Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2020/00131

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, *******, ******* байр, 20 тоот хаягт оршин суух Герман улсын иргэн Сайнжаргалын Дэлгэрсайхан /РД:*******/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, *******, 28 дугаар байр, 40 тоот хаягт байрлах С******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, ******* тоот хаягт байрлах С******* ХХК, /РД:*******/ нарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авахад шаардлагатай бичиг баримт гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Дэлгэрсайхан, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагч С******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг, хариуцагч С******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа, нарийн бичгийн дарга Г.Биндэръяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Дэлгэрсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Захиалагч С******* ХХК гүйцэтгэгч С******* ХХК хоёрын хооронд хийгдсэн 2015 оны 06-р сарын 05-ны өдрийн 15/059 тоот захиалга хөрөнгө оруулалтын гэрээний дагуу захиалагч С******* ХХК нь гүйцэтгэгч С******* ХХК-нд Хан-уул дүүргийн 11-р хороо *******ы 4 дүгээр байр 226 тоот 4 өрөө орон сууцны төлбөрийг 100 хувь бартераар төлж уг орон сууцаа иргэн С.Дэлгэрсайхан надад 2016.09.09-ны өдөр захиалга хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээгээр эрхээ шилжүүлж гэрээний дагуу би 160.000.000 төгрөгийг С******* ХХК-д төлж дээрх орон сууцыг худалдан авч өмчлөгч нь болсон юм. Энэ үед гүйцэтгэгч С******* компани, захиалагч Саyби компани хоёр хоорондоо ямар ч төлбөрийн тооцоогүй гэж С******* компани нь байранд орохыг зөвшөөрч надад орон сууцыг 2017 оны 01-р сарын 12-ны өдөр хүлээлгэн өгч С*******" ХХК надтай 17/0 тоот орон сууцны ашиглалт түүнтэй холбоотой төлбөр тооцооны гэрээг байгуулсан юм. Би уг гэрээний дагуу одоог хүртэл С******* ХХК-нд өөрийн орон сууцныхаа ашиглалтын төлбөр тооцоонуудыг cap бүр төлөөд явж байна. Би 100 хувь мөнгийг нь төлж худалдаж авсан орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг С******* ХХК-иас удаа дараа шаардсан боловч гаргаж өгнө, 9-р сард гаргаж өгнө, одоо яг 11-р сард гаргаж өгнө гэж хуурч явсаар байгаад 2 жил гаран боллоо. Би энэ байрныхаа өмчлөгч болохыг нотолсон өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж авч чадахгүй хохирч байна. Энэ компанийг бид ямар ч өр төлбөргүй гэж бодож байгаа. Өмчлөх эрхийн бичиг баримтыг минь гаргаад өгөөч гэхээр удахгүй гаргаад өгнө гэсээр байгаад өнөөдрийг хүрсэн. одоо болохоор С******* ХХК-ийн захирал Сайнбаяр гэж хүнийг бидэн дээр аваад ир, тэгээд бичиг баримтаа гаргуулж ав гэх болсон. Бид тэр хүнийг хаанаас олох юм бэ өөрсдөө олоод асуудлаа шийдэцгээх ёстой байх.

Иймд миний худалдан авсан Хан-Уул дүүргийн 11-р xopoо, *******ы ******* сайрны 1-р орц 20 тоот 4 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулан авахтай холбоотой бичиг баримтыг С******* ХХК-иас гаргуулж өгнө үү... гэв.

Хариуцагч С******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхрийцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч маань хариуцагчаа буруу сонгосон гэж үзэж байна. Хуулийг мэдэхгүй дээ сөрөг нэхэмжлэл гаргаагүй зүйл байхгүй, сөрөг нэхэмжлэлээ 07 дугаар сарын 01-ний өдөр бичсэн байсан. Гэвч хөгшин, настай хүн орж ирээд хүүхдийнхээ байрны талаар явахад нь ойлгоод, энэ хугацаанд С******* ХХК-ийг гэрээ хэлэлцээрээр яриад, тооцоо нийлж, ямар нэгэн арга хэмжээ авах болов уу гэж бодоод өнгөрсөн. С******* ХХК болон С******* ХХК нарын хооронд Хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэн. Үүний дагуу анхны бартераар 471,071,320 төгрөгийн цемент, бетон зуурмаг нийлүүлэхээр *******той гэрээ байгуулагдсан. Тэгээд бараа материалаа бүрэн гүйцэд шилжүүлж өгөөгүй учраас м.кв нь 1,700,000 төгрөг байж байгаад 1,800,000 төгрөг болгоё гэсэн хүсэлт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Ингээд нийтдээ 227,861,000 төгрөгийн бараа материалыг нийлүүлсэн. Энэ бол бизнес хийдэг хүмүүсийн дунд байдаг л харилцаа. Гэхдээ энэ нь хуульд нийцсэн байх ёстой. Гэтэл Хөрөнгө оруулалтын гэрээгээр авсан байраа манай компанид мэдэгдэхгүйгээр С******* ХХК бусдад худалдаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. С******* ХХК манай компаниас нийт 265,230,000 төгрөгийн 2 байр аваад хүмүүст өгөөд мөнгийг нь 100 хувь авсан. Ингээд энэ хоёрын зөрүүнээс манай компанид 40,000,000 төгрөгийн хохирол учирсан. Тэгэхээр эхлээд С******* ХХК болон С******* ХХК нарын асуудал шийдвэрлэгдсэний дараа гуравдагч этгээдийн асуудал хөндөгдөх ёстой. Өмнөх хурал дээр би арга ядаж өөрөө хамтран хариуцагчаар С******* ХХК-ийг татах хүсэлт гаргасан. Манайх С.Дэлгэрсайханы өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Нэхэмжлэлдээ миний худалдан авсан Хан-Уул дүүргийн 11-р хорооны *******ы 32в байрны 1-р орцны 20 тоот 4 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авахтай холбоотой бичиг баримт гээд байгаа бөгөөд ямар бичиг баримт гаргуулах гэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хамтран хариуцагч болон нэхэмжлэгч нар 1 ашиг сонирхолтой байгааг харлаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хамтран хариуцагчид үг зааж өгч байхыг сонслоо. Манай компанийн зүгээс С.Дэлгэрсайханы өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин С******* ХХК гэрээнийхээ үүргээ биелүүлж, авсан 2 байрныхаа төлбөрийг бүрэн дүүрэн, одоо 2 байрны яг аль нь дууссан эсэх, магадгүй нөгөө хүн нь гэрчилгээгээ манай компаниас гэрчилгээгээ гаргуулж авсныг үгүйсгэхгүй. Манай компани хариу тайлбартаа манай компани 227,861,000 төгрөг авсанд маргадаггүй. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ямар хуулийн заалтаар юу гаргуулах гэж байгаагаа тодорхой болгох ёстой. Гэтэл сая ярихдаа энэ 2 компанийг акт нийлүүлмээр байна гэж ярьж байна. Гэрээнд бусдад дамжуулж болно гэх заалт байхгүй байхад С******* ХХК байрыг бусдад шилжүүлж үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Тодорхой бус нэхэмжлэлийн шаардлага гаргачхаад шүүхээр шийдвэрлүүлэх гэж байгаа нь зүй ёсны бус. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Хариуцагч С******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Манай компани нь 2015 оны 6-р сарын 20-ны өдрийн 15-002 тоот гэрээгээр бартер хийсэн ба уг гэрээгээр 4-р байр 1-р орц М загварын 4 өрөө 90 м.кв 1-р байрны G загварын 2 өрөө 52,3 м.кв байруудыг м.кв нь 1,700,000 төгрөгөөр тохиролцон бартерийн гэрээ хийсэн юм. Гэрээний дагуу 2015 оны 6,7,8-р саруудад нийт 735 тонн цемент 8,9,10-р саруудад 777 м.кв зуурмаг буюу нийт 227,861,000 төгрөгийн барааг цаг хугацаанд нийлүүлсэн байна. Уг байр нь гэрээгээр 2016 оны 1-р улиралд ашиглалтад орох байсан боловч 2017 оны 4-р улиралд байраа ашиглалтад хүлээн авсан юм. Тухайн үед тооцоо нийлж С.Дэлгэрсайханы байран дээр ямар ч тооцоо байхгүй нь үнэн гэсэн албан бичгийг С******* компани гаргаж өгсөн ба өнөөдрийг хүртэл байрны ордерийг нь гаргаж өгөөгүй байна. Манай компанийн зүгээс С******* компани болон С.Дэлгэрсайхан нартай өр төлбөрийн асуудал байхгүй болно. С******* ХХК 2017 онд байрыг 100 хувь ашиглалтад оруулж өгнө гэсэн боловч хугацаа нь сунжирсаар 2018 онд байрыг ашиглах хүнгүй байсан учраас надад хүлээлгэж өгсөн. Би анх нэхэмжлэгч С.Дэлгэрсайхан гэх хүнийг танихгүй, байр зарна гэх санал тавиагүй байхад борлуулалтын албаны дарга миний авсан байрыг С.Дэлгэрсайхан сонирхож байна гэсэн. Тэгээд энэ бартер хийсэн байр гээд С.Дэлгэрсайхан надтай холбогдож байрыг авахаар болсон. Тэр үед н.Галбат ахтай өөрийн биеэр аваачиж С.Дэлгэрсайханыг уулзуулсан. Тэгээд энэ байранд ямар нэгэн төлбөр тооцоо байна уу гэхэд байхгүй зарж болно гээд н.Галбат надад компанийн ажилд анхаарахгүй байгаа н.Лхагвадорж гэх хүнтэй очиж уулз, тэр хүн бүх ажлыг хариуцаж байгаа гэсэн. Би анх н.Лхагвадорж гэх хүнтэй гэрээ байгуулаагүй. С******* ХХК-ийн н.Галбат гэх хүнтэй гэрээ байгуулсан. С.Дэлгэрсайханы авсан 90.04 м.кв байр нь 153,068,000 төгрөг болж байгаа. Тэгээд н.Лхагвадорж нь бид 2-ыг нотариатаар оруулаад, гарын үсэг зуруулаад 227,861,000 төгрөгийн НӨАТ-аа бичээд өгчих гээд би НӨАТ зэрэг бүх юмыг нь бичиж өгсөн. Тэгээд тэр 52.3 м.кв 89,400,000 төгрөгийн 2 өрөө байранд миний нөхрийн төрсөн дүү одоог хүртэл амьдарч байгаа. Тэгээд 52.3 м.кв 2 өрөө байр болон С.Дэлгэрсайханы байрын гэрчилгээг одоог хүртэл гаргаж өгөөгүй. С******* ХХК дээр 14,000,000 төгрөг дутуу байсан. 14,000,000 төгрөгийн үлдэгдэл бараа бүтээгдэхүүнийг 2018 онд 40 тонн цемент нийлүүлээд өгчихсөн байгаа. 2-рт гэрээндээ анх харилцан НӨАТ-тай гэж тусгасан. Би 227,861,000 төгрөгт нь НӨАТ бичээд өгсөн байхад С******* ХХК надад одоог хүртэл 241,978,000 төгрөгийнхөө НӨАТ-ыг бичиж өгөөгүй. Үүний зөрүү гэхэд 224,000,000 төгрөг, миний өгсөн 40 тонн цемент 10,000,000 гаруй төгрөг. Би С******* ХХК-д илүү бараа нийлүүлээд өгчихсөн байгаа. Би анх н.Галбаттай м.кв-ын үнийг 1,700,000 төгрөгөөр гэрээ байгуулсан байтал сүүлд н.Лхагвадорж гэх хүн 1,800,000 төгрөг болгож гэрээг өөрчилсөн. Тэр н.Лхагвадорж ямар учиртай мөнгө нэхэж байгааг ойлгохгүй байна. Би 3 байр авах байтал 2 байр авсан. Тэр онд С******* ХХК-ийн сууриа тавьж эхэлж байхад нь хөрөнгө оруулалт хийсэн гэж хэлсэн. С******* ХХК надтай ямар нэгэн өр, авлага байвал 52.3 м.кв манай дүүгийн байран дээр тэр тооцоогоо үлдээж болно. С.Дэлгэрсайханы байран дээр бол ямар ч тооцоо байхгүй гэж хэн хэн нь хүлээн зөвшөөрч харилцан албан бичиг үйлдчихээд байхад өнөөдрийг хүртэл Герман улсаас ирүүлж, чирэгдэл учруулчхаад ямар шалтгаанаар байрных нь гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа юм. 2-рт манай дүүгийн байрны гэрчилгээг мөн хэзээ гаргаж өгөх юм. Тэгэхээр би тусдаа С******* ХХК-д өргөдөл гомдол бичиж, шүүхэд хандах нь зөв гэж бодож байна ... гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, бусад бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Дэлгэрсайхан хариуцагч С******* ХХК-д холбогдуулан орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авахтай холбоотой бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар С******* ХХК-г татсан ба дээрх нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж байна.

Хариуцагч С******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манай компани С.Дэлгэрсайхантай гэрээ байгуулаагүй, С******* ХХК-иас манай компанид 40 сая төгрөг төлөх ёстой гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хариуцагч С******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манай компани гэрчилгээ гаргуулан авахтай холбоотой бичиг баримтыг гаргаж өгөх эрх бүхий этгээд биш гэх үндэслэл зааж С******* ХХК гаргаж өгөх үүрэгтэй гэж тайлбарлаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

С******* ХХК болон С******* ХХК-ийн хооронд 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Гэйст хаусын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байх ба ажил гүйцэтгэгч Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Зайсангийн аманд байрлах *******д байрлах гэйст хаусыг барьж хүлээлгэн өгөх, захиалагч төлбөрийг төлөхөөр тохиролцжээ.

Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

С******* ХХК дээр дурдсан гэрээний үнэд 113,925,000 төгрөгийн үнэ бүхий 735 тонн цемент, 113,936,000 төгрөгийн үнэ бүхий 778 метр куб зуурмаг нийлүүлж, нийт 227,861,000 төгрөгийг төлж, гэрээний үүргээ биелүүлсэн болох нь зохигчийн тайлбар, С******* ХХК-д С******* ХХК-ийн нийлүүлсэн цементийн тооцоо, С******* ХХК-д С******* ХХК-ийн нийлүүлсэн зуурмагийн тооцоо гэх баримтуудаар тогтоогдож байх ба С******* ХХК болон С******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэ талаар маргахгүй байна.

Нэхэмжлэгч С.Дэлгэрсайхан Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Зайсангийн аманд байрлах *******д байр худалдан авахаар С******* ХХК-ийн борлуулалтын албанд хандахад С******* ХХК-ийн захиалсан байрыг санал болгосны улмаас С******* ХХК иргэн С.Дэлгэрсайханд өөрийн захиалсан Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Зайсангийн аманд байрлах *******ы ******* байрны 20 тоот орон сууцыг захиалан бариулж, хүлээн авах эрхээ шилжүүлэх, С.Дэлгэрсайхан С******* ХХК-д 160,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон болох нь нэхэмжлэгч С.Дэлгэрсайхан, С******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа нарын тайлбар, 2016 оны 09 сарын 09-ний өдрийн гэйст хаусын захиалга хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээ зэргээр тогтоогдож байна.

С******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Зайсангийн аманд байрлах *******ы ******* байрны 20 тоот орон сууцыг С.Дэлгэрсайханы нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад, С.Дэлгэрсайханаас 80,000,000 төгрөг бэлнээр, С.Дэлгэрсайханы Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол Нарны зам гудамж 61-р байрны тоот 2 өрөө орон сууцыг 80,000,000 төгрөгт тооцож, төрсөн хүү С.Билгүүндалайн нэр дээр авсан, нийт 160,000,000 төгрөг авсан талаар маргахгүй байна.

С******* ХХК иргэн С.Дэлгэрсайханд өөрийн захиалсан Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Зайсангийн аманд байрлах *******ы ******* байрны 20 тоот орон сууцыг захиалан бариулж, хүлээн авах эрхээ шилжүүлэхийг С******* ХХК хүлээн зөвшөөрч, улмаар маргаан бүхий орон сууцыг С.Дэлгэрсайханд 2017 оны 1 дүгээр сард хүлээлгэн өгсөн, С.Дэлгэрсайхан тус орон сууцандаа одоог хүртэл амьдарч, эзэмшиж байгаа, гэрчилгээг нь гаргаж өгөхийг С******* ХХК-ийн захирал Б.Галбат, менежер М.Нямтулга нар хүлээн зөвшөөрч байсан болох нь болох нь нэхэмжлэгч С.Дэлгэрсайхан, С******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа нарын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Дээр дурдсанаас дүгнэвэл С******* ХХКнь С******* ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох гүйцэтгэсэн ажлын үр дүнг шаардах эрхээ С.Дэлгэрсайханд шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй ба энэ нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж заасанд нийцэж байна.

Хариуцагч С******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... гэрээг С.Дэлгэрсайханд шилжүүлэх эрхгүй, 3 хувийн шимтгэл тооцож төлөх ёстой... гэх тайлбар нь С******* ХХК болон С******* ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний 4.9-д ...С******* ХХК-с гэрээ шилжүүлэхэд алданги төлөхгүй. Мөн С******* ХХК-тай байгуулсан гэрээ бүрийн үнэ тогтвортой, давхарын сонголтоос хамаарч үнэд өөрчлөлт орохгүй гэсэн заалтаар няцаагдаж байх ба Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар талууд гэрээгээр хязгаарлаагүй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343 дугаар зүйлийн 343.4-т төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ гэж заажээ.

Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Гэрээнд 4-р байрны 226 тоот орон сууцыг хүлээлгэж өгөхөөр заасан боловч уг байр нь ******* байрны 20 тоот хаягтай, С.Дэлгэрсайхан 2017 оны 1 дүгээр сард уг байрандаа нүүн орж одоог хүртэл амьдарч байгаа нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

Хариуцагч С******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... С.Дэлгэрсайхантай гэрээ байгуулаагүй, С******* ХХК 40 сая төгрөгийг манайд төлбөл бичиг баримтыг гаргаж өгч болно... гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, С******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... С******* ХХК манай компаниас авлагатай бол тусдаа нэхэмжлэл гаргах нь зүйтэй, С.Дэлгэрсайханы байрны тооцоонд хамааруулахыг зөвшөөрөхгүй... гэх тайлбараар болон хэрэгт авагдсан бусад баримтаар С******* ХХК-ийн С******* ХХК-иас авах авлагыг С.Дэлгэрсайханд хариуцуулах үндэслэл тогтоогдсонгүй.

С******* ХХК орон сууцны үнийг бүрэн төлсөн, С******* ХХКнь С******* ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох гүйцэтгэсэн ажлын үр дүнг шаардах эрхээ С******* ХХК-ийн зөвшөөрснөөр С.Дэлгэрсайханд шилжүүлсэн нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой басад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ, гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т гүйцэтгэгч нь захиалагч төлбөрөө бүрэн төлсөн баримтыг үндэслэн, гэйст хаусыг хүлээлцсэн акт үйлдэн, түлхүүрийг өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардлагатай гүйцэтгэгчийн зүгээс бүрдүүлбэл зохих бичиг баримтын хамт захиалагчид хүлээлгэн өгнө гэж тус тус зааснаар хариуцагч С******* ХХК орон сууц өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардлагатай баримтуудыг С.Дэлгэрсайханд гаргаж өгөх, С.Дэлгэрсайхан шаардах эрхтэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчээс гэрчилгээ гаргуулан авахад шаардлагатай бичиг баримт гэж ямар ямар баримт болохыг тодруулахад С******* ХХК болон С.Дэлгэрсайхан нарын хооронд байгуулсан гэрээ, өргүй гэсэн баримт гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч би ийм байдлаар олон хэрэг шийдвэрлүүлсэн, үүнийг шүүх ойлгоод шийдчихсэн гэж хариулсан.

Дээр дурдасанаас үндэслэн, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо *******ы ******* байрны 1 дүгээр орц 20 тоот 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авахтай холбоотой бичиг баримтыг хариуцагч С******* ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч С.Дэлгэрсайханд олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч С******* ХХК уг орон сууцны гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гарган өгөх үүргийг С.Дэлгэрсайханы өмнө хүлээгээгүй тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

С******* ХХК болонС******* ХХК нар хоорондоо байгуулсан гэрээний үүргээ хэн алинаасаа жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэйг дурдав.

С******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хүсэлтийн шатанд эвлэрэхгүй гэсэн атлаа шүүмжлэлийн шатанд эвлэрэх хугацаа олгох хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэх үндэслэлгүй тул хэлэлцээгүйг дурдав.

Тус хурал 2020 оны 01 сарын 06-ны өдрийн 10 цагт эхлэхээр байсан боловч С******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг Улсын Дээд шүүхэд хурал давхцсан үндэслэлээр хүсэлт ирүүлснийг талуудад шүүгчийн туслах хуралдаан эхлэхээс өмнө танилцуулахад, нэхэмжлэгч С.Дэлгэрсайхан, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагч С******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа нар С******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хурлыг нь дуусаад ирэхээр шүүх хурлаа эхлүүлэхийг хүссэн, энэ хүсэлтийг нь Э.Энхрийцэцэг мөн хүлээн зөвшөөрч, хурлаа дуусгаад шүүхэд ирсэн учир шүүх зохигч талуудын хүсэлтийг харгалзан, товлосон цагаасаа хоцорч эхэлсэн ч талуудын шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхийг бүрэн хангасан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.6, 343 дугаар зүйлийн 343.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо *******ы ******* байрны 1 дүгээр орц 20 тоот 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авахтай холбоотой бичиг баримтыг хариуцагч С******* ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч С.Дэлгэрсайханд олгосугай.

2. С******* ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С******* ХХК-иас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Дэлгэрсайханд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