Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2020/00802

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүгч Т.Болормаа, шүүгч Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,******* дугаар хороо, *******,*******,******* тоотод оршин суух, Д******* овогтой С******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******,*******,******* тоотод оршин суух, Б овогтой Ш /РД: /

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ,, өөрийн байранд байрлах Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ /РД:/ нарт холбогдох,

6,326,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.С*******, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, хариуцагч Б.Ш, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, иргэдийн төлөөлөгч Д.Сарантуяа, нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.С******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие*******018.07.31-ний орой*******1:00 цагийн үед ажлаасаа тараад Эм Си Эс буудлаас Туул тосгоны 1-084 автобусанд суусан. 5 толгой орчимд осолд орсон. Тухайн үед бороо шивэрч ороод харанхуй, замын гэрэлтүүлэггүй байсан. Автобус дүүрэн хүнтэй явж байгаад Био комбинат өнгөрөөгөөд ихэнх хүмүүс нь бууж, 10 хүрэхгүй хүнтэй үлдсэн. Автобус хурд багатай явж байснаа хүмүүс буусны дараа огцом хурдаа авч хурд сааруулагчийг харалгүй харайлгахад хойд талын дугуйн орчим урагшаа харж суусан дээш өндөрт харайж буухдаа сандал дээрээ ойж гулсаж нуруугаа гэмтээсэн. Осолд орохын өмнө утсаар нөхөртэйгөө ярьж байгаад утсаа салгаагүй байна лээ. Би ээжээ гэж чанга орилж уйлж байхад жолооч ирээд зүгээр л байна шүү дээ гэсэн, нөхөр маань автобусанд орж ирээд чи эрүүл явж байсан хүнийг гэмтээчихлээ гэсэн. Жолооч уурлаад манай нөхөртэй барилцахад хүмүүс цагдаа, түргэн дуудаач гэж хэлж байлаа. Гэнэт жолооч манай нөхрийг таньж, та Ганболд ах байна, та намайг таньж байна уу? Би Жошийн дүү байна гэж хэлсэн. Манай нөхөр цагдаа түргэн дуудсан. Хойд талын суудал дээр суусан хүүхэн толгойгоо бариад толгой өвдөөд хавдсан байна гэсэн. Жолооч Ш Туул тосгоны эцэст хүнээ буулгаад намайг эмнэлэгт хүргэж үзүүлэхэд эмч даралт үзээд эм өгөөд яаралтай гэмтлийн эмнэлэг яв гэсэн. Замын цагдаагийн машин замд зөрөхөд над уруу цагдаа олон дахин утастсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд нуруугаа хугалсан байна, маргааш томографийн зураг хараад хагалгаанд орно гэсэн. Гэмтлийн эмнэлэгт 3 хоноод гарахад жолоочоос эмчилгээний мөнгө 50,000 төгрөг авсан. Ахыг нь таньдаг болохоор анхнаасаа цагдаад хандаагүй, миний эмчилгээний төлбөрийг өгнө гэсэн атлаа өгөөгүй. Дүүргийн эмнэлэг, Сонгдо, Баянзүрх дүүргийн эмнэлгүүдэд хэвтэж эмчлүүлсэн. 3 сар 15 хоног хэвтрийн дэглэм сахиж байхад эмчилгээний мөнгө жолооч өгөөгүй. Иймээс цагдаад хүсэлт гаргаж /2019.09.12/ хандсан боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж жолооч Шийн 181002016 дугаартай хэргийг хаасан. Шүүх эмнэлгээс миний нурууг хугарсан, хүндэвтэр гэмтэл байна гэж тогтоогдсон. Жолооч надаас томограф хийлгэсэн НӨАТ-ын баримт, эмчилгээний НӨАТ-ын баримтуудыг аваад эргүүлж өгөөгүй. Би прокурор, цагдаад хүсэлт гаргасан боловч энэ баримтуудыг олж өгөөгүй. Миний нуруу хугархай хэвэндээ өвддөг, цаашид мэс заслын заалттай байгаа. Эмч намайг ажлаасаа гар, эсвэл хөнгөн ажил хий гэж зөвлөсөн. Нөхөр маань ажилгүй байж байгаад*******019.08 сард тэтгэврийн доод хэмжээ 310,000 төгрөгөөр тэтгэвэр тогтоогдсон. Би ганцаараа ажил хийдэг, их сургууль болон хувийн дунд сургуулийн******* хүүхдийн төлбөр төлдөг. Одоогоор дунд сургуулийн хүүхдийн төлбөрөө төлж чадахгүй амьдрал хүнд байгааг харгалзан үзнэ үү. Иймд хариуцагч Б.Ш, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас надад учруулсан эмчилгээний зардал 1,120,000 төгрөг, цалингийн зөрүү 5,198,000 төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсан 8,000 төгрөг, нийт 6,326,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авсан учраас 5,023,000 төгрөгөөр багасгаж, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүд 175,000 төгрөг, эмчилгээний зардалд 1,120,000 төгрөг, баримт бичиг хуулбарлаж авсан зардалд 8,000 төгрөг, нийт 1,303,000 төгрөгийг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас гаргуулж өгнө үү. ХУД-ийн Цагдаад шалгуулж байхад Б.Ш миний эмчилгээний төлбөрт төлсөн 450,000 төгрөгийн баримтыг даатгалд өгч мөнгө авч өгнө гэж аваад одоог хүртэл надад буцааж өгөөгүй. Б.Шийн ахыг таньдаг учраас осол болох өдөр цагдаад өгөөгүй, гэтэл одоо миний эмчилгээний зардлыг өгөхгүй гэж байгаад би үнэхээр гомдолтой байна. Би*******018.11.15-ны өдрөөс ажилдаа орсон, тухайн сард илүү цагаар болон урамшууллаас хамаарч цалин өөр өөр байдаг ...гэв.

