| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2025/0305/з |
| Дугаар | 221/МА2025/0544 |
| Огноо | 2025-08-20 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2025/0544
“С о х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч М.Цэцэгмаа
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т
Нэхэмжлэгч: “С о х” ХХК
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/667 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0416 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.О
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э
Хэргийн индекс: 128/2025/0305/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С о х” ХХК-аас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/667 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0416 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан “С о х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т нар дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчим нь захиргааны байгууллага үйл ажиллагаандаа баримтлах тусгай зарчим бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/667 дугаар захирамж нь энэхүү зарчимд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй гарсан. Захиргааны шийдвэр гаргахдаа хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдээс буюу нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэж Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулах ёстой байтал 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шийдвэр гаргаж байгаа нь дээрх хуулийн ерөнхий үзэл санааг гүйцэлдүүлэхгүй, хуулийг буруу хэрэглэж гаргасан шийдвэр тул үндэслэлгүй гэж үзэж байна. Энэхүү маргаан бүхий захирамж нь Газрын тухай хуулийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчиж, Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй.
3.2. Дэлхий нийтэд гарсан цар тахалтай холбоотойгоор 2022 оныг дуустал ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж чадаагүй ба 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Р м к” ХХК-тай “Ажлын зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан ажлаа эхлүүлсэн. Нийт 342.288.480 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Ингээд газар дээрээ үйл ажиллагаа явуулах болоход манай газар руу орох, гарах замын хэсэгт дүүргийн газрын албанаас иргэдэд газар олгосны улмаас машин техник хэрэгсэл орох боломжгүй болсон ба газрын албанд хандан орц гарц нээж өгөхийг удаа дараа хүссэн боловч удахгүй газар дээр нь очиж үзээд холбогдох газар эзэмшигч нартай уулзаж талбайн хэмжээ, байршлыг нь өөрчилж өгөх талаар судалж үзээд арга хэмжээ авна гэсээр өдийг хүрсэн.
3.3. Газрын төлбөрийг Газар зохион байгуулалтын албанд очиж 2 дугаар улирлын төлбөрийн нэхэмжлэх авахаар хандахад төлбөр хариуцсан мэргэжилтэн код үүсгээгүй байсан ба энэ талаар ямар нэг нэхэмжлэх ирүүлээгүй. Нэхэмжлэгч холбогдох байгууллагуудаас архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлөө авахаар эскиз зургаа батлуулан зураг төслийн мэргэжлийн байгууллагатай аялал жуулчлалын цогцолбор барилгын зураг боловсруулах гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байсан ба энэ талаарх баримтуудыг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан баримтаар нотлогдож байгаа болно.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 416 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаж, шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Хэрэг үүсгэсэн шүүгч дараах ажиллагаа явуулна: 56.1.3. хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, ... шаардлагатай бусад ажиллагаа явуулах” гэж заасныг хамтатган тайлбарлавал, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх үүрэгтэй.
4. “С о х” ХХК-аас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/667 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан.
4.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “... газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай шийдвэр гаргахдаа албан ёсоор мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулаагүйгээс захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоох зарчмыг хэрэгжүүлээгүй, техникийн нөхцөл авах, шугам ба дэд өртөөний ажлын зураг хийлгэх, ажлын зураг төсөл боловсруулах гэрээ байгуулж, газрын төлөв байдал, чанарыг хянан баталгааны дүгнэлт гаргуулах зэргээр 2019-2023 онд 342,288,480 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн; КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлаас үүдээд 2022 онд ажлаа дуусгаж чадаагүй; газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөхийг шаардах үндэслэлгүй ба зарим иргэд орц, гарц хааснаас манай компани үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан, газрын төлбөрийн нэхэмжлэхийг дүүргийн Татварын хэлтсээс код үүсгэж, ирүүлж байгаагүй” гэх зэргээр тайлбарласан.
