| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2019/04394/И |
| Дугаар | 494 |
| Огноо | 2020-02-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 494
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Б.Цолмонгэрэл, Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүүрэг 26 дугаар хороо, *******, *******,******* тоотод оршин суух, В.Агийн /РД: БЮ0000000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, *******,*******,******* тоотод оршин суух, А.Цид /РД: ЧС0000000/ холбогдох,
745,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Цийн 290.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.А,
Хариуцагч А.Ц,
Иргэдийн төлөөлөгч Н.Баянбат,
Гэрч С.А*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 22 цаг 30 минутын орчимд ******* хорооллын 408 дугаар байрны гадна нохой салхилуулах талбайн орчим авга эгч С.А******* тойтерьер үүлдрийн гэрийн жижиг нохойг тэврэн салхилуулаад явж байх үед хошуувчгүй овчарк үүлдрийн том нохой гэнэт гарч ирэн хөтөлж явсан хүүхдийнхээ уяанаас алдууран авга эгч болон жижиг нохой 2-руу дайрч эгчийн зүүн гарын тохойг урж, жижиг нохойг зууж шидэн хэвлийн арьсыг нь яарсан байсан.
Тухайн үед цагдаа дуудахад 10 минутын дотор 2 цагдаа ирж зургийг нь аваад эгчийг маань гэмтлийн эмнэлэгт вакцин хийлгэж оёдол тавиул, маргааш цагдаагийн хэлтэст өргөдлөө өг гэсэн.
Тухайн үед нохойны эзний 18 настай хүү нохойг хөтөлж явсан бөгөөд А.Цийн эхнэр Д.Т*******г ирж эгчийг гэмтлийн эмнэлэг авч яван боолт, вакцин хийлгэсэн. Нохойд оёдол тавиулах гэсэн ч оройн цагаар ажилладаг мал эмнэлэг байхгүй учир “СОС” гэдэг мал эмнэлэгт хандан зөвлөгөө авч боолтыг би өөрөө хийсэн. Би хүний эмч ажилтай.
Маргааш нь 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Д.Т*******гийн хамт 4 дүгээр хороололд байдаг “СОС” мал эмнэлэгт нохойгоо үзүүлж эмчилгээ хийлгэж эхэлсэн.
Нохойны маань шарх хэтэрхий том ярагдаж, хэвлийн арьс нь тэр чигтээ махнаасаа хөндийрч хуулагдсан учир оёдол тавих боломжгүй, нойтон боолт тавьсан. 3 хоног “СОС” эмнэлгээр эмчлүүлсэн ч шархны хүндрэлээ даалгүй нохой маань үхсэн.
Д.Т*******г нохойны маань эмчилгээний 3 хоногийн төлбөрт 140.000 төгрөгийг өгсөн бөгөөд эмчилгээний төлбөрийн үлдэгдэл 50.000 төгрөгийг би төлсөн.
Эгч С.А*******т 5 удаа вакцин хийлгэн өдөр бүр цэвэр боолт хийлгэ гэсэн ч та нарт анхны тусламж үзүүлсэн, болоо юм биш үү гэснээр бид өөрсдөө боолт, вакцинаа хийлгэсэн.
Эгч маань тэтгэвэрт гарсан ба хүүхдүүдэд хань болон бидэнтэй 4 жил хамт амьдарч байна. Нохойд хазуулснаас болоод эгч маань хямарсан.
С.А******* нь *******д байдаг “Э” хувийн эмнэлгээр боолтоо хийлгэн бүртгэлтэй хаягийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвөөр 5 удаа вакцин хийлгэсэн.
Нөхөр бид хоёр хүүхдүүдийнхээ хүсэлтээр хүүхдийн баярын бэлгэнд 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хорооллын амьтны дэлгүүрээс 500.000 төгрөгөөр тойтерьер үүлдрийн, шар өнгөтэй 3 сартай, эр гөлөг худалдан авч өгсөн.
Нохой маань Чези гэдэг нэртэй байсан ба Амар мал эмнэлгийн хяналтанд вакцин хийлгэдэг байсан. Гэр бүлийн гишүүн нохойгоо харамсалтай алдаад хүү, охин 2 маань сэтгэлээр унаж хэцүү байна.
Тухайн үед нохойны эзний эхнэр Д.Т*******г ороо нь орсон том нохойг хошуувчгүй авч явсан тул бидний буруу, нохойны жинхэнэ эзнийг Солонгос улсаас ирэхээр 14 хоногийн дараа хохирлыг чинь бүрэн барагдуулж өгнө гэж байсан.
Сарын дараа ирэхэд нь худалдан авсан 500.000 төгрөгийг л өгчих гэхэд чадахгүй гэсэн. Миний бие Сэлэнгэ аймагт ажилладаг болохоор тэр болгон ирж чадахгүй байсаар 2019 оны 9 дүгээр сард Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргахад шүүхэд нэхэмжлэлээ гарга гэсэн.
Иймд нохойгоо анх худалдан авсан 500.000 төгрөг, “СОС” эмнэлэгт эмчилгээний үлдэгдэл төлбөрт төлсөн 50.000 төгрөг, С.А*******ийн боолт хийлгэхэд өдрийн 5.000 төгрөг, 14 хоногт 70.000 төгрөг, мөн вакцин хийлгэхэд гарсан унааны зардал өдрийн 10.000 төгрөг, 5 удаагийн 50.000 төгрөг, Сэлэнгэ аймгаас ирж очих унааны зардал 12.500 төгрөг, 6 удаагийн 75.000 төгрөг, нийт 745.000 төгрөгийг А.Цоос гаргуулж өгнө үү.
Сэлэнгэ аймгаас ирж очих унааны зардлыг шугамын автобусны үнээр тооцсон. Сэтгэл санааны хохирлыг үнэлэх боломжгүй байна. Гэр бүлийн гишүүн болсон нохойгоо юугаар ч үнэлж баршгүй. 500.000 төгрөг төлж чадахгүй хүмүүсээс сэтгэл санааны хохирол нэхэмжилсэнгүй гэв.
Хариуцагч А.Ц шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
В.Агийн нэхэмжлэлтэй уншиж танилцаад худал хуурмаг мэдээлэл байгаа учир тайлбар хүргүүлж байна.
Би өөрийн хүү Ц.Тд 10 насны төрсөн өдрийн бэлэг болгож 35 хоногтой овчарк үүлдрийн гөлөг 2014 оны 7 дугаар сард авч өгсөн бөгөөд уг нохой маш сайн нийгэмшсэн, ямар ч муу зуршил байхгүй, өмнө нь ямар нэгэн асуудал гомдол чирэгдэл хэзээ ч үүсгэж байгаагүй.
2019 оны 6 дугаар сарын 21-ний 22 цагийн орчимд манай хүү Ц.Т нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрныхаа нохой салхилуулах газарт нохойгоо салхилуулж байхад иргэн В.Агийн тойтерьер үүлдрийн нохой нь манай нохой руу эхэлж дайрч 2 нохой харилцан зодолдсон.
Уг нохой зодооныг салгах үед манай нохой нь В.Агийн эгчийн тохойноос хазсан, шүд орсон, мөн В.Агийн нохойн гэдсэн хэсэгт тус тус хазсан боловч тухайн нохойг үхэлд хүргэх хэмжээний шарх байгаагүй.
Манай нохой баруун хөлөндөө хазуулсан шүдний сорвитой орж ирсэн байсан. Иймд нэхэмжлэгч В.А нь худлаа мэдүүлэг гаргасан гэж үзэж байна.
Манай хүү Ц.Т 2004 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр төрсөн буюу хэрэг гарах үед 14 настай байсан. Иймд насанд хүрээгүй хүүхдийг хариуцлага хүлээх хуулийн насанд хүрсэн мэтээр санаатай худал мэдүүлсэн байна.
Мөн хэрэг явдал гарсан тэр орой В.А нохойгоо 500.000 төгрөгөөр худалдаж авсан, унтуулах хүсэлтэй байгаагаа манай эхнэр Д.Т*******гт хэлсэн байсан бөгөөд маргааш нь буюу 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр мал эмнэлэгт очиж анхан шатны эмчилгээ боолт хийлгэх үед эмчид мөн нохойгоо унтуулах санал гаргасан гэвч эмч унтуулах хэмжээний шарх аваагүй, эдгэх боломжтой тухай хэлсэн.
Мөн тэрээр бид цэрэг цагдаа, хууль хяналтын байгууллагад ажилладаг нохойны төлбөрт 500.000 төгрөг өгөх ёстой мэтээр удаа дараа манай эхнэр Д.Т*******гийг дарамталж айлган сүрдүүлэхийг оролдсон.
Миний бие тухайн үед ажлаар БНСУ-д байсан бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Монголд ирж 7 дугаар сарын 10-12-ны хооронд нэхэмжлэгч В.Атай утсаар ярьж болсон явдлын тухай хүлцэл өчиж тохиролцох гэж оролдсон.
Гэвч В.А нь анх 4 жилийн өмнө нохойгоо 500.000 төгрөгөөр худалдаж авсан, нохойны үхэлд манай нохой буруутай мэт, мөн бид хууль хяналтын байгууллагад ажилладаг тул 500.000 төгрөг өгөх ёстой мэт шаардлага тавьсан.
Өмнө нь В.А манай эхнэр Д.Т*******гт 500.000 төгрөг өгчихвөл хүүхдэдээ гар утас авч өгөх хүсэлтэй байгаа тухайгаа хэлсэн.
Миний бие тухайн үед 2019 оны 7 дугаар сард тойтерьер нохойн зах зээлийн үнийг судлахад 100.000-200.000 төгрөг байсан бөгөөд хүнлэг сэтгэл гарган 200.000 төгрөг эсвэл гөлөг авч өгөх санал гаргасан боловч хүлээн зөвшөөрөөгүй.
В.А нохойгоо 500.000 төгрөгөөр худалдаж авсан гэх мэдэгдэл нь худал гэж би үзэж байна. Мөн 2015 онд 500.000 төгрөг шилжүүлсэн гэх дансны хуулга нь нохой худалдаж авсныг нотлох баримт болж чадахгүй гэж үзэж байна. Гүйлгээний утгад ямар нэг тэмдэглэл байхгүй. В.А 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нохойгоо өөрийнхөө хүсэлтээр “СОС” мал эмнэлэгт унтуулсан гэв.
Хариуцагч А.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А.Ц миний бие хүү Ц.Тд 10 насны төрсөн өдрийн бэлэг болгон 35 хоногтой овчарк үүлдрийн гөлөг 2014 оны 7 дугаар сард авч өгсөн. Би эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.
Уг нохой нүдээ нээхээсээ эхлээд нялх, балчир хүүхэдтэй манай гэр бүлд гэр бүлийн гишүүний нэгэн адил хайр халамжид умбаж өссөн. Өсөж торнихдоо ямарваа муу зуршилтай болж хүмүүжээгүй, гэр бүлийн хайранд өсөж торнисон болохоор ямарваа нээ зан араншингийн талаар ямар ч асуудал өнөөг болтол гаргаж байгаагүй.
Хүүхдүүд маань нохойдоо маш их хайртай. Үргэлж л гадаа авч гарч салхилуулдаг. Тийм ч болохоор би нохойгоо гэр бүлийн гишүүний нэгэн адил үзэж эрүүл мэндийн үзлэг, урьдчилан сэргийлэх вакцин тарилга зэрэгт тогтмол хамруулах, эрүүл хоол хүнсээр хооллох, сургалтанд хамруулах зэрэг гэрийн тэжээвэр амьтныг гэр бүлийн гишүүний нэгэн адил хайрлан сургаж хүмүүжүүлбэл зохих бүхий л арга хэмжээг авч ирсэн.
Хэн бүхний сайн мэддэгчлэн овчарк үүлдрийн нохой дэлхийн хамгийн ухаалаг нохойны үүлдэрт тооцогддог бөгөөд сургагдсан хүмүүжилтэй ийм төрлийн нохой хэзээ ч ухамсаргүй үйлдэл хийдэггүй, эзнийхээ зааваргүйгээр ямар ч үйлдэл хийдэггүй, эзэндээ үнэнч байдаг зэрэг давуу талтай. Тийм ч учраас хууль хүчний байгууллага энэ үүлдрийн нохойг л зөвхөн сонгож үйл ажиллагаандаа ашигладаг.
