Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 109/ШШ2022/0014

 

 

 

 

 

 

                               

           Хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн

         зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  

 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, Архангай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Г-ын дүгнэлттэй, Архангай аймаг дахь Монголбанкны салбарын ахлах хянан шалгагч Н.А-т холбогдох захиргааны хэрэгт хариуцагч Архангай аймаг дахь Монголбанкны салбарын ахлах хянан шалгагч Н.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тухай тайлбарыг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Архангай аймаг дахь Монголбанкны салбарын ахлах хянан шалгагч Н.А шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймаг дахь Монголбанкны салбарын ахлах хянан шалгагч, улсын байцаагч Н овогтой А миний Голомт банкны Архангай салбарын захирал ажилтай Д.Б-д холбогдох 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 0214703 дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх заалтыг “Холбогдогч Д.Б-гийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 15-д заасны дагуу нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000.00 (Нэг сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай” гэж шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай Аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Г-ын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн №13 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Тус шүүх Архангай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Г-аас Архангай аймаг дахь Монголбанкны салбарын ахлах хянан шалгагч Н.А-т холбогдуулан гаргасан “Архангай аймаг дахь Монголбанкны эрх бүхий албан тушаалтан Н.А-ын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 0214703 шийтгэлийн хуудасны 1 дэх заалтыг “Холбогдогч Д.Б-гийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 15-д заасны дагуу нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай.” гэж өөрчлөлт оруулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явуулжээ.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актад өөрчлөлт оруулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Архангай аймаг дахь Монголбанкны салбарын ахлах хянан шалгагч Н.А-т холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

            3. Маргаан бүхий актын тухайд, Архангай аймаг дахь Монголбанкны салбарын ахлах хянан шалгагч Н.А 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 0214703 дугаар  шийтгэлийн хуудсаар Голомт банкны Архангай салбарын захирал Д.Б-г тайлан мэдээ буруу гаргасан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.15-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэн шийдвэрлэх нь хэсэгт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 3.4.1-д заасны дагуу торгох шийтгэл оногдуулсугай гэж тэмдэглэжээ.

            4. Архангай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Г шүүхэд гаргасан дүгнэлтэндээ “ ... шийтгэлийн хуудасны 1 дүгээр заалтад “... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 3.4.1-д заасны дагуу...” гэж хуульд заагаагүй зүйл, хэсгээр шийтгэл оногдуулсан, шийтгэлийн төрөл, хэмжээг тодорхой бичээгүй зэрэг нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаар тогтоол, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан журмыг тус тус зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ ...” гэж дурдаад, шийтгэлийн хуудасанд зохих өөрчлөлт оруулахаар тус шүүхэд дүгнэлт бичиж ирүүлсэн байна.

5. Хариуцагч Монголбанкны салбарын ахлах хянан шалгагч Н.А-аас Архангай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Г-ын шүүхэд гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбарыг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд бичгээр тайлбар гаргажээ. Тодруулбал, Архангай аймаг дахь Монголбанкны салбарын ахлах хянан шалгагч, улсын байцаагч Н овогтой А миний Голомт банкны Архангай салбарын захирал ажилтай Д.Б-д холбогдох 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 0214703 дугаартай шийтгэлийн хуудасны 1 дэх заалтыг “Холбогдогч Д.Б-гийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 15-д заасны дагуу нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000.00 (нэг сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай” гэж шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Г-ын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн №13 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэг Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, ...”, 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.”, 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж тус тус заасан.

7. Иймд хариуцагч Монголбанкны салбарын ахлах хянан шалгагч Н.А нь Архангай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Г-ын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн №13 дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

8. Түүнчлэн хэргийн оролцогч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэг, 112 дугаар зүйлийн 112.4. дэх хэсгийн 112.4.3. дахь заалтыг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.19, 2.1 дүгээр зүйлийн 2, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Монголбанкны салбарын ахлах хянан шалгагч Н.А нь Архангай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Г-ын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн №13 дугаартай “Архангай аймаг дахь Монголбанкны эрх бүхий албан тушаалтан Н.А-ын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 0214703 шийтгэлийн хуудасны 1 дэх заалтыг “Холбогдогч Д.Б-гийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 15-д заасны дагуу нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай.” гэж өөрчлөлт оруулах” шаардлага бүхий дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Архангай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Г-ын дүгнэлттэй, Монголбанкны салбарын ахлах хянан шалгагч Н.А-т холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсгүүдэд заасны дагуу прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ОДОНТУЯА