4.2. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... нийслэлийн Засаг даргын захирамж, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны албан даалгаврын дагуу газрын дуудлага худалдааны анхны үнэ 118,800,000 төгрөгийг төлөөгүй зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан, сонсох ажиллагааны мэдэгдлийг хаягаар хүргүүлсэн боловч хаягтаа байдаггүй тухай лавлагаа ирсэн, 2020-2024 оны байдлаар 113,595,648 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй, 2015 онд газар олгосноос 2024 онд цуцлах хүртэл 9 жилийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг ашиглаагүй, ковидын хатуу хөл хорио 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 2 сар хүртэл 3 сарын хугацаанд л үргэлжилсэн, дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь газрын мэдээллийн сангаас хараад, үзлэг хийж газраа ашиглаагүй болохыг баталгаажуулсан, газар эзэмших эрхэд нь бусад этгээд саад учруулж байгаа талаар албан бичгээр хандаж байгаагүй” гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргасан.
5. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, маргааны үйл баримтын талаар “... нэхэмжлэгч нь 2020 он хүртэл гэрээнд заасан аялал жуулчлалын зориулалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд газрыг ашиглаж байсан нь бичгийн нотлох баримт, шүүхийн үзлэгээр тогтоогдсон, 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл КОВИД-19 цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдалтай байсан нь нийтэд илэрхий, харин түүнээс хойш маргаан бүхий акт гарах хүртэл тухайн газарт аялал жуулчлалын бааз байгуулахтай холбоотой бүтээн байгуулалт хийгээгүй, 2020 оноос хойш газрын төлбөр төлөөгүй ба газрын төлбөрийн болон орц, гарц хаасан асуудлаар захиргааны байгууллагад хандаж өргөдөл хүсэлт гаргаж байгаагүй, анх эвдрэлд орсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн талаар байгаль орчны газрын дүгнэлт байхгүй, нэхэмжлэгч энэ талаар баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн гэж үзэхгүй, сонсох ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй ч энэ нь нэхэмжлэлийг шууд хангах үндэслэл болохгүй” гэх зэргээр зөрчилтэй дүгнэлт хийснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
6. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн эзэмшүүлж болно”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” /2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө мөрдөж байсан зохицуулалт/, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.5. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж,
Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус зааснаас үзэхэд, газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо маргаан бүхий актад үндэслэл болгосон зөрчил тус бүр тогтоогдсон эсэхийг захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалган тогтоосон байх, ингэхдээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд сонсох ажиллагаа явуулж, шийдвэр гаргах ажиллагааны оролцоог хангасан байхыг шаардана.
7. Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг хэрэгт цуглуулсан хэмжээнд авагдсан бичгийн нотлох баримттай харьцуулан үзэхэд;
7.1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/377 дугаар захирамжаар, хүний үйл ажиллагааны улмаас элэгдэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээж хүсэлт гаргасан гэх үндэслэлээр “С о х” ХХК-д тус дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаанд нэгж талбарын 1801205047 дугаартай 29976 кв.м газрыг мод үржүүлгийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн.
7.2. Дараа нь дүүргийн Засаг даргын 2020 оны А/166 дугаар захирамж гарч, нэхэмжлэгчийн хүсэлтээр газрын зориулалтыг аялал жуулчлал гэж, газрын хэмжээг 29952 кв.м болгож, байршлын хувьд нэгж талбарын 180120.... дугаартай болгон тус тус өөрчилж, эзэмших эрхийн хугацааг сунган, гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан. Энэ үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй. /хэргийн I хавтасны 6-7, 12-13, 57-58, 77-82, 91, 94-97/
7.3. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь тус газарт 2019-2023 онд цахилгаан хангамжийн 10кВ-ын ЦДАШ 10/0.4кВ-ын 250кВА чадалтай дэд өртөөг барьж ашиглалтад оруулсан, газрын нүүрэн хэсэгт 3-4 давхар бүхий блокон хашааг өөрийн хөрөнгөөр барьсан, цахилгааны техникийн нөхцөл авсан, Барилга байгууламжийн зураг төслийн Магадлалын нэгтгэсэн дүгнэлт гаргуулсан, Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт гаргуулсан, нэр бүхий хуулийн этгээдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгын зураг төсөл хийлгэсэн зэргээр газрыг өөрчлөн олгосон зориулалтын дагуу эзэмшиж ашиглахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан.
7.4. Түүнчлэн 2023-2024 онд “М г э” ХХК-тай гэрээ байгуулж, байгаль орчны төлөв байдлын үнэлгээний ажлын тайланг гаргуулсан ба Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 01/1922 дугаар албан бичгээр, уг газарт байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлтийг Нийслэлийн байгаль орчны газарт уламжилж байсан үйл баримт тогтоогдоно. /Хэргийн II хавтасны 76 дугаар талд/
7.5. Маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/667 дугаар захирамжаар, газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.
8. Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотой буюу маргаан бүхий актад үндэслэл болгосон хуулийн зохицуулалтыг энэ хэсгийн 7.1-7.5-д заасан маргааны үйл баримттай харьцуулан үзэхэд, “С о х” ХХК анх газар эзэмших хүсэлтээ ямар үндэслэлээр гаргасан, ингэхдээ элэгдэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн нь бодитой буюу энэ тухай байгаль орчны дүгнэлт гаргуулсан эсэх, хариуцагчаас газрын төлбөрийн 113,595,648 төгрөгийн үлдэгдэлтэй гэх боловч 2022-2024 онд улирал бүр ногдол үүсгэж, газрын төлбөрийн нэхэмжлэхийг хүргүүлсэн буюу нэхэмжлэгч нь түүнийг хүлээн авч байсан эсэх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон “газрын төлбөр төлөөгүй, гэрээнд заасан зориулалтын дагуу хоёроос доошгүй жил ашиглаагүй” гэх үндэслэлийг захиргааны байгууллага ямар журмаар, хэрхэн шалгаж тогтоосон, гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэвэл энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тогтоохтой холбоотой ямар ажиллагаа явуулж, баримт бүрдүүлсэн зэрэгт эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. Тухайлбал:
8.1. Маргаан бүхий актад “... анх газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчсөн” гэж тодорхойлсонтой холбогдуулан анхан шатны шүүхээс “С о х” ХХК-ийн газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүсээгүй гэж дүгнэхдээ, анх газар эзэмших хүсэлт гаргахдаа энэ тухай байгаль орчны дүгнэлт гаргуулсан эсэх үйл баримтыг тодорхойлох нотлох баримтыг цуглуулаагүй, зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаар албан бичгээр гаргасан газар эзэмших тухай хүсэлтийн хуулбарыг газрын хувийн хэргээс гаргуулж авсан нь учир дутагдалтай болжээ. /Хэргийн II хавтасны 43 дахь талд/
“Хуульд зааснаас илүү хэмжээний газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгох байсан учраас анхны үнийг нөхөн төлөх ёстой” гэж хариуцагчаас маргаж байгаа нөхцөлд уг шийдвэрийн үндэслэлийг тодорхойлох нотлох баримтыг бүрэн цуглуулах нь зүйтэй.
8.2. Мөн анхан шатны шүүхээс “... 2020 хүртэл газраа зориулалтын дагуу ашиглахтай холбоотой идэвхитэй үйл ажиллагаа явуулсан, 2022 он хүртэл цар тахлын нөлөөгөөр үйл ажиллагаа явуулаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, “М г э” ХХК-тай 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”, түүний дагуу үйлдсэн Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, тийнхүү үнэлээгүй шалтгаанаа үндэслэл бүхий тайлбарлаагүй байна.