2019 оны 6 дугаар сарын 21-ний 22 цагийн орчим миний хүү Ц.Т нохойгоо салхилуулж байхад иргэн В.Агийн 5 орчим настай тойтерьер үүлдрийн нохой нь манай нохой руу холоос хуцаж дайрч ирэн зодоон өдсөнөөр хоёр нохой харилцан зодолдож эхэлсэн.
Тойтерьер үүлдрийн нохой жижиг биетэй ч төрөлхийн араншин муутай нохойнд тооцогддог. Үүнийг нохой мэддэг, тэжээдэг хүмүүс маш сайн мэддэг.
Нохойнуудын хооронд болсон харилцан зодооны үеэр уг хоёр нохой харилцан шарх авсан ба В.Агийн эгч зодооныг салгах явцад манай нохойны шүд В.Агийн эгчийн тохой хэсэгт хүрч бага зэрэг урагдсан байсан.
В.Агийн эгчийн хувьд манай эхнэр Д.Т*******г иргэний журамт үүргээ биелүүлж яаралтай түргэн тусламж үзүүлж эмнэлэгт аваачин боолт, вакцин хийлгэж төлбөрийг төлөн *******д байдаг эмнэлэгт боолтыг нь солиулж өгч байсан.
Нохойнуудын хувьд В.Агийн нохойны гэдсэн хэсэгт хазагдсан, манай нохойны баруун хөл хэсэгт хазсан байсан. Тийм болохоор В.Агийн нохойны эмчилгээнд нь шаардлагатай 150.000 төгрөгийг төлсөн. Мөн манай эхнэр бэлнээр 140.000 төгрөгийг В.Ад өгсөн.
Манай нохойнд бий болсон шарх нь том биш бага зэрэг байсан бөгөөд бид өөрсдөө гэрийн нөхцөлд эм бэлдмэл түрхэж эмчилсэн.
В.Агийн нохой шархаа даалгүй үхсэн гэх тайлбар худлаа юм. Нохойны эзэн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нохойгоо унтуулах хүсэлт гаргаснаар нохойгоо үхүүлсэн буюу унтуулсан байдаг.
Манай эхнэр тэдний нохойнд үүссэн шархнаас үүдэн нохой нь үхээгүй гэдгийг харсаны хувьд энэ шаардлага чинь үндэслэлгүй гэдгийн дахин дахин хэлсэн ч тайлбарыг хүлээж аваагүйн дээр үхсэн нохойгоо мөнгө болгож эргүүлэн авахаар улайран зүтгэж эхэлсэн.
Нохойнуудын харилцан зодооноос аль аль нохой нь гэмтэл авсан тул хүнлэг сэтгэл гаргаж амьтанд хайртай хүний хувьд уг нохойнд шаардлагатай эмчилгээг 3, 4 дүгээр хорооллын “СОС” мал эмнэлэгт очиж хийлгэсэн. Шаардлагатай төлбөрийг нь төлсөн.
Манай нохойнд шарх үүссэн ч бид эмчилгээний зардал нэхэмжлээгүй.
2019 оны 6 дугаар сарын 21-ний орой болсон нохойнуудын зодооны үеэр манай нохой хөлөндөө хазуулсантай холбогдуулан нохой маань стрессдэж 3 хоног хоол идээгүй, түүнийг нь харсан хүү Ц.Т ч мөн сэтгэл санаагаар ихэд унасан.
Хууль шүүхийн байгууллага гэм буруутай эсэхийг тодорхойлоогүй байхад эхнэр Д.Т*******г хүнлэг сэтгэл гарган нохойны эмчилгээний төлбөр 290.000 төгрөг төлсөнд миний бие гомдолтой байгаа тул уг мөнгийг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан.
Нохойных нь үхлийн шалтгаан тогтоогдоогүй байхад нохойныхоо үхлийг мөнгө болгох гэж байна.
Иймд 290.000 төгрөгийг В.Агаас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч В.А сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2019 оны 6 дугаар сарын 21-ний 22 цагийн орчимд болсон үйл явдлын үед овчарк нохой ямар ч гэмтэл аваагүй ба А.Цийн эхнэр Д.Т*******г овчарк нохой ороо нь ороод хошуувчаа хийлгэхгүй хэцүү байгаа талаар ярьж буруугаа хүлээж байна гээд уучлалт гуйж эгч С.А*******ийг гэмтлийн эмнэлэг рүү таксигаар авч яван боолт, вакцин хийлгэсэн.
Маргааш өглөө нь эгч болон хүргэний хамт нохойг маань “СОС” мал эмнэлэгт үзүүлж 3 өдрийн эмчилгээний төлбөрт 140.000 төгрөг төлсөн. А.Ц ч гэсэн Солонгосоос ирээд уучлалт гуйсан. Буруугүй бол яагаад уучлалт гуйх бэ.
Нас гүйцсэн буюу 4 настай, эр тойтерьер нохой 2-3 килограмм буюу дундаж жин нь 2.5 килограмм, харин нас гүйцсэн 5 настай, эр овчарк нохой 32-40 килограмм байдаг юм байна. Яаж ч бодсон өөрөөсөө 10-12 дахин том амьтантай тэр жижиг амьтан зодолдож чадах уу.
А.Цийн мэдүүлснээр нохойны зодооныг салгах явцад С.А******* эгчийн тохой бага зэрэг урагдсан гэх ба үнэхээр зодооныг салгасан бол эгч минь амьд байх байсан уу.
2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нохойгоо “СОС” эмнэлэгт үзүүлэхэд “биеийн байдал хүнд, арьсыг нь оёх ямар ч боломжгүй, арьс нь хүрэлцэхгүй, арьсанд хөндий үүссэн, халдвар авсан, халдварын шалтгаантай, өндөр халуунтай, биеийн температур 39 хэмтэй” гээд нойтон боолт хийж, үрэвслийн эсрэг, өвчин намдаах, шингэн зэрэг эмчилгээг 3 хоног хийхээр болж нохойгоо эмчилгээнд үлдээсэн.
Миний бие 2019 оын 6 дугаар сарын 23-ны 8 цагт ажил дээрээ бэлэн байх ёстой тул үүрийн 3 цагт Сэлэнгэ аймаг явсан. 2019 оны 6 дугаар сарын 24-ний орой “СОС” мал эмнэлгээс “нохойны талаар зөвлөлдөх шаардлагатай” гэсэн тул 25-ны өглөө би 10 цагт эмнэлэг дээр очсон.
“СОС” мал эмнэлэг “нохойны биеийн байдал хүндэрсэн, хөндийрсөн шархнууд нь үхэжсэн, тал тал руугаа ярагдаж харлан, дахин хөндий үүсгэн үхэжсэн, шээс нь хаагдаж, бэлэг эрхтэн нь хавдсан, халдвар авсан өндөр халуунтай, 3 хоног хоол идээгүй, ус уугаагүй, ухаангүй, амь тариагаар байна. Одоо үхжиж байгаа арьсыг хуулах арга байхгүй, найдваргүй” гэсэн.
Тэр өдөр маш халуун байсан бөгөөд нохойноос маань өмхий, эвгүй үнэр гарч байсан. Хүүхдүүд маань уйлаад нохойноосоо салахгүй байсан.
“СОС” эмнэлгийн 2 эмчтэй зөвлөлдөөд нохойгоо зовоохгүйн тулд зөвшөөрөл өгч унтуулсан. Нохой маань эдгэх боломжтой байсан бол хүүхдүүдийнхээ нулимсыг үзэлгүй эдгээгээд авах байсан.
2019 оны 6 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдийн эмчилгээний төлбөр 140.000 төгрөгийг А.Цийн эхнэр Д.Т*******г төлсөн бөгөөд 25-ны өдрийн төлбөр 50.000 төгрөгийг би төлсөн. Ингээд нохойгоо нойрсуулсан.
Хүүхдүүд уйлаад хэцүү байсан болохоор хажуунаас нь бас нэрмээс болоод гээд эгч өөрөө явж вакцин, боолтоо хийлгэж байсан. Гэмтэл учруулсан бол шархны хөнгөн, хүнд хамаагүй хариуцлага хүлээх учиртай.
Болсон явдлын үнэн зөвийг олохын оронд иргэний үүргээ биелүүлэлгүй, төлөөгүй мөнгөө төлсөн болгон нэхэж, хүний нэр барин “СОС” мал эмнэлгээс нохойны маань бичиг баримтыг дур мэдэн авч, хохирсон С.А*******ийн эмчилгээг гүйцэд хийлгэлгүй, доромжлон хүний хэлсэн үгийг мушгин гуйвуулж байгаад гомдолтой гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.А нь А.Цид холбогдуулан 745.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
/Нохой худалдан авсан үнэ 500.000 төгрөг,
-“СОС” эмнэлэгт нохойны эмчилгээний үлдэгдэл төлбөрт төлсөн 50.000 төгрөг,
-С.А*******ийн боолт хийлгэсэн төлбөр 70.000 төгрөг /1 удаа 5.000 төгрөг, 14 хоног/
-С.А*******ийн вакцин хийлгэхэд явсан унааны зардал 50.000 төгрөг /1 удаа 10.000 төгрөг, 5 удаа/
-Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотод ирсэн, явсан зардал 75.000 төгрөг /12.500 төгрөг, 6 удаа/
Хариуцагч А.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “СОС” мал эмнэлэгт Чези нэртэй тойтерьер үүлдрийн нохойны эмчилгээний төлбөрт төлсөн 140.000 төгрөг, мөн В.Ад бэлнээр хүлээлгэн өгсөн гэх 150.000 төгрөг, нийт 290.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 22 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, ******* хорооллын 408 дугаар байрны гадна талбайд С.А******* нь тойтерьер үүлдрийн нохойг тэврэн зугаалуулан явах үед А.Цийн хүү Ц.Тн зугаалуулан явсан герман хоньч нохой /овчарк/ нь тойтерьер үүлдийн жижиг нохойг болон мөн уг нохойг тэвэрч явсан С.А*******ийн зүүн гарын тохой хэсгийг хазан гэмтээсэн гэх үйл баримт болсон талаар зохигч тайлбарлалаа.
Нэхэмжлэгч В.А “Нас гүйцсэн 4 настай, эр, тойтерьер нохой дундаж жин нь 2.5 кг, нас гүйцсэн 5 настай, эр, овчарк нохой 32-40 кг байдаг юм байна. Өөрөөсөө 10-12 дахин том нохойтой зодолдож чадах уу” гэж,
Хариуцагч А.Ц “Овчарк үүлдрийн нохой дэлхийн хамгийн ухаалаг нохой, эзнийхээ зааваргүй ямар ч үйлдэл хийдэггүй. В.Агийн тойтерьер үүлдрийн нохой манай нохой руу холоос хуцаж дайрч ирэн зодоон өдсөнөөр хоёр нохой харилцан зодолдсон.
Уг зодооныг салгах үед манай нохой В.Агийн эгчийн тохойноос хазсан, шүд орсон, мөн В.Агийн нохойн гэдсэн хэсэгт тус тус хазсан боловч тухайн нохойг үхэлд хүргэх хэмжээний шарх байгаагүй” гэж тус тус тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч В.А нь 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, тойтерьер үүлдрийн шар өнгө бүхий 3 сартай, эр гөлөг худалдан авч үзлэгт хамруулан тарилга, туулга хийлгүүлж байсан нь, хариуцагч А.Ц нь 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, герман хоньч үүлдрийн нохойны эр гөлөг худалдан авч үзлэгт хамруулан тарилга, туулга хийлгүүлж байгаа нь гэрийн тэжээвэр амьтны паспорт гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдлоо.
/ХХ-ийн 5-6, 82-86, 92-107, 111-113 дугаар тал/
Нэхэмжлэгч В.А нь 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, тойтерьер үүлдрийн шар өнгө бүхий 3 сартай, эр гөлөг 500.000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг төлсөн нь түүний Хаан банк дахь депозит дансны хуулга, “Дотно найз” дэлгүүрийн нохой хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдсоныг дурьдлаа. /ХХ-ийн 7,*******-39, 87 дугаар тал/
Тухайн үйл явдал болмогц А.Цийн эхнэр Д.Т*******г хүү Ж.Тн зугаалуулан явсан герман хоньч нохойд хазуулсан С.А*******ийг Гэмтэл согогийн үндэсний төвд үзүүлэн вакцин, боолт хийлгэн, мөн маргааш нь буюу 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүрэг дэх “СОС” мал эмнэлэгт тойтерьер үүлдрийн нохойг үзүүлэн, уг нохойны 3 өдрийн эмчилгээний төлбөрт 140.000 төгрөг төлж С.А*******ийн гарын боолтыг солиулсан талаар талууд хэн аль нь тайлбарлаж байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй.
2019 оны 6 дугаар сарын 22-ны өглөө тойтерьер үүлдийн нохойг “СОС” мал эмнэлэгт үзүүлэхэд “Тухайн нохой шокын байдалтай, нуруун дээр хөндий үүсгэсэн шархтай байсан” талаар “СОС” мал эмнэлгийн амьтны эрүүл мэндийн дэвтэрт тусгасан ба уг нохойг эмчилгээнд үлдээжээ.
Уг нохойн шарханд оёдол тавихад арьс хүрэлцэхгүй, мөн хөндий үүссэн тул нойтон боолт тавиулж хэвтэн эмчлүүлэхээр шийдвэрлэн 2019 оны 6 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд эмчилгээ хийсэн бөгөөд нохой тус эмнэлэгт 3 хоног хэвтэн эмчлүүлэхэд биеийн ерөнхий байдлыг дэмжих, шингэн нөхөх, өвчин намдаах, үрэвслийн эсрэг эмчилгээ болон ил шарханд нойтон боолт тавигдсан байна.
Эмчилгээний явцад биеийн ерөнхий байдал сайжраагүй, хоолны дуршилгүй, өөрөө шээж чадахгүй байсан, шархны эргэн тойронд арьс нэмж үхжиж эхэлсэн, биеийн ерөнхий байдал хүнд байсан тул нохойны эзэнтэй зөвшилцөн эзнийх нь хүсэлтээр унтуулсан талаар уг нохойд хийсэн эмчилгээний талаарх эмнэлгийн тодорхойлолт болон уг нохойны эрүүл мэндийн дэвтэрт дэлгэрэнгүй тусгажээ.
/ХХ-ийн 37, 51, 82-86, 98-99, 108-110, 115-123 дугаар тал/
Тойтерьер үүлдийн нохой “СОС” мал эмнэлэгт 2019 оны 6 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардалд А.Цийн эхнэр Д.ТҮмэнхишиг 140.000 төгрөгийг, В.А 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн эмчилгээний зардалд 50.000 төгрөг тус тус төлсөн нь тэдгээрийн Хаан банк дахь депозит дансны хуулгаар тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар мөн маргаагүй.
/ХХ-ийн 10, 50 дугаар тал/
В.А нь цагдаагийн байгууллагад дээрхи асуудлаар гомдол гаргахад Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 4608 тоот тогтоолоор түүний гомдлыг хүлээн авахаас татгалзжээ.
/ХХ-ийн 124-134 дүгээр тал/
С.А******* нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр А.Цийн герман хоньч үүлдрийн нохойд хазуулзсанаас үүдэн мөн өдрөө эмнэлгийн байгууллагад вакцин болон боолт хийлгэн 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрүүдэд “Эт авиа” эмнэлэгт боолт хийлгэсэн нь зохигчийн тайлбар, С.А*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрчийн мэдүүлэг, мөн эмнэлгийн боолтын сувилагчийн тодорхойлолтоор тогтоогдож байх ба 1 удаа боолт хийлгэхэд 5.000 төгрөг байсан талаар хариуцагч тал тайлбарласан болно.
/ХХ-ийн 37, 51, 82-86, 98-99, 108-110, 115-123, 135 дугаар тал/
2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 22 цаг 30 минутын орчимд герман хоньч үүлдийн нохойг гудамж талбайд зугаалуулан явсан Цэвээндоржийн Т нь 2004 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр төрсөн нь түүний төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 70 дугаар тал/
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 222 тоот тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх арчлах...журам”-ыг баталсан бөгөөд уг журмын 1.1-т “Нохой ... эзэмшигч ... нь гадаа гудамж талбайд зугаалуулахдаа ... амны хошуувчтай байлгах” үүрэгтэй гэж зааснаас гадна мөн журмын 2.2-т “Хотын гудамж, талбай ... хамгаалалтгүй хошуувчгүй нохой ... авч явахыг хориглоно” гэж заажээ.
Аливаа нохой эзэмшигч иргэн нь нохойгоо гадаа гудамж талбайд зугаалуулахдаа амны хошуувчтай байлгах үүрэгтэй бөгөөд хотын гудамж, талбайд хамгаалалтгүй буюу хошуувчгүй нохой авч явахыг хориглосон байхад хариуцагч А.Цийн хүү 2004 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр төрсөн Ц.Т нь герман хоньч үүлдрийн нохойгоо гудамж талбайд зугаалуулахдаа амны хошуувчтай байлгах үүргээ биелүүлээгүйн улмаас герман хоньч үүлдрийн нохой нь В.Агийн тойтерьер үүлдрийн нохойг болон уг нохойг тэвэрч явсан иргэн С.А*******ийг хазан гэмтээсэн болох нь дээр дурьдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,******* дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотолж буй үндэслэлээ, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тус тус баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь С.А*******ийн вакцин хийлгэхэд явсан унааны зардал 50.000 төгрөг, Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотод ирсэн, явсан зардал 75.000 төгрөг тус тус нэхэмжилсэн боловч, мөн хариуцагч нь 150.000 төгрөгийг нэхэмжлэгч В.Ад хүлээлгэн өгсөн гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй бөгөөд энэ нь нотлогдоогүй болно.
Хариуцагч А.Цийн хүү Ц.Т герман хоньч үүлдрийн нохойг гудамж талбайд зугаалуулахдаа амны хошуувчтай байлгаагүйн улмаас герман хоньч үүлдрийн нохой нь В.Агийн тойтерьер үүлдрийн нохойг болон уг нохойг тэвэрч явсан иргэн С.А*******ийг хазан гэмтээсэн тул уг нохойны эмчилгээний зардалд хариуцагчийн өмнө төлсөн 140.000 төгрөгийг хариуцагч талд буцаан олгох үндэслэлгүй.
Насанд хүрээгүй хүний бусдад учруулсан гэм хорыг түүний эцэг, эх хариуцан арилгах үүрэгтэй тул нэхэмжлэгч В.Ад учирсан хохирлыг Ц.Тн эцэг А.Ц хариуцан арилгах үүрэгтэй.
А.Цийн гүйцэтгэх үүрэг 500.000 төгрөг /нохой худалдан авсан үнэ/
-50.000 төгрөг /2020.06.25-ны өдөр нохойны эмчилгээний төлбөрт төлсөн 50.000 төгрөг/
-С.А*******ийн боолт хийлгэсэн зардалд 70.000 төгрөг / 1 удаа 5.000 төгрөг, 14 хоног/, нийт 620.000 төгрөг.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч А.Цоос 620.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Ад олгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 125.000 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч А.Цийн 290.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч А.Цоос 620.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Ад олгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 125.000 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч А.Цийн 290.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч В.Агийн улсын тэмдэгийн хураамжид урьдчилан төлсөн 23.343 төгрөгөөс илүү төлсөн 913 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч В.Ад олгож, үлдэх хэсэг 22.430 төгрөгийг болон хариуцагч А.Цийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9.350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Цоос 19.250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН
ШҮҮГЧИД Б.ЦОЛМОНГЭРЭЛ
Т.ГАНЧИМЭГ