Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/947

 

 

 

 

 

 

 

 

   2023             08           10                                          2023/ШЦТ/947

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Г.Янжиндулам /томилолт/,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 220803920360 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны 8 дугаар сарын 04, 10-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** овогт ***гийн *** (регистрийн дугаар ***), 19*** оны 3 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн *** хороо *** байрны *** тоотод ганцаараа түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Яллагдагч *** нь үргэлжилсэн үйлдлээр “2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр *** гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “ангилал дарна үнэмлэх гаргана найдвартай баталгаатай чатаар ороод ирээрэй” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч ***тэй чатаар харилцан Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орхон худалдааны төв орчим уулзаж “А болон мэргэшсэн жолоочийн ангилал даруулж өгнө” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Хаан банкны *** дугаарын дансанд 850.000 төгрөг шилжүүлэн авч залилсан”, “2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоотод байхад нь хохирогч ***д “жолооны эрх сэргээж өгнө” гэж итгүүлэн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож 1.600.000 төгрөгийн хохирол учруулж залилсан” гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** “Би тухайн үед амьдралын бололцоогүй, байрнаасаа хөөгдөөд, машинаа банк бусад өгчихсөн байсан. Хүнийг залилна гэсэн бодол байгаагүй, буцаагаад өгнө гэсэн бодолтой худлаа хэлж мөнгө авсан” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

-  Улсын яллагчаас “2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 487 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан хохирогч ***,  *** нарын мэдүүлэг, Хаан банкны дансны хуулга, албан бичиг, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт/хавтаст хэргийн 13-16, 123-124, 8, 11-12, 39-41, 43, 49, 52, 98  дугаар хуудас/”,

- Шүүгдэгчээс “байхгүй” гэв.

1.3 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр “***” гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Ангилал дарна үнэмлэх гаргана найдвартай баталгаатай чатаар ороод ирээрэй” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч ***тэй чатаар харилцан Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орхон худалдааны төв орчим уулзаж “А болон мэргэшсэн жолоочийн ангилал даруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Хаан банкны *** дугаарын дансанд 850.000 төгрөг шилжүүлэн авч залилсан, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, *** тоотод байхдаа хохирогч ***д “жолооны эрх сэргээж өгнө” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож 1.600.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ***ий өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр фейсбүүк дээр “***” гэх хаягаас “Ангилал дарна, үнэмлэх гаргана, найдвартай баталгаатай, чатаар ороод ирээрэй” гэсэн зар байсан. “***” гэx хаягаас зурвас бичээд холбоо барьсан. Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орхон худалдааны төвийн баруун талд уулзсан. А ангилал болон мэргэшсэн жолоочийн ангилал даруулахаар ярилцаж “850.000 төгрөг болно” гэхээр нь *** дугаарын данснаас *** дугаарын дансанд 850.000 төгрөг шилжүүлсэн. “14-21 хоногийн дараа гэхэд үнэмлэх гарна” гээд хэлсэн. 2022 оны 08 сарын сүүлд “Чамайг өгөхгүй бол цагдаагийн байгууллагад хандана” гэж хэлсэн чинь “Одоо зөндөө удчихлаа, та өгөхгүй юу даа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 123-125, 129-130 дугаар хуудас),

- Хохирогч ***ын “...2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, жолоодох эрхээ хасуулсан. 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр фейсбүүк зараас “жолоодох эрх сэргээнэ” гэсний дагуу *** дугаарын утас руу залгахад “1.600.000 төгрөгөөр жолоодох эрх сэргээж байгаа, та урьдчилгаа 800.000 төгрөг болон иргэний үнэмлэхийнхээ зурагтай хамт явуул” гэж хэлээд *** тоот дансыг надад өгсөн. Өөрийнхөө *** тоот данснаас тухайн данс руу 800.000 төгрөг хийсэн. 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “Үлдсэн 800.000 төгрөгөө явуулчих” гэж хэлэхээр нь шилжүүлсэн. Одоог хүртэл өгөөгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-16 дугаар хуудас),

- Хохирогч ***, *** нарын эзэмшлийн “Хаан банк”-ны дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 36-37, 116 дугаар хуудас),

- Хаан банкны 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 29/6949 дугаартай “*** тоот дансыг *** регистрийн дугаартай ***гийн *** эзэмшдэг...” гэх албан бичиг, хавсралт(хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинж нь “бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, цахим хэрэгсэл ашиглах, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл” байдаг.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, төөрөгдөлд оруулж хохирогч ***д 1.600.000 төгрөг, хохирогч ***д 850.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулж буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг шинжийг хангажээ.

Тиймээс шүүгдэгч ***г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрүүгийн хэргүүдийг нэгтгэсэн байх тул шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *** нь “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй” болохыг дурдаж, тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” хүсэлт гаргасан болохыг тэмдэглэв.

1.4 Хохирол, хор уршиг.

Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутай этгээдээс гаргуулан олгож шийдвэрлэх учиртай бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч ***гээс нийт 2.450.000 төгрөгийг гаргуулан хохирогч ***д 1.600.000 төгрөг, хохирогч ***д 850.000 төгрөгийг олгож шийдвэрлэсэн.

Шүүгдэгчээс “хохирол төлөх завсарлага авах хүсэлт” гаргасныг Шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 00 минут хүртэл завсарлуулсан бөгөөд энэ хугацаанд шүүгдэгч *** хохирлыг төлж барагдуулсан тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Прокуророос шүүх хуралдаанд оролцуулахаар тусгайлан гаргасан саналгүй байсан бөгөөд Шүүхээс хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй болно.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 01 жилийн хорих ял оногдуулах, хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх”, Шүүгдэгчээс “...хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус танилцуулав.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байх учиртай.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52 дугаар хуудас)-аар *** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шунахайн сэдэлтээр бусдыг хуурч, зохиомол байдал бий болгон төөрөгдүүлэн үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч нарт бага хэмжээний хохирол учруулсан), шүүгдэгчийн хувийн байдал(эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй хүлээн зөвшөөрч оролцсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, 25 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлыг шүүхийн шатанд төлж барагдуулсан) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж хуульчилсны дагуу шүүгдэгч ***гийн цагдан хоригдсон 06 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах нь зүйтэй юм.

Шүүгдэгчийн дүгнэлтийг Шүүх хүлээн авах боломжгүй буюу дээр дурдсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц хорих ял оногдуулсан болно.

Эрүүгийн 2208031920360 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ***гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***гийн ***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***гийн цагдан хоригдсон зургаан хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

5. Эрүүгийн 2208031920360 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдсугай. 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***гийн эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ***д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.БЯМБААБААТАР