Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00006

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж

      нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,

      шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан

      улсын яллагч Ц.Сувдаа,

      шүүгдэгч Б.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сарлагт овогт Банзрагчийн Баярсайханд холбогдох 201606000293 дугаартай, 132/2017/0003/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 хороо, Зүүн ард аюуш 5-122 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2002 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Булган аймаг дахь сум дундын шүүхийн 109 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэх, хэрэг хариуцах чадвартай, Сарлагт овогт Банзрагчийн Баярсайхан /РД:ГМ65021511/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Баярсайхан нь 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багт оршин суух иргэн Д.Батсайханы гэрт нэвтрэн орж 6 завхайтай эмээлийг хулгайлан авч 3000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

      Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

      Шүүгдэгч Б.Баярсайханы өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн учраас нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

      201606000293 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

      Хохирогч Д.Батсайханы өгсөн: ... 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр идшиндээ явж ирчихээд манай хойд талын гудамжинд байдаг Чулуунбаатарынд орж ганц, нэг шил архи уугаад сууж байтал үүрээр шахуу манай нутгийн танил Баярсайхан дүүгийндээ ирсэн чинь хүн байдаггүй гээд орж ирсэн. Тухайн үед би жаахан халчихсан байсан учраас Баярсайхантай яриа нийлэхгүй маргалдсан учир Чулуунбаатар бид хоёрыг гарч хэрэлд гээд би түрүүлээд гарч, гэрээ онгорхой орхичихсон байсан болохоор гэр рүүгээ ортол Баярсайхан дагаж орж ирээд маргалдаад байхаар нь буцаж бид хоёр гараад хашааны гаднаас салсан. Баярсайхан хаашаа явж байгааг мэдээгүй цаашаа яваад өгсөн. Би Чулуунбаатарынх руу унтах гээд явсан. Өглөө 08 цагийн үед хашаандаа ороод харахад байшингийн гараар онгойдог, зүүдэг цоож байхгүй болохоор нь нээх юм бодолгүй байшиндаа ороход гэрийн хойморт ил байдаг мөнгөн тоногтой, ногоон өнгийн гөлөмтэй, 6 мөнгөн завхайтай эмээл алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Маргалдаад салсан гэдгээ цагдаад хэлээд Баярсайханыг олж уулзаад дүүгийнхээ эзэнгүй байшингийн амбаарт миний эмээлийг хийчихсэн байсныг цагдаа хурааж аваад надад бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

Гэрч М.Чулуунбаатарын өгсөн: "... 2016 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө Д.Батсайхан манай гэрт хонохоор болж бид 2 бага хэмжээний архи уугаад байж байхад Б.Баярсайхан Улаанбаатар хотоос ирлээ гээд 03 цагийн үед гаднаас ганцаараа шуудайтай үстэй дээл барьчихсан орж ирсэн.Тэгээд ууж байсан архинаас ганц, хоёр хундага хамт уугаад сууж байснаа Батсайхан, Баярсайхан хоёр юунаас болсныг мэдэхгүй маргалдсан. Тэгээд гэрээс гарч яваад хэсэг хугацаа өнгөрсний дараа Батсайхан манайд буцаж ирж амарсан. Тэгтэл араас нь Баярсайхан орж ирээд шуудайтай дээлээ аваад айлд очиж хонолоо гээд гараад явсан. Тухайн үед шөнийн 05 цаг болж байсан байх. Тэгтэл Батсайхан өглөө 08 цагийн үед гэрлүүгээ харихаар явсан бөгөөд удалгүй буцаж эргэж ирээд манай гэрт байсан 6 завхайтай эмээл хулгайд алдагдсан байна гээд цагдаад мэдэгдсэн.." гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

      Шүүгдэгч Б.Баярсайханы яллагдагчаар байцаагдаж өгсөн: "...2016 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө би Булган аймгийн Хишиг-Өндөр сумын төвд Чулуунбаатар гэх айлд Батсайхан болон түүний хамт 1 шил архи хувааж ууж 04 цагийн үед дуусаад Батсайхантай хамт гэр рүү нь явсан юм. Бид 2 замдаа маргалдаж Батсайхан намайг "чи чаддаг юм бол миний эмээлийг хулгай хийгээд аваарай" гэхээр нь түүнийг Чулуунбаатарынд хонох гээд явсан хойгуур нь гэрт нь орж мөнгөн тоноглолтой, 6 завхайтай эмээлийг хулгайлж тоноглолыг авч, модыг нь өөрийн төрсөн дүү болох Элбэгбатын хашааны баруун хойд талруу давуулж шидсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-5 тал/, хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-6-9 тал/, шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол болон эд зүйлсийн үнэлгээ /хх 18-19 тал/, эд хөрөнгө битүүмлэх тогтоол, тэмдэглэл /хх-22-23 тал/, шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол болон Лэндс ХХК-ийн дүгнэлт, шинжээчийн үнэлгээний тайлан /хх 24-30 тал/, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар тооцсон тогтоол, тэмдэглэл /хх 38-41 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 46 тал/, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 109 дугаар таслан шийдвэрлэх тогтоол /ХХ-48-49 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Баярсайхан нь шунахайн сэдэлтээр 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багт оршин суух иргэн Д.Батсайханы эзэнгүй гэрт нь хууль бусаар нэвтрэн орж 6 завхайтай эмээлийг хулгайлан авч 3000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Батсайхан, гэрч М.Чулуунбаатар нарын өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

      Мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдаж, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгааны талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар батлагдсан байна.

      Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотловол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Б.Баярсайханыг хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай анийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас 3000000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн байцаалтын шатанд 6 завхайтай эмээлийг биет байдлаар нь буцаан олгосноор гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөж гэм хор арилсан байна.

Шүүгдэгч Б.Баярсайханд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлын хэмжээг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Баярсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, GR()ED маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Баярсайхан нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.         Шүүгдэгч Сарлагт овогт Банзрагчийн Баярсайханыг хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Баярсайханыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Баярсайханд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.         Энэ хэрэгт шүүгдэгч Б.Баярсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж,  GR()ED маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгосугай.

5.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Баярсайханд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилээр тогтоож, ялтанд хяналт тавихыг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

6.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баярсайханд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     С.ЦЭРЭНХАНД