Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2020/ДШМ/01

 

 

 

 

 

 

 

 

 

                        

М.Б холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ш.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Прокурор Х.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Х.Г гаргасан эсэргүүцэлээр шүүгдэгч М.Б холбогдох 1916002750133 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Манхан сумд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо, Холбоо толгойн 40-962-Б тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, ПЖ72101917 регистрийн дугаартай, П овогт М.Б нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны нутаг дэвсгэр 60-ын ганга гэх газарт 34-27 УБО улсын дугаартай “муссо” маркын хар өнгийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч И.Т, Б.Б нарын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч П овогт М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч М.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 5 сарын хугацаагаар хасч, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шүүгдэгч М.Б-д авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч М.Б-д сануулж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч М.Б-д бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүйг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Б-ын №02232512 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрт нь буцаан олгож, №584737 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж, Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Х.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Г би тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолыг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Яллагдагч М.Б нь 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны 60-ын ганга гэх газарт 34-27 УБО улсын дугаартай “муссо” маркын хар өнгийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас И.Т, Б.Б нарын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Говь-Алтай аймгийн Прокурорын газраас М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шийтгэх тогтоолыг тус Аймгийн прокурорын газар нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 38 минутанд хүлээн авсан байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгсэлийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 5 сарын хугацаагаар хасч, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдийг давхар журамлан шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлаж байгаа тохиолдолд хорих ял оногдуулж тэнсэх, 7.1 дүгээр зүйлийг журамлан тэнсэж байгаа тохиолдолд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр хуульчилсан байна.

Иймд М.Б холбогдох Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны нутаг дэвсгэр 60-ын ганга гэх газарт 34-27 УБО улсын дугаартай “муссо” маркын хар өнгийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсгийн а-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон заалтыг зөрчсөний улмаас түүний жолоодож явсан тээврийн хэрэгсэл онхолдож,  хохирогч И.Т, Б.Б нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.

Эдгээр үйл баримт нь хохирогч Б.Б: “2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд М.Б жолоодож явсан авто машинд зорчиж явахад нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт уг авто машин осолд орж, ослын улмаас хохирогч нуруундаа гэмтэл авсан бөгөөд тухайн үед жолооч М.Б унтсанаас уг осол гарсан байх гэж бодож байгаа тухай мэдүүлэг. 

Хохирогч М.Т: “Говь-Алтай аймгийн Дэлгэр сум руу дөхөж явахад авто машинд зорчиж явсан хүмүүс бүгд унтаж байх үед осол болсон бөгөөд жолооч зүүрмэглэснээс уг осол гарсан гэж бодож байгаа тухай мэдүүлэг,

Гэрч М.Г: “Ховд аймгийн Манхан сумаас өглөө 07 цагт Улаанбаатар хотын чиглэлд Б.Б жолоодож явсан авто машинд зорчиж явахад нь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт гэрчийн сууж явсан авто машин осолд орсон бөгөөд тухайн үед унтаж яваад сэрэхэд нь уг авто машин өнхөрч байсан тухай мэдүүлэг,

Шинжээч Б.Т: 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн: “Жолооч М.Б нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх үүргээ биелүүлээгүйн улмаас уг осол гарсан тухай дүгнэлт,

М.Б жолоодож явсан тээврийн хэрэгсэл зорчих хэсгээс гарч замын зүүн хөвөөгөөр 38 метр орчим яваад буцаж зорчих хэсэг рүү орж, замын зорчих хэсгээс баруун тийш гарч зорчих хэсгийн баруун хөвөөнөөс 10.8 метрт, зорчих хэсгээс гарснаас хойш нийт 62 метр яваад онхолдсон байсан тухай хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

Шинжээч Т.А: “И.Т биед хүзүүний 2 дугаар нугаламын сэртэнгийн хугарал, баруун дал ясны далд хугарал, хуйхны шарх гэмтэл учирсан нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Б.Б биед сээрний 11 дүгээр нугаламын бяцрал, сэлтэрсэн хугарал, баруун хөмсгөнд шарх гэмтэл учирсан нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтүүд,

Шүүгдэгч М.Б: “Ховд аймгийн Манхан сумаас Улаанбаатар хотын чиглэлд явж байх замдаа зүүрмэглэснээс болж осол гаргасан бөгөөд уг ослын улмаас 2 хүний биед гэмтэл учирсан тухай мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Б энэхүү үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас осол гаргаж хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч М.Б тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн буюу нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг, харгалзан хэрэглэх бөгөөд оногдуулсан хорих ялаас чөлөөлөх, оногдуулсан хорих ялыг тодорхой хувиар багасгаж хөнгөрүүлэх, эсхүл таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж, заавал үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр зохицуулжээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ингэж тэнсэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн холбогдох заалтуудад заасан хэм хэмжээний агуулгад нийцүүлэн хэрэглэхээр зохицуулсан байна.          

            Харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор зохицуулсан байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцдог.

            Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөлөөс гадна тухайн этгээд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаарддаг байна.

            Шинжээчийн дүгнэлтээр хохирогч нарын биед учирсан гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл байсан бөгөөд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарахыг тусгасан байна. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй бөгөөд хохирогч эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй нь түүний цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг хязгаарлах үндэслэл болох учиргүй.

            Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, хор уршгийг арилгасан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцэхгүй байна.   

            Тиймээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх хэсгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг гэж заасныг хасч, үүнтэй холбоотойгоор шийтгэх тогтоолд хохирогч нарын цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээхээр нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “7.1 дүгээр зүйлийн 1” гэснийг хасч, шийтгэх  тогтоолын 5 дугаар заалтын Хэрэгт гэсний өмнө “Хохирогч И.Т, Б.Б нар нь цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж гэсэн нэмэлт оруулж шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

              2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                           Т.Ж

                                        ШҮҮГЧИД                           Ш.Б

                                                                                Ч.Э