Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 1056

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00578 дугаар шийдвэртэй, Э.Сийн нэхэмжлэлтэй, хариуцагч “А” ТӨҮГ-т холбогдох тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх, бусад зардалд 423 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюундэлгэр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Сэ би Зам тээвэр аялал жуулчлалын яамны тээврийн үйлчилгээний төвийн Ховд аймаг дахь салбарын даргын 2006 оны 9 дугаартай тушаалаар тус салбарт нягтлан бодогчоор томилогдон ажилласан. Ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байтал А ТӨҮГ-ын захирлын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн б/566 дугаартай тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулж ажлаас халсанд гомдолтой. Тус аймгийн Автотээврийн төвийн дарга 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр чамайг ажлаас халсан тушаал дээд байгууллагаас гаргаж 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн дотор ажил хүлээн авахыг үүрэг болгосон байна, ажлаа хүлээлгэн өг гэсэн. Хөдөлмөрийн гэрээ болон б/566 тоот тушаалыг  эх хувиар нь шаардахад хуулбар хувиас дахин хуулбарлаж өгсөн.

Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанаас авто тээврийн төвийн 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж дүгнэлт гаргасан ба миний нэр заасан зөрчил байгаагүй. Няравын үйл ажиллагаатай холбогдуулж зарим нэг зөрчил байсан нь хяналт сайн тавиагүй хариуцлага алдсан зүйл байсныг үгүйсгэхгүй. Шалгалтын дүнг захирлын зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 12-р хуралдаанаар хэлэлцэж, ажлаас халах тушаалыг 8-нд гаргасан атал намайг оролцуулахгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн хуульд байдаг сахилгын олон төрлийн арга хэмжээг шат дарааллаар нь авч болохгүй байсан эсэх, 1 нас 2 сартай хөхүүл хүүхэдтэй зэргийг харгалзан үзээгүй. Ажлаас халах үндэслэлээ дээрх шалгалтын дүн гэж байгаа ч Засаг даргын эхнэрийн дүүг миний оронд ажилд авахын тулд хийсэн санаа байсныг сүүлд мэдсэн. Тэр нь ажлаа хийж чадахгүй намайг дуудаж, тайлан мэдээг нь хүн чанар гаргаад хийгээд өг гэснээр би тайланг нь гаргаж байсан.  Гэвч ажлаа хийж чадахгүй гарсан байдаг.

Нэхэмжлэлийг хуулийн хугацаанд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд гаргасан, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсныг эс зөвшөөрч гомдол гаргасан. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдлыг шилжүүлснийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хэлэлцээд гомдлыг хангаагүй. Ингээд хариуцагчийн хаягаар нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй. Ажил олгогчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул А ТӨҮГ-ын захирлын 2017 оны 09 дүгээр сарын 8-ны өдрийн б/566 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс шүүх хуралдаан болсон 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 127 хоногийн цалинтай тэнцэх олговорт нийт 7 964 487 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалган, нэхэмжлэл гаргаж шүүх хуралд оролцохтой холбоотой зардал 423 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан 30 хоногийн хугацаанд гаргах ёстой. Гэтэл сахилгын шийтгэл хүлээлгэсэн 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн б/566 дугаар тушаалыг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гардан авсан байтал 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд хандах хугацааг 30 хоногоор тогтоосоор байтал 3 сар 10 хоногийн дараа гаргасан нь нэхэмжлэл гаргах эрхээ алдсан байна. Ховд аймгийн Автотээврийн төвд тус аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас шалгалт хийж, илэрсэн зөрчлүүдэд акт тавигдсан байдаг. Тухайн зөрчлүүдийг нэхэмжлэгч өөрөө гаргаагүй ч түүний ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийн хүрээнд зөрчил гаргуулахгүй байхад хяналт тавьж ажиллах ёстой байсан. Иймд нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.2. өөрийн буруугаас байгууллагад хохирол учруулсан, 4.3.11. үүрэг гүйцэтгэж байхдаа ... байгууллагад хохирол учруулсан ноцтой зөрчлүүдийг гаргасан гэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Сийг А ТӨҮГ-ын Ховд аймгийн Автотээврийн төвийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 853 299 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг шаардлагаас 111 188 төгрөг, нэхэмжлэл гаргаж шүүх хуралдаанд оролцохтой холбоотой гарсан зардал 423 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж дэвтэрт бичилт хийхийг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч А ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 140 602 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ховд аймгийн Автотээврийн төвийн нягтлан бодогч Э.Сэ хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй байгууллагад их хэмжээний хохирол учрах нөхцөл боломжийг бүрдүүлсэн нь Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 35/06/07, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 35/06/76, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 35/04/77 дугаартай актын шаардлагуудаар тогтоогдсон. Э.Сэ нь хөдөлмөрийн дотоод журамд заасан байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан тооцоог үнэн зөв гаргах, няравын үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангаж, хяналт тавих зэрэг үүргээ биелүүлээгүй нь улсын байцаагчийн шаардлагуудаар нотлогдсон. Актад нэр дурдаагүй ч өдөр тутмын үйл ажиллагаа нь алдаа дутагдалтайг тогтоож өгсөн. Шүүх зөвхөн актад Э.Сийн нэр дурдаагүй, гэм бурууг нь тогтоогоогүй байна гэж үзсэн нь хууль бус тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Э.Сэ нь хариуцагч А ТӨҮГ-т холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой бусад зардлын 423 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч А ТӨҮГ-ын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/566 дугаар тушаалаар нэхэмжлэгч Э.Сийг Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны 2017 оны Улсын байцаагчийн албан шаардлагууд болон  Үйлдвэрийн газрын захирлын зөвлөлийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 12 дугаар хуралдааны тэмдэглэл зэргийг үндэслэн Ховд аймгийн Автотээврийн төвийн ахлах нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. /хх83/

Анхан шатны шүүх ажил олгогчийн гаргасан дээрх тушаал, хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, зохигчдын тайлбар тэдгээрт холбогдох нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан, хэрэгт хамааралтай ач холбогдолтой, эргэлзээгүй байдлаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Мөн хариуцагч байгууллага нэхэмжлэгч Э.Сийг ажлаас нь чөлөөлөх үндэслэлээ болгосон гэх Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 35/06/07 тоот албан шаардлага, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 35/06/76 тоот улсын байцаагчийн акт, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 35/04/77 тоот улсын байцаагчийн акт зэрэгт нэхэмжлэгчийн шууд буруутай зөрчил дурдагдаагүй талаар шүүх зөв дүгнэсэн байна.

Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн тохирох заалтыг ажлаас чөлөөлөх тушаалд баримтлаагүй, хөдөлмөрийн гэрээний 4.3.2, 4.3.11-д заасан “өөрийн буруугаас болон үүрэг гүйцэтгэж байхдаа байгууллагад хохирол учруулсан” ноцтой зөрчил гаргасан нь баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 853 299 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас цалин олговорт илүү тооцсон 111 188 төгрөг, шүүх хуралдаанд оролцохтой холбоотой гаргасан зардал гэх 423 000 төгрөгт холбогдох хэсгийг хэргийн баримтад үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, үүнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

Нэхэмжлэгч Э.Сэ нь хөдөлмөрлөх эрх зөрчигдсөнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд хуулийн хугацаанд гаргаж байсан нь тогтоогдсон тул шүүхээс уг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00578 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Т.ТУЯА