Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 1040

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00360 дугаар шийдвэртэй, Б.Цийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Н” ХХК-д холбогдох, гэрээнээс татгалзсантай холбоотой төлөх төлбөр болон хохиролд нийт 160 276 843 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзориг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Тайван,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагчтай гэрээнээс татгалзах тухай хэлцэл гэх 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17/06 тоот гэрээг байгуулж, орон сууцны барилгын ажил захиалгаар гүйцэтгэх тухай 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр А/57 тоот гэрээний дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 138 000 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний дотор буцаан авахаар тохирсон. Гэтэл хариуцагч эргүүлэн төлөөгүй тул дараах төлбөрүүдийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Үүнд: дээрх гэрээний 2.2-т зааснаар урьдчилгаанд төлсөн 138 000 000 төгрөгийг гаргуулах, 2.3 дахь хэсэгт зааснаар алдангийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээ хоног тутамд 138 000 төгрөгийг нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 95 хоногт тооцож 13 110 000 төгрөг, 2.5 дахь хэсэг болон Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар учирсан хохиролд “Андерсон энд Андерсон” ХХН-өөс хууль зүйн үйлчилгээ үзүүлсэн зардалд төлсөн 450 ам.доллар буюу 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ханш 2437,41 төгрөгөөр тооцож 1 096 834 төгрөг, өмгөөллийн “И Эл Си” ХХН-д хуульчийн ажлын хөлс 5 000 000 төгрөг, олох байсан орлогыг арилжааны банкны хугацаагүй хадгаламжийн жилийн хүү 7,2 хувиар 95 хоногт тооцон 2 470 000 төгрөг, нийт 160 276 843 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” ХХК нь Б.Цийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас талууд тохиролцон гэрээнээс татгалзсан төлбөр болон 49 хоногийн алдангийн төлбөрт 144 762 000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөх нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь хугацаагүй хадгаламжийн хүүгийн хэмжээгээр орлого зайлшгүй олох байсан нь тогтоогдохгүй, өмгөөлөгч авах эсэх нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг түүний төлөөлөгч Д.Батзориг нэмэгдүүлэх эрхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205.1, 227.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “Н” ХХК-иас 153 732 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Цт олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 544 843 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 959 334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-иас 926 610 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний алдангитай холбоотой хэсгийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул гомдолтой. “Н” ХХК нь Б.Цтэй 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 17/06 тоот гэрээнээс татгалзах тухай хэлцэл байгуулсан. Уг хэлцлийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 138 000 000 төгрөг төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээний 2.3-т зааснаар хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч алдангийн хэмжээг 50 хоногоор тооцож, 6 900 000 төгрөг нэхэмжилсэн боловч хариуцагч тайлбар өгсний дараа буюу 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг энэ өдөр хүртэл 95 хоногоор тооцож 6 210 000 төгрөг нэмж 13 100 000 төгрөг болгож, олох ёстой байсан орлого 2 470 000 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн алдангийн төлбөрт 13 110 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгийн заалт нь анзын төрөл болон алданги тооцох, алдангийн нийт хэмжээг тогтоосон зохицуулалт болохоос биш алдангийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлэх байдлаар тогтоосон хэм хэмжээ биш юм.

Нэхэмжлэгчийн зүгээс 17/06 тоот хэлцэлд зааснаар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр алдангийг 50 хоногоор тооцож 6 900 000 төгрөгийг алдангийн төлбөр гаргуулахаар нэхэмжилснээр алданги зогсох байтал шүүх хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж 6 210 000 төгрөгийг гаргуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр дээрх хэлцэлд алдангийн хэмжээг тохиролцсон. Олох ёстой байсан орлого гэх 2 622 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үүрэг гүйцэтгүүлэгч алдангиар дамжуулан өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлж байгаа бөгөөд банкны хугацаагүй хадгаламжийн хүүг тооцохдоо Голомт банкны албан ёсны баримтыг үндэслэн шийдвэрлээгүй, бусад банкны хүүгийн дундаж тооцооллыг харгалзан үзэлгүйгээр зөвхөн Голомт банкны танилцуулгыг үндэслэн шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 8 832 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч шийдвэрлэнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зөв шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийг хууль зүйн техникийн хувьд буруу бичсэн байдлыг давж заалдах шатны шүүх залруулж, өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулж гэрээнээс татгалзсан болон түүнээс үүсэх үүрэг, учирсан хохиролд нийт 160 276 843 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын 144 762 000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчид 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх А1/57 тоот гэрээ байгуулсан боловч хариуцагч “Н” ХХК нь захиалсан орон сууцыг 2017 оны эхний улиралд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэх боломжгүй болсонтой холбоотойгоор дээрх гэрээг цуцалж, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 17/06 дугаар “Гэрээнээс татгалзах тухай хэлцэл”-ийг хийсэн байна. /хх9-16/ Уг хэлцлээр захиалагч Б.Цийн төлсөн 138 000 000 төгрөгийг хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний дотор буцаан шилжүүлэх, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээгээр хоног тутамд 0.1 хувийн алданги тооцохоор талууд харилцан тохиролцжээ. /хх 9-16/

 

Анхан шатны шүүх хариуцагч “Н” ХХК нь гэрээнд заасан 138 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн нэрлэсэн дансанд шилжүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас дээрх мөнгөн хөрөнгийг, алданги болон олох байсан орлогыг хохиролд тооцож шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иймд дээрх хэлцэлд зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 95 хоногийн хугацаанд алданги тооцож, зайлшгүй олох байсан орлогыг Голомт банкнаас зарласан хугацаагүй хадгаламжийн жилийн хүү 7.2 хувь, хоногт 0.02 хувь гэж үзэж, нийт 95 хоногт 2 622 000 төгрөгийг хариуцагч тал үүргээ зөрчсөнөөс олох байсан орлогод хамааруулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Түүнчлэн шүүх хохирлыг тооцохдоо нэхэмжлэгч тухайн банкны харилцагч байсан тул Голомт банкны хадгаламжийн хүүгийн талаарх нийтэд илэрхий баримтыг үндэслэсэн, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар дээрх байдлыг үгүйсгэж няцаасан баримтыг ирүүлээгүй байна. /хх63-68/

 

Харин уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч тал өмгөөлөгчтэй оролцож, эрх зүйн туслалцаа авах нь түүний хуулиар олгогдсон эрх бөгөөд үүнийг зайлшгүй гарах зардалд тооцож хохирол учирсан гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт холбогдох 6 096 834 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

Хариуцагч тал нь нэхэмжлэл гаргаснаар зогсох буюу 50 хоногт тооцох алдангийг 95 хоногт тооцсон, ийнхүү алданги тохирсоор байтал банкны хугацаагүй хадгаламжийн хүүгээр олох байсан ашгийг хохиролд тооцож гаргуулсан шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэлгүй байна. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн зүйл заалтыг бичихдээ алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00360 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн” гэсний дараа “205 дугаар зүйлийн” гэж, “205.1,” гэсний дараа “227 дугаар зүйлийн” гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 156 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

            ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА