| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2025/0220/з |
| Дугаар | 221/МА2025/0558 |
| Огноо | 2025-08-27 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2025/0558
Б.Нийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч М.Цэцэгмаа
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э
Нэхэмжлэгч: Б.Н
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар
Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.Нд ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0489 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Н
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, М.О, П.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х
Хэргийн индекс: 128/2025/0220/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Нээс Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.Нд ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах”-аар маргасан ба хариуцагчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Нийгмийн даатгалын ерөнхий газрыг хамтран хариуцагчаар оролцуулсан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0489 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг баримтлан Б.Н-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.Н-д ажилгүйдлийн тэтгэмж олгохыг хариуцагчид даалгаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулна”, 4 дүгээр зүйлийн 4.1.16-д ““тэтгэмж” гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу эрх үүссэн даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмсний болон амаржсаны амралт эдлэх, ажилгүй болох тохиолдолд өөрт нь, нас барахад түүний гэр бүлийн гишүүнд нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг /хэлнэ/” гэж,
3.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй”,
3.3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 насанд хүрсэн даатгуулагч”, мөн зүйлийн Тайлбар хэсэгт “Энэ хуулийн 5.1.1-д заасан өндөр насны тэтгэврийн нас нь 1957 он ба түүнээс өмнө төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 60, 1962 он ба түүнээс өмнө төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 байна. Цаашид 1958 онд төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 60 нас 3 сар, 1963 онд төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 нас 3 сар байх бөгөөд тэтгэвэр тогтоолгох насыг даатгуулагчийн төрсөн онд харгалзуулан 3 сараар нэмэгдүүлж” гэж тус тус заасан.
3.4. Даатгуулагчийн өндөр насны тэтгэврийн ердийн насыг тухайн даатгуулагчийн төрсөн онд харгалзах нас гэж ойлгох бөгөөд иргэн Б.Нийн хувьд төрсөн онд харгалзах өндөр насны тэтгэврийн нас нь 56 нас 3 сар байна. Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “… Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй” гэсэн заалтыг хангахгүй, өөрөөр хэлбэл тэтгэврийн ердийн нас /56 нас 3 сар /-нд хүрсэн байх тул ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй гэжээ.
4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдуулан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч Б.Нээс Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.Нд ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах” нэхэмжлэл гаргасан.
3.1. Ингэхдээ, шаардлагын үндэслэлээ “... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9.1-д заасан болзлыг хангаж байхад тэтгэврийн насанд хүрсэн гэх шалтгаанаар ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг хүлээж аваагүй, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийг буруу тайлбарлаж, ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийг зөрчсөн” гэх зэргээр тодорхойлж маргасан.
3.2. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... нэхэмжлэгч нь хүсэлт гаргах үедээ 58 нас хүрсэн учраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9.1-д заасан “өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй байх” шаардлагыг хангахгүй, 1967 онд төрсөн нэхэмжлэгчийн хувьд өндөр насны тэтгэврийн ердийн нас нь 56 нас 3 сар байх тул ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.
4. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тодорхойлогдох маргааны үйл баримтын тухайд;
4.1. Б.Н нь 1967 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эмэгтэй.
4.2. Түүний хувьд 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс өөрийн хүсэлтээр “Д-У” ХХК-ийн нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгдөж, холбогдох баримтыг бүрдүүлэн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажилгүйдлийн тэтгэмж авахаар хүсэлт гаргасан.
4.3. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газраас “тэтгэврийн ердийн насанд хүрсэн тул ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй” гэх хариуг амаар өгч, хүсэлтийг буцаасан. Ингэхдээ нэхэмжлэгчийн хувьд ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргах үед 58 настай буюу нэгэнт өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрсэн учраас өргөдлийг хүлээн авахгүй гэх үндэслэл зааж, хүсэлтийг шийдвэрлээгүй байна.
4.4. Нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмж авахаар уг хүсэлтийг гаргах үедээ: нийтдээ 24 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх, үүнээс сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн байх шаардлагыг хангасны зэрэгцээ ажил идэвхитэй хайж байгаа талаар хөдөлмөрийн байгууллагад бүртгүүлсэн болох нь баримтаар тогтоогдох ба ажилгүйдлийн тэтгэмж олгоход хамаарах эдгээр шаардлагыг нэхэмжлэгч хангасан эсэх талаар хариуцагч маргаагүй.
4.5. Б.Н нь 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өргөдөл гаргасны дагуу Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өндөр насны /бүрэн/ тэтгэвэр тогтоож, 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс олгож эхэлсэн.
5. Энэ хэргийн хувьд, өндөр насны тэтгэврийн /ердийн/ насанд хүрсэн нь даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзах үндэслэл болох эсэх нь маргааны гол зүйл байх тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрхэн (зөв) тайлбарлаж хэрэглэх талаар хариулт өгөх шаардлагатай.
6. Харин анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар “... өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрсэн гэх үндэслэлээр Б.Нд ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан нь үндэслэлгүй; Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн /холбогдох/ зохицуулалтын дагуу шимтгэл төлсөн даатгуулагчид тэтгэмж олгох зохицуулалттай; ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байх, эсхүл тэтгэмжийг зогсоох үндэслэлд хамаарахгүй тул тэтгэмж авах эрхтэй; түүний тэтгэмж авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд нийгмийн даатгалын хууль тогтоомжийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлажээ.
7. Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
7.1. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 7 дугаар зүйлд “Даатгуулагчид нийгмийн даатгалын нэг төрлийн сангаас тэтгэвэр буюу тэтгэмжийг давхардуулж олгохгүй. Хэрэв давхардахаар байвал даатгуулагч илүү таатай нөхцөлтэй тэтгэвэр буюу тэтгэмжийг зөвхөн нэг удаа сонгон авах эрхтэй” гэж,
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ”, 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална”, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 09 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”[1]-ын 2.1-д “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангасан “ажил хийхэд бэлэн, ажил хайж байгаа, хөдөлмөрийн насны хүн”-д ажилгүйдлийн тэтгэмж олгоно”, 2.2-т “Энэ журмын 2.1-д заасан "ажил хийхэд бэлэн, ажил хайж байгаа хөдөлмөрийн насны хүн" гэж Хөдөлмөрийн байгууллагад бүртгэлтэй, уг байгууллагаас санал болгосон ажилд ороход бэлэн, ажилгүй хүнийг хэлнэ” гэж тус тус зохицуулж байжээ.
7.2. Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д ““тэтгэмж” гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу эрх үүссэн даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмсний болон амаржсаны амралт эдлэх, ажилгүй болох тохиолдолд өөрт нь, нас барахад түүний гэр бүлийн гишүүнд нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг;”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Даатгуулагч дараах эрх эдэлнэ: 33.1.1.нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан нөхцөлийг хангасан тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах” гэж,
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй” гэж,
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 насанд хүрсэн даатгуулагч”, мөн зүйлийн Тайлбар хэсэгт “Энэ хуулийн 5.1.1-д заасан өндөр насны тэтгэврийн нас нь 1957 он ба түүнээс өмнө төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 60, 1962 он ба түүнээс өмнө төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 байна. Цаашид 1958 онд төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 60 нас 3 сар, 1963 онд төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 нас 3 сар байх бөгөөд тэтгэвэр тогтоолгох насыг даатгуулагчийн төрсөн онд харгалзуулан 3 сараар нэмэгдүүлж, 1977 он ба түүнээс хойш төрсөн эрэгтэй, 2002 он ба түүнээс хойш төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд өндөр насны тэтгэврийн нас 65 байна” гэж тус тус заасан.
8. Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт Нийгмийн даатгалын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхээс хууль хэрэглэх ерөнхий зарчмыг хууль тогтоогч тогтоосон бөгөөд уг зүйлийн 11.4 дэх хэсэгт Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ гэж зохицуулсан.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд заасан “өндөр насны тэтгэврийн ердийн нас” гэх ойлголтыг тайлбарлахдаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан агуулгаар ойлгоно гэж иш татсан диспозицийг хэрэглэсэн учраас маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөхийн тулд, дээрх зохицуулалтын дагуу ажилгүйдлийн даатгал, өндөр насны тэтгэвэр гэх хууль зүйн ойлголтыг нарийвчлан зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг харилцан уялдуулж, тэдгээрийн бүтцийн нэгдмэл, уялдаатай байдлыг хангаж (i) системчлэн хэрэглэх, ингэхдээ нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан багц (ii) хуулийн агуулга зорилго, үзэл баримтлалд нийцүүлэн тайлбарлана.
9. Энэ хэсгийн 7.1, 7.2-т заасан зохицуулалтыг харьцуулан үзэхэд, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн нийгмийн даатгалын багц хуулиудад тэтгэвэр, тэтгэмж (ажилгүйдлийн) гэх ойлголтын хууль зүйн агуулга, төрөл, зориулалт өөрчлөгдөөгүй болох нь хууль санаачлагчаас боловсруулсан хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, танилцуулга, Улсын Их Хурлын байнгын хороодын санал, дүгнэлт зэрэг холбогдох баримтуудаар[2] тодорхойлогдоно.
10. Тухайлбал, даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмж олгоход тавигдах “нийтдээ 24 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 сар тасралтгүй шимтгэл төлсөн, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа” гэх нөхцөлд ямар нэг өөрчлөлт ороогүй, эдгээр болзлыг нэхэмжлэгч хангасан болохыг ч хариуцагч үгүйсгэж маргаагүй.
11. Харин 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан /өмнөх/ хууль тогтоомжид “ажил хийхэд бэлэн, хөдөлмөрийн насны хүн” гэж заасныг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй даатгуулагч” гэж томьёолсон ба уг нөхцөлийг ямар агуулгаар, хэрхэн тайлбарлаж хэрэглэх талаар маргасан тул энэ асуудалд дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй.
12. Ажилгүйдлийн даатгалын хувьд, хуулийн зохицуулалтын агуулга нь ажилгүй болсон даатгуулагчид тэтгэмж олгох замаар түүний мэргэжил олгох давтан сургалтад хамрагдах, улмаар хөдөлмөрийн зах зээлд буцан орох боломжийг нэмэгдүүлэх зорилготой тул уг тэтгэмж олгоход баримтлах нөхцөлийг энэ агуулгаар тайлбарлах нь нийгмийн даатгалын сангийн хуримтлалыг бодитоор нэмэгдүүлэх, тэтгэвэр тэтгэмж авах тогтолцоог шинээр бүрдүүлэх, хүн амын насжилтаас хамааран нийгмийн даатгалын сангийн зардал өсч байгаа тохиолдолд түүний тогтвортой байдлыг хангахад чиглэсэн менежментийг хэрэгжүүлэх тухай нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалд нийцэхээр байна.
13. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “... өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй даатгуулагч” гэх нөхцөлийг дээрх агуулга, зорилгод нийцүүлэн тайлбарлавал Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасанд өндөр насны тэтгэвэр тогтоолгох /харгалзах/ насанд хүрээгүй хүн (хөдөлмөр эрхлэх боломжтой, ажил идэвхитэй хайж байгаа, хөдөлмөрийн насны) гэж тайлбарлаж хэрэглэнэ.
Тухайлбал, нэхэмжлэгчийн хувьд ажилгүйдлийн тэтгэмж авахаар хүсэлт гаргах үедээ 57 нас 6 сар хүрсэн буюу өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх бодитоор үүссэн байх тул ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөлийг бүрэн хангаж, улмаар түүний ажилгүйдлийн тэтгэмж авах эрх зөрчигдсөн гэж үзэхгүй бөгөөд 2025 оны 5 дугаар сард өндөр насны тэтгэврээ тогтоолгосон энэ нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь шүүхээр хамгаалагдаж, бодитоор сэргэх боломжгүй юм.
14. Анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн, ажилгүйдлийн тэтгэмж олгох нөхцөл шаардлагатай холбоотой харилцаанд зөвхөн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасан ерөнхий зохицуулалтыг дангаар нь хэрэглэхгүй тул ажилгүйдлийн тэтгэмж олгох болзол, нөхцөлийг нэгэнт бүрэн хангахгүй болох нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа нөхцөлд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь тэтгэмж олгох үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
15. Анхан шатны шүүх дээрх байдлаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн холбогдох зохицуулалтыг харилцан уялдуулж, үзэл баримтлал, агуулгад нь нийцүүлж зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0489 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.16, 33 дугаар зүйлийн 33.1.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Нээс Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын ажилгүйдлийн тэтгэмж олгохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, Б.Нд ажилгүйдлийн тэтгэмж олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э-ийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
[1] Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдсантай холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны 12 дугаар тогтоолоор, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон.