 

 

 

 

 

 

 

                      

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Д.Ж

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.П

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: В.У

Хариуцагч: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б. Д.Г, Д.Т нарын хоорондын “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 129 дугаартай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Г, Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Ж нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б. Д.Г, Д.Т нарт холбогдуулан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 129 дугаартай актыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч Д.Ж нь Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 243 дугаар шийдвэрээр 1972 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрт мод цагаалагчаар, 1986 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 1993 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Архангай аймгийн Тээврийн удирдах газарт жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгож, 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 57 настайдаа хүнд нөхцөлөөр өндөр насны авч эхэлжээ.

3. Гэтэл 2021 онд Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хяналт шалгалт хийгдэж, тус хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Тэтгэвэр төлүүлэх тухай” 129 дүгээр актаар хуурамч шүүхийн шийдвэр гаргуулан хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон гэх үндэслэлээр үндэслэлгүй авсан 8.846.230 /найман сая найман зуун дөчин зураан мянга хоёр зуун гуч/ төгрөгийг иргэн Д.Ж-гээр төлүүлэхээр тогтоосон байна.

4. Нэхэмжлэгч Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ж миний бие Архангай аймгийн Модны үйлдвэр, Барилга угсралтын трест, 6 дугаар баазад ажиллаж байсан. 2011 оны үед миний хамаатан садангийн хүн Ж гэдэг хүнтэй уулзахад та жолооч хийж байсан, барилга угсралтын трестэд ажиллаж байсан, модны үйлдвэрт ажиллаж байсан юм чинь эрт тэтгэвэртээ орж болдог юм байна. Та материалаа надад өгчих хөөцөлдөөд өгий гэсний дагуу би хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхнийхээ хуулбар, зураг зэргийг өгсөн. Би өөрөө нийгмийн даатгалын байгууллага дээр очоогүй. Тэгээд удаагүй 2011 оны 5 сард тэтгэвэрт орчихсон гээд надад тэтгэврийн дэвтэр өгсөн. Ингээд тэтгэврээ авч эхэлсэн. Гэтэл 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Нийгмийн даатгалын хэлтсээс дуудаж байна гээд манай эхнэр Н.П очиж уулзахад хуурамч шүүхийн шийдвэр гарсан байна гэсэн асуудал яригдсан. Би ямар нэгэн шүүхийн шийдвэр гаргуулаагүй, шүүхийн шийдвэр гаргуулах шаардлага байхгүй. Учир нь миний хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгал төлсөн зэрэг нь хангалттай 20 жил хүрсэн баталгаажилттай байсан. Иймд Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 129 дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Ж 22 жил улсад ажилласан хөдөлмөрийн 2 дэвтрээ тухайн байгууллагын таньдаг хүндээ өгч явуулсан байдаг. Тухайн актын үндэслэлд нэхэмжлэгч Д.Ж-г хуурамч шүүхийн шийдвэр гаргуулсан. Хуурамч нотлох баримт бүрдүүлэн өгч тэтгэвэрт орсон гэж буруутгасан байдаг. Шүүхийн шийдвэр гаргах процесст Д.Ж өөрөө оролцоогүй учраас гомдож байгаа юм. Ямар нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгож, ямар нөхцөлөөр орж байгаа талаар нэхэмжлэгч мэдээгүй байдаг. Гэтэл нийгмийн даатгалын байгууллага 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Д.Ж-гийн тэтгэврийг зогсоож очиж уулзахдаа хуурамч шүүхийн шийдвэр гарсан асуудлыг мэддэг. Мөн нэхэмжлэгч намайг тэтгэвэрт оруулж өгнө үү гэсэн өргөдлийг гаргаж байгаагүй байдаг. Тухайн үед нэхэмжлэгч барилга угсралтын конторт ажиллаж байсан. Тухайн үеийн хүмүүс эрт тэтгэвэрт орж байсан учраас өөрийн хамаатны хүндээ баримтуудаа өгсөн. Гэтэл үүний цаана гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал үүсдэг. Үнэхээр Д.Ж өөрөө хүсэж шүүх хуралдаанд оролцож, хуурамч баримт бичиг бүрдүүлж шүүхийн шийдвэрээ гаргуулсан бол Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу акт үндэслэлтэй гэж үзнэ. Гэтэл Д.Ж хуурамч баримт бичиг бүрдүүлж тэтгэврээ тогтоолгоогүй байхад хуурамч баримт бүрдүүлж шүүхийн шийдвэр гаргуулсан гэж үзэж акт тавьж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч шүүхэд хандаж огт шүүхийн шийдвэр гаргуулж байгаагүй, шүүхийн шийдвэр хуурамч гарсан гэдэгтэй санал нэг байна. Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны оролцоотойгоор энэ хүний тэтгэвэр тогтоогдсон гэдэг нь хэн болгонд ойлгомжтой байгаа. Нэхэмжлэгч хуурамч баримт бичиг бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгөөгүй, энэ талаар өргөдлөө ч гаргаагүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн боломж байна гэв.

6. Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б. Д.Г, Д.Т нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Ж-гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хариу тайлбарыг хүргүүлж байна. Учир нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн удирдамжийн дагуу тус газрын Хяналт шалгалтын газраас төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалт хийгдэж байх хугацаанд Д.Ж-гийн 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 243 дугаартай шүүхийн шийдвэрт 1972 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг  хүртэл Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрт мод цагаалагчаар, 1986 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 1993 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Архангай аймгийн Тээврийн удирдах газарт жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгож, 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/512 тоот албан бичгээр нэр бүхий хүмүүсийн шүүхийн шийдвэрүүдийг хавсралтаар хүргүүлж тулган шалгуулсан бөгөөд Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын архивт байх шүүхийн шийдвэрийн эх хувьтай тулган шалгахад 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 11 тоот албан бичгээр таарч байгаа болон зөрүүтэй шийдвэрүүдийг хавсралтаар ирүүлсэн. Д.Ж-гийн 243 тоот шүүхийн шийдвэр Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын архивт байхгүй шийдвэрийн жагсаалтанд байгаа тул 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаартай мэдэгдлээр 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс тэтгэврийг түр зогсоосон. Мөн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр тэтгэвэр авагчийн биеийн байдал тааруу байдаг тул эхнэр Н.П-тай уулзалтын тэмдэглэл хөтөлсөн. Тэмдэглэлд Д.Ж гуай өөрөө тэтгэвэр тогтоолгох материалаа өгсөн үү гэхэд өөрийнх нь төрлийн билүү таних хүн нь тэтгэвэр тогтоолгох уу гэж асуугаад материалыг нь авсан гэсэн тэгээд 300.000-400.000 төгрөгийн бэлэн мөнгө мөн тэтгэврээ тогтоолгоод 1 жилийн зээл авч өгсөн” гэсэн байгаа зэргээс үзэхэд хүнд мөнгө өгч тэтгэвэр тогтоолгосон байна.

Улмаар та өөрийн хаана ямар ажил хийж байсан хөдөлмөрийн дэвтэр, лавлагаа, цэргийн алба хаасан батлах, ажлаас чөлөөлсөн, томилсон тушаал холбогдох бусад материалаа авчирч тэтгэврээ тогтоолгох зөвлөгөөг өгсөн. Тус хэлтсээс зөвлөгөө өгсний дагуу Д.Ж нь Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл, хугацаат цэргийн алба хаасан цэргийн батлах, ажлаас чөлөөлсөн, томилсон тушаалаа аймгийн архивын тасгаас гаргуулан холбогдох материалаа бүрдүүлэн ирж 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас 20 хүртэл жил төлсөн энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан насанд хүрсэн даатгуулагч шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй” гэх заалтын дагуу өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн дахин тогтоолгон тэтгэврээ үргэлжлүүлэн авч байгаа болно. Д.Ж нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалтыг зөрчиж тэтгэвэр тогтоолгон авч байсан тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалтыг үндэслэн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр акт бичих дүнг танилцуулан тэмдэглэл үйлдэн, нийт 8.846.230 мянган төгрөгийг буцаан төлүүлэх улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 8-ны 129 тоот актыг тогтоосон болно гэжээ.

 

7. Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Г  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Ж нь 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 243 дугаартай шүүхийн шийдвэрээр өндөр насны тэтгэврээ тогтоолгосон байдаг. Энэ шүүхийн шийдвэр нь хэлтсийн даргын албан бичгээр шүүхийн тамгын газарт шалгуулахад шүүхийн шийдвэр нь байхгүй байна гэсэн хариу ирсэн. Үүний дагуу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т заасны дагуу Д.Ж гуайтай уулзах гэсэн боловч биеийн байдал тааруугаас эхнэр нь ирж уулзсан байдаг. Эхнэртэй уулзаж 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 28 дугаартай мэдэгдлээр тэтгэврийг зогсоосон. Гэтэл эхнэр нь нэхэмжлэгч Д.Ж гуайн ажиллаж байсан материалыг авчирч хувь тэнцсэн тэтгэврийг 60 нас хүрсэн хугацаанаас нь тогтоолгож авсан. Энэ хугацаанд  2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 129 дугаартай улсын байцаагчийн актыг бичиж танилцуулсан. 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс өнөөдрийг хүртэл бүрэн тэтгэврээ тогтоолгох боломж байсан. Энэ боломжийг манай хэлтсээс олгосон гэж үзэж байна. Ийм учраас актыг хүчингүй болгох боломжгүй юм гэв.

8. Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчид 2021 оны 1 дүгээр сард мэдэгдэл өгч утсаар дуудахад түүний эхнэр Н.П ирж уулзсан. Уулзалтын тэмдэглэл хөтлөхөд тухайн иргэн тэтгэврээ өөрөө тогтоолгоогүй хүнд 300.000-400.000 мянган төгрөг  бэлэн өгч тэтгэврээ тогтоолгоход 1.000.000 төгрөгийн зээл авч байсан гэдгийг хэлдэг. Мөн хөдөлмөрийн дэвтрээ өгсөн гэж байгаа боловч ямар хүнд өгч яаж үрэгдүүлсэн нь тодорхойгүй байдаг. Тухайн хүн хувь тэнцсэн тэтгэвэрт орох материалаа авчирч тэтгэврээ тогтоолгосон учраас байгаа бодит байдалд нь үндэслэж 60 нас хүртэл нь бүтэн авсан тэтгэвэр, 60 наснаас хойш зөрчилтэй үе хүртлэх хугацаанд нь бүрэн тэтгэвэр хувь тэнцсэн тэтгэврийн зөрүү 8.846,230 төгрөгийн акт бичсэн гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Тус шүүхэд иргэн Д.Ж-гээс Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б. Д.Г, Д.Т нарт холбогдуулан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Тэтгэвэр төлүүлэх тухай” 129 дугаартай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2021 оын 6 дугаар сарын 16-ны өдөр гаргаж, шүүх 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

2. Нэхэмжлэгч Д.Ж-гийн тухайд, 1954 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн бөгөөд 67 нас 10 сартай эрэгтэй байна.

3. Нэхэмжлэгч Д.Ж нь Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 243 дугаар шийдвэрээр 1972 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Мод боловсруулах үйлдвэрт мод цагаалагчаар, 1986 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 1993 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Архангай аймгийн Тээврийн удирдах газарт жолоочоор ажиллаж байсан байдлаар тогтоолгожээ. /1х.х-н 20/

4. Улмаар дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдөр иргэн Д.Ж-д хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоосон байна. /1х.х-н 17/

5. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн удирдамжийн дагуу Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хяналт шалгалт хийгдэж, тус газрын улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 32/01 дүгээр актаар нэр бүхий иргэдийн өндөр насны тэтгэврийг зогсоохоор шийдвэрлэж, 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 6/301 дүгээр албан бичгээр үндэслэлгүйгээр илүү олгосон тэтгэврийг тухайн иргэдээр нөхөн төлүүлэхээр улсын байцаагчийн акт тогтоож, хариу ирүүлэхийг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст мэдэгджээ. /1х.х-н 25-26, 119-122/

6. Ийнхүү Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Тэтгэвэр төлүүлэх тухай” 129 дүгээр актаар Д.Ж нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.3. дахь заалтыг зөрчиж хуурамч шүүхийн шийдвэр гаргуулан хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгож нийгмийн даатгалын сангаас 8.846.230 төгрөгийн тэтгэвэр авсан зөрчил илэрсэн гэх үндэслэлээр Д.Ж-гийн үндэслэлгүй авсан 8.846.230 /найман сая найман зуун дөчин зураан мянга мянга хоёр зуун гуч мянган төгрөгийг төлүүлэхээр тогтоосон байна. /х.х-н 3-4/

7. Нэхэмжлэгч Д.Ж нь 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүртэл актаар тогтоосон хэмжээний өндөр насны тэтгэврийг авч байсан болох нь Хаанбанкны 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 5135/449 дүгээр албан бичиг, хавсралтаар ирүүлсэн дансны хуулга мэдээлэл, Хаанбанкны 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 5135/195 дугаар албан бичиг, түүний хавсралт, 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 5135/215 дугаар албан бичиг, түүний хавсралт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “... тооцож үзсэн зөрүүтэй асуудал байхгүй байна лээ ...” гэх тайлбараар тогтоогдож байна. /1х.х-н 35-47, 230-245/

8. Хуурамч шүүхийн шийдвэр гаргуулсан гэх үйл баримтын тухайд, дээрх хяналт шалгалтын явцад Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/512 дугаар албан бичгээр нэр бүхий тэтгэвэр авагчийн шүүхийн шийдвэрийг хавсралтаар хүргүүлж шүүхийн шийдвэрийг тулган шалгуулахыг Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс хүссэн байна. Улмаар Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр албан бичгээр шүүхийн шийдвэр нь таарч байгаа болон зөрүүтэй шийдвэрийг хавсралтаар хүргүүлэхэд тус шүүхийн Тамгын газрын архивт байхгүй шүүхийн шийдвэрийн жагсаалтын 39 дүгээрт иргэн Д.Ж-гийн 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 243 дугаартай шийдвэр багтжээ. Мөн дээрх дугаар бүхий шүүхийн шийдвэрт иргэн С.Д-ын нэхэмжлэлтэй, М.Ч-д холбогдох иргэний хэрэг бүртгэлтэй байгаа талаар тус шүүхийн Тамгын газраас 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 214 дугаартай албан бичгээр тайлбар гаргаж, холбогдох шүүхийн шийдвэр, бүртгэлийг ирүүлсэн байна. /1х.х-н 28-31, 147-150/

9. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дээрх шүүхийн шийдвэрийг хуурамч эсэх асуудлаар маргаагүй /зөвшөөрсөн/ бөгөөд харин уг шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч гаргуулаагүй тул актаар тогтоосон төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

10. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д зааснаар тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол суутгал хийж болно гэж заажээ.

11. Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэгийн 5 дахь заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д заасныг үндэслэн гаргасан Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Тэтгэвэр төлүүлэх тухай” 129 дүгээр акт хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан хууль дээдлэх зарчмыг хангаж гарсан хууль ёсны, үндэслэл бүхий захиргааны акт байна гэж үзлээ.

12. Хариуцагч Архангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс захиргааны актын улмаас эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээд болох иргэн Д.Ж-д анх тэтгэврийг зогсоох тухай мэдэгдлийг 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүргүүлэн мөн өдөр /эрүүл мэндийн шалтгааны улмаас/ эхнэр П-тай нь биечлэн уулзаж, уулзалтын тэмдэглэл хөтөлсөн, 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн сонсох ажиллагаа хийсэн тэмдэглэлд “өөрийнх нь төрлийн хүн тэтгэвэр тогтоолгох уу гээд материалыг нь авсан гэсэн, 300-400 мянган төгрөгийн бэлэн мөнгө, нэг жилийн зээл авч өгсөн, шүүхээр ажилласан жилээ тогтоолгоогүй гэсэн” тэмдэглэлтэй, маргаан бүхий акт болох “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Тэтгэвэр төлүүлэх тухай” 129 дугаартай актыг гарахаас өмнө 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр сонсох ажиллагаа хийж тэмдэглэл үйлдсэн зэргээс харахад хариуцагч захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлын талаар урьдчилан мэдэгдэж иргэнд санал, тайлбараа гаргах боломжийг олгосон байна. /1х.х-н 21-23, 123/

13. Дээрх үйл баримтаас үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.”, 27 дугаар зүйлийн 27.6. дахь хэсэгт “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна.” гэж заасан журмын дагуу сонсох ажиллагааг явуулж, санал, тайлбарыг авсан байх бөгөөд хуульд заасан эдгээр нөхцөл, шаардлагыг захиргааны байгууллагаас хангасан байна.

14. Мөн Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Тэтгэвэр төлүүлэх тухай” 129 дугаартай актыг гаргахаас өмнө хариуцагч байгууллага /албан тушаалтан/ нь Д.Ж-д хамааралтай шүүхийн шийдвэр байхгүй талаар баримтыг цуглуулж нөхцөл байдлыг тогтоож иргэнд хамааралтай шүүхийн шийдвэр болон хэрэг нь шүүхийн архивт байхгүй тул бодит байдалд ийм шийдвэр гараагүй, хуурамч бичиг баримтыг бүрдүүлсэн болохыг тогтоох ажиллагааг буюу бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийсэн байна. /1х.х-н 147-150/

15. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч Д.Ж-гийн 0122619 дугаартай тэтгэврийн хувийн хэрэгт хадгалагдаж буй 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн нийгмийн даатгалын хэлтэст гаргасан “... 2011 онд хуурамч шүүхийн шийдвэрээр тэтгэвэр тогтоолгож буруудсан тул 2014 оноос эхлэн хувь тэнцүүлсэн хувиар тэтгэвэр тогтоож өгнө үү” гэх өргөдөл[1], ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор 2022 онд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд хандаж, иргэний хэрэг үүсгэсэн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 129/ШЗ2022/00502 дугаартай шүүгчийн захирамж зэргээс үзэхэд тухайн иргэн дээрх шүүхийн шийдвэр гэх баримтаар тогтоосон хугацаанд уг ажлыг хийж ажиллаж байгаагүй болох нь давхар тогтоогдож байна гэж үзэх үндэстэй тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д заасан урьдчилсан нөхцөлийг хангаж маргаан бүхий 129 дугаартай улсын байцаагчийн актыг гаргажээ.

16. Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс хуурамч шийдвэр гарсанд би буруугүй, би тэтгэвэр тогтоолгох өргөдөлд гарын үсэг зураагүй, маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийг төлөхгүй, акт үндэслэлгүй гэж маргаж буй боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3/-т заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй байх хугацаандаа маргаан бүхий актаар тогтоосон хугацаа болон хэмжээгээр өндөр насны тэтгэврийг авч байсан болох нь баримтаар тогтоогдож байна.

17. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх нь гагцхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий 129 дүгээр улсын байцаагчийн акт, түүний хууль зүйн үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч талаас тайлбарлаж буй шүүхийн шийдвэр хуурамч эсэх, тус шийдвэрийг иргэн Д.Ж гаргуулсан эсэх, уг шүүхийн шийдвэрийг гаргахад хэн ямар оролцоотой байсан зэрэг гэмт хэргийн шинжтэй асуудлыг шалгах, дүгнэлт гаргах боломжгүй юм.

18.  Ийнхүү уг хэргийн маргааны үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага /албан тушаалтан/ нь 129 дугаартай актыг гаргахаас өмнө дээр дурдсан байдлаар тухайн иргэн хуурамч бичиг баримтыг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон болох нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулж, үнэлэх ажиллагааг хийсэн байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасантай нийцжээ.

19. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс маргаан бүхий 129 дүгээр актаар тогтоосон нөхөн төлбөрийн хэмжээ, түүний тооцоолол, актаар тогтоосон хэмжээний өндөр насны тэтгэврийг авсан эсэх асуудлаар маргахгүй талаар шүүх хуралдаанд тайлбар гаргасан болно.

20. Мөн Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 061 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “ ... 2011 оны Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан өргөдөлд зурагдсан гарын үсэг нь харьцуулах шинжилгээнд туршилтын болон чөлөөт загвараар ирүүлсэн Д.Ж-гийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна.....” гэж дүгнэсэн боловч энэ нь маргаан бүхий актын үндэслэлийг үгүйсгэх, хуулиар авах ёсгүй цаг хугацаа, хэмжээгээр тэтгэврийн мөнгийг авч байсан нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөх, хариуцагчаас гаргасан актыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болохгүй.

21. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Ж-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5/., Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2. дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Ж-гээс Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б. Д.Г, Д.Т нарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Тэтгэвэр төлүүлэх тухай” 129 дугаартай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ТҮВШИНТУЛГА

 

 

[1] №0122619 дугаартай тэтгэврийн хувийн хэргийн материал 4 дэх тал