Учир нь нэхэмжлэгчээс “архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулахын өмнө энэ дүгнэлтийг гаргуулах шаардлагатай ба “М г э” ХХК-иар гүйцэтгүүлж, үнэлгээ хийлгэхээр захиргааны байгууллагад хандсан” гэж тайлбарлах бөгөөд энэ хэсгийн 7.4-т зааснаар дүүргийн Засаг дарга дээрх дүгнэлтийг үндэслэн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх хүсэлтийг холбогдох төрийн байгууллагад хүргүүлсэн. Энэ тохиолд Нийслэлийн байгаль орчны газраас байгаль орчны үнэлгээ хийж дүгнэлт гаргасан эсэх, хэрэв үгүй бол энэ үйл ажиллагаанд нэхэмжлэгч хуулийн этгээдээс хамаарах шалтгаан нөхцөл байсан эсэхийг хариуцагчаас шийдвэр гаргахдаа хэрхэн тогтоосон болохыг анхан шатны шүүхээс тодруулах шаардлагатай байжээ.
8.3. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас “С о х” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохын өмнө Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4.1.5, 40.1.6-д заасан үндэслэлийг хэрхэн шалгаж тогтоосон талаарх нотлох баримтыг бүрэн цуглуулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.
Тодруулбал маргаан бүхий актыг гаргах хүртэл 2 жилийн хугацаанд газраа ашиглаагүй гэж дүгнэж байгаа бол энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг шалган тогтоох ажиллагааг хэрхэн явуулсан эсэхийг тодруулах шаардлагатай. Энэ хэсгийн 8.2-т заасны дагуу захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн үйл ажиллагааг дэмжиж, газраа зориулалтынх нь дагуу ашиглах боломж олгосон нь тогтоогдвол маргаан бүхий актад дурдсан үндэслэл үгүйсгэгдэнэ.
8.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... газрын мэдээллийн сангаас хараад, үзлэг хийж газраа ашиглаагүй болохыг баталгаажуулсан” гэж тайлбарлах боловч “Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын Хоёрдугаар алба” гэх гарчигтай фото болон сансрын зургийг нотлох баримтаар судлах боломжгүйн дээр энэ нь нэхэмжлэгчид хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тогтоох нотлох баримт болохгүй. /Хэргийн I хавтасны 70 дахь талд/
Түүнчлэн “С о х” ХХК-иас 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01/18 дугаар албан бичгээр орц, гарц хаасан асуудлаар хандсан гэх үйл баримттай холбогдуулан уг албан бичгийг дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын алба хүлээн авсан эсэхийг баримтаар тогтоох шаардлагатай. /Хэргийн I хавтасны 180, II хавтасны 125 дахь талд/
8.5. Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс “2022-2024 оны газрын төлбөрөөр татварын удирдлагын системд ногдол үүсгэж, нэхэмжлэхийн татвар төлөгчид хүргүүлсэн” гэх лавлагааг ирүүлэх боловч нэхэмжлэгчээс “код үүсгэж, нэхэмжлэх ирүүлж байгаагүй, манайх нэхэмжлэх хүлээн авч байгаагүй” гэж тайлбарлаж буй энэ тохиолдолд 2022-2024 онд хамаарах газрын төлбөрийн нэхэмжлэхийг улирал бүр татварын удирдлагын нэгдсэн системд ногдол үүсгэхдээ, газар эзэмшигчид хэрхэн хүргүүлж байсан, “С о х” ХХК нь нэхэмжлэхийг хүлээн авсан эсэх үйл баримтыг холбогдох системд үзлэг хийх зэргээр нотолгооны хэрэгслээр эргэлзээгүй тогтоох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн хувьд 2022 оны 2 дугаар улирлаас 2024 оны 4 дүгээр улирал хүртэл хугацаанд “улирал бүрийн 5,820,516 төгрөг”-ийн ногдол үүсгэсэн бол зөвхөн 2022 оны 1 дүгээр улиралд 49,569,972 төгрөгийн газрын төлбөрийн ногдол үүссэн нь илэрхий зөрүүтэй учир өмнөх оны төлбөрийн үлдэгдэл үүнд хамаарч байгаа эсэх шалтгааныг тодруулах нь ч маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой.
9. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой баримтуудыг бүрэн цуглуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан, давж заалдах шатны шүүхээс энэ зөрчлийг арилгах буюу нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулж, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл, хариуцагчийн шийдвэр гаргах ажиллагаа хуульд нийцсэн эсэх, тэдгээрийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0416 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