| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2023/0936/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/948 |
| Огноо | 2023-08-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/948
2023 08 10 2023/ШЦТ/948
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс,
улсын яллагч Г.Лхагвасүрэн,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 2308000001109 дугаар хэргийг 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** овогт ***гийн *** (регистрийн дугаар ***), 19** оны 5 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, зохион байгуулагч мэргэжилтэй, “***” дэлгүүрт кассчин ажилтай, ам бүл-3, нөхөр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар): Яллагдагч *** нь согтуурсан үедээ 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөр шилжих шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” баарны гадна үл ялих шалтгааны улмаас хохирогч ***тай маргалдаж, хоорондоо үснээсээ зулгаалцан ноцолдож байхдаа хохирогч ***ын нүүр рүү хөлөөрөө өшиглөж, түүний биед “зүүн шанаанд зулгаралт, зүүн хацар, нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, зүүн сарвуунд цус хуралт” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.
1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** “мэдүүлэг өгөхгүй” гэв.
1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Улсын яллагчаас “2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 837 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хохирогч ***, гэрч *** нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 6767 дугаартай дүгнэлт, яллагдагчийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 1-2, 4-7, 11-13, 22-24, 26-27, 31-32 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт /хавтаст хэргийн 44, 49-52, 54 дүгээр хуудас/”,
- Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэв.
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” баарны гадна хохирогч ***тай маргалдан, улмаар эрүүл мэндэд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***ын “...2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн үед ажлын эгч ***ы хамт гэрийн хажуугийн пабад орж, хоёр шил пиво уусан. Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рич” бааранд ганцаараа орохоор явж байтал үл таних хоёр залуу маргалдаад байсан. Би “чи яагаад хүн дээрэлхээд байгаа юм бэ” гэж хэлэхэд “чамд хамаагүй янхан минь” гэхээр нь тэр залууг “чи муу шалдан банди” гэж хэлчхээд баар руу орсон. Гэтэл баарны гадна сууж байсан эмэгтэй ирээд тэр залууг өмөөрч, үснээс зулгаагаад доош дарж миний шанаа хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас),
- Гэрч ***ын “...Баарны гадна тамхи татаж байтал үл таних залуу ирээд “70.000 төгрөгт хүүхэн байна уу” гэхээр нь “юу яриад байгаа юм бэ” гэж хэлсэн. Хажуугаас гэнэт нэг эмэгтэй бид хоёрыг буруу ойлгоод “чи юу яриад байгаа юм бэ, шалдан банди” гэж хэлэхээр нь “чамд ямар хамаатай юм бэ” гэсэн. Манай найз *** тухайн эмэгтэйд “чи ямар мөнгөтэй янхан бэ” гэж хэлээд үснээс татаад нэг нэгнээ үсдэж эхэлсэн. *** тухайн эмэгтэйн зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас),
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 4-7 дугаар хуудас)
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 6767 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр ***ын биед зүүн шанаанд зулгаралт, зүүн хацар, нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч *** нь хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хор уршигт зориуд хүргэн, хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт /№6767/, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч ***ийг тус зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *** нь “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй”-г дурдаж, тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан болохыг тэмдэглэв.
1.4 Хохирол, хор уршиг
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр эмчилгээ эрүүл мэндтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, шүүхээс хуралдааныг товыг мэдэгдэхэд “...оролцохгүй, нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй” гэх тайлбарыг өгсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Прокуророос шүүх хуралдаанд оролцуулах талаар тусгайлан гаргасан саналгүй байсан болохыг тэмдэглэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэсэн дүгнэлт танилцуулсныг шүүгдэгчээс “...хүлээн зөвшөөрч маргаагүй” болно.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас)-аар *** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, хүний биед халдаж зодсон), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон, цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, ажил хөдөлмөр эрхэлж тодорхой орлого олдог) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт үнэлэлт хийж торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн 2308000001109 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ***гийн ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.
4. Эрүүгийн 2308000001109 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч ***т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР