Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/965

 

 

 

 

 

 

 

    2023           08           15                                           2023/ШЦТ/965

    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс,

улсын яллагч П.Эрдэнэбат,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 2308000000896 дугаар хэргийг 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** овогт ***ы *** (регистрийн дугаар ***), 19*** оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, хамтран амьдрагч, аавын хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, *** тоотод түр оршин суух, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 295 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар;

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил, 06 cap хорих ялаар шийтгэж, 2013 оны 12 дугаар сарын 05-ны ялд өөрчлөлт орж суллагдсан;

- Дүүргийн Эрүүгийн Хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 129 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ялаар шийтгэж, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан;

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 224 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил, 01 cap хорих ялаар шийтгэгдэж, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хугацаанаас өмнө суллагдсан.

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар): Яллагдагч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод хамтран амьдрагч ***ын баруун бугалгад хутгалж, мөрөнд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  *** “мэдүүлэг өгөхгүй” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 768 дугаар яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан хохирогч ***, яллагдагч *** нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 5222 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 17-22, 70-77, 29-30 дугаар хуудас/”,

- Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэв.

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо *** тоотод хамтран амьдрагч ***ын баруун бугалгад хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *** “...2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр аав ***ын хамт гэртээ унтаж байсан. Хамтран амьдрагч *** нь өглөөний 07 цагийн үед ирсэн. Жаахан халамцуу байсан. Бид хоёр 08 цагийн үед гэрээсээ гараад ***ийн гэр рүү явсан. ***, *** бид гурав архи хувааж уугаад нэлээд согтсон. *** хоол хийх гээд мах хэрчиж байсан. Би ***ийг “гэртээ ирэхгүй хаагуур яваад байгаа юм” гэж хэлтэл “чи өөрөө эмэгтэйчүүдтэй явдаг биз дээ” гээд над руу уурласан. *** баруун гартаа барьж байсан хутгаар нэг удаа хатгасан. Миний гараас цус гарч, удалгүй цагдаа, эмнэлгийн машинууд ирсэн. Надад санал, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20, 22 дугаар хуудас),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5222 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр ***ын биед баруун бугалгад шарх, мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайлбал үрэлцэх, шүргэлцэх механизмаар үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 2-3 хоногийн өмнө үүссэн гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас)  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч *** нь хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хор уршигт зориуд хүргэн, хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт /№5222/, хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч ***ийг тус зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *** нь “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй”-г дурдаж, тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан болохыг тэмдэглэв. 

1.4 Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***ын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр эмчилгээ эрүүл мэндтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, шүүхээс хуралдааныг товыг мэдэгдэхэд “...оролцохгүй, нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй” гэх тайлбарыг өгсөн тул шүүгдэгч ***ийг энэ тогтоолоор хохирогчид бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч ***ын эмчилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд нийт 65.000 төгрөгийг зарцуулсан (хавтаст хэргийн 33-34 дүгээр тал) баримт авагдсан ба Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрыг иргэний нэхэмжлэгчээр мөрдөгч тогтоож, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяагаас “...гэмт хэргийн улмаас *** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 65.000 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 04-р сарын 27-ний өдрийн 04/1769 дугаартай албан бичгээр гарсан тул дээрх тусламж, үйлчилгээний зардлыг  яллагдагчаас гаргуулан Төрийн сангийн 100900020080 дугаарын дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-39 дүгээр хуудас)-ийг өгсөн байна.

Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутайд этгээдээс гаргуулан олгож шийдвэрлэх учиртай тул дээрх баримтын хүрээнд шүүгдэгч ***өөс 65.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй юм.

Шүүгдэгчээс хохирол төлбөрийг төлөх завсарлага авах эрхээ эдлэхгүй гэсэн хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан, Прокуророос шүүх хуралдаанд оролцуулахаар тусгайлан гаргасан саналгүй байсан болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***өд 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү...” гэсэн дүгнэлт танилцуулсныг шүүгдэгчээс “...хүлээн зөвшөөрч маргаагүй” болно.  

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүхийн шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 40-60 дугаар хуудас) зэргээс үзэхэд шүүгдэгч *** нь урьд дөрвөн удаа эрүүгийн хариуцлага хүлээн дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял оногдуулахаас гадна хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутга хэрэглэн бусдын эрүүл мэндэд халдаж хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэх дүгнэлттэй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй), шүүгдэгчийн хувийн байдал (эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцсон, 48 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***өд 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг түүнд сануулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Улсын яллагчийн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй буюу дээр дурдсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэнээс гадна, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан төдийгүй, шүүгдэгч *** нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаа (хавтаст хэргийн 63, 64 дүгээр тал)-аар тогтоогдсон хаягтаа оршин суудаггүй байх тул зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэлгүй юм.

 

Эрүүгийн 2308000000896 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц утгахыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасан болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ы ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***өд дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***өөс 65.000 (жаран таван мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутга(26 см урттай шар эрээн өнгийн иштэй)-ыг  тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Эрүүгийн 2308000000896 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч ***өд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.БЯМБААБААТАР