| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2019/05176/И |
| Дугаар | 101/ШШ2020/00785 |
| Огноо | 2020-03-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2020/00785
| 2020 оны 03 сарын 04 өдөр | Дугаар 101/ШШ2020/00785 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Ундраа, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.М-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: СӨХ,
Хариуцагч: “Т Х” ХХК холбогдох
Гэм хорын хохиролд 313,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.М, хариуцагч нарын төлөөлөгч Б.У, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Л.М би Баянзүрх дүүргийн *дугаар хороо * дүгээр байрны *давхрын 7 тоот зогсоолд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр худалдаж аваад өөрийн Volkwagen Touаreg маркийн 00-00УНГ улсын дугаартай машинаа тавьсан. Түүнээс хойш огт хөдөлгөөгүй. 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 03-ны хооронд би нөхөр хүүхэдтэйгээ Хятад улсруу явсан. Энэ байхгүй байх 7 хоногт миний машиныг шүргэсэн байсан. 11 дүгээр сарын 04-ний орой машиндаа юм хийх гэж очоод машинаа шүргэснийг мэдсэн. Тэгээд камерын бичлэг шүүлгэх гэсэн боловч камерийн хардны адаптар шатсан гээд бичлэг хийгээгүй байсан. Би сар бүр СӨХ-д харуул хамгаалалтад 40,840 төгрөг төлдөг. Иймд хариуцагч СӨХ, ******* харуул хамгаалалтын албанаас машинд учирсан хохирол болох 285,500 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 25,000 төгрөг, бичиг баримт нотариатаар гэрчлүүлсэн төлбөр 3,000 төгрөг нийт 313,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч СӨХ-ийн гүйцэтгэх захирал Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тухайн болсон үйл явдал буюу машин гэмтсэн асуудал гарааашид болсон эсэхийг бид мэдэхгүй байгаа. Хэрэв үнэхээр шүргэж гэмтээсэн бол тухайн шүргэсэн этгээдээр энэхүү хохирлоо төлүүлэх ёстой. СӨХ нь гараашийн төлбөр хураахдаа зөвхөн гэрэл, цахилгаан, цэвэрлэгээ үйлчилгээний хөлсөнд 5,000 төгрөг хураадаг. Эдгээр үндэслэл байгаа тул хохирсон гэх Л.М нь хариуцагчаа зөв тодорхойлон буруутай этгээдээр хохирлоо барагдуулах нь зөв гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч “Т Х” ХХК-ийн захирал Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэгч нэхэмжлэлдээ миний бие 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд нөхөр хүүхэдтэйгээ БНХАУлсруу явсан. Энэ байхгүй байх 7 хоногт миний машиныг шүргэсэн байсан. 11 дүгээр сарын 04-ний орой машиндаа юм хийх гэж очоод машинаа шүргүүлснийг мэдсэн гэжээ.
Манай гэрээт харуул хамгаалалтын “Т Х” ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс СӨХ-той 19-Г-01 тоот Харуул хамгаалалтын гэрээ байгуулан уг гэрээний дагуу хамгаалалтын үйлчилгээ үзүүлж байгаа билээ. Манай компани нь тухайн объектын бүрэн бүтэн байдал, гал гарах, Ус алдах болон гаднын согтуу хүн орцод хонох, гаднын машин хашаанд нэвтрэхээс сэргийлэх болон гэрээт харуул хамгаалалтын хуулийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэдэг. Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль болон гэрээгээр тухайн үйлчлүүлэгч хамгаалах эд хөрөнгө, объектын бүрэн бүтэн байдал, лац, ломбыг харуул хамгаалалт хариуцаж байгаа хуулийн этгээдэд хүлээлгэн өгч тухайн эд хөрөнгө, объектын бүрэн бүтэн байдал лац ломбыг шалгаж авснаар хамгаалах үүрэг үүсдэг.
Нэхэмжлэгч Л.М нь СӨХ болон харуул хамгаалалтын компанид тухайн авто машины бүрэн бүтэн байдлыг хүлээлгэж өгөөгүй, тухайн эд хөрөнгө тухайн СӨХ-ийн объектод зурагдсан эсэх нь эргэлзээтэй, нотлох баримт байхгүй тул манай компани тухайн хариуцлагыг хүлээх үндэслэлгүй байна.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.2-т холбооны дүрэмд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах гэж заасан. Үүний дагуу СӨХ нь “*******” харуул хамгаалалтын албатай гэрээ байгуулж хамтран ажилласан байдаг. СӨХ-ны “*******” харуул хамгаалалтын албатай байгуулсан гэрээний 5.1-т харуул хамгаалалтын ажилтны үүрэгт тухайн объект лац ломбыг шалгаж, хүлээлгэж авч, хүлээлгэж өгөх, лац ломбыг хүлээлгэж өгөх юм бол объектын бүрэн бүтэн байдал алдагдсан болон лац, ломбо хөдөлсөн байвал үйлчлүүлэгч болон тухайн байгууллагын удирдлагад мэдэгдэнэ. Гэтэл нэхэмжлэгч тухайн машиныг хүлээлгэж өгсөн зүйл байдаггүй. СӨХ нь оршин суугчдын тав тухтай, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэх үүрэгтэй. Үүний дагуу гэрэл, цахилгаан, дулаан, цэвэрлэгээг хариуцан ажиллана. Иргэний хуулийн 148 дугаар 148.2.1-т заасны дагуу 148.2.1-т орон сууцны өмчлөгч нь дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх гэж заасан байна. Тус хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.6 дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг бусад этгээдийн ашиглалтад шилжүүлсэн тохиолдолд тухайн этгээдээс энэ хуулийн 148.2.1-148.2.3-т заасан үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үүргийг хамтран хариуцах; 148 дугаар зүйлийн 148.2.1-т дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх гэж тус тус заасан байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэнэ гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна Мөн нэхэмжлэгч нь машиныг хүлээлгэж өгөөгүй тул иргэний хэрэг үүсгэх нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.М хариуцагч СӨХ, “Т Х” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 285,000 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 25,000 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг нийт 315,000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч нар тухайн авто машиныг хүлээлгэж өгөөгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.
Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн Volkwagen Touаreg маркийн 00-00УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 49 дүгээр байрны В2 давхрын 7 тоот зогсоолд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зогсоожээ.
Л.М “би гэр бүлийн хамт 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 03-ны хооронд БНХАУлсруу явсан хойгуур зогсоолд орхисон авто машины зүүн талын урд куперийг шүргэсэн байсныг 11 дүгээр сарын 04-ний орой мэдсэн.СӨХ-ийн даргад хэлж камер шүүх гэсэн боловч камерийн хард нь шатсан бичлэг хийгдээгүй байсан.” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байна.
СӨХ-ны гүйцэтгэх захирал Ж.*******, “Т Х” ХХК-ийн захирал Б.******* нар 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр №19-Г-01 дугаартай “Харуул хамгаалалтын гэрээ”-г байгуулж, хотхоныг гаднын халдлагаас хамгаалах, гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоож хамгаалуулахаар харилцан тохиролцжээ./хх-ийн 45-51 дүгээр тал/
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнд дараах эд хөрөнгө хамаарна.” 15.1.1.-д ”орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцын цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” гэж,
Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д “харуул хамгаалалт гэж харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага гэрээний үндсэн дээр үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, объектыг хамгаалах үйл ажиллагааг”, 3.1.3.”үйлчлүүлэгч гэж гэрээний үндсэн дээр харуул хамгаалалт хийлгэж байгаа хуулийн этгээд, хувь хүнийг”, 15 дугаар зүйлийн 15.1.1-д “хамгаалах эд хөрөнгө, объектын бүрэн бүтэн байдал, лац ломбыг шалгаж хүлээн авах, хүлээлгэж өгөх, хэрэв эд хөрөнгө, объектын бүрэн бүтэн байдал алдагдсан, лац ломбо хөдөлсөн байвал энэ тухай үйлчлүүлэгчид нэн даруй мэдэгдэх”, 15.1.2.-т ”хамгаалж байгаа эд хөрөнгө, объектыг байнга шалгаж, хяналт тавьж ажиллах”, 15.1.3.-д ”хамгаалж байгаа объектод эд хөрөнгө болон бусад зүйлийг оруулж гаргахыг үйлчлүүлэгчийн зөвшөөрлөөр гүйцэтгүүлж энэ тухай тэмдэглэл хөтлөн тухайн хүнээр гарын үсэг зуруулж баталгаажуулах” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч нь би СӨХ-д сар бүр 40,000-50,000 төгрөгийн төлбөр төлдөгөөс 10,000 төгрөгийг харуул хамгаалалтад гэж төлдөг гэж маргах боловч хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Л.М нь СӨХ-д засвар үйлчилгээ-5000 төгрөг, ариутгал 2,000 төгрөг, грааж халаалт-10,000, цэвэрлэгээ-10,000 төгрөг, даатгал 5,000 төгрөг, жижүүр 6,000 төгрөг, баримт-200, урьдчилан төлсөн -12640 төгрөг нийт 35,840 төгрөгөөс 40,840 төгрөг төлдөг нь нотлогдож байна. Дээрх баримтаас үзэхэд нэхэмжлэгч харуул хамгаалалтад 40,000-50,000 төгрөг төлдөг гэх нэхэмжлэгчийн тайлбар няцаагдсан болно./хх-ийн 3-11 дүгээр тал/
Нэхэмжлэгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт “хамгаалалтын албаны ажилтан зүс мэдэх ахад машинаа гараашид тавьсан, гадагшаа явлаа. зүгээр биз дээ гэж асуухад зүгээр, зүгээр гэж хариулсан” гэж маргах хэдий ч Volkwagen Touareg маркийн 11-61 УНГ улсын дугаартай машиныг харуул хамгаалалтын алба, албан хаагч болон СӨХ-д хүлээлгэн өгсөн нь баримтаар тогтоогдоогүй, тухайн цаг үед хохирол учирсан гэх нотлогдохгүй байх тул хариуцагч нар түүнд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Мгийн нэхэмжлэлтэй хариуцагч СӨХ болон “Т Х” ХХК-д холбогдох 313,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.УНДРАА
Б.ЦОЛМОНГЭРЭЛ