Хариуцагч Б.Ш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т жолоочоор ажиллаж байхдаа*******018 оны 7 сарын 31-ний орой Туул тосгоны чиглэлд явж байсан, 5 толгой орчмын замын хурд сааруулагч дээгүүр гарахад хүн орилсон, автобусаа зогсоогоод очиж үзэхэд Д.С******* нуруу өвдөөд байна гэсэн, Туул тосгоны эмчид үзүүлэхэд гэмтэлд үзүүл гэсэн. Тэгээд би хувийн машинаараа гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Нөхөр, охин, ах дүү нар нь хамт үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт******* хоног хэвтээд гарсан, эхнэрээ явуулж төлбөрийг төлүүлэхэд Д.С******* зун гэмтэл авсан, сэдэрчих боллоо гэж хэлсэн байсан. Нөхөр нь хажуугаас нь дуугүй бай гээд яриулаагүй гэж манай эхнэр надад хэлсэн. ХУД-ийн цагдаад шалгуулж байхдаа 450,000 төгрөг өгье гэхэд 3 сая төгрөг нэхсэн учраас би мөнгө төлөөгүй. Тухайн үед 450,000 төгрөгийн эмчилгээ хийсэн баримт байсан, уг баримтыг би даатгалд мөнгө авахаар өгсөн боловч мөнгө өгөх боломжгүй гэсэн, тэгээд тэр баримтуудыг би аваагүй. 450,000 төгрөгөөс 50,000 төгрөгийг гэмтлийн эмнэлгээс гарахад нь өгсөн. 400,000 төгрөгийг өгөх боломжтой. Бусад зардлыг хүлээн зөвшөөрөхгүй .... гэв.

Хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ -ын 1 дүгээр баазын тээвэрлэлт үйлчилгээний албаны 3 дугаар хэсгийн жолооч Б.Ш нь 1-84 гарааш дугаартай автобусны жолоочоор ажиллаж байгаад ажлаасаа гарсан.*******018 оны 7 сарын 31-ний өдөр Д.С******* автобусанд явж байгаад гэмтэл авсан талаар байгууллагын шуурхай хурал дээр яригдаж байгаагүй. Зам тээврийн осолтой холбоотой асуудлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн******* дугаар хэлтэс шалган хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр зөрчлийн хэргийг хааж шийдвэрлэсэн байдаг. Зөрчлийн хэрэг шалгах явцад ослын улмаас учирсан бодит хохирлыг цагдаагийн байгууллага 450,000 төгрөгөөр тогтоосон байдаг. Гэмтэл авсан, эмчилгээ хийлгэсэн талаарх амбулаторийн карт, мрай зураг байхгүй, нэхэмжлэгч өөрөө баримтаа бүрдүүлж өгөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.С******* хариуцагч Б.Шт холбогдуулан гэм хорын хохиролд эмчилгээний зардал 1,120,000 төгрөг, цалингийн зөрүү 5,198,000 төгрөг, бичиг баримт хуулбарлаж авахад гарсан зардал 8,000 төгрөг, нийт 6,326,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ыг татаж, дээрх шаардлагаа нэхэмжилсэн.

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 5,023,000 төгрөгөөр багасгаж, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүд 175,000 төгрөг, эмчилгээний зардалд 1,120,000 төгрөг, баримт бичиг хуулбарлаж авсан зардалд 8,000 төгрөг, нийт 1,303,000 төгрөгийг хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч нар урьд гэмтэл авсан, хохирлын баримт шаардлага хангахгүй, осол гарсныг болон Б.Шийн гэм буруутайг тогтоогоогүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2018 оны 7 дугаар сарын 31-ний орой*******1 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Туул тосгоны замд хариуцагч Б.Ш Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т жолоочоор ажиллан, 1-084 дугаартай автобусыг жолоодож явахдаа замын хурд сааруулагч дээгүүр хурдтай гарснаас нэхэмжлэгч Д.С******* суудал дээрээс ойж унасан, жолооч Б.Ш Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт Д.С*******ийг өөрийн авто машинаар хүргэж үзүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

Б.Шийн дээрх үйлдлийн улмаас Д.С*******ийн биед бүсэлхий нурууны 1-р нугалмын шахагдсан хугарал бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №10621 дугаартай шинжээчийн дүгнэлтээр болон нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдож байх байна. /хх-29/

Жолооч Б.Ш цагдаад битгий шалгуул, би хохирлыг төлнө, манай ахын найзууд гэснээс шалтгаалж Д.С******* цагдаагийн байгууллагаар шалгуулаагүй, цагдаад өргөдөл гарган шалгуулсан боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан болох нь зохигчийн тайлбар, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын*******019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 5/611 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна./хх-26/

Хариуцагч Б.Шийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан үйлдлийн улмаас осол гарсан тул Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Д.С*******ийн эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байх ба. өмгөөлөгч Х.Даваахүүгийн осол гарсныг болон Б.Шийн гэм буруутайг тогтоогоогүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, Б.Шийн жолоодож явсан автобусанд осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан эмчилгээний зардал төлсөнтэй холбоотой баримтуудаас үзэхэд Д.С**************018.10.01-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд бүсэлхий нурууны зураг авахуулахад 160,000 төгрөг төлсөн нь ослын улмаас Д.С*******ийн биед учирсан гэмтэлтэй хамааралтай байх тул шүүх эрүүл мэндэд учруулсан хохиролд 160,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. /хх-ийн 11/

Д.С******* Дулааны цахилгаан станц ТӨХК-д ээлжийн засварчин ажилтай,*******,200,000-2,400,000 төгрөгийн дундаж цалинтай,*******018 оны 8 сарын 01-ний өдрөөс*******018 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэл 6,007,556.77 төгрөгийн цалин авах байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дулааны цахилгаан станц ТӨХК-ийн тодорхойлолт, цалингийн тооцоо зэргээр тогтоогдож байна. /хх-30-31, 79-81, 94/

Д.С*******ийн биед учирсан хүндэвтэр гэмтлийн улмаас тэрээр*******018.08.01-ний өдрөөс*******018.11.15-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар түр алдаж, өвчтэй байснаас нийгмийн даатгалын сангаас 5,582,310 төгрөгийн тэтгэмж, ажил олгогчоос*******49,954 төгрөг, нийт 5,832,264 төгрөгийг авч, цалингийн зөрүүд 175,000 төгрөгөөр хохирсон болох нь Дулааны цахилгаан станц ТӨХК-ийн тодорхойлолт, цалингийн тооцоо, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байх тул цалингийн зөрүү 175,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна. /хх-30-31, 82-85, 94-95,/

Д.С******* Хан-Уул дүүргийн Прокурорын газрын архиваас өөрт учирсан хохиролтой холбоотой баримтыг хуулбарлуулан авахдаа 8,000 төгрөг төлсөн болох нь Хан-Уул дүүргийн прокурорын газрын архивын мөнгөний тасалбараар тогтоогдож байх тул 8,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй./хх-5/

2018 оны 9 дүгээр сарын үед Д.С*******ийн эмчилгээний зардалд төлсөн 450,000 төгрөгөөс хариуцагч Б.Ш 50,000 төгрөгийг төлж, үлдэх 400,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байсан, улмаар Б.Ш даатгалын байгууллагаас нөхөн төлбөр авахаар уг 450,000 төгрөгийн баримтыг аваад, буцааж өгөөгүй нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

Д.С******* эмчилгээтэй холбоотой 450,000 төгрөгийн баримтаа хэрэгт өгөөгүй нь Б.Шээс шалтгаалсан, Б.Ш шүүх хуралдаанд 400,000 төгрөгийг төлөх боломжтой гэсэн тайлбарыг гаргасан зэргээс 450,000 төгрөгөөс, төлсөн 50,000 төгрөгийг хасаж, үлдэх 400,000 төгрөгийг хариуцагч Б.Шээс гаргуулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн эмчилгээний зардалд шаардсан 1,120,000 төгрөгөөс үлдэх 510,000 төгрөгийн эмийн болон эмнэлэгт хэвтэх талаарх эмчийн заавар хэрэгт авагдаагүй гэх үндэслэлээр зайлшгүй гарсан зардал гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагч Б.Ш ...Д.С**************018 оны зун нуруундаа гэмтэл авсан, хуучин гэмтэл байх магадлалтай... гэх тайлбараа баримтаар нотлоогүй ба түүний уг тайлбар 10621 дугаартай шинжээчийн дүгнэлтээр няцаагдаж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрөө нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй нэхэмжлэгчийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх 150 орчим хоногийн хугацаанд нотлох баримтаа бүрдүүлж өгөх, энэ талаар өмгөөлөгчөөсөө зөвлөгөө авах хангалттай хугацаа өнгөрсөн байгааг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.Шээс 400,000 төгрөгийг, хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 343,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.С*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 560,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Шээс 400,000 төгрөгийг, хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 343,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.С*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 560,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 116,166 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Шээс 12,650 төгрөгийг, хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас 10,940 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.С*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ Т.БОЛОРМАА

 

ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